Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 0510

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0510

     Улаанбаатар хот

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 399 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “ ... Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4579 дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-ЕБС/ЦГ/-2016-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ю” ХХК-тай гэрээ сунгаж байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг баримтлан “ ... Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4579 дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-ЕБС/ЦГ/-2016-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ю” ХХК-тай гэрээ сунгаж байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” тухай “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн гэрээг дүгнэсэн дүгнэлтээр тогтоосон гэх зориулалтын хувцасгүй, хоолны дээж аваагүй, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөс 5 удаа хоцроож төлсөн, 3 дугаар ангийн хүүхдээр хоол зөөлгөсөн, хоолны технологийн картны бичилт дутуу, буруу бичигдсэн, 3 сая төгрөгний ашиглалтын зардал төлөөгүй гэх тэмдэглэл үйлдэж, ямар албан тушаалтан үйлдсэн нь мэдэгдэхгүй, гарын үсгийн тайлал байхгүй зүйлийг шүүхээс гэрээг дүгнэсэн дүгнэлт журмын дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Гурав буюу түүнээс дээш удаа гэрээний 5.2-г зөрчсөн нь дээрх дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэн Нийслэлийн өмчийг түрээслэх гэрээнд заасны дагуу цуцлах үндэслэлд хамаарч байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн гэрээг цуцлах тухай гэрээний мэдэгдэлд дурдсанаас өөр үндэслэлийг тайлбарлан дүгнэсэн.

Түүнчлэн дээрх тэмдэглэлийг дүгнэлт гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журмын 3.1-д “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг жил бүр дүгнэнэ”, 3.2-д “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэхтэй холбогдуулан тухайн байгууллага дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ” Үүнд: 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4, 3.2.5-д гэж заасныг тус тус бүрдүүлэх, журмын 3.5-д “Ажлын хэсэг Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийг дор дурдсан үндсэн үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн.

Түүнчлэн журмын 3.6-д заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэх хүснэгтийг бөглөөгүй ба журамд заасны дагуу үнэлгээ дүгнэлт гаргалгүйгээр хууль бусаар шууд сонгон шалгаруулалт явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Дээрх тэмдэглэл, дүгнэлт, мэдэгдэл гэх зүйлд дурдсан зөрчлүүдийг яаж хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, ажлын хэсгийн бусад гишүүд нь тус зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч дүгнэлтэд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчид албан ёсоор гэрээг дүгнэх, хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдээгүй.

Тус 79 дүгээр сургуулийн захиргаанд ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/3031 дүгээр албан бичигт “ ... 2015-2016 оны түрээсийн гэрээний биелэлтийг “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 6.1 дэх хэсэг, түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дээрх байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүгнэж, 2016-2017 оны түрээсийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэх тул одоогийн түрээслэгч нараар засвар үйлчилгээ хийлгэхгүй байх, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, түрээс болон ашиглалтын зардлын тооцоог бүрэн барагдуулсан байхыг үүгээр мэдэгдэж байна ... “ гэж тодорхой дурдсанаас үзэхэд 2015-2016 оны гэрээний биелэлтийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлын хэсэг дүгнэхээр шийдвэр гарсан байхад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр танилцсан гэх тэмдэглэл бүхий баримт нь ажлын хэсгийн дүгнэлт биш болохыг нотолсон баримтуудыг зохих журмын дагуу үнэлээгүй.

Дээрх байдлуудаас үзэхэд гэрээний биелэлтийг жил бүрийн эцэст дүгнэхдээ 2 талын оролцоог хангаж гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар харилцан дүгнэх, хариуцагч байгууллагаас дүгнэлт өгөхдөө дээр дурдсан журмын дагуу холбогдох баримт бичигт үнэлгээ өгөх байдлаар дүгнэлтийг гаргах ёстой болох нь тогтоогдож байгаа ба харин нэхэмжлэгч байгууллагатай байгуулагдсан гэрээг дүгнэхдээ дээрх журмыг зөрчиж, гэрээг дүгнэхэд үнэлгээ өгөх нэг л үзүүлэлтийг гэрээг цуцлах үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тус байгууллагын үйл ажиллагаанд шууд хамаарал бүхий сургуулийн хүүхдүүд, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөг үзүүлсэн үндэслэлгүй хууль бус шийдвэр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар уг хуулиар зохицуулагдах харилцаа ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 80 дугаар зүйлд “түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж заасан хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. “ ... Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4579 дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх тухай журам, 2 дугаар хавсралтаар Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 379, 341 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам зэргийг баталсан байна.

“Ю” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цайны газрыг 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаагаар түрээсэлсэн байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4579 дүгээр “гэрээг цуцлах тухай” мэдэгдлээр түрээслэгч “Ю” ХХК-ийн түрээсийн гэрээг гэрээ дүгнэх журмаа зөрчин цуцалсан байна.

Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газрыг бусдад гэрээний үндсэн дээр эзэмшүүлж буй харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ гэж зааснаар энэ хуулиар зохицуулагдах харилцаа байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.З, 80 дугаар зүйлд Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана гэж зааснаар гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон ... гэж заасан байхад энэ журмыг зөрчиж цуцалсан нь буруу байна.

Мөн түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагаатай танилцсан тухай тэмдэглэлдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийг зориулалтын хувцасгүй, хоолны дээж аваагүй, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөс 5 удаа хоцроож төлсөн, дугаар ангийн хүүхдээр хоол зөөлгөсөн, хоолны технологийн картны бичилт дутуу, буруу бичигдсэн, 3 сая төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй /сургуулийн зүгээс дутуу тооцсон/ хэмээн буруутгасан боловч хариуцагчаас зөвхөн нэг талын үйлдсэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлийг үндэслэж гэрээг цуцлах мэдэгдэл гаргасан байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/3031 дүгээр албан бичгээр “ ... 2015-2016 оны гэрээний биелэлтийг “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 6.1 дэх хэсэг, түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дээрх байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүгнэх” талаар мэдэгдсэн байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Захиргаа дээрх байдлаар журам, гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээг үнэлж, дүгнээгүй байхад анхан шатны шүүх “ ... маргаан бүхий мэдэгдлийн үндэслэл болсон хяналт, шалгалтын тэмдэглэл нь ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, мөн дурдсан зөрчлүүдийг илрүүлсэнтэй зарим ... баримтуудыг шүүхэд ирүүлээгүй боловч танилцуулга үйлдэгдэж, ажлын хэсгийн гишүүдийн гарын үсгийн үнэн зөвийн тухайд нэхэмжлэгч маргаагүй ... уг танилцуулгыг хууль бус гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм”, “...ажлын хэсэг нь гэрээний биелэлтийг дүгнэхдээ ... тухайлсан хүснэгтийг хэрэглэж, түүнд холбогдох танилцуулгыг бэлтгэх ёстой байсан боловч зөрчлийг танилцуулгад тусгаагүй дурдсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд түрээсийн гэрээнд заасан зөрчил, дутагдалд хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөхгүй болно” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-ЕБС/ЦГ-2016-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх 2/4579 дүгээр мэдэгдэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул сонгон шалгаруулалттай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл “Ю” ХХК нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчээр ажиллаж байсан. Өмнөх гэрээг зохих журмаар дүгнээгүй, гэрээ цуцлах үндэслэлийг журамд зааснаар тогтоогоогүй, түрээсийн гэрээнд зааснаас цаашид гэрээг сунгах эсэх талаар хоёр тал харилцан дүгнэлгүйгээр хариуцагчаас Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зарлаж, зохион байгуулсан нь журамдаа нийцэхгүй, түрээсийн гэрээ бүхий этгээдээс үргэлжлүүлэн гэрээг сунгуулах боломжийг үндэслэлгүй хязгаарласан байна.

3. Нэхэмжлэлийн өмнөх хоёр шаардлагыг шийдвэрлэсний дагуу “Ю” ХХК-тай гэрээ сунгаж байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгуулах шаардлагыг дараах нөхцөлөөр хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт  “Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж заасныг үндэслэн Нийслэлийн өмчийн харилцааны газар болон нэхэмжлэгч хуулийн этгээд нар гэрээг дүгнэж, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 399 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 80 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4579 дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-ЕБС/ЦГ-2016-01 дугаар сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль болон “Ю” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч хуулийн этгээдийг оролцуулан дүгнэж, уг гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ