Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 399

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ю” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-***/ЦГ-201*-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ю” ХХК-тай гэрээг сунгаж байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь.

 Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч компани нь 2014 оны нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын урилга хүлээн авч, сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, түрээсийн гэрээг байгуулан тус гэрээний дагуу “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн ба 2015 оны хичээлийн жил эхлэхэд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас үйл ажиллагааг шалгаж, гэрээг цаашид сунгалт хийхээр болж, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гурван талт гэрээг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсны дагуу манай компани үйл ажиллагаагаа явуулж, ямар нэг алдаа зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан ба 2016 оны 05 дугаар сарын 19-нд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас явж байгаа гэх хүн ирж цайны газрын үйл ажиллагаатай танилцсан байдаг. 

Тус танилцах үйл ажиллагаагаар зориулалтын хувцасгүй, хоолны дээж аваагүй, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөс 5 удаа хоцроож төлсөн, 3 дугаар ангийн хүүхдээр хоол зөөлгөсөн, хоолны технологийн картны бичилт дутуу, буруу бичигдсэн, 3 сая төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй гэх тэмдэглэл үйлдэж, ямар албан тушаалтан үйлдсэн нь мэдэгдэхгүй, гарын үсгийн тайлал байхгүй зүйлийг гэрээнд заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэх жил бүрийн ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэхгүй байгаа ба дээрх тэмдэглэл гэх зүйлд дурдсан зөрчлүүд нь гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй. 

Дээрх тэмдэглэлийг дүгнэлт гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журмын 3.1-д “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг жил бүр дүгнэнэ”, 3.2-т “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэхтэй холбогдуулан тухайн байгууллага дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ”. Үүнд: - 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4, 3.2.5-д гэж заасныг тус тус бүрдүүлэх, журмын 3.5-д “Ажлын хэсэг “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтэд дор дурдсан үндсэн үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн. 

Түүнчлэн журмын 3.6-д заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэх хүснэгтийг бөглөөгүй ба журамд заасны дагуу үнэлгээ дүгнэлт гаргалгүйгээр хууль бусаар шууд сонгон шалгаруулалт явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна. 

Дээрх тэмдэглэл, дүгнэлт, мэдэгдэл гэх зүйлд дурдсан зөрчлүүдийг яаж хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, ажлын хэсгийн бусад гишүүд нь тус зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч дүгнэлтэд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчид албан ёсоор гэрээг дүгнэх талаар мэдэгдээгүй.

Тус ** дүгээр сургуулийн захиргаанд ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/3031 дүгээр албан бичигт “...2015-2016 оны түрээсийн гэрээний биелэлтийг “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 6.1 дэх хэсэг, түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хойш дээрх байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүгнэж, 2016-2017 оны түрээсийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэх тул одоогийн түрээслэгч нараар засвар үйлчилгээ хийлгэхгүй байх, нийслэлийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, түрээс болон ашиглалтын зардлын тооцоог бүрэн барагдуулсан байхыг үүгээр мэдэгдэж байна...” гэж тодорхой дурдсанаас үзэхэд 2015-2016 оны гэрээний биелэлтийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлын хэсэг дүгнэхээр шийдвэр гарсан байхад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр танилцсан гэх тэмдэглэл бүхий баримт нь ажлын хэсгийн дүгнэлт биш гэдэг нь тодорхой болж байна. 

Дээрх байдлуудаас үзэхэд гэрээний биелэлтийг жил бүрийн эцэст дүгнэхдээ 2 талын оролцоог хангаж, Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар харилцан дүгнэх, хариуцагч байгууллагаас дүгнэлт өгөхдөө дээр дурдсан журмын дагуу холбогдох баримт бичигт үнэлгээ өгөх байдлаар дүгнэлтийг гаргах ёстой болох нь тогтоогдож байгаа ба харин нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан гэрээг дүгнэхдээ дээрх журмыг зөрчиж, гэрээг дүгнэхэд үнэлгээ өгөх нэг л үзүүлэлтийг гэрээг цуцлах үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тус байгууллагын үйл ажиллагаанд шууд хамаарал бүхий сургуулийн хүүхдүүд, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөг үзүүлсэн үндэслэлгүй хууль бус шийдвэр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно. 

Энэхүү гэрээг дүгнэх нийслэлийн өмчийг түрээслэх харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2.1-д зааснаар уг хуулиар зохицуулагдах харилцаа ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 80 дугаар зүйлд “Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж зааснаар “гэрээг жил бүрийн эцэст 2 тал харилцан дүгнэж”, цаашид гэрээг сунгах  эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцон...” гэж заасан байхад энэ журмыг зөрчиж цуцлах тухай мэдэгдлийг өгч байгаа нь үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарах тул Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь илт хууль бус захиргааны акт юм.

Үүнээс дүгнэж хэлбэл гэрээнд заасны дагуу гэрээний хугацааг сунгах, өөрчлөлт оруулах эсэх талаар дүгнэх эрх бүхий ажлын хэсгийн дүгнэлт зохих журмын дагуу гараагүй, гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.10-д заасан гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй, тус сургуулийн захиргаа, ажилтан албан хаагч, сурагч хүүхдүүд, тэдгээрийн эцэг, эх нь манай компанийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байсан ба гэрээг үргэлжлүүлэн сунгах саналыг тус сургуулийн захиргаанаас хүргүүлсэн байдлыг харгалзаж үзэлгүйгээр гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, шууд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг дахин шалгаруулах сургуулиудын жагсаалтад 00 дугаар сургуулийн цайны газрыг оруулж сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани нь 2014 оны нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцоод шалгарч, түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу тухайн Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургууль дээр “Үдийн цай” хөтөлбөрийг 2015 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн байдаг. 

2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гурван талт гэрээг байгуулаад 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ сунгагдаад, ямар нэгэн зөрчил гаргаагүй ажиллаж байсан. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн Өмчийн харилцааны газраас явж байна” гэх хүн ирж, цайны газрын үйл ажиллагаатай танилцсан байдаг. 

Тус танилцах үйл ажиллагаа нь зориулалтын хувцасгүй, хоолны дээж аваагүй, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөс 5 удаа хоцроож төлсөн, 3 дугаар ангийн хүүхдээр хоол зөөлгөсөн, технологийн картын бичилт дутуу, буруу бичигдсэн, 3.000.000 сая төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй гэх тэмдэглэлийг үйлдээд, ямар албан тушаалтан үйлдсэн нь мэдэгдэхгүй, гарын үсгийн тайлал байхгүй зүйлийг гэрээнд заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэх жил бүрийн ажлын хэсгийн дүгнэлт гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэхгүй байна. Хариуцагч байгууллага бол энэхүү тэмдэглэлийг үндэслээд ажлын хэсэг, гэрээний жилийн эцсийн дүгнэлт гэж тайлбарладаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх, гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх, гэрээний биелэлтийг өмчийн харилцааны газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг жил бүр дүгнэнэ”, 3.2-т “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх, гэрээний биелэлтийг дүгнэхтэй холбогдуулан тухайн байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд, 3.2.1-3.2.5-д заасан баримт бичгийг шалгуулах гэж байгаа аж ахуйн нэгжүүд энэ журмын дагуу бүрдүүлнэ. Үүний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас баталсан ажлын хэсэг нь очин, тухайн бичиг баримтуудыг шалгаж байж үнэлгээгээ өгнө. Энэ гэрээний биелэлт хангалттай эсэхийг дурдах ёстой байсан. Гэтэл энэ зүйл хийгдээгүй. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэх хүснэгтийг бөглөөгүй ба журамд заасны дагуу үнэлгээ, дүгнэлт гаргалгүйгээр хууль бусаар шууд сонгон шалгаруулалт явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна. 

Дээрх зүйлийн 3 дугаар зүйлийн 3.6-д гэрээний биелэлтйиг дүгнэх хүснэгтийг ямар үндэслэлээр, юуг шалгах вэ гэдгийг нэг бүрчлэн дурдаад баталсан хүснэгт байна.

** дүгээр сургуулийн захиргаанд ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/3031 дүгээр албан бичигт “2015-2016 оны түрээсийн гэрээний биелэлтийг Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хойшхи дээрх байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүгнэж, 2016-2017 оны түрээсийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэх тул одоогийн түрээслэгч нараар засвар үйлчилгээ хийлгэхгүй байх, нийслэлийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, түрээс болон ашиглалтын зардлын тооцоог бүрэн барагдуулсан байхыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. 

Энэ мэдэгдлээс үзвэл 2015-2016 оны гэрээний биелэлтийн дүгнэлтийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлт гарган ийм мэдэгдэл ирж байсан боловч өмнө нь ямар нэгэн удирдамж, ажлын хэсгийн дүгнэлтгүйгээр нэг хүн ирээд 05 дугаар сарын 19-ний тэмдэглэл үйлдэн ингээд явж байгаа нь гэрээ болон журамд заасны дагуу үнэлгээ хийгдээгүй. 

Гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан зүйлийг тодруулаад үзвэл түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах асуудлыг тохиролцон тэмдэглэл үйлдээд баталгаажуулах байдлаар процесс явагдах ёстой. Гэтэл энэ процесс хийгдээгүй, холбогдох бичиг баримтыг шалгаагүй. Шууд тэмдэглэл үйлдээд тэрийгээ үндэслэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл илт хууль бус захиргааны актыг хүргүүлж байгаа нь үндэслэлгүй. 

Энэхүү гэрээг дүгнэх нийслэлийн өмчийг түрээслэх харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зохицуулагдана. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 80 дугаар зүйлд “түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслэх хугацаа, төлбөрийн нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж заасан байдаг. Тэгэхээр гэрээг жил бүрийн эцэст 2 тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тохиролцоно гэх хуулийн дагуу хийгдсэн гэрээний заалт байна. Энэ журмыг цуцлах тухай өргөдөл өгч байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцээгүй гэж үзэж байна. 

Урьдчилан шийдвэрлэх журмаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргахад гэрээний 10 дугаар зйлийн 10.1.10-д заасан гэрээг цуцлах үндэслэл  бүрдсэн гэдэг шалтгааныг хэлдэг. Энэ нь гэрээний дүгнэлт нь хангалтгүй авсан учраас гэдэг зүйлийг яриад байдаг. Саяны ярьсан, өмнө нь хэлсэн зүйлүүд бол гэрээг дүгнэх харилцаа өөрөө журмын дагуу явагдаагүй. Хангалтгүй гэж үзэх үндэслэлгүй байхад энэ гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.10-д заасныг барьж мэдэгдэл хүргүүлэх, дахин сонгон шалгаруулалт явуулах зэргээр хариуцагч ийм актуудыг гаргаад байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гурав. Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөгч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/608 дугаар захирамжаар нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан. Үүний дагуу тус газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/272 дугаар тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилийн хугацааны түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг тус тус баталсан. 

2. “Ю” ХХК нь 2014 оны нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтад түрээслэгчээр шалгарч, 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуулийн түрээслэгчээр гурвалсан гэрээ байгуулан ажилласан болно. 

3. “Ю” ХХК нь уг цайны газрыг ажиллуулах хугацаандаа түрээсийн гэрээний дугаар зүйлийн 5.2-д заасан нөхцлийг удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрийг заасан хугацаанаас байнга хэтрүүлж, шаардуулж төлж байсан, ажилчид нь зориулалтын хувцас хэрэглэлгүй, хоолны дээж аваагүй, дээжийн бүртгэл хөтлөөгүй, бага ангийн хүүхдүүдээр “Үдийн цай”-ны хоол зөөлгөсөн зэрэг алдаа зөрчил гаргасныг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож холбогдох дүрэм журмуудыг зөрчсөн тул Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр албан бичгээр түрээсийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.10-д заасны дагуу гэрээг цуцалж, цаашид үргэлжлүүлэхгүй тухай мэдэгдэл өгсөн. 

4. 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажиллагааны хүрээнд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохих журмын дагуу зарласан бөгөөд “Ю” ХХК нь энэхүү шалгаруулалтад оролцоогүй, материалаа ирүүлээгүй юм.

5. “Ю” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хууль бусаар хэрэгжүүлж, нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн гэрээгүйгээр эзэмшиж ашиглаж байна. 

Иймд “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн өмгөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/698 дугаар захирамжаар нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байдаг. Үүний дагуу тус газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/272 дугаар тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилийн хугацааны түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг тус тус баталж өгсөн. 

“Ю” ХХК нь 2014 оны нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад түрээслэгчээр шалгараад 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуулийн түрээслэгчээр гурвалсан гэрээний дагуу ажилласан. 

“Ю” ХХК нь уг цайны газрыг ажиллуулах хугацаандаа түрээсийн гэрээний дугаар зүйлийн 5.2-д заасан нөхцлийг удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрийг заасан хугацаанаас байнга хэтрүүлж, шаардуулж төлж байсан, ажилчид нь зориулалтын хувцас хэрэглэлгүй, хоолны дээж аваагүй, дээжийн бүртгэл хөтлөөгүй, бага ангийн хүүхдүүдээр “Үдийн цай”-ны хоол зөөлгөсөн зэрэг алдаа зөрчил гаргасныг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож холбогдох дүрэм, журмуудыг зөрчсөн тул Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр албан бичгээр түрээсийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.10-д заасны дагуу гэрээг цуцалж, цаашид үргэлжлүүлэхгүй тухай мэдэгдэл өгсөн. 

2016 оноос 2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажиллагааны хүрээнд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохих журмын дагуу зарласан бөгөөд “Ю” ХХК нь энэхүү шалгаруулалтад оролцоогүй, материалаа ирүүлээгүй юм. 

“Ю” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хууль бусаар хэрэгжүүлж, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн гэрээгүйгээр эзэмшиж ашиглаж байна гэж тайлбарлаж байгаа юм.

Үүнд тайлбарлахад нэхэмжлэлийн 3 шаардлага байна гэж үзэж байна. Мэдэгдлийг илт хууль бус, сонгон шалгаруулалтын 00 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгох, гэрээг сунгаж байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах гэсэн 3 шаардлага байна гэж ойлгож байна. 

Мэдэгдлийг илт хууль бус болгож үзье гэвэл гэрээ нь хугацаатай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 сарын хугацаатай байгуулагдсан. Нэгэнт гэрээ хугацаатай учраас гэрээний хугацаа дуусмагц дээр дурдсанаар ажлын хэсэг очиж шалгасан. Шалгалтаар зохих зөрчил илэрсэн байгаа. Энэ зөрчил илэрсэн утгаараа мэдэгдэл өгсөн. Цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй, мөн гэрээний хугацаа дууссан. “Үдийн цай” хөтөлбөрийг сургуулиуд дээр жил болгон  шалгаруулдаг юм. “Ю” ХХК-ийг үргэлжлүүлэн ажиллахыг өмчийн газарт даалгах ойлголт байхгүй гэдгийг хэлэх байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Тав. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Н шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Ю” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн 72 дугаар дунд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хууль бусаар хэрэгжүүлж байгаад хариуцлага тооцон, үйл ажиллагааг нь зогсоон, хуулийн дагуу сонгон шалгарсан компанид үйл ажиллагаа явуулах эрхийг олгоно уу. 

Тус компани нь нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-***/ЦГ-201*-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтад оролцож Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр сонгогдсон болно. 

Улмаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгсөн 3 талт гэрээг байгуулахаар 00 дугаар сургууль дээр очсон боловч цайны газар түгжээтэй байсан ба өмнөх түрээслэгч нь бид НӨХГ-ЕБС-ЦГ-2016-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж тайлбар тавьсан. Ингээд тус компанийн захиралтай хамт Нийслэлийн Өмчийн харилцааны газарт очиж уулзсан бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шийдвэр хүчин төгөлдөр гэсэн хариу авч тус сургуулийн захирал Өлзийжаргал, “Ю” ХХК-ийн захиралтай гурвалсан уулзалт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон боловч “Ю” ХХК-ийн захирал цайны газрын бүх тоног төхөөрөмж, хэрэгслээ худалдаж авсан тохиолдолд цайны газраа суллаж өгнө гэсэн шаардлага тавьсан. Ингээд үнийн саналыг авахад 15.000.000 төгрөг орчин болсон бөгөөд тус компанийн захиралд энэ бүгдийг худалдаж авах боломжгүй гэдгээ хэлээд өөрт байхгүй, давхардаагүй тоног төхөөрөмжөө авч болно гэж хэлсэн. 

Энэ хугацаанд “Ю” ХХК нь үйл ажиллагаагаа ямар нэгэн гэрээ, зөвшөөрөлгүйгээр эрхэлсээр байсан. 

Шүүхэд ирсэн материалаас харахад 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Ю” ХХК-д Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэл ирсэн байхад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хууль бусаар үйл ажиллагааг эрхэлж, энэ хугацаанд сонгон шалгарсан компанид өөрийн тоног төхөөрөмжөө шахах үйлдэл хийж байсан нь цаг хугацаа хожиж ашиг олох, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу асуудлыг хугацаанд нь шийдвэрлээгүй нь харагдаж байна. 

Иймд “Ю” ХХК-ийн 00 дугаар сургууль дээрх үйл ажиллагааг зогсоон, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас тус шүүхэд “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-***/ЦГ-201*-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ю” ХХК-тай гэрээг сунгаж байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс “...Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг 00 дугаар сургуульд хэрэгжүүлэгч “Ю” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж гаргасан буюу холбогдох журамд заасан нөхцөлд нийцээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй “дүгнэлт”-ийг үндэслэл болгосон Түрээсийн гэрээг цуцлах тухай хариуцагчийн мэдэгдэл нь илт хууль бус бөгөөд тийнхүү Түрээсийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад шинээр сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус тул нэхэмжлэгчтэй гэрээг сунгаж байгуулах үндэслэлтэй” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь нэгэнт ажлын хэсгийн дүгнэлтээр “хангалтгүй” гэж дүгнэгдсэн тул Түрээсийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэл бүхий, мөн “Ю” ХХК нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлээгүй тул сонгон шалгаруулалтын холбогдох хэсгийг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэгчтэй гэрээг сунгаж байгуулах боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

Нэг. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр мэдэгдлийг илт бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургууль, “Ю” ХХК нар нь нийслэлийн 00 дугаар сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн гурван талт түрээсийн гэрээг хичээлийн жил буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүртэлх хугацаагаар байгуулжээ. 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/272 дугаар тушаалаар нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цайны газрын түрээслэгч нарын 2015-2016 оны хичээлийн жилийн хугацааны түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, хавсралтаар уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн үндсэн чиглэлийг тодорхойлж, хяналт шалгалт явуулах хугацааг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тогтоосон байна. Түүнчлэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/3031 дүгээр албан бичгээр нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад хандаж, “Үдийн цай” хөтөлбөрийн Түрээсийн гэрээний биелэлтийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш байгууллагын төлөөллийг оролцуулан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүгнэж, гэрээг цаашид сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх тухай мэдэгдсэн байх боловч үүнээс 7 хоногийн дараа дээрх тушаалыг гарган, ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт явуулах хугацааг “2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл” гээд цаг хугацааны хувьд огноог ухрааж бичсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй байх бөгөөд хяналт шалгалтыг бодитоор 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр явуулсан үйл баримт байна. 

Маргаан бүхий Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр мэдэгдэлд “...ажлын хэсгийн шалгалтаар танай компанийн үйл ажиллагаа хангалтгүй байсан тул түрээсийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсгийг үндэслэн гэрээг цуцалж байгааг мэдэгдэж байна” гэжээ. 

Түрээсийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.10-д “Энэхүү гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээр “Хангалтгүй” үнэлгээ авсан” бол түрээсийн гэрээг цуцлахаар талууд тохиролцсон байх бөгөөд түрээслэгчийн үйл ажиллагаатай бодит байдал дээр танилцсан тухай тэмдэглэлд “...зориулалтын хувцасгүй, хоолны дээж аваагүй, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөс 5 удаа хоцроож төлсөн, 3 дугаар ангийн хүүхдээр хоол зөөлгөсөн, хоолны технологийн картын бичилт дутуу, буруу бичигдсэн, сүүтэй гурвалжин будааны технологийн карт байхгүй, 3 сая төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй” гэх үндэслэлүүдийг дурдаж, нэрийн тайлалгүй 2 хүний гарын үсэг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуулийн нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагджээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журмыг баталсан бөгөөд тус журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг жил бүр дүгнэнэ”, 3.5-ын В.1-д “Түрээс, түрээсийн гэрээний биелэлт, төлбөр тооцоо”, 3.6-д “Энэ журмын 3.5-д заасан үндсэн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй байдлаар тусгасан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийг дүгнэх хүснэгтийг тухайн жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны онцлог, тэргүүлэх, чиглэлтэйгээ уялдуулан боловсруулж Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар батална” 4.3-т “Ажлын хэсэг гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай танилцуулга үйлдэж холбогдох баримт бичгийг хавсаргана” гэж тус тус заасан байна. 

Дээрх журмын зохицуулалтаас үзвэл маргаан бүхий мэдэгдлийн үндэслэл болсон хяналт шалгалтын тэмдэглэл нь ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, мөн дурдсан зөрчлүүдийг илрүүлсэнтэй холбоотой зарим баримтууд буюу, тухайлбал, зориулалтын хувцасгүй, хүүхдээр хоол зөөлгөсөн зэргийг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй боловч танилцуулга үйлдэгдэж, ажлын хэсгийн гишүүдийн гарын үсгийн үнэн зөвийн тухайд нэхэмжлэгч маргаагүй, танилцуулга гишүүдийн хэд нь хүлээн зөвшөөрснөөс хамааран хүчинтэй болох талаар, хяналт шалгалтыг урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр явуулах талаар тус тус журмаар зохицуулаагүй тул уг танилцуулгыг хууль бус гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Түрээслэгч нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, бусад төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүхий 25-ны өдрөөс өмнө өмч эзэмшигчийн дансанд, түрээслэгчийн дансанд тус тус төлнө”, 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Түрээслэгч 3 ба түүнээс дээш удаа гэрээний 5.2 дахь хэсгийг зөрчсөн” бол гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь сар бүрийн төлбөрийг, тухайлбал, 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 01 дүгээр сар, 2016 оны 03 дугаар сар, 2016 оны 04 дүгээр саруудад тус тус гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “...дээрх тэмдэглэлд дурдсан зөрчлүүд нь гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй, ...гэрээг дүгнэхэд нэг үзүүлэлтийг үндэслэл болгосон нь буруу” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл, түрээсийн төлбөрийг 3 буюу түүнээс дээш удаа хугацаандаа төлөөгүй нь түрээсийн гэрээг дангаар цуцлах үндэслэл болохыг гурван тал харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул жил бүрийн эцэст гэрээг 2 тал харилцан дүгнэх, улмаар гэрээг сунгах эсэх, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөх нь хууль, тогтоомжид нийцэхгүй бөгөөд тийнхүү гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ” гэж заасны дагуу хариуцагчийн бүрэн эрх байна. 

Хэдийгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 55 дугаар тогтоолд заасны дагуу ажлын хэсэг нь гэрээний биелэлтийг дүгнэхдээ Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар баталсан тухайлсан хүснэгтийг хэрэглэж, түүнд холбогдох танилцуулгыг бэлтгэх ёстой байсан боловч зөрчлийг танилцуулгад тусган дурдсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд түрээсийн гэрээнд заасан зөрчил, дутагдалд хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөхгүй болно. 

Иймд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр “Гэрээг цуцлах тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. 

2. НӨХГ-***/ЦГ-201*-01 дугаар сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар нийслэлийн өмчит боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2016-2017 оны хичээлийн жилийн түрээслэгчдийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээг байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн этгээдээр “Э” ХХК шалгарсан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэгэнт “Ю” ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл байгаагүй тул шинээр зарлагдсан сонгон шалгаруулалтад “Ю” ХХК-ийн зүгээс оролцохоор материалаа хүргүүлэх, эсхүл шинээр сонгон шалгаруулалт зарлах үндэслэлгүй” гэж тайлбарлах боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 2/45** дүгээр мэдэгдэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул сонгон шалгаруулалтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв. 

3. “Ю” ХХК-тай гэрээг сунгаж байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургууль, “Ю” ХХК нарын байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, улмаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр албан бичгээр “...2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор нийслэлийн өмчийн байр талбайг актаар хүлээлгэн өгнө үү” гэж мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тус сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг ямар нэгэн гэрээгүйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 2016-2017 оны хичээлийн жилд ажил үүргийг гүйцэтгэсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. 

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь 2016-2017 оны хичээлийн жилд Түрээсийн гэрээний хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон хэдий ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон харилцааг сайн дураар хэрэгжүүлж дууссантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүйн дээр цаг хугацааны хувьд гэрээний хугацааг ухраах байдлаар нөхөн байгуулахыг даалгах боломжгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Иймд “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-***/ЦГ-201*-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ю” ХХК-тай гэрээг сунгаж байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг баримтлан “...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/45** дүгээр мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай НӨХГ-***/ЦГ-201*-01 дугаар бүхий сонгон шалгаруулалтын Чингэлтэй дүүргийн 00 дугаар сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ю” ХХК-тай гэрээг сунгаж байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” тухай “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ