Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 99

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00639/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн 745 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д-д холбогдох

"Гэм хор учруулсны хохиролд 2.440.169 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.Д-н давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр осолд орсон. Тархиндаа хүнд гэмтэл авч тархины цус хуралт, яс цууралттай гэсэн оноштой бөгөөд одоо үнэрлэх, амтлах чадваргүй, толгой байнга өвддөг. Группийн мөнгө авдаг тэрүүгээр эмчилгээ хийлгэдэг. Аваарт орохоосоо өмнө 5 хүүхэд төрүүлсэн эрүүл саруул хүн байсан. Нөхөр маань ганцаараа ажил хийж амьдралаа залгуулдаг. Тархины зураг авхуул гэсэн боловч ажилгүй мөнгөгүй учир авхуулж чадаагүй. Хариуцагч Б.Д-гаас эмчилгээний зардал, эм тариа үзлэгийн төлбөрт 700.809 төгрөг, эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал 30.300 төгрөг, нотариатын зардал 15.800 төгрөг, нэхэмжлэл шууданд хийсэн зардал 7.260 төгрөг, тэтгэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөрүү 1.686.000 төгрөг, нийт 2.440.169 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.Б-ын өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцсон. Энэ хүн маань жижиг суудлын машин биш бага оврын автобусанд дайруулсан. Зөвхөн тархиндаа биш, биеийн бусад хэсэгт ч гэсэн гэмтэл авсан. Өнөөдрийг хүртэл бүрэн эмчилгээ хийлгээгүй, толгой нь байнга өвддөг. Амтлах, үнэрлэх мэдрэхүй байхгүй болсон. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ослоос өмнө 5 хүүхдээ хардаг, өөрөө хөдөлмөр эрхэлдэг байсан. Гэвч нийгмийн даатгал төлдөггүй байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөрүү нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах үүрэгтэй. Мөн 505 дугаар зүйлийн 505.1-т заасны дагуу цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байсан. 2020 онд 420.000 төгрөг болсон. 2019 онд анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Д.Б- нэхэмжилсэн. Энэ хүн мөнгө санхүүгийн боломжгүйгээсээ болоод тархины томограф зураг авхуулж чадахгүй, өвчин намдаах эмийг ширхэглэн авч хэрэглэж байна. Эрүүл саруул байсан бол хөдөлмөр эрхэлж, амь амьжиргаагаа залгаж, тодорхой хэмжээнд цалин орлоготой байх байсан. Эмчилгээ үйлчилгээ авах, эмнэлэгт үзүүлэх болгонд зардал гардаг. Гэтэл тэр болгоны баримтыг цуглуулаад явах боломжгүй. Эмнэлэгт үзүүлэхдээ ганцаараа явж чадахгүй учир өөрийг нь харж хандаж явах чадвартай болсон хүүхдүүдээ дагуулаад явдаг. Б.Д- нь эрүүгийн хэргийн үед ч нотлох баримтын хэмжээнд хохирлыг барагдуулна гэдэг байсан. Өнөөдөр ч тийм тайлбар хэлж байгаад харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.Д- шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Д- надад холбогдуулан эмчилгээний зардал гэж 2.440.169 төгрөг нэхэмжилжээ. Миний бие эрүүгийн хэрэг шийдэхээс өмнө эмчилгээний зардал, тэтгэмжийн зөрүү өгсөн. Тэр цагаас хойш улс орон даяар онц байдал зарлагдсантай холбоотойгоор ажил эрхлэх гээд ч ажил олдохгүй, цалин орлогогүй хэцүүхэн байгаа. Иймээс нэхэмжилсэн 2.440.169 төгрөгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэйгээ холбогдуулж өгсөн өвчтөний карт, эмчилгээ, эм тариа үзлэгийн төлбөр болон бусад баримтуудын зарим хэсэг нь баларч арилсан, канондсон, зарим хэсэг нь тодорхой бус гаргагдахгүй байгаа учраас би тооцож үзэж чадахгүй байна. Нэхэмжлэлээс шаардлага хангасан баримтын хүрээнд эмчилгээний зардлыг боломжоороо төлөхийг бодно. Харин тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний хоорондын зөрүү гэж нэхэмжилж байгаа мөнгийг би төлөхгүй. Би өөрөө ажил хийе гэж хүсэж идэвхтэй хайж явсан ч ажиллуулаад цалин мөнгөө өгдөг газар олдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээтэй холбоотой зардлаас нь ядаж талыг нь ч гэсэн олж өгөхийг бодож байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардлыг гаргаж өгөх хүсэлтэй байна гэсэн. Гэтэл энэ нотлох баримтуудын хувилсан хэсэг нь харагдахгүй тооцоо хийх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтаас тооцоо хийж нотлох баримтын шаардлага хангасан 65.500 төгрөгийг гаргах боломжтой. Хэрэгт эм тариа худалдаж авсан е-баримт өгсөн байсан. Тус баримтаар Д.Б- гэх хүн энэ эм тариаг хэрэглэсэн гэдгийг нотлох боломжгүй, эмчийн зааварчилгаа байхгүй байна. Энэ хүний гэмтэл нь тархины битүү гэмтэл яс цууралт гээд хүнд гэмтэлтэй байгааг үгүйсгэхгүй байгаа боловч хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтууд нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн баримт, элэгний эхо-д үзүүлсэн гэх мэт баримтууд байгаа нь хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Иймд нотлох баримтын шаардлага хангасан 65.500 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 745 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Д-гаас 2,440,169 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 53.993 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 745 дугаар шийдвэртэй танилцаад доорх гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх ба мөн хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж би үзэж гомдлоо тус шүүхэд гаргаж байгаа болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж надаас 2.440.169 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ холбогдуулан өгсөн өвчтөний карт, эмчилгээ, эм тариа, үзлэгийн төлбөр болон бусад баримтуудын ихэнх хэсэг нь баларч арилсан, канондсон хувь нь уншигдахгүй, бүдэгхэн, хэзээ хэн хэдийд хаанаас ямар эм тариа авч хэрэглэсэн гэдэг нь тодорхой бус, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд ихэнх нь байхад энэ баримтыг үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байгаа юм.

Авто ослын улмаас Д.Б- нь тархины гэмтэл авсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн баримтад эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн баримт, элэгний эход харуулсан баримт хавсаргагдсан байх ба Улаанбаатар хот руу нөхөр хүүхдийн хамтаар явсан галт тэрэгний тасалбарууд өгсөн байсныг мөн л нотлох баримтын хэмжээнд үнэлж хохиролд оруулан тооцсон нь хууль бус байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд хохирол төлбөрийг гаргах хуулийн зохицуулалттай атал хохирогчийн эрх ашгийг хамгаалж байна гээд баримт болгоныг тооцож миний эрх ашгийг хохироож нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байх гэж бодож байна.

Миний бие Д.Б-д гэмтэл учруулсан нь үнэн боловч авто осолтой холбогдолтой гэмтэлд холбогдох эмчилгээний зардлыг төлөх ёстой байх. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-д заасан заалтыг зөрчиж хуулийн шаардлага хангаагүй өгсөн баримт болгоныг нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь надад гомдолтой байна.

Иймд хэргийг давж заалдах шатны журмаар хянан үзэж нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардлыг 65.500 төгрөгийн хэмжээнд ханган шийдвэрлэж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү болох 1.686.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Энэ хүн маань одоо хувиараа хөдөлмөрөө эрхлээд тодорхой хэмжээний орлого олоод  яваа гэж бодож байгаа учраас тэтгэмжийн зөрүүг төлөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.440.169 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардал төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Б.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн нутагт Хьюндэй маркийн **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Д.Б-ыг мөргөж түүний биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух зулай хэсэгт хуйхны дор цус хуралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т заасан, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэргийн гэмтлийг учруулсан байна.

Дээрх гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан болох нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын шийдвэр /хх-ийн 9-р тал/, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1232 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 4-7-р тал/-оор тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар эрүүл мэндэд учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Хариуцагчаас “...Д.Б- нь тархины гэмтэл авсан байтал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн, элэгний эхо-д харуулсан, нөхөр хүүхдийн хамт зорчсон галт тэрэгний тасалбаруудаар гэм хорын хохирол нэхэмжилснийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэж хохирогчийн эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэж нэхэмжлэлдээ дурдсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, шаардлага хангасан баримтын хүрээнд эмчилгээний зардалд 65.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж давж заалдсан гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хавтаст хэргийн 18-26 дугаар талд авагдан 1, 2, 3, 4, 14, 15, 18, 20, 21, 24, 25, 27, 30, 35, 39, 50 гэж дугаарлагдсан нийт 16 ширхэг е-баримт нь хэдийд, хаанаас, хэдэн төгрөгийн үнэ бүхий эм, эмчилгээний хэрэгсэл худалдан авсан болох нь уншигдахгүй, /бичвэр нь арилсан/, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй гэж үзнэ. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгчээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан, шинжилгээ өгч эмчилгээ хийлгэсэн зардалд нь 629.200 төгрөг, эмчид үзүүлэх, шинжилгээнд хамрагдах зорилгоор Эрдэнэт-Улаанбаатар, Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд зорчсон зардалд 30.300 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын зардалд 15.800 төгрөг, шуудангийн зардалд 7.260 төгрөг, 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын дуустал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүүд 1.686.000 төгрөг буюу нийт 2.368.560 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 71.609 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Зохигчид нь мэтгэлцэхдээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч талаас гаргасан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинэчлэн тогтоолгох, хугацааг сунгуулахад эмчийн зааврын дагуу биеийнхээ бусад эд эрхтнүүдийг үзүүлэх, шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай байдаг гэх тайлбар нь үндэслэл бүхий байх бөгөөд харин түүнийг хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хариуцагч Б.Д-н давж заалдсан гомдлын эм, тариа авсан гэх баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх хэсгийг нь хүлээн авч бусад хэсгийг нь хангахгүй орхиж, магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 745 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Д-гаас 2.440.169 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Д-гаас 2.368.560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 71.609 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 53.993 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай...” гэснийг

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 52.847 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                        

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                          ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                            М.МӨНХДАВАА