Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 745

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00639/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух ... овогт Д-гийн Б /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух ... овогт Б-ын Д /РД:.../-д холбогдох,

 

“Гэм хор учруулсны хохиролд 2,440,169 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, иргэдийн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 11 сарын 05-ны өдөр осолд орсон. Тархиндаа хүнд гэмтэл авч тархины цус хуралт, яс цууралттай гэсэн оноштой бөгөөд одоо үнэрлэх, амтлах чадваргүй, толгой байнга өвддөг. Группын мөнгө авдаг тэрүүгээр эмчилгээ хийлгэдэг. Аваарт орохоосоо өмнө 5 хүүхэд төрүүлсэн эрүүл саруул хүн байсан. Нөхөр маань ганцаараа ажил хийж амьдралаа залгуулдаг. Тархины зураг авахуул гэсэн боловч ажилгүй мөнгөгүй учир авахуулж чадаагүй. Хариуцагч Б.Дгаас эмчилгээний зардал, эм тариа үзлэгийн төлбөрт 700,809 төгрөг, эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал 30,300 төгрөг, нотариатын зардал 15,800 төгрөг, нэхэмжлэл шууданд хийсэн зардал 7,260 төгрөг, тэтгэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөрүү 1,686,000 төгрөг, нийт 2,440,169 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Д.Бын өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцсон. Энэ хүн маань жижиг суудлын машин биш бага оврын автобусанд дайруулсан. Зөвхөн тархиндаа биш, биеийн бусад хэсэгт ч гэсэн гэмтэл авсан. Өнөөдрийг хүртэл бүрэн эмчилгээ хийлгээгүй, толгой нь байнга өвддөг. Амтлах, үнэрлэх мэдрэхүй байхгүй болсон. 2018 оны 11 сарын 05-ны өдрийн ослоос өмнө 5 хүүхдээ хардаг, өөрөө хөдөлмөр эрхэлдэг байсан. Гэвч нийгмийн даатгал төлдөггүй байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөрүү нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах үүрэгтэй. Мөн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байсан. 2020 онд 420,000 төгрөг болсон. 2019 онд анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Д.Б нэхэмжилсэн. Энэ хүн мөнгө санхүүгийн боломжгүйгээсээ болоод тархины томограф зураг авахуулж чадахгүй, өвчин намдаах эмийг ширхэглэн авч хэрэглэж байна. Эрүүл саруул байсан бол хөдөлмөр эрхэлж, амь амьжиргаагаа залгаж, тодорхой хэмжээнд цалин орлоготой байх байсан. Эмчилгээ үйлчилгээ авах, эмнэлэгт үзүүлэх тоолонд зардал гардаг. Гэтэл тэр болгоны баримтыг цуглуулаад явах боломжгүй. Эмнэлэгт үзүүлэхдээ ганцаараа явж чадахгүй учир өөрийг нь харж хандаж явах чадвартай болсон хүүхдүүдээ дагуулаад явдаг. Б.Д нь эрүүгийн хэргийн үед ч нотлох баримтын хэмжээнд хохирлыг барагдуулна гэдэг байсан. Өнөөдөр ч тийм тайлбар хэлж байгаад харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна” гэв.

 

   Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Д надад холбогдуулан эмчилгээний зардал гэж 2,440,169 төгрөг нэхэмжилжээ. Миний бие эрүүгийн хэрэг шийдэхээс өмнө эмчилгээний зардал, тэтгэмжийн зөрүү өгсөн. Тэг цагаас хойш улс орон даяар онц байдал зарлагдсантай холбоотойгоор ажил эрхлэх гээд ч ажил олдохгүй цалин орлогогүй хэцүүхэн байгаа. Иймээс нэхэмжилсэн 2,440,169 төгрөгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэйгээ холбогдуулж өгсөн өвчтөний карт, эмчилгээ, эм тариа үзлэгийн төлбөр болон бусад баримтуудын зарим хэсэг нь баларч арилсан. Канондсон, зарим хэсэг нь тодорхой бус гаргагдахгүй байгаа учраас би тооцож үзэж чадахгүй байна. Нэхэмжлэлээс шаардлага хангасан баримтын хүрээнд эмчилгээний зардлыг боломжоороо төлөхийг бодно. Харин тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний хоорондын зөрүү гэж нэхэмжилж байгаа мөнгийг би төлөхгүй. Би өөрөө ажил хийе гэж хүсэж идэвхитэй хайж явсан ч ажиллуулаад цалин мөнгөө өгдөг газар олдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээтэй холбоотой зардлаас нь ядаж талыг ч гэсэн олж өгөхийг бодож байна” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардлыг гаргаж өгөх хүсэлтэй байна гэсэн. Гэтэл энэ нотлох баримтуудын хувилсан хэсэг нь харагдахгүй тооцоо хийх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтаас тооцоо хийж нотлох баримтын шаардлага хангасан 65,500 төгрөгийг гаргах боломжтой. Хэрэгт эм тариа худалдаж авсан е-баримт өгсөн байсан. Тус баримтаар Д.Б гэх хүн энэ эм тариаг хэрэглэсэн гэдгийг нотлох боломжгүй, эмчийн зааварчилгаа байхгүй байна. Энэ хүний гэмтэл нь тархины битүү гэмтэл яс цууралт гээд хүнд гэмтэлтэй байгааг үгүйсгэхгүй байгаа боловч хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтууд нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн баримт, элэгний эхо-д үзүүлсэн гэх мэт баримтууд байгаа нь хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Иймд нотлох баримтын шаардлага хангасан 65,500 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Дд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 2,440,169 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, эм тариа, үзлэгийн төлбөрт 700,809 төгрөг, эмчид үзүүлэхээр явсан унааны зардалд 30,300 төгрөг, нотариатын хөлс 15,800 төгрөг, нэхэмжлэлээ шүүхэд шуудангаар явуулсны зардалд 7,260 төгрөг, 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэмжийн зөрүүнд 1,686,000 төгрөг, нийт 2,440,169 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагын эмчилгээтэй холбоотой зардлаас тал хувийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байгаатай холбогдуулан тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Б.Дг 2018 оны 11 сарын 05-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутагт Хьюндай маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс явган хүний гарцан дээр явган зорчигч Д.Быг мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Д-н жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн нэхэмжлэгч Д.Б нь энэхүү ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан болох нь дээр дурдсан шийтгэх тогтоол, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сунгаж тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Д.Бын эрүүл мэндэд гэм хор учруулсан, гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Дгаас түүний хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь эмчилгээний зардалд 700,809 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын үндэслэлд заасан шинжээчийн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтэл, гавлын хүрхрээ ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух зулайн хэсэгт хуйхан дор цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгч нь одоо амт, үнэр мэдрэхгүй байгаа талаар тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон эм худалдан авсан НӨАТ-ын баримтууд, “Мэдипас” /Medipas Hospital/ эмнэлгийн үзлэгийн хуудас, төлбөр төлсөн баримтуудаар дээр дурдсан эмчилгээний зардалд 700,809 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

Мөн бусад зардал болох эмчид үзүүлэх, шинжилгээнд хамрагдах зорилгоор Эрдэнэт Улаанбаатар, Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдөр хүртэл ирж, очсон замын зардалд нийт 30,300 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотлох баримт нотариатаар гэрчлүүлсний хөлс 15,800 төгрөг, шуудангийн зардал 7,260 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд энэхүү зардлууд нь хэрэгт авагдсан УБТЗамын зорчих эрхийн тасалбар, шуудангийн төлбөр төлсөн баримт, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар зэргээр тогтоогдож байна. /хх-22, 25-27 дугаар тал/

Эдгээр зардлууд нь хариуцагч Б.Дн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Бын биед хүнд гэмтэл учирсантай шууд шалтгаант холбоотой гарсан зардлууд байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорыг хариуцан арилгах хариуцагчийн үүрэг, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх үүрэгт хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр замын зардлын баримтуудад нэхэмжлэгчийн нөхөр, хүүхдүүдийн явсан зардал орж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн тархины хүнд гэмтэл авсантай холбоотойгоор асарч, дэмжих хүн хамт явах зайлшгүй шаардлагатай гэсэн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч талын энэхүү тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Д.Б нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсаны улмаас авсан тэтгэмжийн зөрүүг тооцож, нийт 1,686,000 төгрөгийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин, хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасантай нийцэж байна. 

            Хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Д.Бд 2019 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны тэтгэмжийн зөрүү болох нийт 1,686,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгох үндэслэлтэй байна.

            Дээрх тэтгэмжийн зөрүүг тооцсон тооцооны хувьд 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл тэтгэмжийн хэмжээ 174,000 төгрөг байсан, 2020 оны 03 дугаар сараас 188,000 төгрөгөөр тогтоогдож нэхэмжлэгч авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Бын тэтгэмжийн дэвтэр, Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын мөнгөн дүнг тооцсон тооцоо зөв байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Дгаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нийт 2,440,169 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.О нь нэхэмжилсэн мөнгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдаж байна.

 

Хариуцагч Б.Дд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр түүний эзгүйд өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Дгаас 2,440,169 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 53,993 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Д.АЛТАНТУЯА

                                                                                    Д.ОЮУНДАРЬ