Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 100

 

Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00203/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 23-ны өдрийн 729 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д- Т- ХК-д холбогдох

"Гүйцэтгэсэн ажлын хөлс 54.871.000 төгрөг, алданги 11.000.000 төгрөг, нийт 65.871.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөрийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жамъянхорлоо, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ш- ХХК-ийн захирал Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компани нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс Дархан сумын 1-р багийн дэвсгэр нутагт байрлах Д- Т- ХК-тай харуул хамгаалалтын №18/10 тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж ирлээ. Харуул хамгаалалтын гэрээг талууд харилцан зөвшөөрөн тус компаний тухайн нөхцөл байдлыг харилцан ойлголцон, Д- Т- ХК-ийн тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗЭЗХ захирал Б.Б-ын хүсэлт тавьснаар үйлчлүүлэгч компаний үйл ажиллагааны доголдлын улмаас гэрээнд тусгасан үнийг 3 сараар багасган төлөх, үйл ажиллагаа жигдэрсэн үед нөхөн төлж зардлыг өсгөхөөр тохиролцон байгуулсан болно. Гэвч Д- Т- ХК-ийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс багасгасан төлбөрийн асуудлыг дахин 3 сараар сунгах

саналыг ЗЭХАХ захирал Б.Б- тавьснаар цааш үргэлжлүүлэн гэрээний дагуу ажиллаж явсан. Хоёр тал хөлсөөр ажиллах гэрээнийхээ заалт, эрх үүргээ бүрэн биелүүлнэ гэж заасан боловч Д- Т- ХК-ийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс цалингийн оронд бидэнд бүтээгдэхүүн болох гурил, хэвийн боов, еэвэн зэргийг 10,11,12 саруудад тавьж өгсөн боловч 2019 оны 1 сараас ямар нэгэн төлбөр хийгдэхгүй явсаар ийм байдалд хүрсэн болно. Дээрх хугацаанд манай тал маш хүлээцтэй хандан удаа дараа хүсэлт тавьж, олон удаа захирал, дарга нартай нь уулзаж, тэдэнд итгэж хүлээсэн билээ. Бид Голомт банкнаас зээл авч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хувцас, форм, тусгай хэрэгслийн хангалтаа хийж, хамгаалагч нараа цалинжуулсаар явж байна. Энэ хугацаанд олон дахин гуйж нэхсэний үндсэн дээр 2019 оны 8 сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 10 сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 12 сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус авсан болно. Гэвч тус компани нь харуул хамгаалалтын гэрээний 2.9-р заалтыг олон сараар зөрчсөн нь өнөөдөр ийм хэмжээний хуримтлагдсан авлага үүсгэсэн байна. Харуул хамгаалалтын гэрээний төлбөр төлөх заалт биелэхгүй байгаатай холбоотой үүргээ биелүүлэхгүй байх зэрэг зөрчлүүдийг гаргасан тул манай тал 2019 оны 1, 11, 01 сар, 2020 оны 1 сард 2-3 удаа албан тоот, шаардлагуудыг Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1,2 дахь заалтуудыг үндэслэн удаа дараа хүргүүлж, харуул хамгаалалтын зардлаа төлж барагдуулах, харуул хамгаалалт хийхэд өөрийн талаас хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн хамтран ажиллахыг шаардаж ирсэн боловч үйлчлүүлэгч тал өнөөдрийг хүртэл манай талын санал, хүсэлт, шаардлагыг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ тухай асуудлаар Д- Т- ХК-ийн захирал Д.Б-той 4 удаа, санхүү эрхэлсэн захирал С.Н-тай 3 удаа, гүйцэтгэх захирал Б.Т-тэй 4 удаа, ЗЭЗАХ захирал Б.Б-тай 10 удаа биеэр уулзаж, 10 гаруй удаа утсаар ярилцсан боловч гэрээгээр хүлээсэн хамгаалалтын хөлс төлөх бусад үүргээ гүйцэтгэх тухай амлалт нь биелэхгүй байсан тул 2019 оны 10 сарын 22-ны өдөр Д- Т- ХК-ийн ЗЭЗАХ захирал Б.Б-ын хүсэлтийг үндэслэн өр авлагыг барагдуулах график тооцооллын гэрээ байгуулж гарын үсэг зуралцсан боловч гүйцэтгэх захирал Б.Т- зугтсаар хариу өгөлгүй өдий хүрсэн байна. Ерөнхий захирал Д.Б- нь санхүү эрхэлсэн захирал С.Н- нар нь дээрх өр төлбөр болон гэрээний үүргээ маш сайн мэдэж байгаа гэж бодож байна. Д- Т- ХК нь харуул хамгаалалтын гэрээний ажлын хөлс төлөх заалт, өр авлага барагдуулах хугацаат график төлөлтийн гэрээгээ зөрчин амлалтаа биелүүлэхгүй байгаа тул 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 18/02 тоот гэрээний 11.2 дах заалт, 2019 оны 10, 12 сар, 2020 оны 01 сард өгсөн албан тоотуудыг үндэслэн Д- Т- ХК-д харуул хамгаалалт хийж өгсний төлбөр тооцоог шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр манай тал шийдвэрлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд харуул хамгаалалтын гэрээний холбогдох заалтууд болон 2018 оны 10 сарын 03-ны өдрийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байгуулсан график төлөлтийн гэрээний баримт, 2019 оны 12 сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, баримт, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн тооцоо нийлэхээр оруулсан баримт зэрэг хоёр талын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан баримтуудыг үндэслэн Д- Т- ХК-аас манай талд төлөх ёстой ажлын хөлсний үлдэгдэл 42.631.000 төгрөг, Харуул хамгаалалтын гэрээний 2.10 дахь заалтын баримтлан хугацаа хэтрүүлсэн алданги болох 11.000.000 төгрөг, нийт 53.631.000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Д- Т- ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Түвшинтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д- Т- ХК нь үйлдвэрлэлийн түүхий эд, улаанбуудай худалдан авах эргэлтийн хөрөнгөгүйгээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа 2017 оноос зогсоосон билээ. Ш- ХХК-тай гэрээ байгуулж 2019 оны 10 дугаар сараас харуул хамгаалалтын ажлыг хариуцуулсан болно. Бид 2019 оны шинэ ургацаас түүхий эд болох улаанбуудай худалдаж авна гэж тооцоолж байсан. Компанийн дотоод ажил, эрх зүй хариуцсан шинэ захирал харуул хамгаалалтын Т- Б- ХХК-тай хамтран ажиллаж байсан сарын 2-3 сая төгрөгийн өртөгтэй гэрээг цуцалж, 3.000.000 төгрөгийн гэрээг Ш- ХХК-тай байгуулсан. Гэтэл эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүйгээс бидний тооцоолж байсан үйлдвэрлэлийн ажиллагаа эхлээгүй өнөөдрийг хүрч байна. Үнэт цаас гаргах, хувьцаагаа борлуулах, гадны хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах зэрэг олон хэлбэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байна. Түүнчлэн зээлээр олгосон гурилын авлагынхаа хойноос ажиллаж барагдуулсан дүнгээс харуул хамгаалалтын төлбөрийг мөнгө, бараа материалаар гүйцэтгэж байсан. Ш- ХХК-д харуул хамгаалалтын үндсэн төлбөрийг 2020 оны 01 дүгээр хагаст төлж барагдуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, ямар ч орлогын эх үүсвэргүй байгаа тул алдангийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш- ХХК-ийн захирал Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа:

Тус компани нь 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс Д- Т- ХК-тай харуул хамгаалалтын №18/10 тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж ирлээ. Дээрх хугацаанд Д- Т- ХК нь гэрээний заалтаа үл биелүүлэн хамгаалалтын төлбөрөө төлөөгүйгээс их хэмжээний хуримтлагдсан авлага үүсч, 2020 оны 01 сарын 27-ны өдөр шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гарган хандсан билээ. Өнөөдрийн байдлаар бид Харуул хамгаалалтын гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байгаа ба бидэнд ямар нэгэн төлбөр хийгдсэнгүй. Иймд бид урьд нэхэмжилсэн төлбөр дээрээ 2020 оны 03 сарын 25-ны өдрийг дуустал хугацааны хамгаалалтын төлбөр болох 8.400.000 төгрөгийг нэмж шинэчлэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Д- Т- ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Түвшинтөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хариу тайлбартаа:

Энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д- Т- ХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ш- ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 310 м ремений үнэ 31.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч Ш- ХХК нь ... өнөөдрийн байдлаар бид харуул хамгаалалтын гэрээнд заасан эд хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлж ажиллаж байгаа ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч Ш- ХХК нь харуул хамгаалалтын гэрээнд заасан эд хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас 31.000.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайд алдагдаж, манай компанид бодитой хохирол учирсан ба энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.

Мөрдөн байцаалтын явцад хэрэг үйлдэгдсэн он, сар, өдөр тодорхой болж байгаа. Мөн алдагдсан ремен нь үр тариа хадгалах үйлдвэрийн дамжлагын хэд хэдэн хэсгээс алдагдсан ба тухайн хулгайд алдагдсан эд материал /ремень/ овор жингийн хувьд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг Ш- ХХК-ийн ажилтнуудын оролцоогүйгээр Д- Т- ХК-ийн хашаанаас авч явах боломжгүй тул Ш- ХХК-ийн ажилтнууд хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Манай байгууллагаас Дархан-Уул аймгийн Прокурорын газарт уг эрүүгийн хэргийн талаар лавлагаа гаргах тухай хүсэлтийг гаргасан боловч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүйн учраас ямар лавлагаа өгөхгүй гэсэн хариуг өгсөн тул бидний зүгээс энэ талаар нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Ш- ХХК-ийн харуул хамгаалалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж чадаагүйн улмаас манай компанид 31.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан тул нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш- ХХК-ийн захирал Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа:

Тус компани нь 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс Д- Т- ХК-тай харуул хамгаалалтын №18/10 тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж ирлээ. Дээрх хугацаанд Д- Т- ХК нь гэрээний заалтаа үл биелүүлэн хамгаалалтын төлбөрөө төлөөгүйгээс их хэмжээний хуримтлагдсан авлага үүсч, 2020 оны 01 сарын 27-ны өдөр шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гарган хандсан билээ. Өнөөдрийн байдлаар бид Харуул хамгаалалтын гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байгаа ба бидэнд ямар нэгэн төлбөр хийгдсэнгүй. Иймд бид урьд нэхэмжилсэн төлбөр дээрээ 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл  хамгаалалтын төлбөр болох 3.840.000 төгрөгийг нэмж шинэчлэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Д- Т- ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш- ХХК-ийн зүгээс хариуцагч Д- Т- ХК-д холбогдуулан нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэн 2020 оны 03 сарын 25-ны өдрийг дуустал хугацааны төлбөр болох 8.400.000 төгрөг, 2020 оны 4 сарын 28-ны өдөр хүртэлх нэмэгдүүлсэн нэхэмжлэлээр 3.840.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Дээрх дурдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д- Т- ХК-ийн зүгээс нэхэмжлэгч компанид холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 280 м ремений үнэ 31.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд огт хамааралгүй болохыг анхан шатны шүүх анхаарах үзнэ үү. Учир нь тус хэрэг тухайн үед Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт шалгагдаж байсан бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд явж байсан. Манай байгууллагаас албан хүсэлт Дархан-Уул аймгийн Прокурорын газарт холбогдох этгээдэд гаргасан боловч шүүхийн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд албан тоотоор танилцах боломжтой гэж амаар хариу өгсөн билээ. Иймд манай компани Дархан-Уул аймгийн Прокурорын газарт 2020 оны 5 сарын 13-ны өдөр албан бичгээр Ш- ХХК-ийг иргэний хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан бөгөөд хариу одоогоор ирүүлээгүй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байж ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Д- Т- ХК-ийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь алданги болох 11.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн. Талуудын хооронд 2019 оны 10 сарын 3 өдрийн гэрээний 10.2 дахь заалтад талууд ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхойлсон. Харуул хамгаалалтын албан хаагч нь гэрээний заалтыг зөрчсөнөөс байгууллагад хохирол учирсан бол хохирлыг компани хариуцна гэсэн агуулга бүхий заалт байдаг. Энэ гэрээ 2020 оны 5 сарын 1 хүртэл үргэлжилсэн гэж тайлбарласан. Гэтэл 2020 оны 3 сард 31.000.000 төгрөгийг хохирол Д- Т- ХК-д учирсан. Тус хохирлыг Ш- ХХК-аар нөхөн төлүүлсний дараа зөрүү гарвал үлдэгдлийг төлөх хүсэлтэй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д- Т- ХК-аас 65.871.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш- ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651.845 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 487.305 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 164.540 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 23-ний өдрийн 729 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах гомдлыг дараах хэд хэдэн үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

1. Шүүхээс 2020 оны 6-р сарны 23-ны өдөр хуралдах шүүх хуралдааны товыг надад мэдэгдсэн бөгөөд энэ хуралд оролцохоор миний бие 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу гарсан. Гэтэл зам муу бороо ихтэй байсан учраас машин эвдэрч би замын голд наашаа ч үгүй цаашаа ч үгүй унаагүй болж гацсан. Энэ талаараа шүүхэд мэдэгдэж хүсэлтээ хүргүүлэхэд өмнө нь удаа дараа хурал хойшлуулж байсан, машин саатаж эвдэрсэн гэдгээ нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг миний эзгүйд хийсэн байсан.

Өмнө нь хариуцагчийн хувьд шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байсан нь үнэн боловч, хүсэлтүүдээ би хуульд нийцсэн байдлаар гаргаж байсан байдаг бөгөөд шүүх хүсэлтүүдийг хүлээн авч хурал хойшлуулж байсан нь хуульд нийцсэн байсан. Ийнхүү шүүх хэргийн оролцогч миний шүүх хуралд биечлэн оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан байх ба ингэснээрээ ИХШХШТХ-ийн 6-р зүйлийн 6.1-д заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг зөрчсөн байна.

2. Ш- ХХК-ийн захирал Х.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: №18/10 тоот гэрээний төлбөр төлөх заалт биелүүлээгүй хэмээн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж ажлын хөлсний үлдэгдэл 42.631.000 төгрөг, алданги 11.000.000 төгрөг нийт 53.631.000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байсан.

Анхан шатны шүүхээс хэрэг прокурорын газарт буцаж нэхэмжлэгчийг иргэний хариуцагчаар татан оруулах тухай асуудал хэлэлцэгдэх гэж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байж гэрээний үүргийн биелэлтийг биднээс шаардаж цалин хөлс нэхэмжилснийг шүүх анхааран үзэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Зүй ёс нь хулгайн асуудал эрүүгийн журмаар шийдэгдсэний дараа хөлсөө бүрэн бүтэн авах уу эсвэл гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хүлээх үү гэсэн асуудал дэс дараалалтай шийдвэрлэх ёстой гэж би үзэж байгаа болно.

3. Нэхэмжлэгч нь үйлдвэрт суурилуулсан камерын үнэ гэж 1.478.000 төгрөг нэхэмжилсэн байсныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Харуул хамгаалалтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.3-д Компанийн хашааны хаалга, хяналтын пүү, Оффис руу орох хаалга үүдний хэсгийг өөрсдийн хөрөнгөөр камержуулан хяналтыг харуулын өрөөнд суурилуулах болно гэж тохиролцож гэрээ хийчхээд гэрээний дагуу хийсэн ажлынхаа үнийг биднээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байсан. Гэрээг талууд харилцан тохиролцож тэгш эрхтэйгээр байгуулж гарын үсгээ зуралцсан байхад гэрээний үүрэг хариуцлагыг анхааран үзэхгүй нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэгчид давуу байдал үүсгэж манай компанийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б- давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Д- Т- ХК-ны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч тайлбар гаргаж байна.

1. 2020.06.23-ны өдөр шүүх хурлын тов зарлагдсан байсан ба хариуцагч Д- Т- ХК-ны захирал Б.Т- нь хүндэтгэх бус шалтгаанаар ирээгүй өөрийн өмгөөлөгчийг явуулсан байсан ба хурлыг 3 тал харилцан ярилцаж шийдвэр гарган хуралдсан нь ШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг зөрчөөгүй болно.

2. Бид тус компанитай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс харуул хамгаалалтын 18/10 тоот гэрээ байгуулан гэрээ, хамтран ажиллах журмыг байгуулан ажилласан билээ. Дээрх хугацаанд Д- Т- ХК-ны санхүүгийн хүндрэлтэй хэмээн шалтаг заан олон сараар хамгаалалтын төлбөрийг өгөлгүй явсаар хуримтлагдсан өр авлага үүсгэсэн. Бид 3 удаагийн нэхэмжлэлээр нийт 65870.000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Одоо ч мөн 360.000 төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа.

Бид олон удаа албан бичиг өгч шаардаж хамгаалалтаа буулгах тухай ярьж байсан боловч дээрх байдалд ямар нэгэн арга хэмжээ авах, санаачилга гаргахгүй явсаар 2020.05.01-нд бид арга буюу тухайн объект хариуцаж байсан ЗЭЗХ захирал Б.Б-, инженер Б-, нярав Ө- нарт объектын хүлээлгэн өгч хамгаалалтаа буулгасан. /Тамга нь байхгүй учир лаборатори тамга дарж хүлээлцсэн билээ./

Бид өдөр тутмын рапорт мэдээллийг бичиж тэмдэглэдэг ба тус объектын хариуцсан хүмүүс ирэх болгондоо шалган үздэг байсан. Цагдаагийн газар ч мөн шалган үзсэн. Тэгээд ч бидэнд өнөөдрийн байдлаар ямар нэгэн хамгаалагч, ажилтныг хариуцагчаар татан шалгаагүй байгаа нь энэ хэрэгт хамааралгүйг нотолж байна.

3. Бид тус компанитай гэрээ хийж хамтран ажиллах явцдаа байгууллагын үүд хэсгийг хянах 4 ш камер болон бусад туслах төхөөрөмжүүдийг үнэ төлбөргүй гарган ашиглаж байхаар тохиролцсон. / Ашиглаж байсан/

Харин нэхэмжлэгдсэн 1478.000 төгрөгийн үнэ бүхий камерын төлбөр нь тус үйлдвэрийн урьд нь ашиглаж байсан хуучин олон камеруудыг ажиллагаанд оруулахад хэрэглэсэн утас кабель, камер, ардаптор, бичигч төхөөрөмж, свечи зэргийн үнэ төлбөр юм.

Энэ тухай ЗЭЗХ захирал Б.Б-, нярав Ө- болон өдөр тутам харьцаж байсан ажилчид сайн мэднэ. /Дуудаж асууж ярилцсан ч болно./

Иймд 2020.06.23 өдрийн Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш- ХХК хариуцагч Д- Т- ХК-нд холбогдуулж, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 42.631.000 төгрөг, түүний алданги 11.000.000 төгрөг, нийт 53.631.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж, 65.871.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Д- Т- ХК нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас компанид 31.000.000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Харуул хамгаалалтын гэрээ”-г байгуулж, нэг сарын ажлын хөлс 3.600.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч Ш- ХХК 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч “Д- Т-” ХК-ны харуул хамгаалалтыг хариуцан ажиллажээ. Хариуцагч “Д- Т-” ХК гэрээгээр хүлээсэн үүргээ тасалдуулж 2019 оны 08 дугаар сарын 26-нд 5.000.000 төгрөг, 10 дугаар сарын 23-нд 3.000.000 төгрөг, 12 дугаар сарын 18-нд 3.000.000 төгрөг, 2.125.000 төгрөгийн гурил, 1.282.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийт 14.000.407 төгрөгийг ажил үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “... Нэг сарын төлбөрийн хэмжээг  3.600.000 төгрөг байхаар тохиров”, 2.10-т “... үйлчилгээний төлбөрт 3.600.000 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор тус байгууллагын ХААН банкны дансанд шилжүүлэн төлж байна...” гэж заасныг хариуцагч тал зөрчсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй байна. 

Хариуцагч нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т “Харуул хамгаалалтын албан хаагч нь гэрээний заалтыг зөрчсөнөөс үйлчлүүлэгчид эд хөрөнгийн хохирол учруулбал харуул хамгаалалтын байгууллага хариуцлагыг хүлээж, үйлчлүүлэгчийг нэн даруй хохиролгүй болгох ба хамгаалалтын албан хаагчийн хариуцлагын асуудлыг өөрийн дотоод журмаараа зохицуулна” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хариу тайлбар гаргадаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хулгайд алдагдсан эд материалын үнэ 31.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Хулгайд алдагдсан эд зүйлийн талаар Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх нь тогтоогдоогүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдийг тогтоосны дагуу түүнээс хохирол гаргуулах асуудал нь нээлттэй  гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардсан 65.871.000 төгрөгийн талаар хариуцагч тал мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой илэрхийлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тухайлбал: Гэрээний 12 дугаар зүйлийн 12.3-т “Компаний хашааны хаалга, хяналтын пүү, ажлын байр руу орох хаалга, үүдний хэсгийг  өөрсдийн хөрөнгөөр камержуулан, хяналтыг харуулын өрөөнд суурилуулах болно” гэж заасан ба энэхүү ажил үйлчилгээг нэхэмжлэгчээс хариуцагчид  хамтран ажилласны урамшуулал болгон өгч байгаа талаарх баримт хэргийн 38 дугаар талд авагдсан байна.

Иймд гэрээгээр хүлээсэн тохиролцоог үндэслэн нэхэмжлэлээс  тэрхүү ажил, үйлчилгээний төлбөр 1.478.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

Хулгайн гэмт хэргийн асуудал бүрэн шийдвэрлэсний дараа талуудын хүлээх хариуцлагын талаар дэс дараалалтай  шийдвэрлэх ёстой, хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангалгүй, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Эд зүйл хулгайд алдагдсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн,  хариуцагч талын хүсэлтээр урьд нь товлогдсон шүүх хуралдаан удаа дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 25-аас 06 дугаар сарын 23 хүртэл 4 удаа хойшлогдсон, 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн шүүх хуралдаан хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 729 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын 65.871.000 төгрөг гэснийг 64.393.000 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488.000 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                       ШҮҮГЧИД                                      М.МӨНХДАВАА

                                                                                                              Л.АМАРСАНАА