Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00203/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, Олон улсын худалдааны төвд байрлах Ш ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... багт байрлах Д.г.т ХК /РД: .../-д холбогдох

 

Гүйцэтгэсэн ажлын хөлс 54 871 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, нийт 65 871 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компани нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ... сумын ... багийн дэвсгэр нутагт байрлах Д.г.т ХК-тай харуул хамгаалалтын ... тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж ирлээ. Харуул хамгаалалтын гэрээг талууд харилцан зөвшөөрөн тус компаний тухайн нөхцөл байдлыг харилцан ойлголцон, Д.г.т ХК-ийн тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗЭЗХ захирал Б.Б-ын хүсэлт тавьснаар үйлчлүүлэгч компаний үйл ажиллагааны доголдлын улмаас гэрээнд тусгасан үнийг 3 сараар багасган төлөх, үйл ажиллагаа жигдэрсэн үед нөхөн төлж зардлыг өсгөхөөр тохиролцон байгуулсан болно. Гэвч Д.г.т ХК-ийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс багасгасан төлбөрийн асуудлыг дахин 3 сараар сунгах саналыг ЗЭХАХ захирал Б.Б тавьснаар цааш үргэлжлүүлэн гэрээний дагуу ажиллаж явсан. Ингээд дараагийн саруудад тус үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэхгүй, гэрээнд заасан төлбөр мөнгө төлөхгүй, захирал, дарга нар нь биднийг удахгүй, одоохон, сарын дараа гэж хуурсаар хуримтлагдсан авлага үүссэн. Хоёр тал хөлсөөр ажиллах гэрээнийхээ заалт, эрх үүргээ бүрэн биелүүлнэ гэж заасан боловч Д.г.т ХК-ийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс цалингийн оронд бидэнд бүтээгдэхүүн болох гурил, хэвийн боов, еэвэн зэргийг 10,11,12 саруудад тавьж өгсөн боловч 2019 оны 1 сараас ямар нэгэн төлбөр хийгдэхгүй явсаар ийм байдалд хүрсэн болно. Дээрх хугацаанд манай тал маш хүлээцтэй хандан удаа дараа хүсэлт тавьж, олон удаа захирал, дарга нартай нь уулзаж, тэдэнд итгэж хүлээсэн билээ. Бид Голомт банкнаас зээл авч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хувцас, форм, тусгай хэрэгслийн хангалтаа хийж, хамгаалагч нараа цалинжуулсаар явж байна. Энэ хугацаанд олон дахин гуйж нэхсэний үндсэн дээр 2019 оны 8 сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 10 сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 12 сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус авсан болно. Гэвч тус компани нь харуул хамгаалалтын гэрээний 2.9-р заалтыг олон сараар зөрчсөн нь өнөөдөр ийм хэмжээний хуримтлагдсан авлага үүсгэсэн байна. Харуул хамгаалалтын гэрээний төлбөр төлөх заалт биелэхгүй байгаатай холбоотой үүргээ биелүүлэхгүй байх зэрэг зөрчлүүдийг гаргасан тул манай тал 2019 оны 1, 11, 01 сар, 2020 оны 1 сард 2-3 удаа албан тоот, шаардлагуудыг Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1,2 дахь заалтуудыг үндэслэн удаа дараа хүргүүлж, харуул хамгаалалтын зардлаа төлж барагдуулах, харуул хамгаалалт хийхэд өөрийн талаас хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн хамтран ажиллахыг шаардаж ирсэн боловч үйлчлүүлэгч тал өнөөдрийг хүртэл манай талын санал, хүсэлт, шаардлагыг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ тухай асуудлаар Д.г.т ХК-ийн захирал Д.Бтой 4 удаа, санхүү эрхэлсэн захирал С.Н-тай 3 удаа, гүйцэтгэх захирал Б.Т-тэй 4 удаа, ЗЭЗАХ захирал Б.Б-тай 10 удаа биеэр уулзаж, 10 гаруй удаа утсаар ярилцсан боловч гэрээгээр хүлээсэн хамгаалалтын хөлс төлөх бусад үүргээ гүйцэтгэх тухай амлалт нь биелэхгүй байсан тул 2019 оны 10 сарын 22-ны өдөр Д.г.т ХК-ийн ЗЭЗАХ захирал Б.Б-ын хүсэлтийг үндэслэн өр авлагыг барагдуулах график тооцооллын гэрээ байгуулж гарын үсэг зуралцсан боловч гүйцэтгэх захирал Б.Т зугтсаар хариу өгөлгүй өдий хүрсэн байна. Ерөнхий захирал Д.Б нь санхүү эрхэлсэн захирал С.Н нар нь дээрх өр төлбөр болон гэрээний үүргээ маш сайн мэдэж байгаа гэж бодож байна. Өнөөдөр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцаж байгаа ЗЭЗАХ захирал Б.Б, нягтлан Ө нар нь бид компанийн санхүү болон өр төлбөрийн асуудлыг мэдэхгүй, дээрээс захирлууд мэднэ, хамгаалалтын төлбөрийг төлөх байх аа, төлөх ёстой юм чинь төлнө гэсэн гэх зэргээр болно хэмээн удаа дараа худал ярьсаар байна. Д.г.т ХК нь харуул хамгаалалтын гэрээний ажлын хөлс төлөх заалт, өр авлага барагдуулах хугацаат график төлөлтийн гэрээгээ зөрчин амлалтаа биелүүлэхгүй байгаа тул 2018 оны 10 сарын 03-ны өдрийн ... тоот гэрээний 11.2 дах заалт, 2019 оны 10, 12 сар, 2020 оны 01 сард өгсөн албан тоотуудыг үндэслэн Д.г.т ХК-д харуул хамгаалалт хийж өгсний төлбөр тооцоог шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр манай тал шийдвэрлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд харуул хамгаалалтын гэрээний холбогдох заалтууд болон 2018 оны 10 сарын 03-ны өдрийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байгуулсан график төлөлтийн гэрээний баримт, 2019 оны 12 сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, баримт, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн тооцоо нийлэхээр оруулсан баримт зэрэг хоёр талын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан баримтуудыг үндэслэн Д.г.т ХК-аас манай талд төлөх ёстой ажлын хөлсний үлдэгдэл 42 631 000 төгрөг, Харуул хамгаалалтын гэрээний 2.10 дахь заалтын баримтлан хугацаа хэтрүүлсэн алданги болох 11 000 000 төгрөг, нийт 53 631 000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Д.г.т ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.г.т ХК нь үйлдвэрлэлийн түүхий эд, улаанбуудай худалдан авах эргэлтийн хөрөнгөгүйгээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа 2017 оноос зогсоосон билээ. Ш ХХК-тай гэрээ байгуулж 2019 оны 10 дугаар сараас харуул хамгаалалтын ажлыг хариуцуулсан болно. Бид 2019 оны шинэ ургацаас түүхий эд болох улаанбуудай худалдаж авна гэж тооцоолж байсан. Компанийн дотоод ажил, эрх зүй хариуцсан шинэ захирал харуул хамгаалалтын Т.б ХХК-тай хамтран ажиллаж байсан сарын 2-3 сая төгрөгийн өртөгтэй гэрээг цуцалж, 3 000 000 төгрөгийн гэрээг Ш ХХК-тай байгуулсан. Гэтэл эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүйгээс бидний тооцоолж байсан үйлдвэрлэлийн ажиллагаа эхлээгүй өнөөдрийг хүрч байна. Үнэт цаас гаргах, хувьцаагаа борлуулах, гадны хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах зэрэг олон хэлбэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байна. Түүнчлэн зээлээр олгосон гурилын авлагынхаа хойноос ажиллаж барагдуулсан дүнгээс харуул хамгаалалтын төлбөрийг мөнгө, бараа материалаар гүйцэтгэж байсан. Ш ХХК-д харуул хамгаалалтын үндсэн төлбөрийг 2020 оны 01 дүгээр хагаст төлж барагдуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, ямар ч орлогын эх үүсвэргүй байгаа тул алдангийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсч байна гэв.

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа:

Тус компани нь 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс Д.г.т ХК-тай харуул хамгаалалтын ... тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж ирлээ. Дээрх хугацаанд Д.г.т ХК нь гэрээний заалтаа үл биелүүлэн хамгаалалтын төлбөрөө төлөөгүйгээс их хэмжээний хуримтлагдсан авлага үүсч, 2020 оны 01 сарын 27-ны өдөр шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гарган хандсан билээ. Өнөөдрийн байдлаар бид Харуул хамгаалалтын гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байгаа ба бидэнд ямар нэгэн төлбөр хийгдсэнгүй. Иймд бид урьд нэхэмжилсэн төлбөр дээрээ 2020 оны 03 сарын 25-ны өдрийг дуустал хугацааны хамгаалалтын төлбөр болох 8 400 000 төгрөгийг нэмж шинэчлэн нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

 Д.г.т ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хариу тайлбартаа:

Энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.г.т ХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ш ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 310 м ремений үнэ 31 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч Ш ХХК нь ... өнөөдрийн байдлаар бид харуул хамгаалалтын гэрээнд заасан эд хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлж ажиллаж байгаа ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч Ш ХХК нь харуул хамгаалалтын гэрээнд заасан эд хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас 31 000 000 төгрөгийн эд хөрөнгө хулгайд алдагдаж, манай компанид бодитой хохирол учирсан ба энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.

Мөрдөн байцаалтын явцад хэрэг үйлдэгдсэн он, сар, өдөр тодорхой болж байгаа. Мөн алдагдсан ремен нь үр тариа хадгалах үйлдвэрийн дамжлагын хэд хэдэн хэсгээс алдагдсан ба тухайн хулгайд алдагдсан эд материал /ремень/ овор жингийн хувьд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг Ш ХХК-ийн ажилтнуудын оролцоогүйгээр Д.г.т ХК-ийн хашаанаас авч явах боломжгүй тул Ш ХХК-ийн ажилтнууд хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Манай байгууллагаас Дархан-Уул аймгийн Прокурорын газарт уг эрүүгийн хэргийн талаар лавлагаа гаргах тухай хүсэлтийг гаргасан боловч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүйн учраас ямар лавлагаа өгөхгүй гэсэн хариуг өгсөн тул бидний зүгээс энэ талаар нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Ш ХХК-ийн харуул хамгаалалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж чадаагүйн улмаас манай компанид 31 000 000 төгрөгийн бодит хохирол учирсан тул нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа:

Тус компани нь 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс Д.г.т ХК-тай харуул хамгаалалтын №18/10 тоот гэрээ байгуулан хамтран ажиллаж ирлээ. Дээрх хугацаанд Д.г.т ХК нь гэрээний заалтаа үл биелүүлэн хамгаалалтын төлбөрөө төлөөгүйгээс их хэмжээний хуримтлагдсан авлага үүсч, 2020 оны 01 сарын 27-ны өдөр шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гарган хандсан билээ. Өнөөдрийн байдлаар бид Харуул хамгаалалтын гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж байгаа ба бидэнд ямар нэгэн төлбөр хийгдсэнгүй. Иймд бид урьд нэхэмжилсэн төлбөр дээрээ 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл  хамгаалалтын төлбөр болох 3 840 000 төгрөгийг нэмж шинэчлэн нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Д.г.т ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн зүгээс хариуцагч Д.г.т ХК-д холбогдуулан нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэн 2020 оны 03 сарын 25-ны өдрийг дуустал хугацааны төлбөр болох 8 400 000 төгрөг, 2020 оны 4 сарын 28-ны өдөр хүртэлх

нэмэгдүүлсэн нэхэмжлэлээр 3 840 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Дээрх дурдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.г.т ХК-ийн зүгээс нэхэмжлэгч компанид холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 280 м ремений үнэ 31 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд огт хамааралгүй болохыг анхан шатны шүүх анхаарах үзнэ үү. Учир нь тус хэрэг тухайн үед Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт шалгагдаж байсан бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд явж байсан. Манай байгууллагаас албан хүсэлт Дархан-Уул аймгийн Прокурорын газарт холбогдох этгээдэд гаргасан боловч шүүхийн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд албан тоотоор танилцах боломжтой гэж амаар хариу өгсөн билээ. Иймд манай компани Дархан-Уул аймгийн Прокурорын газарт 2020 оны 5 сарын 13-ны өдөр албан бичгээр Ш ХХК-ийг иргэний хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан бөгөөд хариу одоогоор ирүүлээгүй байна. иймд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байж ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Д.г.т ХК-ийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь алданги болох 11.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн. Талуудын хооронд 2019 оны 10 сарын 3 өдрийн гэрээний 10.2 дахь заалтад талууд ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхойлсон. Харуул хамгаалалтын албан хаагч нь гэрээний заалтыг зөрчсөнөөс байгууллагад хохирол учирсан бол хохирлыг компани хариуцна гэсэн агуулга бүхий заалт байдаг. Энэ гэрээ 2020 оны 5 сарын 1 хүртэл үргэлжилсэн гэж тайлбарласан. Гэтэл 2020 оны 3 сард 31.000.000 төгрөгийг хохирол Дархан гурил тэжээл ХК-д учирсан. Тус хохирлыг “Ш ХХК” ХХК-аар нөхөн төлүүлсний дараа зөрүү гарвал үлдэгдлийг төлөх хүсэлтэй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Д.г.т ХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 42 631 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, нийт 53 631 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 8 400 000 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3 840 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 65 871 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь Ш ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 280 м ремений үнэ 31 000 000 төгрөгийн хохирол учирсан. Тус хэрэг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт шалгагдаж байгаа тул гэрээгээр хүлээсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг шүүх хуралдаанд тодруулахад харуул хамгаалалтын ажлын хөлс 2018 оны 10 дугаар сарын 03-наас 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 55 560 000 төгрөг, хариуцагчаас шилжүүлсэн 11 000 000 төгрөг+ бэлэн бусаар 3 407 000 төгрөг, нийт 14 407 000 төгрөгийн төлбөрийг хасахад = 41 153 000 төгрөг дээр камер суурилуулсны үнэ 1 478 000 төгрөг, нийт 42 631 000 төгрөгт алданги 11 000 000 төгрөг тооцож нийт 53 631 000 төгрөг, 2 удаагийн нэмэгдүүлсэн шаардлага 8 400 000 төгрөг+3 840 000 төгрөг = 65 871 000 төгрөг гэж шаарджээ.

 

Нэхэмжлэгч Ш ХХК, хариуцагч Д.г.т ХК-тай харилцан тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1 жилийн хугацаатай Харуул хамгаалалтын гэрээ байгуулан үйлчлүүлэгч талын гэрээнд заасан тодорхой объектын харуул хамгаалалттай холбогдсон үйлчилгээг хариуцаж хөдөлмөр хамгаалал, улиралд нийцсэн хувцас формтойгоор ажиллахаар, үйлчлүүлэгч тал нь үйлчлэгч байгууллагад харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрт нэг сард 3 600 000 төгрөгийг сарын бүрийн 25-ны дотор тус байгууллагын Хаан банкны 5046488362 төгрөгийн дансанд шилжүүлэн төлөх, хэрэв тогтоосон хугацаанд төлбөрөө хийхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт төлбөрийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги нэмж төлөхөөр, гэрээнд талуудын эрх, үүрэг, үйл ажиллагааны хязгаар, талуудын хүлээх хариуцлага, бусад зүйлийг тусгаж талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, бэлэн бусаар 2 125 000 төгрөгийн гурил, 440 000 төгрөгийн бүтээгдэхүүн, 842 000 төгрөгийн бүтээгдэхүүн, нийт 14 407 000 төгрөг авсан гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч хэн аль нь гэрээ цуцлах санал гаргаагүй байх бөгөөд үргэлжлүүлэн ажилласаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалж харуул хамгаалалтыг татан буулгасан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын ажлын хөлсний төлбөрөө төлөхийг хариуцагч талд удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан болох нь хавтаст хэргийн 26-54 хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Харуул хамгаалалтын гэрээний 10.2-т Харуул хамгаалалтын албан хаагч нь гэрээний заалтыг зөрчсөнөөс үйлчлүүлэгчид эд хөрөнгийн хохирол учруулбал харуул хамгаалалтын байгууллага хариуцлагыг хүлээж үйлчлүүлэгчийг нэн түрүүнд хохиролгүй болгох ба хамгаалалтын албан хаагчийн хариуцлагын асуудлыг өөрийн дотоод журмаараа зохицуулна гэж заасан тул харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд байгууллагад учирсан 31 000 000 төгрөгийн хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж тайлбар гаргаж байгаа болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хулгайд алдагдсан эд материалын үнэ 31 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэ асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж тайлбар гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь хулгайд алдагдсан эд материалын үнийг гэрээнд зааснаар нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй гэж маргаж, нотлох баримтаар Д.г.т ХК-ийн дахин үнэлгээний тайлан болон хавсралт тайлан ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх нь тогтоогдохгүй байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж буруутай этгээдийг тогтоосны дагуу түүнээс хохирол гаргуулах асуудал нь нээлттэй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 65 871 000 төгрөгийн талаар болон нэхэмжлэлийн аль хэсгийг зөвшөөрөхгүй талаар мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул харуул хамгаалалтын ажлын хөлс 53 393 000 төгрөг, камер суурилуулсны үнэ 1 478 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 11 000 000 төгрөг, нийт 65 871 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 25, 2020 оны 5 дугаар сарын 05, 2020 оны 5 дугаар сарын 15, 2020 оны 6 дугаар сарын 04, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус хойшлуулсан байх бөгөөд товлогдсон шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос ирэх замд машин эвдэрсэн гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэ нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.г.т ХК-аас 65 871 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651 845 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 487 305 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 164 540 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА