Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101

 

“Х- Х-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/000613/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 31-ний өдрийн 877 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х- Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С-” ХК-д холбогдох

"Гэрээний үүрэг болон үүрэг зөрчсөнөөс үүссэн хохиролд нийт 17.644.446 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, Д.Бадамгарав нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х- Х- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, Д.Бадамгарав нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани нь 2019 оны 05 сарын 20-ны өдөр “С-” ХК-тай ХК-3190-А3 маркын авто пүү худалдах, худалдан авах гэрээг байгуулан, гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Дархан-Уул аймгийн төвийн агуулахад авто пүүг нийлүүлэх, “С-” ХК нь пүүний төлбөрт 22.500.000 төгрөг, пүү тээвэрлэж буулгах тээврийн зардал, пүүний үнэд тооцон бартераар блокны ачиж буулгах тээврийн зардал, пүү суурилуулахад гарах нэмэлт зардлыг тус тус хариуцан төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу 2019 оны 06 сарын 21-ний өдөр пүүг Мөрөн хотоос тээвэрлэн “С-” ХК-ийн Дархан-Уул аймагт байрлах агуулахад нь нийлүүлж, суурилуулан актаар хүлээлгэн өгсөн бөгөөд 2019 оны 05 сарын 20-ны өдөр авто пүү худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхэд дараах мөнгөн төлбөр гарсан. Үүнд: авто пүүний үнэ 22.500.000 төгрөг, пүүг Мөрөн хотоос Дархан-Уул аймагт хүргэх тээврийн зардал 1.350.000 төгрөг, блок Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу тээвэрлэсэн тээврийн зардал 3.000.000 төгрөг, Мөрөн сумаас Ар булаг сум руу блок тээвэрлэсэн тээврийн зардалд 700.000 төгрөг, материалын үнэ 202.000 төгрөг гарсан байна.

Үүнээс С- ХК нь урьчилгаанд 4.440.000 төгрөг, пүү Дархан-Уул аймагт ирэхэд бэлнээр 1.000.000 төгрөг, бэлнээр 200.000 төгрөг, ажил дуусахад 150.000 төгрөг, тооцоо хийхэд 300.000 төгрөг, блок 50 мкуб 139.000 төгрөгөөр тооцон 6.950.000 төгрөгийн блок, Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн мөрөн сум руу блок тээвэрлэсэн тээврийн хөлсөнд 300.000 төгрөг, тээврийн хөлс 350.000 төгрөг тус тус өгсөн.

2019 оны 07 сарын 18-ны өдөр тооцоо нийлэхэд гэрээний нийт үүрэг 24.052.000 төгрөг болсон бөгөөд үлдэгдэл 10.362.000 төгрөг төлөөгүй байгааг баталгаажуулсан. “С-” ХК нь манай компаниас худалдан авсан пүүний чанарын талаар гомдол, шаардлага гаргаж байгаагүй, өнөөдөр гуравдагч этгээдэд худалдсан байна.

“С-” ХК нь авто пүүний төлбөрийн төлөөгүй үлдэгдэл 10.362.000 төгрөг, 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар нийт 283 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа 0,1 хувийн алданги төлөхөөр заасан тул 283 хоногийг нэг хоногийн 10.362 төгрөгөөр тооцвол алданги 2.932.446 төгрөг төлөх үүрэгтэй.Түүнчлэн гэрээний 3.1-т зааснаар пүүг Мөрөн сумаас Дархан-Уул аймагт хүлээлгэн өгөхөд гарсан тээврийн зардал болох 1.300.000 төгрөгийн 50 хувь болох 650.000 төгрөг, блок Дархан-Уул аймгаас Мөрөн сум хүрэл тээвэрлэсний зардал 3.000.000, Мөрөн сумаас Ар булаг сумруу тээвэрлэсэн зардал 700.000 төгрөгийг хариуцах үүрэгтэй.

Иймд гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөр 10.362.000 төгрөг, алданги 2.932.446 төгрөг, пүүг Мөрөн сумаас Дархан-Уул аймаг хүртэл тээвэрлэсэн тээврийн зардалд 650.000 төгрөг, блокыг Дархан-Уул аймгаас Мөрөн сум хүртэл тээвэрлэсэн зардалд 3.000.000 төгрөг, мөн Мөрөн сумаас Ар булаг сумруу тээвэрлэсэн зардалд 700.000 төгрөг, нийт 17.644.446 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэл дээр Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумруу блок тээвэрлэсэн тээврийн зардлыг 3,700,000 төгрөг гэж андуурч бичсэн байгаа бөгөөд энэхүү зардал нь 3.000.000 төгрөг юм. Мөн блок тээвэрлэсэнтэй холбоотой нийт зардал болох 3.700.000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч “С-” ХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2019 оны 05 сарын 20-ны өдөр авто пүү худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу манай компани авто пүүний нийт төлбөр болох 24.052.000 төгрөгөөс 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 сарын 08-ны өдрийн хугацаанд 13.690.000 төгрөгийг Х- Х- ХХК-д төлсөн. Үүний дагуу 2019 оны 08 сарын 13-ны өдөр авто пүүний төлбөрийг эцсийн байдлаар тооцоо нийлж, баталгаажуулсан. Манай компани нь Х- Х- ХХК-тай авто пүүний үлдэгдэл төлбөр болох 10.362.000 төгрөгийг тус авто пүүг худалдан борлуулж, өглөг авлагын тооцоог хаахаар тохирсон. Манай “С-” ХК нь уг авто пүүг 2 талын харилцан тохиролцсон тохиролцооны дагуу 2020 оны 04 сарын 10-ны өдөр худалдан борлуулсан. Хоорондын тооцоогоор баталгаажсан 10,362,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Х- Х- ХХК-ийн нэхэмжилсэн хөнгөн бетон блокны тээврийн зардлыг манай компани хариуцахаар гэрээнд заагаагүй. Авто пүүг худалдах, худалдан авах гэрээний 3.1-д зөвхөн худалдагч, худалдан авагч тал авто пүүг Мөрөнгөөс Дархан ирэх тээврийн зардлыг 50, 50 хувиар хариуцна гэж заасан. Тиймээс хөнгөн бетоны тээврийн зардал нь манай компанид хамаарахгүй болно. 2019 оны 08 сарын 13-ны тооцоо нийлсэн актаар тээврийн зардалд 1.350.000 төгрөг төлөхөөр баталгаажсан тул дахин тээврийн зардал төлөх боломжгүй. Мөн нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй. Учир нь алдангийн хугацааг буруу тооцсон. 2019 оны 08 сарын 13-ны өдрийн тохиролцооны дагуу уг авто пүүний төлбөрийг худалдан борлуулсны дараа дуусгахаар тохиролцсон тул алдангийг зөвшөөрөхгүй. Иймд “С-” ХК нь хоорондын тооцоогоор баталгаажсан 10.362.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 877 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С-” ХК-иас нийт 10.465.620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7.178.826 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.173 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182.399 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х- Х-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, Д.Бадамгарав нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-уул аймаг дэх сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг авч танилцаад 7.178.826 төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрт дүгнэхдээ: нотлох баримтыг буруу үнэлж хэргийг үйл баримтын (талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүхийн дүгнэлтэд “нэхэмжлэлийн шаардлага 2.932.446 төгрөгийн алдангийн хувьд хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан тохиролцоогоор авто пүүг худалдан борлуулсны дараа авлага, өглөгийн тооцоо дуусгахаар тохиролцов ” гэсэн нь талууд гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөх хугацааг авто пүү худалдан борлуулсан өдөр байхаар тохирсон гэж үзэхээр байгаа бөгөөд ..2020 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцоход нийт 10 хоногийн хугацаа хэтэрсэн байна гэж үзэж алдангид 103.620 төгрөг гаргуулах ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Үндэслэл нь : Талуудын гэрээнд заагдсан алдангийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан тохиролцоогоор өөрчлөөгүй, байхад нотлох баримтын агуулгыг өргөтгөн тайлбарлаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алдангийн зохицуулалтыг хэрэглээгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн гэрээний дагуу төлөх 10.362.000 төгрөг 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр багтаан төлөөгүй бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “С-” ХК нийт 283 хоног хугацаа хэтрүүлсэн буруутай бөгөөд 6.2-д гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хоногт 0,1 хувийн алданги төлөхөөр заасан тул гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 283 хоног * 10,362 төгрөгөөр тооцвол алдангид 2.932.446 төгрөг төлөх үүрэг үүссэн байна. Иймд алданги 2.932.446 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү.

2. Шүүхийн дүгнэлтэд: Пүүг Мөрөнгөөс тээврийн зардал 650.000 төгрөг шаардах үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Үндэслэл нь: Гэрээний 3.1-д зааснаар пүүг Хөвсгөл аймгийн Мөрөн сум Дархан-Уул аймагт хүлээлгэж өгөхөд гарсан тээврийн зардал болох 1.300.000 төгрөгийн 50 хувь 650.000 төгрөг худалдан авагч буюу “С-” ХК хариуцах үүрэгтэй тул 650.000 төгрөгийг тээврийн зардалд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

3. Шүүхийн дүгнэлтэд: “Гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол гэх нийт 3.700.000 төгрөгийн тухайд талуудын байгуулсан гэрээний үнээс 5.560.000 төгрөгийг төлбөрт тооцон 40 м.куб дүүргэлтийн хөнгөн бетон блок шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч энэхүү блокыг тээвэрлэх зардлыг хэн хэрхэн хариуцах талаар гэрээгээр зохицуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ”, нэхэмжлэгч тал энэхүү шаардлага нотолж, 2019 оны 07 сарын 18-ны өдрийн жолооч С.Бямбадоржид тээврийн хөлс төлсөн талаарх гар бичмэл, нэг хуудас баримт ирүүлсэн бөгөөд энэхүү баримт дээрх байдлыг нотлохгүй юм, нөгөө талаас тус баримтаар 2019 оны 07 сарын 18-ны өдөр блокыг ачуулсан байх бөгөөд түүнээс хойш буюу 2019 оны 08 сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэхдээ энэхүү зардлын талаар тусгаагүй байх тул үүнийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулсан хууль зүйн үндэслэлгүй байна, гаргуулах” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Үндэслэл нь: Хэрэв “С-” ХК нь 2019 оны 06 сарын 21-ны өдөр багтаан гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлсөн бол блокыг Дархан-Уул аймгаас Мөрөн хот, Хөвсгөл аймгийн Арбулаг сум руу тээвэрлэж хүргэх шаардлагагүй байсан бөгөөд блок тээвэрлэх талаар талууд гэрээнд тусгаагүй болов ч “С-” ХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй буруутай учраас ИХ-ийн 219 дүгээр зүйлийн 219.1-ийн “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу тээврийн зардалд төлсөн 3.700.000 төгрөг хангасан хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн Гэрээний 3.1-д “....тээврийн зардлыг 50,50 хувиар хариуцна” гэж заасан тал Талуудын харилцаанд тээврийн зардлыг ижил тэнцүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн жолооч С.Бямбадоржид тээврийн хөлс төлсөн талаарх гар бичмэл нэг хуудас баримт ирүүлсэн бөгөөд энэхүү баримтан бичигдсэн агуулгад тээврийн зардал төлсөн тухай агуулгатай бөгөөд уг баримтыг хуурамчаар үйлдсэн болон тээврийн зардал төлөөгүй гэдгийн үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Иймд блокыг Дархан-Уул аймгаас Мөрөн, Хөвсгөлийн Арбулаг сум руу тээвэрлэсэн тээврийн зардал 3.700.000 төгрөгийг “С-” ХК хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг ханган шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Х- Х-” ХХК нь хариуцагч “С-” ХК-д холбогдуулж гэрээний үүрэг болон үүрэг зөрчсөнөөс үүссэн хохиролд 17.644. 446 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсэг болох 7.178.826 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч дараах 3 үндэслэлээр гомдол гаргажээ.

Үүнд: 1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж 2.932.446 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

Гэрээний талууд худалдан авах гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар  алданги тооцохоор  гэрээгээр тохиролцжээ.

Худалдан авагч тал гэрээний үнийг гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөрөө төлөх, харин гэрээний зүйлийг суурилуулж хүлээлгэн өгсөн акт үйлдсэн өдөр  гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ өдөр нь 2019 оны 6 дугаар сарын 21 болох нь гэрээний зүйлийг хүлээлцсэн актын огноогоор  тодорхойлогдож байна.

Хариуцагч тал тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 30 хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Гэхдээ хэрэгт  2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиролцоо байх бөгөөд уг тохиролцоогоор гэрээний зүйл болох пүүг худалдагч тал хариуцан зарж борлуулж мөнгийг дансанд орж ирэхэд талууд өглөг авлагаа тооцохоор тохирчээ.

Зохигчид дээрх тохиролцоог тухайн үед тооцоо нийлж эцсийн байдлаар хийсэн тооцоо мөн эсэх, мөн алдангийг тооцохыг уг тохиролцоогоор зохицуулсан эсэх талаар шүүхэд маргажээ.

Анхан шатны шүүх дээрх гэрээний нэмэлт өөрчлөлт тохиролцоогоор алданги төлөх тохиролцоог 2020 оны 4 сарын 10 буюу гэрээний зүйл зарагдсан өдөр хүртэл хүчингүй болгосон гэж үзжээ.

Харин талуудын 8 дугаар сарын 13-ны өдрийн тохиролцоогоор авлага өглөгийн тооцоог гэрээний зүйл зарагдах өдөр хүртэл хойшлуулсан нь үндсэн төлбөр  төлөх хугацааг хойшлуулах  агуулгатай байна.

Иймд тухайн үед төлөх байсан төлбөр буюу 10.362000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсан гэж ойлгогдоно

Гэрээ ёсоор 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээний үнэ төлөгдсөн байх ёстой бөгөөд дээрх гэрээний үнийг 8 сарын 13 хүртэл худалдан авагч төлөөгүй байсан . Иймд 8 дугаар сарын 13-ны өдрийн тохиролцоо  нь уг тохиролцоог гэрээ байгуулагдсан өдрөөс өмнөх харилцаанд үйлчлэхгүй юм.

Мөн 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 30-ны өдөр хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг анхан шатны шүүх буруу тооцоолсон байх тул дээрх 20 хоног дээр 6 сарын 21-ний өдрөөс 8 сарын 13-ны өдөр хүртэлх  64 хоногийг нэмж  нийт 84 хоногийн хугацааг хэтрүүлсэн хэмээн үлдэгдэл төлбөр болох 10.632.000 төгрөгөөс алданги тооцож энэ хэмжээгээр алдангийн талаарх шаардлагыг хангах нь хууль буюу гэрээнд нийцнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын  сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны тооцооны үлдэгдлийг баталсан баримтад алданги тусгаагүй байх тул алдангийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Аливаа тооцоо нийлсэн актаар гэрээг буюу үүргийн гүйцэтгэлийг  дүгнэдэг, алданги бол гэрээгээр гүйцэтгэх үндсэн үүрэг биш бөгөөд гэрээний үүрэг зөрчсөнөөс уг хариуцлагыг шаардах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх байх тул тооцоо нийлсэн актанд тусгаагүй нь гэрээний нэг талын уг эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлахгүй юм.

2. Гэрээний 3.1 д зааснаар пүүг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Дархан-Уул аймагт тээвэрлэсэн зардал 1.300.000 төгрөгийн 50 хувийг буюу 650.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг буруу шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гэрээний талуудын гэрээнд өөрчлөлт оруулах эрх бүхий этгээдүүдийн хийсэн тохиролцоог хийсэн өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн актанд тооцсоноор худалдан авагчийн өгсөн мөнгөний 7, 8 дугаарт 300.000, 350.000 төгрөгөөр тээврийн хөлс шилжүүлсэн талаар дүгнэж байсан баримт хэргийн 12 дугаар хуудсанд авагджээ.

Иймд дээрх баримтыг үнэлснийг буруутгах боломжгүй.

3. Талууд худалдах, худалдан авах гэрээгээр гэрээний үнийн 5.650.000 төгрөгт 40 м.куб дүүргэлтийн хөнгөн блокийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд үүнийг тээвэрлэсэн зардалд 3.700.000 төгрөг нэхэмжилснийг шүүх  хангаагүй талаар нэхэмжлэгч  гомдож үндэслэлээ “... хэрэв “С-” ХК 2019 оны 6 дугаар сарын 21-нд багтааж гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлсөн бол блокийг Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймаг руу тээвэрлэх шаардлагагүй байсан, гэрээнд тээвэрлэлтийн талаар тохиролцоогүй боловч  гэрээний үүргээ биелүүлээгүй тул “С-” ХК-иас  3.700.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

Мөн гэрээний 3.1-ийн шаардлагын үндэслэлд дурдаж шүүхийг С.Бямбадоржийн гар бичмэл, нотлох баримтыг үнэлээгүй гэж буруутгажээ.

Гэрээний талууд гэрээ байгуулах үедээ гэрээний үнийн дүнд 40 м.куб блокийг 5.650.000 төгрөгөөр тооцож өгч авалцахаар тохирсон боловч энэ үнэ нь блокны газар дээрх үнэ эсвэл тээврийн зардал шингэсэн үнэ эсэхийг тодорхойлоогүй хожим нь энэ талаарх баримтыг ч нотлох баримтаар шүүхэд гаргаж байгаагүй байна. 

Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн талаар гэрээгээр тохиролцоогүй.

Худалдаж авсан эд зүйлийн үнийн тодорхой хэсэгт бараа авч байгаа нь нэг талаас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн блокийг тохирсон үнээр худалдаж авч байна гэдэг утгаараа худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулахаас гадна  нөгөө талаар худалдан авсан зүйлийн үнийн тодорхой хэсэгт  бараа өгч байгаа нь арилжааны гэрээ байх боломжтой.

Дээрх гэрээнүүдийн үндсэн дээр эд хөрөнгө шилжиж байгаа тохиолдолд уг эд хөрөнгийг  худалдан авагчийн байгаа газраас өөр газарт шилжүүлэх тээвэрлэхтэй холбоотой зардлыг гэрээгээр өөрөөр тохиролцоогүй бол худалдан  авагч тал хариуцахаар заасан байх тул Иргэний хуулийн 245 дүгээр зүйлд зааснаар “Х- Х-” ХХК хариуцах үндэслэлтэй байна.

Худалдан авагч тал буюу “С-” ХК  гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь уг блокийг тээвэрлэж авсан зардлыг төлөх үндэслэл болсон гэх тайлбар нь хэргийн бодит байдал болон гэрээний агуулгатай нийцээгүй.

Учир нь гэрээгээр тохиролцсон гэрээний үнийг төлөх боломжгүй тохиолдолд уг тохиролцоог хийгээгүй байгаагаас гадна гэрээний ямар нэгэн үүргийн зөрчилтэй холбогдон гарсан зардал гэж уг тээвэрлэлтийн зардлыг холбож тайлбарлах шалтгаант холбоо ,утга авцалдаа байхгүй байна.

Иймд дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т тусгасан  тээвэрлэлтийн тохиролцоо нь гэрээний зүйл болох пүүг тээвэрлэх зардлын  тухай гэдэг нь заалтын агуулгаас тодорхой байна.

Харин С.Бямбадорж гэх жолоочийн тээврийн хөлс авсан тухай баримтыг маргааны зүйлийг тухайлбал тээврийн хөлс хэн төлөх үүрэгтэйг нотолсон баримт биш гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрт алдангитай холбоотой өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 877 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С-” ХК-иас нийт 10.465.620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х- Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7.178.826 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг

            “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С-” ХК-иас нийт 11.336.028 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х- Х-” ХХК-д олгож, хуулийн 243 дугаар зүйлийн 1, 245 дугаар зүйлийн1, 219 дүгээр зүйлийн1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас  6.308.418 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж,

            Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.173 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182.399 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х- Х-” ХХК-д олгож” гэснийг

            “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.173 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 196.326 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х- Х-” ХХК-д олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.811,22 мөнгөнөөс 104.371,43 мөнгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 25.439,79 мөнгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

                                                       ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ