Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00613/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... дүгээр багт байрлах “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... аймгийн ... сумын ... дугаар баг, .... байрлах “С” ХК-д холбогдох,

 

"Гэрээний үүрэг болон үүрэг зөрчсөнөөс үүссэн хохиролд нийт 17,644,446 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Б/онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2019 оны 05 сарын 20-ны өдөр “С” ХК-тай ... маркын авто пүү худалдах, худалдан авах гэрээг  байгуулан, гэрээгээр ... аймгийн ... сумаас ... аймгийн төвийн агуулахад авто пүүг нийлүүлэх, “С” ХК нь пүүний төлбөрт 22,500,000 төгрөг, пүү тээвэрлэж буулгах тээврийн зардал, пүүний үнэд тооцон бартераар блокны ачиж буулгах тээврийн зардал, пүү суурилуулахад гарах нэмэлт зардлыг тус тус хариуцан төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу 2019 оны 06 сарын 21-ний өдөр пүүг Улаанбаатар хотоос тээвэрлэн “С” ХК-ийн ... аймагт байрлах агуулахад нь нийлүүлж, суурилуулан актаар хүлээлгэн өгсөн бөгөөд 2019 оны 05 сарын 20-ны өдөр авто пүү худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхэд дараах мөнгөн төлбөр гарсан. Үүнд: авто пүүний үнэ 22,500,000 төгрөг, пүүг Улаанбаатар хотоос ... аймагт хүргэх тээврийн зардал 1,350,000 төгрөг, блок ... аймгаас ... аймгийн ... сум руу тээвэрлэсэн тээврийн зардал 3,000,000 төгрөг, ... сумаас Ар булаг сум руу блок тээвэрлэсэн тээврийн зардалд 700,000 төгрөг, материалын үнэ 202,000 төгрөг гарсан байна.

Үүнээс “С” ХК нь урьчилгаанд 4,440,000 төгрөг, пүү ... аймагт ирэхэд бэлнээр 1,000,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөг, ажил дуусахад 150,000 төгрөг, тооцоо хийхэд 300,000 төгрөг, блок 50 мкуб 139,000 төгрөгөөр тооцон 6,950,000 төгрөгийн блок, ... аймгаас ... аймгийн ... сум руу блок тээвэрлэсэн тээврийн хөлсөнд 300,000 төгрөг, тээврийн хөлс 350,000 төгрөг тус тус өгсөн.

2019 оны 07 сарын 18-ны өдөр тооцоо нийлэхэд гэрээний нийт үүрэг 24,052,000 төгрөг болсон бөгөөд үлдэгдэл 10,362,000 төгрөг төлөөгүй байгааг баталгаажуулсан. “С” ХК нь манай компаниас худалдан авсан пүүний чанарын талаар гомдол, шаардлага гаргаж байгаагүй, өнөөдөр гуравдагч этгээдэд худалдсан байна.

“С” ХК нь авто пүүний төлбөрийн төлөөгүй үлдэгдэл 10,362,000 төгрөг, 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар нийт 283 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа 0,1 хувийн алданги төлөхөөр заасан тул 283 хоногийг нэг хоногийн 10,362 төгрөгөөр тооцвол алданги 2,932,446 төгрөг төлөх үүрэгтэй.Түүнчлэн гэрээний 3.1-т зааснаар пүүг ... сумаас ... аймагт хүлээлгэн өгөхөд гарсан тээврийн зардал болох 1,300,000 төгрөгийн 50 хувь болох 650,000 төгрөг, блок ... аймгаас ... сум хүрэл тээвэрлэсний зардал 3,000,000, ... сумаас Ар булаг сумруу тээвэрлэсэн зардал 700,000 төгрөгийг хариуцах үүрэгтэй.

Иймд гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөр 10,362,000 төгрөг, алданги 2,932,446 төгрөг, пүүг ... сумаас ... аймаг хүртэл тээвэрлэсэн тээврийн зардалд 650,000 төгрөг, блокыг ... аймгаас ... сум хүртэл тээвэрлэсэн зардалд 3,000,000 төгрөг, мөн ... сумаас Ар булаг сумруу тээвэрлэсэн зардалд 700,000 төгрөг, нийт 17,644,446 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэл дээр ... аймгаас ... аймгийн ... сумруу блок тээвэрлэсэн тээврийн зардлыг 3,700,000 төгрөг гэж андуурч бичсэн байгаа бөгөөд энэхүү зардал нь 3,000,000 төгрөг юм. Мөн блок тээвэрлэсэнтэй холбоотой нийт зардал болох 3,700,000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Хариуцагч “С” ХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 05 сарын 20-ны өдөр авто пүү худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу манай компани авто пүүний нийт төлбөр болох 24,052,000 төгрөгөөс 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 сарын 08-ны өдрийн хугацаанд 13,690,000 төгрөгийг “Х” ХХК-д төлсөн. Үүний дагуу 2019 оны 08 сарын 13-ны өдөр авто пүүний төлбөрийг эцсийн байдлаар тооцоо нийлж, баталгаажуулсан. Манай компани нь “Х” ХХК-тай авто пүүний үлдэгдэл төлбөр болох 10,362,000 төгрөгийг тус авто пүүг худалдан борлуулж, өглөг авлагын тооцоог хаахаар тохирсон. Манай “С” ХК нь уг авто пүүг 2 талын харилцан тохиролцсон тохиролцооны дагуу 2020 оны 04 сарын 10-ны өдөр худалдан борлуулсан. Хоорондын тооцоогоор баталгаажсан 10,362,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна. “Х” ХХК-ийн нэхэмжилсэн хөнгөн бетон блокны тээврийн зардлыг манай компани хариуцахаар гэрээнд заагаагүй. Авто пүүг худалдах, худалдан авах гэрээний 3.1-д зөвхөн худалдагч, худалдан авагч тал авто пүүг ...гөөс Дархан ирэх тээврийн зардлыг 50, 50 хувиар хариуцна гэж заасан. Тиймээс хөнгөн бетоны тээврийн зардал нь манай компанид хамаарахгүй болно. 2019 оны 08 сарын 13-ны тооцоо нийлсэн актаар тээврийн зардалд 1,350,000 төгрөг төлөхөөр баталгаажсан тул дахин тээврийн зардал төлөх боломжгүй. Мөн нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй. Учир нь алдангийн хугацааг буруу тооцсон. 2019 оны 08 сарын 13-ны өдрийн тохиролцооны дагуу уг авто пүүний төлбөрийг худалдан борлуулсны дараа дуусгахаар тохиролцсон тул алдангийг зөвшөөрөхгүй. Иймд “С” ХК нь хоорондын тооцоогоор батлагаажсан 10,362,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байна ” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “С” ХК-д холбогдуулан нийт 17,644,446 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад авто пүү худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 10,362,000 төгрөг, алданги 2,932,446 төгрөг, гэрээнд заасан тээврийн зардлын 50 хувь болох 650,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохиролд гэрээний үнэд оруулан тооцсон блокыг ... аймгаас ... аймгийн ... сум уруу, ... сумаас Ар булаг сум руу тус тус тээвэрлэсэн нийт зардал болох 3,700,000 төгрөгийг тооцож, нийт 17,644,446 төгрөгийн шаардлага гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэсэгт бичсэн үнийн дүнгийн нийлбэр зөрүүтэй байгаа бөгөөд үүнийг шүүх хуралдаан дээр тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... аймгаас ... аймгийн ... сум руу блок тээвэрлэсэн тээврийн зардал 3,000,000 төгрөгийг 3,700,000 төгрөг гэж бичилтын алдаа гаргаж бичсэн тул 3,000,000 төгрөг гэж залруулсан болно.

           

            Хариуцагч “С” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл 10,362,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ... маркийн авто пүү худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан, гэрээний зүйлийн нийт үнийг 22,500,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг, үүний 4,440,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дансаар, үлдэх 5,560,000 төгрөгийн үнийн дүнд 40 м/куб дүүргэлтийн хөнгөн бетон блокоор тооцож төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэл дууссан өдөр худалдагчид шилжүүлэхээр тус тус тохирсон байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь гэрээний зүйл болох авто пүүг 2019 оны 06 сарын 21-ний өдөр суурилуулан хүлээлгэн өгсөн, хариуцагч “С” ХК нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөр болох 4,440,000 төгрөгийг дансаар, 50 мкуб 6,318,200 төгрөгийн үнэ бүхий хөнгөн бетон блокыг нэхэмжлэгч “Х” ХХК-д хүлээн өгсөн болох нь хэрэгт авагдсан автомашины жинг шалган хүлээлгэж өгсөн акт, 2019 оны 07 сарын 06-ны өдрийн зарлагын падаан, ... тоот дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

Мөн талууд гэрээний биелэлт буюу гэрээний дагуу төлөх төлбөрийн талаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлж, нийт төлөх төлбөрийг авто пүүний үнэ 22,500,000 төгрөг, тээврийн зардал 1,350,000 төгрөг, материалын үнэ 202,000 төгрөг, нийт 24,052,000 төгрөгөөр тооцож, “С” ХК-ийн биелүүлээгүй үлдэгдэл үүргийг 10,362,000 төгрөг байхаар тогтоож, акт үйлдсэн байх бөгөөд мөн өдрөө тохиролцоо гэх баримтаар уг тавигдсан пүүг “Х” ХХК зарж борлуулах, “С” ХК нь пүүг хадгалж, хамгаалах үүргийг тус тус хүлээж, авто пүүг худалдан борлуулсны дараа авлага өглөгийн тооцоог дуусгахаар тохирсон зэрэг нь хэрэгт авагдсан 2019 оны 08 сарын 13-ны өдрийн “Х” ХХК авто пүү тавьсан тооцоо акт, мөн өдрийн тохиролцоо /тооцоо нийлсэн актын арын нүүрэнд бичсэн/ гэх баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийн тавьсан авто пүү нь хариуцагч компанийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжгүй байсан учраас тухайн пүүг худалдах талаар талууд тохиролцож, худалдан борлуулсны дараа үлдэгдэл өр төлбөрийн тооцоог дуусгахаар тохирсон тул хариуцагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд “...хариуцагч “С” ХК нь хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж манай тал блокыг нэмэлт зардал гарган тээвэрлэсэн, мөн тохиролцоо гэх баримт нь төлбөр төлөх хугацааг хойшлуулсан тохиролцоо биш тул гэрээнд зааснаар гэрээний үүргийг 2019 оны 06 сарын 21-ний өдөр гүйцэтгэх байсан боловч энэхүү хугацаагаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн” гэж тус тус тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019 оны 05 сарын 20-ны өдрийн ... маркийн авто пүү худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон авто пүүг нэхэмжлэгч “С” ХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч “С” ХК нь үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 10,362,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

Хариуцагч “С” ХК нь энэхүү төлбөрийн үлдэгдлийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагын алданги 2,932,446 төгрөгийн тухайд дүгнэхэд гэрээний 6.2-т “гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тал нөгөө талдаа хоногт гэрээний үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож төлөх бөгөөд алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх”-аар тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү заалтыг үндэслэн 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс буюу авто пүүг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш нийт 283 хоногоор тооцож, 2,932,446 төгрөгийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 08 сарын 13-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан тохиролцоогоор “авто пүүг худалдан борлуулсны дараа авлага, өглөгийн тооцоо дуусгахаар тохиролцов” гэсэн нь талууд гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөх хугацааг авто пүү худалдан борлуулсан өдөр байхаар тохирсон гэж үзэхээр байгаа бөгөөд тухайн авто пүүг 2020 оны 04 сарын 10-ны өдөр “С” ХК нь худалдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан 5086046007 дугаартай харилцагчийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “С” ХК нь 2020 оны 04 сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл төлбөр болох 10,362,000 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д төлөх үүрэгтэй байсан байна.

 

Иймд хариуцагч талын гэрээний үүргийн зөрчлийг 2020 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцоход нийт 10 хоногийн хугацаа хэтэрсэн байна гэж үзэж алдангид 103,620 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасан авто пүүг Хөвсгөлөөс Дархан хүртэл тээвэрлэж ирэх зардлыг талууд тэнцүү хуваан хариуцахаар заасан гэх үндэслэлээр 650,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар тээврийн зардал 1,350,000 төгрөгийн тооцоог оруулан тооцож, нийт үлдэгдэл төлбөрийг 10,362,000 төгрөг гэж тогтоосон байх тул энэхүү тээврийн зардал гэх 650,000 төгрөгийг шаардах үндэслэлгүй юм.

 

Гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол гэх нийт 3,700,000 төгрөгийн тухайд дүгнэхэд талуудын байгуулсан гэрээнд гэрээний үнээс 5,560,000 төгрөгийн төлбөрт тооцон 40 мкуб дүүргэлтийн хөнгөн бетон блок шилжүүлэхээр харилцан тохирсон боловч энэхүү блокыг тээвэрлэх зардлыг хэн хэрхэн хариуцах талаар гэрээгээр зохицуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хохирол шаардах эрх үүсэх бөгөөд нөгөө талын үүрэг зөрчсөн байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх учиртай.

Нэхэмжлэгч тал энэхүү шаардлагаа нотолж, 2019 оны 07 сарын 18-ны өдрийн жолооч С.Б тээврийн хөлс төлсөн талаарх гар бичмэл нэг хуудас баримтыг ирүүлсэн бөгөөд энэхүү баримт нь дээрх байдлыг нотлохгүй юм.

 

Нөгөө талаас тус баримтаар 2019 оны 07 сарын 18-ны өдөр блокыг ачуулсан байх бөгөөд түүнээс хойш буюу 2019 оны 08 сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэхдээ энэхүү зардлын талаар тусгаагүй байх тул үүнийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “С” ХК-иас гэрээний үүргийн үлдэгдэл 10,362,000 төгрөг, алданги 103,620 төгрөг, нийт 10,465,620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7,178,826 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С” ХК-иас нийт 10,465,620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7,178,826 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,173 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182,399 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ОЮУНЦЭЦЭГ