Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01929

 

 

 

 

 

 

 

 

 

“Г-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02184 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г-” ХХК-ийн хариуцагч “Га-” ХХК, “М ш-” ХХК, “М с-” ХХК, Б.А-, Т.Н- нарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 1 489 027 117.70 төгрөгийг “Га-” ХХК-иас гаргуулах, бусад хариуцагч хуулийн этгээдүүд болон иргэдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Г-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Га-” ХХК нь Г-тай 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ8115005404 тоот зээлийн гэрээний дагуу 1 000 000  000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Энэ хугацаанд Г- болон “Га-” ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ8115005404-1 тоот гэрээгээр 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ8115005404 тоот Зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн графикт нэмэлт өөрчлөлт оруулсан. ЗГ8115005404 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Г- болон “М ш-” ХХК нарын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БД/8115005404 тоот Ипотекийн гэрээний дагуу “М ш-” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206009496 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000042968 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-А тоот хаягтай 918 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2206004479 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000011334 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-В тоот хаягтай, 72 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2206004471 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000011331 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-Б тоот хаягтай, 1296 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2206004470 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000011329 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-Б тоот хаягтай, 1296 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан БГ/8115005404 тоот Барьцааны гэрээний дагуу Савлагааны машин /ТВА/8-1000/ 913 917 702 төгрөг, Савлагааны машин /ТВА/8-3250/ 852 989 855 төгрөг, Нэрэгч машин 316 958 851 төгрөг, Ариутгалын машин 409 536 078 төгрөг, Найрлагын танк 6 тн 174 175 310 төгрөг, Найрлагын танк 6 тн 235 103 157 төгрөг, Гуурсны машин 143 711 387 төгрөг, нийт 3 046 392 340 төгрөг. Нийт 1 000 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий “М ш-” ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмж, иж бүрдлийн хамт, Г- болон иргэн Т.Н- нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан БГ/8115005404-А тоот Барьцааны гэрээний дагуу түүний эзэмшлийн “М ш-” ХХК-ийн хувьцаа болох 75 643 378 ширхэг бүхий, тус бүр нь 100 төгрөгийн үнэлгээтэй нийт 7 564 337 800 төгрөг; Г- болон иргэн Б.А- /РД:ЧЖ72062134/ нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ8115005404-Б тоот Барьцааны гэрээний дагуу түүний эзэмшлийн “М ш-” ХХК-ийн хувьцаа болох 13 348 831 ширхэг бүхий, тус бүр нь 100 төгрөгийн үнэлгээтэй нийт 1 334 883 100 төгрөг; Г- болон “М ш-” ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БДГ8115005404-1 тоот, Г- болон “М с-” ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БДГ8115005404 тоот Батлан даалтын гэрээнүүдийн дагуу Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М ш-” ХХК, “М с-” ХХК нар нь “Га-” ХХК-ийн зээлийг батлан даасан. Зээлдэгч “Га-” ХХК нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны байдлаар ЗГ8115005404 тоот Зээлийн гэрээний үндсэн төлбөр 999 998 222.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 476 060 565.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 968 329.65 төгрөг, нийт 1 489 027 117.70 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Г-” ХХК-ийн зүгээс зээлдэгч “Га-” ХХК-ийг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, төлбөр төлүүлэх ажиллагааг хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөлтийг хийгээгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар мөн талуудын хооронд байгуулагдсан ЗГ8115005404 тоот Зээлийн гэрээг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөрт 999 998 222.22 төгрөг, хүүгийн төлбөрт 476 060 565.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12 968 329.65 төгрөг, нийт 1 489 027 117.70 төгрөгийг хариуцагч “Га-” ХХК-иас гаргуулж "Г-” ХХК-д олгуулж өгнө үү. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар болон талуудын хооронд ЗГ8115005404 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон байгуулагдсан БД/8115005404 дугаарт Ипотекийн гэрээ, БГ/8115005404 дугаарт Барьцааны гэрээ, БГ/8115005404-А дугаарт Барьцааны гэрээ, БГ/8115005404-Б дугаарт Барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлд зааснаар БДГ/8115005404 дугаарт Батлан даалтын гэрээ, БДГ8115005404-1 дугаарт Батлан даалтын гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг батлан даагч “М ш-” ХХК, “М с-” ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Га-” ХХК, “М ш-” ХХК, “М с-” ХХК болон Т.Н-, Б.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Га-” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Га-” ХХК 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Г-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 1 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Гэтэл гэрээнд авагдсан баримтуудаас харахад 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Г-” ХХК-иас зээлийн дүн орж ирсэн боловч 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 тэрбум төгрөг ЗГ-8115005404 тоот гэрээний дагуу зээл олгов гэж мөнгө орж ирсэн. Гэтэл тухайн өдрөө буцааж зарлагдаж буюу “Г-” ХХК, “Га-” ХХК-ийн данснаас ЗГ-8115004252 зээлийн гэрээний төлбөрт суутгав гэдэг байдлаар “Г-” ХХК-ийн эрх мэдлээс гарсан асуудал тухайн үед үүсч байсан. Зээлийн үндсэн зориулалт нь хөрөнгө оруулалтын зориулалттай гэрээний 2.4 дэх хэсэгт тусгасан байгаа. Гэтэл хөрөнгө оруулалт гэдэг нь “Га-” ХХК-ийн хувьд тухайн компанийн хувьд өөрийн компанийн үйл ажиллагаа, хөрөнгө мөнгө, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдаж авах эсэх байдлаар зарцуулах зорилготойгоор зээлийг авсан гэдэг. Гэтэл энэ боломжийг олгохгүйгээр буцаагаад зээлийг татсан нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгээд байна. “Га-” ХХК-ийн хувьд зээл олгогдсон нь үнэн. Олгогдоод тодорхой хугацаанд компанийн хувьд тодорхой хэмжээгээр хүү төлөөд явж байсан асуудал байгаа. “Га-” ХХК яагаад “М ш-” ХХК руу зээлийн мөнгө шилжих болсон юм бэ гэдэг асуудал тодорхой болсонгүй. Үүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар зарим ажиллагаанууд хийгдсэн боловч тодорхой асуудлууд гарч ирээгүй. Хүсэлт хэлэлцэх шатанд гаргасан хүсэлт нь анх нэхэмжлэлийн бүрдүүлбэр болгож өгсөн баримттай давхцаж орж ирсэн. Хэдийгээр талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ хийгдсэн боловч төлбөр тооцоо, хуульд заасан журмын дагуу хийгдсэн эсэх асуудал эргэлзээтэй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг холбогдох хууль журмын дагуу харахад бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо хийгдэж байгаа тохиолдолд төлбөрийн даалгавар, төлбөрийн эх үүсвэр явагдах нь тодорхой. Хариуцагч талаас гаргасан төлбөр тооцоотой холбоотой дансны хуулга, шүүхийн ажиллагаагаар хийгдсэн төлбөрийн баримт байгаа. Гэтэл гэрээ талуудын хооронд бүрэн хийгдсэн эсэх нь “Га-” ХХК-ийн хувьд зээл авах зорилгоор бүрдүүлсэн гэдэг асуудлууд тодорхой бус байгаа учраас зээлийн гэрээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан заалт хэрэгжсэн эсэх асуудал эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байх тул “Га-” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “М ш-” ХХК, “М с-” ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчид нь нэг нэр нь өөр дурдагдаж байгаа боловч нэг эзэнтэй компани байгаа. Гэхдээ тус иргэний хэрэгт хариуцагчаар орж ирэх эрх зүйн үндэслэл байсан эсэх асуудал яригдана. Батлан даалтын гэрээ бол үндсэн зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдийн өмнөөс банкны өмнө үүрэг гүйцэтгэх эрх бүхий этгээд бол дээр дурдсан компаниуд байгаа. Гэтэл 2 компанийн хувьд хамтарч оруулж ирж байгаа нь хэдийгээр нэхэмжлэгч хуульд зааснаар өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, хэнийг хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн асуудал боловч “М ш-” ХХК, “М с-” ХХК-ийг шууд хариуцагчаар оруулж ирж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан нэр томьёонд таарахгүй бөгөөд шууд хариуцагчаар татагдаж хариуцлага хүлээх субъектүүд биш юм. Мөн Т.Н-, Б.А- нарын хувьд яг ямар үндэслэлээр хариуцагчаар татсан юм бэ гэдэг асуудал тодорхойгүй байгаа. Эдгээр хүмүүс “Г-” ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх ёсгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн төлбөр болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа. “Га-” ХХК болон Б.А-, Т.Н- нарын хувьд хариуцагчаар оролцох эрх бүхий субъектүүд биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохигч өөрсдийн шаардлагын үндэслэл болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй боловч одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад нэхэмжлэгчээс шалтгаалах баримт бичиг байсан учраас бид нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргаад байсан. Ер нь “Га-” ХХК нь тухай зээлийг үйлдвэрийн буюу бизнесийн зориулалтаар авсан боловч тухайн зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Зээлийг “М ш-” ХХК руу шилжүүлсэн. Энэ бүх үйл ажиллагаа нь Г-ны зөвшөөрлөөр хийгдсэн. Иргэн Б.А-, Т.Н- нарын хувьд зарим үндэслэл нь давхацна. Гэхдээ Б.А-, Т.Н- нарын хувьд болон иргэний хувьд биш. “М ш-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдэг үүднээс агуулгаар барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээг байгуулсан байдаг. Эдгээр хүмүүсийг хариуцагчаар татаж байгаа нь өмнө нь хэлсэн шиг хариуцагч нь эрх зүйн чадамжгүй, эдгээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан нөхцөл байдал үүсч байна. Энэ хүмүүс энэ хэрэг дээр хариуцагчаар татагдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авах эсхүл шүүхийн шийдвэр гарсны дараа компани гэхээс илүү иргэн рүү чиглэсэн арга хэмжээ хийгдвэл эдгээр хүмүүсийг бусад эрх зүйн харилцаанд оролцоход иргэний эрх ашиг зөрчигдөх болно. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад эдгээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд тэднийг хариуцагчаар тодорхойлсон тодорхойлоогүй эрх зүйн үр дагавар нь тухайн хүмүүст үүснэ. Дахин эдгээр хүмүүсийг хариуцагчаар татсан эдгээр хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Т.Н-, Б.А- нар нь Г-ны өмнө хариуцлага хүлээх этгээд биш байна. “М ш-” ХХК болон “М с-” ХХК-иудын хувьд 2012 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн баримтаар “М ш-” ХХК зээлийн үүргийг шилжүүлж авсан. “М с-” ХХК тухайн гэрээний батлан даагчаар оролцсон тул үндсэн хариуцагч нараар эдгээр хоёр компаниар зээлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан, хариуцагч “Га-” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 326 470 292.53 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 162 556 825.17 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч “М ш-” ХХК, “М с-” ХХК болон Б.А-, Т.Н- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч “Га-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд, улсын бүртгэлийн Ү-2206009496 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183А тоот 918 м.кв талбайтай 2 давхар барилга, улсын бүртгэлийн Ү-2206004479 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183В тоот 72 м.кв талбайтай агуулах, улсын бүртгэлийн Ү-2206004471 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183Б тоот 1296 м.кв талбайтай, авто засварын үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга, улсын бүртгэлийн Ү-2206004470 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183Б тоот 1296 м.кв талбайтай, төмөр эдлэлийн цехийн зориулалттай үйлдвэрийн барилга зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 673 285.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Га-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6 860 501.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Га-” ХХК-аас 1 326 470 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г-инд олгох, Ү-2206009496 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206004479 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Ү- 2206004471 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206004470 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа БГ\8115005404 тоот Барьцааны гэрээнд заасан хөдлөх эд хөрөнгийн барьцаа болох 7 төрлийн 8 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нгүүхийн шийдвэрт тусгайлан заалгахаар нэхэмжлэл гаргасан. Мөн БГ\8115005404-А тоот Барьцааны гэрээний зүйл болох “М ш-” ХХК-ийн Т.Н-гийн эзэмшлийн нэг бүр нь 100 төгрөгийг үнэтэй нийт 75 643 378 ширхэг хувьцаа, БГ\8115005404-Б тоот Барьцааны гэрээний зүйл болох “М ш-” ХХК дахь Б.А-ийн эзэмшлийн нэг бүр нь 100 төгрөгийг үнэтэй нийт 13 348 831 ширхэг хувьцаа зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүгч нь дээрх хөдлөх хөрөнгийн барьцааны болон хувьцаа барьцаалсан гэрээ зэргийг шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгтээ тодорхой дурьдсан атлаа тогтоох хэсэгтээ хууль зүйн ямар үндэслэлээр оруулаагүй болохоо тодорхой тайлбарлаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хөдлөх эд хөрөнгийн барьцаа, Б.А-, Т.Н-гийн нарын эзэмшлийн хувьцаа зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүгч нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Б.А-, Т.Н- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд эдгээр хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхлыг зөрчсөн, хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх этгээдүүд гэх үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй тул эдгээр хариуцагч нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно гэжээ. Нэхэмжлэгчийн Б.А-, Т.Н- нарт холбогдуулан гаргасан шаардлагын тухайд: хувьцаа буюу эдийн бус эрх нь барьцааны гэрээний нэг тал гэдэг утгаар барьцаа хөрөнгө болох хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Барьцааны гэрээ өөрөө бие даасан эрх зүйн харилцааг үүсгэхгүй үндсэн гэрээг дагалдаж байгуулагддаг гэрээ учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан болно. Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний тухайд дээрхтэй адил үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс нэхэмжлэл гаргасан. Барьцаалуулагч нь банкны эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаагүй ч үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй этгээд гэдгийг энд дурьдах нь зүйтэй байна. Мөн шүүгч нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгүүлэх хөдлөх эд хөрөнгийн барьцаа, хувьцааны тухайд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуулийн Гурав, Зургаадугаар бүлэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.... гэжээ. Гэтэл талуудын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хувьцаа барьцаалсан гэрээ байгуулагдсан байдаг. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан хууль юм. Энэхүү хуулийн 3 дугаар бүлэгт хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийн баталгаажилт, эрхийг цахим санд бүртгүүлэх, шаардах эрхээ хэрэгжүүлэх дараалал зэргийг тусгасан байдаг. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна... гэж заажээ. Банк хөдлөх хөрөнгийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө барьцаалсан гэрээ нь бүгд нэгэн адил үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгсэл, нэмэгдэл үүрэг атал шүүгч зөвхөн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж. нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхэнд ямар ч үндэслэлгүйгээр халдаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн Шүүгч нь Мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, зээл төлүүлэх хэмжээг банкны зүгээс авсан гэж үзхээргүй, мөн хугацааны туршид шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул 2019 онд хамаарах 151 498 429.99 төгрөгийн хүү, 11 058 395,18 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү, нийт 162 556 825.17 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд банк шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү бодох эрхтэй юм. Зээлдүүлэгч банкнаас зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн эрх, хэмжээний хүрээнд хангалттай авсан бөгөөд заавал шүүхэд нэхэмжлэл гаргах замаар зээл төлүүлэх арга хэмжээг авна гэсэн туйлын ойлголт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, БГ\8115005404-А тоот Барьцааны гэрээнд заасан хувьцаа, БГ\8115005404-Б тоот Барьцааны гэрээнд заасан хувьцаа, БГ\8115005404 тоот Барьцааны гэрээнд заасан хөдлөх эд хөрөнгийн барьцаа зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Га-” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд нийцээгүй гэж үзнэ. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "... Хариуцагч “Га-" ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дээрх зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөгийн зээл олгогдсон боловч мөн өдрөө 1 000 000 000 төгрөгөөр "Зээлийн төлбөр суутгав" гэсэн утгаар зээлийн 1 000 000 000 төгрөгийг банк авсан тул уг зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, уг зээл төлөгдсөн, зээл, хүү төлөхгүй гэж маргаж байх боловч "Га-” ХХК-ийн данснаас 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 000 төгрөгийн дүнтэй зарлага гарсан нь ЗГ8115005404 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бус "М ш-" ХХК-тай холбоотой 8115004259 дугаартай кредит данс руу “Га-’’ХХК- ийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гүйлгээ болох нь шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдлоо" гэжээ. Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй юм Учир нь “Га-" ХХК ЗГ8115005404 дүгээр Зээлийн гэрээний дагуу 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн нийт 248 727 893.15 төгрөгийг хасаж тооцолгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гарган шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Га-” ХХК ЗГ8115005404 дүгээр Зээлийн гэрээний дагуу 2012 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 220’122’398.37 төгрөг, 28 605 494.78 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тус тус хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Г-” ХХК нь хариуцагч “Га-” ХХК, “М ш-” ХХК, “М с-” ХХК болон Т.Н-, Б.А- нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1 489 027 117.70 төгрөгийг “Га-” ХХК-аас гаргуулах, бусад хариуцагч нараар барьцаа болон батлан даалтын гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Г-” ХХК болон хариуцагч “Га-” ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ8115005404 дугаартай, зээлийн гэрээ байгуулагдаж, 1 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцжээ.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БД/8115005404 тоот Ипотекийн гэрээний дагуу “М ш-” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206009496 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000042968 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-А тоот хаягтай 918 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2206004479 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000011334 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-В тоот хаягтай, 72 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2206004471 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000011331 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-Б тоот хаягтай, 1296 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2206004470 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний 000011329 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж 183-Б тоот хаягтай, 1296 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг, мөн өдрийн БГ/8115005404 тоот Барьцааны гэрээний дагуу Савлагааны машин /ТВА/8-1000/ , Савлагааны машин /ТВА/8-3250/, Нэрэгч машин, Ариутгалын машин, Найрлагын танк тус бүр 6 тн 2 ширхэг, Гуурсны машин зэрэг “М ш-” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгүүдийг иж бүрдлийн хамт барьцаалсан байна.

 

Мөн иргэн Т.Н-, Б.А- нар нь нэхэмжлэгчтэй дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БД/8115005404-А, БД/8115005404-Б тоот Барьцааны гэрээний дагуу “М ш-” ХХК-ийн өөрсдийн эзэмшлийн 75 643 378, 13 348 831 ширхэг тус бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг барьцаалжээ.

 

Түүнчлэн, “Г-” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “М ш-” ХХК, БДГ8115005404-1 тоот, “М с-” ХХК нь БДГ8115005404 тоот Батлан даалтын гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх 10-13, 16-29 дүгээр тал/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан зээл болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээний харилцаа үүсжээ.

 

            Хариуцагч “Га-” ХХК нь зээлийг аваагүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч “Г-” ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөгийг 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Га-” ХХК-ийн Г-ны ЗГ8115005404 тоот дансанд “гэрээний дагуу зээл олгов” гэх гүйлгээний утгаар шилжүүлэн олгосон байна./1хх 64 дүгээр тал/ Харин тус өдөр хариуцагч “Га-” ХХК-аас “М ш-” ХХК-ийн Г-ны 8115004259 тоот данс руу “зээл төлөв” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь компанийн тэмдэг дарагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /1хх 34 дүгээр тал/ Иймээс хариуцагч “Га-” ХХК-ийг зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусч, тус өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, зээл төлүүлэх арга хэмжээг банкны зүгээс аваагүй, мөн хугацааны турш шүүхэд нэхэмжлэл гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас 2019 онд хамаарах үндсэн хүү 151 498 429.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 058 395.18 төгрөг нийт 162 556 825.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

            Учир нь нэхэмжлэгч “Г-” ХХК нь дээрх гэрээний дагуу 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 000 төгрөгийг “Га-” ХХК-д олгосон тул зээлийг шилжүүлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хүү тооцон шаардах эрхтэй юм.

 

            Талууд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа, графикт өөрчлөлт оруулж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд зээл, хүүгийн төлбөрийн хуваарийг шинэчилж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ8115005404-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ./1хх14-15 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч буюу зээлдэгч “Га-” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 1 737 816 783.66 төгрөг төлөхөөс үндсэн зээл 1 777.78 төгрөг, хүү 220 182 390.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 605 497.81 төгрөгийг төлж, зээлийн үндсэн төлбөр 999 998 222.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 476 060 565.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12 968 329.65 төгрөг, нийт 1 489 027 117.70 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна./1хх 37-38 дугаар тал/ Энэ тооцоолол буруу гэх баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Га-” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 489 027 117.70 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн, шүүх хариуцагч “Га-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “М ш-” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” гэж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

 

Харин иргэн Т.Н- болон Б.А- нарын хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд хувьцаа нь хөдлөх хөрөнгө бөгөөд уг хөрөнгийн хувьд тусгайлсан хуулиар заавал шүүхийн шийдвэр гарч албадан худалдах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал үүссэн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Хуульд заасан журмын дагуу эд хөрөнгө худалдахыг барьцаалуулагчаас шаардах, уг ажиллагааг хийхгүй бол өөрөө эрх бүхий байгууллагад хандаж худалдах зэргийг зохих журмын дагуу хэрэгжүүлэх эрх нь нээлттэй. Энэ эрхийн талаар зөрчил үүссэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гарах замаар барьцааны зүйлийг албадан худалдах нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэгчийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

            Мөн “Га-” ХХК-ийн зээлийг батлан даасан, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “М ш-” ХХК-ийн БДГ8115005404-1 тоот, “М с-” ХХК-ийн БДГ8115005404 тоот Батлан даалтын гэрээнүүдийн дагуу батлан даагчийн хүлээх хариуцлага нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй буюу Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэг заасан үндэслэл бий болоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд Батлан даалт болон хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “М ш-” ХХК, “М с-” ХХК-д холбогдох батлан даалтын гэрээ, мөн “М ш-” ХХК-д холбогдох барьцаа хөдлөх хөрөнгөөр болон Б.А-, Т.Н- нарт холбогдох хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Га-” ХХК-аас 1 489 027 117.70 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгосугай.” гэж,

            “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул “М ш-” ХХК, “М с-” ХХК-д холбогдох батлан даалтын гэрээ, “М ш-” ХХК-д холбогдох Савлагааны машин /ТВА/8-1000, ТВА/8-3250/, Нэрэгч машин, Ариутгалын машин, Гуурсны машин, Найрлагын танк тус бүр 6 тн 2 ширхэг хөдлөх эд хөрөнгө болон Б.А-, Т.Н- нарт холбогдох “М ш-” ХХК-ийн эзэмшлийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Г-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж 2 дах заалт болгон нэмж,

            2 дах заалтыг 3 дах заалт болгон “Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж өөрчилж,

3 дах заалтыг 4 дэх заалт болгон “6 860 501.46 төгрөг” гэснийг “7 603 085.59 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 400 110 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                    ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

                      

                                                                                                    С.ЭНХТӨР