Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00509

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02184 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1929 дүгээр магадлалтай,

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Гачуурт дэйри ХХК, Монфреш шүүс ХХК, Монфреш сүү ХХК, Б.Алтангэрэл, Т.Насанхүү нарт холбогдох

 

Зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 1,489,027,117.70 төгрөгийг Гачуурт дэйри ХХК-иас гаргуулах, бусад хариуцагч хуулийн этгээдүүд болон иргэдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-аас Гачуурт дэйри ХХК, Монфреш шүүс ХХК, Монфреш сүү ХХК, Б.Алтангэрэл, Т.Насанхүү нарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 1,489,027,117.70 төгрөгийг Гачуурт дэйри ХХК-аас гаргуулах, бусад хариуцагч хуулийн этгээдүүд болон иргэдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02184 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Гачуурт дэйри ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,326,470,292.53 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 162,556,825.17 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Монфреш шүүс ХХК, Монфреш сүү ХХК болон Б.Алтангэрэл, Т.Насанхүү нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Гачуурт дэйри ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд, улсын бүртгэлийн Ү-2206009496 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183А тоот 918 м.кв талбайтай 2 давхар барилга, улсын бүртгэлийн Ү-2206004479 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183В тоот 72 м.кв талбайтай агуулах, улсын бүртгэлийн Ү-2206004471 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183Б тоот 1,296 м.кв талбайтай, авто засварын үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга, улсын бүртгэлийн Ү-2206004470 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар бүс, Ажилчны гудамж, 183Б тоот 1,296 м.кв талбайтай, төмөр эдлэлийн цехийн зориулалттай үйлдвэрийн барилга зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 673,285.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гачуурт дэйри ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6,860,501.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1929 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/02184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гачуурт дэйри ХХК-аас 1,489,027,117.70 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай. гэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Монфреш шүүс ХХК, Монфреш сүү ХХК-д холбогдох батлан даалтын гэрээ, Монфреш шүүс ХХК-д холбогдох Савлагааны машин /ТВА/8-1000, ТВА/8-3250/, Нэрэгч машин, Ариутгалын машин, Гуурсны машин, Найрлагын танк тус бүр 6 тн 2 ширхэг хөдлөх эд хөрөнгө болон Б.Алтангэрэл, Т.Насанхүү нарт холбогдох Монфреш шүүс ХХК-ийн эзэмшлийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж 2 дахь заалт болгон нэмж, 2 дах заалтыг 3 дах заалт болгон Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэж өөрчилж, 3 дах заалтыг 4 дэх заалт болгон 6,860,501.46 төгрөг гэснийг 7,603,085.59 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.5, 172-р зүйлийн 172.1, 172.2.1-д ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 172.2.2-т ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1. Магадлалд ...Хариуцагч Гацуурт дэйри ХХК нь зээлийг аваагүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэх тайлбараа ... баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна ... Голомт банк ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 1,000,000,000 төгрөгийг 2012.07.04-ний өдөр Гацуурт дэйри ХХК-ийн Голомт банкны ЗГ8115005404 тоот дансанд гэрээний дагуу зээл олгов гэх гүйлгээний утгаар шилжүүлэн олгосон байна. Харин тус өдөр хариуцагч Гацуурт дэйри ХХК-иас Монфрэш шүүс ХХК-ийн Голомт банкны 8115004259 тоот данс руу зээл төлөв гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь компанийн тэмдэг дарагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Иймээс хариуцагч Гацуурт дэйри ХХК-ийг зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан гэж үзнэ гэжээ.

Энэхүү дүгнэлт нь дараах байдлаар няцаагдана.

Гацуурт дэйри ХХК нь Голомт банктай 2012.04.12-ны өдөр ЗГ8115005404 дүгээр Зээлийн гэрээг байгуулж, 1,000,000,000 төгрөгийг жилийн 7%-ийн хүүтэй, 2017.04.12-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авахаар гэрээ хийгдсэн боловч 2012.07.04-ний өдөр Голомт банкны Зээлийн хорооны шийдвэр гарч, тухайн өдрөө Гацуурт дэйри ХХК-ийн дансанд 1,000,000,000 төгрөг орсон боловч 2012.07.04-ний өдрийн төлбөрийн баримтаар Гацуурт дэйри ХХК-ийн 2105006639 тоот данснаас Монфрэш шүүс ХХК-ийн 8115004259 тоот данс руу нэг тэрбум төгрөг, зээл төлөв, үндсэн төлбөрт авна гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

Энэ нь нэхэмжлэгч Голомт банкны өөрийн хэрэгт гаргаж өгсөн төлбөрийн баримт, 2019.12.27-ны өдрийн №14/хх/03-1058 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаас харагдахаас гадна Иргэний хуулийн 124-р зүйлд заасан Өр шилжих гэж үзэх үндэслэлтэй юм. 2012.07.04-ний өдрийн төлбөрийн баримт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15-р зүйлийн 15.2-д Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердатив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ гэсэнтэй нийцэж байгаа эсэх, энэхүү төлбөрийн баримтын бусад бүрдэл хангагдсан эсэх асуудлыг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.3-д заасны дагуу нэхэмжлэгч Голомт банкнаас 2012.07.04-ний өдрийн төлбөрийн баримтаас өөр шинэ баримт гаргаж өгөөгүй.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.09-ний өдрийн шүүх хурлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасныг үндэслэж, шүүх хурлыг хойшлуулж, нэхэмжлэгч Голомт банкнаас зээлдэгч Гацуурт дэйри ХХК-ийн хувийн хэргийг бүхэлд нь болон 2011.06.22-ны өдрийн ЗГ-8115004259 дүгээр Зээлийн гэрээний дансны хуулга гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт ач холбогдол бүхий баримтыг шүүхэд гаргаагүй болно. Энэхүү зээл нь Гацуурт дэйри ХХК-иас Монфрэш шүүс ХХК-д шилжсэн явдал нь зээлдүүлэгч Голомт банкны зөвшөөрөл, хяналтгүйгээр хийгдэх ямар ч боломжгүйгээс гадна холбогдох баримтууд нь хариуцагч нараас бус зөвхөн нэхэмжлэгч Голомт банкнаас гаргуулах нөхцөл байдал байхад давж заалдах шүүх нь ...баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэсэн нь учир дутагдалтай юм.

4.2. Магадлалд ...анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа 2017.12.04-ний өдөр дуусч, тус өдрөөс 2019.09.13-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, зээл төлүүлэх арга хэмжээг банкны зүгээс аваагүй, мөн хугацааны турш шүүхэд нэхэмжлэл гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас 2019 онд хамаарах үндсэн хүү 151,498,429.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,058,395.18 төгрөг, нийт 162,556,825.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ гэж дүгнэсэн нь дэндүү хуулиас давсан, зохигч талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн явдал юм.

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2017.12.04-ний өдрөөс 2019.09.13-ны өдрийг хүртэл Голомт банк нь Гацуурт дэйри ХХК-иас зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл өгөх гэх мэт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэсэн үүргээ биелүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байхад, эсрэгээрээ мөн хуулийн 24-р зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, Иргэний хуулийн 452-р зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглаж, хүндэтгэх шалтгаангүйгээр бараг 2 жилийн дараа зээлээ төлөхийг шаардсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Голомт банк нь дурдсан хугацаанд, ямар шалтгааны улмаас зээлээ шаардаагүй талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг гаргаагүй, хавтаст хэрэгт энэ талаарх нэг ч баримтгүй байхад давж заалдах шатны шүүх нь гаргасан мэтээр дүгнэж, 162,556,825.17 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2012.04.12-ны өдрийн Гачуурт Дэйри ХХК-тай байгуулсан ЗГ8115005404 тоот Зээлийн гэрээний дагуу 1,000,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн, гэрээний үүргийг хангах баталгаа болгож Монфреш шүүс ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ, Монфреш шүүс ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Насанхүү, Б.Алтангэрэл нарын хувьцааг тус тус барьцаалж барьцааны гэрээ, Монфреш сүү ХХК, Гачуурт дэйри ХХК-тай батлан даалтын гэрээ тус тус байгуулсан.

 

Гачуурт дэйри ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэл гаргах 2019.09.05-ны байдлаар үндсэн зээл 999,998,222.22 төгрөг, зээлийн хүү 476,060,565.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,968,329.65 төгрөг, нийт 1,489,027,117.70 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд дээрх төлбөрийг гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Гачуурт дэйри ХХК, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...Голомт банк гэрээний дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлсэн боловч тэр дороо Монфреш шүүс ХХК-ийн зээлийн төлбөрт суутгаж татсан тул тэр мөнгийг ашиглаагүй, гэтэл ашиглаагүй зээлийн хүү, алдангийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна, Гачуурт дэйри ХХК болон Б.Алтангэрэл, Т.Насанхүү нар хариуцагчаар оролцох субъектууд биш, Монфреш шүүс ХХК зээлийн үүргийг шилжүүлж авсан, Монфреш сүү ХХК тухайн гэрээний батлан даагчаар оролцсон тул эдгээр хоёр компани үндсэн хариуцагчаар оролцож, зээлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Гачуурт дэйри ХХК-аас 1,326,470,292.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг болон хариуцагч Монфреш шүүс ХХК, Монфреш сүү ХХК болон Б.Алтангэрэл, Т.Насанхүү нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хариуцагч Гачуурт дэйри ХХК-аас гаргах төлбөрийн хэмжээг 1,489,027,117.70 төгрөг гэж, хариуцагч Монфреш шүүс ХХК, Монфреш сүү ХХК-д холбогдох батлан даалтын гэрээ, Монфреш шүүс ХХК-ийн хөдлөх эд хөрөнгө болон хариуцагч Б.Алтангэрэл, Т.Насанхүү нарт холбогдох Монфреш шүүс ХХК-ийн эзэмшлийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг залруулж, хариуцагчаас гаргах тэмдэгтийн хураамжийн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... /тодорхойлох хэсгийн 4/ гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Тухайлбал, хариуцагч Гачуурт дэйри ХХК зээлийг аваагүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаар зээлдлүүлэгч зээлийн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулсан, гэрээг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг сунгахаар 2014.12.19-ний өдөр №14/12-01 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарч байсан болох нь баримтаар нотлогдсон бөгөөд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч нь нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 453 дугаар зүйлий 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Зохигчийн хооронд байгуулсан 2012.04.12-ны өдрийн ЗГ8115005404 дугаартай Зээлийн гэрээний хугацаа 2017.04.12-ны өдөр дууссан бөгөөд зээлдүүлэгч буюу банк 2019.09.12-ны өдөр гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлдүүлэгч нь шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр энэ хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайбарлаж хэрэглэсэн гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1929 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Гачуурт дэйри ХХК-аас 2020.10.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,603,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД