Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01949

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02221 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, 50 643 357 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б-” ХХК нь “А-” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “А-” ХХК нь 8 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг захиалагчид нийлүүлж, “Б-” ХХК нь гэрээний үнийн дүн болох 1 822 359 рублийг төлөх өдрийн Хас банкны ханшаар тооцож, нийлүүлэгчид шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн. “Б-” ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээний дагуу “А-” ХХК-ийн Хас банк дахь 5000736473 тоот харилцах дансанд нийт үнийн дүнгийн 70% буюу урьдчилгаа төлбөр болох 50 643 357 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч “А-” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй бөгөөд “Б-” ХХК-ийн зүгээс цаашид гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээх шаардлагагүй болсон. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Гэрээний аль нэг тал нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахыг хүсвэл ийнхүү цуцлахаар төлөвлөсөн хугацаанаас хуанлийн 7 хоногоос доошгүй хоногийн өмнө энэ тухай нөгөө талдаа бичгээр мэдэгдэх бөгөөд нөгөө тал нь үүнийг зөвшөөрөхгүй бол шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу “Б-” ХХК-ийн зүгээс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 01/92 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг “А-” ХХК-д хүргүүлсэн бөгөөд хариуцагч үүнийг зөвшөөрсөн хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 50 643 357 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”А-” ХХК нь нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн өмнө нийлүүлэгчийн үүрэг хүлээгээгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч компанитай хамтран, түүний хүсэлтээр ОХУ-ын И- компанид хамтарсан захиалга өгсөн байдаг. Манай компанийн хувьд 4 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур худалдан авахаар төлөвлөж байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь 8 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур худалдан авах саналтай байсан. Уг саналын хүрээнд компанийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, ярилцаад тээврийн зардлыг хэмнэх зорилгоор хамтарсан захиалга хийхээр шийдвэрлэсэн бөгөөд манай компанийн хувьд өмнө нь Эрхүү хотын И- компаниас худалдан авалт хийж байсан тул нэхэмжлэгч компанийн хүсэлтээр гэрээг “А-” ХХК-ийн нэр дээр хийхээр харилцан тохиролцсон. Манай компани ОХУ-ын И- компанитай 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Төмөр бетон тулгуур нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрийг “Б-” ХХК-ийн төлбөртэй нийлүүлэн нийт 1 626 100 рублийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлснээс хойш ОХУ-ын компанитай холбоо тогтоох боломжгүй болж, захиалга ирэхгүй байсан тул Эрхүү хот дахь Монгол Улсын Консулын газарт хандан тусламж хүссэн. Консулын газраас судалж бидэнд мэдүүлснээр тухайн компани дампуурсан байж болзошгүй болсон тул 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн захирал, “Б-” ХХК-ийн менежер нар нь хуульчийн хамт Эрхүү хотод очиж, үйлдвэр дээр очиж танилцсан. Энэ үедээ И- компанид дампуурлын хэрэг үүссэн гэдгийг мэдсэн бөгөөд дампуурлын хэрэг гүйцэтгэгч Персонов Дмитрий Александровичтой үйлдвэр дээр уулзаж, мэдээлэл авсан. Ийнхүү ОХУ-аас бараа захиалах бүхий л үйл явцад оролцож байснаас нь талууд хамтран захиалга өгсөн захиалагчид бөгөөд ОХУ-ын үйлдвэрлэгч компани дампуурсны улмаас хохирсон болох нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан Бараа нийлүүлэх гэрээний зорилго нь “А-” ХХК нь СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур нийлүүлэх бус талууд ОХУ-аас хамтран захиалга хийх байсан юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манай компанийг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг нийлүүлэх үүрэгтэй байсан мэтээр нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан хариуцагч “А-” ХХК-иас 50 643 357 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482 200 төгрөгийн 481,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 833 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “А-” ХХК-иас 481 367 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэлгүйгээр талуудын хооронд үүссэн харилцааг бэлтгэн нийлүүлэх гэрээний харилцаа хэмээн буруу дүгнэсэн байна. Талуудын бодит хүсэл зоригийн илэрхийллийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тайлбарлан тогтоогоогүй байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ маргааны хувьд “А-” ХХК болон “Б-” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “.... үйл ажиллагааны нэгдсэн зорилго, хураамжийн агуулга, хувъ хэмжээ, хураамж гэрээний оролцогчдын дундаа өмчлөх хөрөнгө эсэх, гишүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэх үүрэг, хамтын удирдлагыг хэн хэрэгжүүлэх зэрэг гэрээний гол нөхцөлүүдийн талаар тохиролцсон байдал хэргийн үйл баримтаас тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэдэг нь дараах үйл баримтуудаар тогтоогддог. Үүнд, Талууд гэрээний гол нөхцөл болох хамтын зорилгыг тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээний гол нөхцөл нь хамтын зорилго байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын зорилго нь ОХУ-ын И- хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгээс тулгуур төмөр хамтран худалдан авах ашгийн бус зорилго байсан. Тодруулж хэлбэл 2 компани тус тусдаа тулгуур төмөр худалдан авах тохиолдолд тулгуур төмрийг тээвэрлэн ирүүлэх тусгай зориулалтыг вагоны зардал тус бүрд нь гарах байсан тул уг зардлыг хэмнэх буюу нэг тусгай зориулалтын вагоноор тулгуур төмрүүдийг тээвэрлэх зорилгоор нийлүүлэгч “И-” компанид хамтран захиалга өгч тулгуур төмөр худалдан авах зорилготой байсан болно. Энэ нь хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан “Б-” ХХК-иас “А-” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн үнийн санал, хамтран ажиллах санал, хамтран захиалга өгөх эсэх талаар лавласан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн цахим шуудан, гэрч Г.Сономжамцын гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Хамтын үйл ажиллагааны удирдлагыг “А-” ХХК хэрэгжүүлэх буюу нийт тулгуур төмрийг өөрийн комнанийн нэр дээр захиалах - энэ нь “А-” ХХК ОХУ-ын үйлдвэртэй гэрээ байгуулсан байдал, ОХУ-тай харилцаа холбоо “А-” ХХК-аар дамжин хийгдэж байсан байдал болон ОХУ-ын үйлдвэрээс ирсэн үнийн санал гэрээний төсөл зэргийг “А-” ХХК нь “Б-” ХХК-д илгээж, гэрээ байгуулахаас өмнө зөвшөөрөл авч байсан зэргээс харагдаж байна. Тус тусын худалдан авах тулгуур төмрийн үнэ болон гааль, тээврийн зардлыг хариуцан төлөхөөр зардлын хуваарилалт хийсэн байдал, Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.5 дахь заалтаас харахад талууд төлбөрийг өөрт ногдох хэсгээр төлөхөөр тохиролцсон байдаг. Түүнчлэн тээвэрлэлтийн нийт зардлын 60 хувийн “Б-” ХХК, 40 хувийг “А-” ХХК хариуцан төлнө гэж гэрээнд тохиролцсон. Түүнчлэн хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан үзлэгээр баталгаажсан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн цахим шууданд хавсаргасан зардлын тооцооллоос харахад “Б-” ХХК нь зөвхөн өөрийн худалдан авах тулгуур төмрийн үнэ болон тээвэр, гаалийн зардлыг төлсөн болох нь харагддаг. Хуульд нийцсэн, хэлбэрийн шаардлага хангасан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг амаар байгуулахыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Тиймээс талуудын хооронд амаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжтой. Удирдлага, төлөөллийг шийдвэрлэсэн байдал Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно гэж заасан байдаг. Энэ зүйлд заасны дагуу 2 компанийн зүгээс хамтын үйл ажиллагааг “А-” ХХК хэрэгжүүлэхээр тохиролцсон гэдэг нь “А-” ХХК өөрийн болоод “Б-” ХХК-ийн нэрийн өмнөөс хамтын зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар нотлогдож байгаа юм. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.7 дах хэсэгт хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлдог. “А-” ХХК нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт заасны дагуу “Б-” ХХК-аас өгсөн зааврын дагуу гэрээ хийж тус компанид  холбогдох төлбөрийг ОХУ-ын “И-” компанид шилжүүлсэн байдаг. “А-” ХХК ОХУ-ын “И-” комнанид үүссэн нөхцөл байдлын талаар “Б-” ХХК-д мэдэгдэж байсан. Хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагааг төлөөлж буй этгээдийн хувьд “А-” ххк нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дах хэсэгт заасан үүргээ биелүүлсэн байдаг нь үзлэгээр баталгаажсан цахим шуудангийн харилцаа болон хавтаст хэргийн 53-57 дугаар талуудад авагдсан албан бичгүүдээс харагддаг. Харин анхан шатны шүүх хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээг “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Худалдах-худалдан авах гэрээ нь хариу төлбөртэй, ашиг олох зорилготой хийгддэг гэрээ бөгөөд гэрээнд нийлүүлэх эд хөрөнгө, түүний төрөл, зүйл, техникийн тодорхойлтыг тодорхой тусгасан байхыг шаарддаг. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан гэрээ нь талуудын хооронд хийгдсэн бодит тохиролцоо бус, хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгдсэн гэрээ болох нь дараах үйл баримтуудаар нотлогдож байна. Үүнд, “А-” ХХК-д гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэл зориг байгаагүй. Анх “Б-” ХХК-иас “А-” ХХК-д хандан хамтран худалдан авалт хийх зорилгоор цахим шуудан илгээсэн байдаг ба энэхүү цахим шууданд ОХУ-ын үйлдвэрээс “Б” ХХК-д ирүүлсэн үнийн саналыг явуулсан байдаг. Энэ нь 4 дүгээр сарын 22-ны өдрийн цахим шуудан байдаг. “А-” ХХК үүний дараа мөн ялгаагүй ОХУ-ын үйлдвэрээс үнийн саналыг 4 дүгээр сарын 28-ны өдөр авсан ба тэд худалдан авах үнэ дээрээ тогтон хамтран ажиллах гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу “А-” ХХК ОХУ-ын үйлдвэрт захиалга өгсөн юм. Хавтаст хэргийн 113 дугаар талд авагдсан гэрээнээс харахад “А-” ХХК нь ОХУ- ын үйлдвэртэй 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрээ хийсэн байдаг. Хэрэв бодит байдал дээр “А-” ХХК нийлүүлэгчийн хувьд энэ гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан бол цаг хугацааны хувьд эхлээд худалдан авагч буюу “Б-” ХХК-тай гэрээ байгуулж энэхүү гэрээний үүргээ хэрэгжүүлэхийн тулд Оросын компанитай гэрээ байгуулах байсан. Гэтэл эхлээд “Б-” ХХК-тай харилцан зөвшилцсөний дагуу ОХУ-ын компанитай гэрээ байгуулаад хожим буюу 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Б-” ХХК-тай гэрээ байгуулсан байгаа нь талуудын бодит хүсэл зоригийн илэрхийлэл нь бараа нийлүүлэх гэрээний харилцаа байгаагүй гэдгийг нотолж байна.  “А-” ХХК нь “Б-” ХХК-тай байгуулсан гэрээнээс аливаа ашиг олоогүй. Зарчмын хувьд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хариу төлбөртэй, ашиг олох зорилготой хийгддэг гэрээ. “А-” ХХК нь энэ тохиолдолд бусдын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг “Б-” ХХК худалдан ямар нэгэн ашиг олох хүсэл зориг байгаагүй, ашиг олоогүй гэдэг нь илэрхий байгаа. Энэ нь хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан гэрээнд заасан нэгж бүгээгдэхүүний үнэ болон 113 дугаар талд авагдсан ОХУ-ын үйлдвэртэй байгуулсан гэрээнд заасан бүтээгдэхүүний нэгж үнийн хооронд зөрүү байхгүй байгаагаар нотлогддог. “А-” ХХК нь ОХУ-ын үйлдвэртэй гэрээ байгуулахдаа “Б-” ХХК-иас зөвшөөрөл авсан байдал болон гэрээтэй холбоотой аливаа харилцааг үргэлж “Б-” ХХК-д мэдэгдэж байсан байдал. Хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан цахим шуудангийн харилцаанаас харахад “А-” ХХК нь ОХУ-ын үйлдвэрээс ирүүлсэн бүхий л  мэдээллийг “Б-” ХХК-д илгээж, тус компаниас зөвшөөрөл авсны үндсэн дээр ОХУ-ын үйлдвэртэй гэрээ байгуулсан байдаг. Түүнчлэн ОХУ-ын “И-” комнанид үүссэн нөхцөл байдалтай танилцахаар “Б-” ХХК-иас анх үнийн санал ирүүлж байсан, тухайн үед тус компанид ажиллаж байсан ажилтан Эрхүү хот руу “А-” ХХК-ийн төлөөллийн хамт явсан байдаг. Энэ талаар Эрхүү хотын консулын газраас ирүүлсэн албан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Хэрэв талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл худалдан авагч нь ийм үйлдэл хэрэгжүүлэхгүй байсан буюу гагцхүү гэрээний үүргийн биелэлтийг шаардах байсан. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тусгаагүй. Худалдах-худалдан авах гэрээний гол үүрэг нь эд зүйлийг нийлүүлэх байдаг тул гэрээнд ямар төрлийн, ямар хэмжээтэй, ямар техникийн үзүүлэлт бүхий барааг нийлүүлэх талаар дэлгэрэнгүй тусгадаг. Энэ нь хожим доголдол үүссэн эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нийлүүлэх эд зүйлийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг тусгаагүй байна. Ялангуяа техникийн нарийн үзүүлэлт бүхий бараа, материалын хувьд зайлшгүй техникийн тодорхойлолтыг гэрээнд тусгах нь бизнест тогтсон практик болно. Гэтэл талуудын хооронд уг тохиролцоо хийгдээгүй байгаа нь талуудад бараа нийлүүлэх гэрээ байгуулах бодит хүсэл зориг байгаагүй гагцхүү уг гэрээний гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан гэдгийг харуулж байна. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл бөгөөд талуудын бодит хүсэл зориг нь хамтран ажиллах гэрээ байсан байна. Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг хариуцагчийн зүгээс өөрийн боломжит хэмжээнд гарган өгсөн боловч шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөр 50 643 357 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагатай хамтран ажиллаж байсан гэж маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч “А-” ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Оросын холбооны улсын И- хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй Төмөр бетон эдлэл нийлүүлэх №16ДП-ИСБ-2018 тоот гэрээг байгуулж, гэрээгээр 14 ширхэг СК22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг    2 323 000 рублиэр худалдан авахаар тохиролцсон байна. /хэргийн 118-122 дугаар тал/

 

            Улмаар хариуцагч “А-” ХХК нь нэхэмжлэгч “Б-” ХХК-д 8 ширхэг СК22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг 1 822 359 рублиэр худалдахаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Б-” ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлбөрийн 70 хувь болох 50 643 357 төгрөгийг /тухайн өдрийн Хас банк ХХК-ийн ханшаар тооцон/ “А-” ХХК-ийн Хас банк дахь 5000736473 тоот дансанд “СК22 бетон тулгуурын үнэ “Б” ХХК гэх утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5-8 дугаар тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгч “Б-” ХХК-тай хамтран захиалга өгсөн, мөн “И-” комнанид үүссэн нөхцөл байдлын талаар “Б-” ХХК-д мэдэгдэж, Эрхүү хот руу төлөөллийн хамт явсан, уг гэрээнээс ашиг олоогүй, хамтран ажилласан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байх боловч тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, хамтран ажиллах гэрээ нь 2 тал хөрөнгө нийлүүлж, ашиг олох зорилгоор хамтран үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.  Харин худалдах-худалдан авах гэрээгээр ашиг олсон байхыг шаарддаггүй. Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Аливаа этгээд бусдаас авсан зүйлээ өөр этгээдэд ямар үнээр буюу ашигтай эсхүл алдагдалтай худалдах эсэх нь гэрээний талуудын чөлөөт байдал, эрх хэмжээ, харилцан тохиролцооны асуудал болохоос гэрээний харилцаа, түүний агуулгыг шууд тодорхойлох нөхцөл байдал болохгүй. Түүнчлэн, зохигчид гэрээний зүйлийн нэр, тоо хэмжээ, үнийн талаар тодорхой тохиролцсон болон гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй буюу эд зүйлийн доголдлын талаар маргаагүй тул гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар тохироогүй нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно. Иймээс талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Хариуцагч “А-” ХХК нь бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “Б-” ХХК нь гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 643 357 төгрөгийг буцаан авах тухай мэдэгдлийг 2018 оны 08 сарын 06-ны өдөр хүргүүлсэн талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд шүүхээс цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр давхар тогтоогдож байна. /хэргийн 66-91 дүгээр тал/

 

            Иймд нэхэмжлэгч “Б-” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 50 643 357 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А-” ХХК-аас буцаан шаардах эрхтэй.

 

            Хариуцагч “А-” ХХК нь Оросын холбооны улсын И- хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй Төмөр бетон эдлэл нийлүүлэх №16ДП-ИСБ-2018 тоот гэрээг байгуулж, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг шилжүүлсэн нь нэхэмжлэгч “Б-” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Нөгөө талаар хариуцагчийн зүгээс Оросын холбооны улсын И- хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй цахимаар болон бичгээр харилцаж, биечлэн уулзаж гэрээний зүйлийг шаардаж байсан нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үйл баримтыг нотлохоос бус, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан гэдгийг нотлох баримт болохгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгч Оросын холбооны улсын И- хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй хариуцагчийн байгуулсан гэрээний оролцогч болох нь тогтоогдохгүй байна. Нөгөө талаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь дээрх гэрээнээс тусдаа байгуулагдсан байх ба гэрээний зүйл нэг байх нь нэхэмжлэгч Оросын холбооны улсын И- хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болон хариуцагчтай хамтран ажиллах гэрээтэй байсан гэдгийг нотлохгүй.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 643 357 төгрөгийг хариуцагч “А-” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481 300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ   

 

                                                         ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА   

                      

                                                                                                           С.ЭНХТӨР