Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2020/02221

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           07             08

                                184/ШШ2020/02221

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, - давхар хаягт байрлах, “Б-” ХХК /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - хаягт оршин суух, “А-” ХХК /РД:-/-д холбогдох,

 

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 50,643,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-, В.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.


                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б-” ХХК нь “А-” ХХК-тай 2018 оны 05 сарын 22-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу “А-” ХХК нь 8 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг захиалагчид нийлүүлж, “Б-” ХХК нь гэрээний үнийн дүн болох 1,822,359 рублийг төлөх өдрийн - банкны ханшаар тооцож, нийлүүлэгчид шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн. “Б-” ХХК нь 2018 оны 05 сарын 29-ний өдөр гэрээний дагуу “А-” ХХК-ийн - банк дахь 5000736473 тоот харилцах дансанд нийт үнийн дүнгийн 70% буюу урьдчилгаа төлбөр болох 50,643,357 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч “А-” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй бөгөөд “Б-” ХХК-ийн зүгээс цаашид гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээх шаардлагагүй болсон. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Гэрээний аль нэг тал нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахыг хүсвэл ийнхүү цуцлахаар төлөвлөсөн хугацаанаас хуанлийн 7 хоногоос доошгүй хоногийн өмнө энэ тухай нөгөө талдаа бичгээр мэдэгдэх бөгөөд нөгөө тал нь үүнийг зөвшөөрөхгүй бол шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу “Б-” ХХК-ийн зүгээс 2018 оны 08 сарын 06-ны өдөр 01/92 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг “А-” ХХК-д хүргүүлсэн бөгөөд хариуцагч үүнийг зөвшөөрсөн хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээг гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр болох 50,643,357 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А-” ХХК нь нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн өмнө нийлүүлэгчийн үүрэг хүлээгээгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч компанитай хамтран, түүний хүсэлтээр ОХУ-ын “И-” компанид хамтарсан захиалга өгсөн байдаг. “Б-” ХХК нь 2018 оны 04 сард ОХУ-ын Эрхүү хот дахь “И-” компанитай холбогдож, СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур худалдан авах үнийн саналыг авсан байдаг бөгөөд уг үнийн саналаа 2018 оны 04 сарын 23-ны өдөр манай компанид цахим шуудангаар илгээн хамтран захиалга хийх санал тавьсан байдаг. Манай компанийн хувьд 4 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур худалдан авахаар төлөвлөж байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь 8 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур худалдан авах саналтай байсан. Уг саналын хүрээнд компанийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, ярилцаад тээврийн зардлыг хэмнэх зорилгоор хамтарсан захиалга хийхээр шийдвэрлэсэн бөгөөд манай компанийн хувьд өмнө нь Эрхүү хотын “И-” компаниас худалдан авалт хийж байсан тул нэхэмжлэгч компанийн хүсэлтээр гэрээг “А-” ХХК-ийн нэр дээр хийхээр харилцан тохиролцсон. Энэ нь тухайн үед талуудын харилцсан цахим шуудангаас тодорхой харагддаг. “А-” ХХК нь Монгол Улсад эрчим хүчний барилга, байгууламж угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур нийлүүлэгч, үйлдвэрлэгч компани биш болно. Энэ талаар нэхэмжлэгч компани анхнаасаа мэдэж байсан бөгөөд гагцхүү ОХУ-ын “И-” компаниас хамтарсан захиалга хийж, тээврийн зардлыг бууруулахын тулд манай компанийн нэр дээр “И-” компанитай гэрээ байгуулж, түүнийгээ санхүү бүртгэлдээ тайлагнахын тулд бидэнтэй Бараа нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тиймээс анх гэрээ байгуулагдах үеэс эхлэн ОХУ-ын “И-” компанитай харилцсан бүх харилцаа, ирүүлсэн үнийн санал, гэрээ хэлцлийг нэхэмжлэгч компанид хүргүүлж, “Б-” ХХК-иас хянаж, санал өгсний үндсэн дээр гэрээ хийгдсэн байдаг. Манай компани ОХУ-ын “И-” компанитай 2018 оны 05 сарын 08-ны өдөр Төмөр бетон тулгуур нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрийг “Б-” ХХК-ийн төлбөртэй нийлүүлэн нийт 1,626,100 рублийг 2018 оны 05 сарын 30-ний өдөр шилжүүлсэн байдаг. Ийнхүү төлбөр шилжүүлснээс хойш ОХУ-ын компанитай холбоо тогтоох боломжгүй болж, захиалга ирэхгүй байсан тул Эрхүү хот дахь Монгол Улсын Консулын газарт хандан тусламж хүссэн. Консулын газраас судалж бидэнд мэдүүлснээр тухайн компани дампуурсан байж болзошгүй болсон тул 2019 оны 06 сарын 28-ны өдөр манай компанийн захирал, “Б-” ХХК-ийн менежер нар нь хуульчийн хамт Эрхүү хотод очиж, үйлдвэр дээр очиж танилцсан. Энэ үедээ “И-” компанид дампуурлын хэрэг үүссэн гэдгийг мэдсэн бөгөөд дампуурлын хэрэг гүйцэтгэгч П-той үйлдвэр дээр уулзаж, мэдээлэл авсан. Манай компани нэхэмжлэгч “Б-” ХХК-д Бараа нийлүүлэх гэрээний дагуу тулгуур төмөр нийлүүлэх үүрэг хүлээсэн захиалагч байсан бол “Б-” ХХК-ийн зүгзэс ОХУ-ын үйлдвэрлэгч компанитай холбогдох, түүнтэй байгуулах гэрээг хянаж, саналаа өгөх, бодит байдлыг тодруулах үүднээс Эрхүү хотод очиж, танилцах шаардлага байхгүй. Ийнхүү ОХУ-аас бараа захиалах бүхий л үйл явцад оролцож байснаас нь талууд хамтран захиалга өгсөн захиалагчид бөгөөд ОХУ-ын үйлдвэрлэгч компани дампуурсны улмаас хохирсон болох нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан Бараа нийлүүлэх гэрээний зорилго нь “А-” ХХК нь СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур нийлүүлэх бус талууд ОХУ-аас хамтран захиалга хийх байсан юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манай компанийг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг нийлүүлэх үүрэгтэй байсан мэтээр нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                   

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний урьдчилгаа төлбөр 50,643,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “бараа нийлүүлэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөр 50,643,357 төгрөг гаргуулна” хэмээн шаардлагаа өөрчлөв.

 

“Б-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 05 сарын 22-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу “А-” ХХК нь 8 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг захиалагчид нийлүүлэх, захиалагч үнийг төлөх үүрэг хүлээсэн. 2018 оны 05 сарын 29-ний өдөр “А-” ХХК-ийн дансанд нийт үнийн дүнгийн 70% буюу урьдчилгаа төлбөр 50,643,357 төгрөгийг шилжүүлсэн боловч “А-” ХХК нь бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50,643,357 төгрөгийг буцаан гаргуулна” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “А-” ХХК нь “...талуудын хооронд бараа нийлүүлэх гэрээ байгуулагдаагүй, харин хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан бөгөөд 2018 оны 05 сарын 22-ны өдрийн бараа нийлүүлэх гэрээ нь хамтран ажиллах гэрээг халхавчилж хийсэн гэрээ тул халхавчилж хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Бараа нийлүүлэх гэрээний зорилго нь “А-” ХХК нь нэхэмжлэгчид төмөр бетон тулгуур нийлүүлэх бус, талууд тээврийн зардлаа хэмнэх зорилгоор ОХУ-аас хамтран захиалга хийсэн бөгөөд ОХУ-ын үйлдвэрлэгч компани дампуурсны улмаас хохирсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

“А-” ХХК 2018 оны 05 сарын 22-ны өдөр “Б-” ХХК -тай гэрээ байгуулсан байна. Гэрээгээр нийлүүлэгч болох “А-” ХХК нь 8 ширхэг СК 22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуурыг захиалагч “Б-” ХХК-д нийлүүлэх, гэрээний үнийн дүн 1.822.359.000 рубль буюу түүнтэй тэнцэх төгрөг байхаар тохиролцжээ. /хх-6-8х/

 

Хариуцагчаас бичгээр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хамтран ажиллах гэрээг халхавчилсан гэж маргах хэдий боловч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болох хэдий боловч гэрээний оролцогчдын үйл ажиллагааны нэгдсэн зорилго, хураамжийн агуулга, хувь хэмжээ, хураамж гэрээний оролцогчдын дундаа өмчлөх хөрөнгө болох эсэх, гишүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэх үүрэг, хамтын удирдлагыг хэн нь хэрэгжүүлэх зэрэг гэрээний гол нөхцөлүүдийн талаар тохиролцсон байдал хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй. Хариуцагч нь талуудын хооронд харилцсан цахим шуудангаас талуудын тохиролцоо тогтоогдоно гэж тайлбарлах боловч хариуцагчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын нэхэмжлэгчтэй харилцсан цахим шуудан, түүнд хавсаргасан албан бичиг зэрэгт хийсэн үзлэг, гэрээ байгуулагдахаас өмнөх гэрээний төсөл зэргээр хариуцагчийн татгалзал нотлогдсонгүй.

 

Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд бараа нийлүүлэх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

“Б-” ХХК нь 2020 оны 05 сарын 29-ний өдөр “А-” ХХК-ийн “- банк” дахь 5000736473 тоот дансанд “СК22 бетон тулгуурын үнэ Б- ХХК” утгатайгаар 50,643,357 төгрөг шилжүүлсэн байх ба мөнгөн төлбөрийн үнийн дүнд талууд маргаагүй. /хх-5х/

 

“А-” ХХК нь 2018 оны 05 сарын 08-ны өдөр Оросын холбооны улсын “И-” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгтэй “Төмөр бетон эдлэл нийлүүлэх №16ДП-ИСБ-2018 тоот  гэрээ”-г байгуулсан ба гэрээгээр 14 ширхэг СК22.1-1.3 маркийн төмөр бетон тулгуур худалдан авахаар тохиролцжээ. /хх-113-122/

  Хариуцагч нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг “И-” компанид шилжүүлсэн боловч мөнгө шилжүүлснээс хойш ОХУ-ын компанитай холбоо тогтоох боломжгүй болж, захиалга ирээгүй гэж тайлбарладаг. Нэгэнт “Төмөр бетон эдлэл нийлүүлэх №16ДП-ИСБ-2018 тоот  гэрээ”-ний нэг тал нь “А-” ХХК тул гэрээтэй холбоотой шаардах эрхийг худалдан авагч эдлэх бөгөөд “Б-” ХХК нь гэрээний оролцогч биш тул “И-” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгт хандан шаардлага гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 08 сарын 06-ны өдөр “А-” ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээний урьдчилгаа төлбөрийг эргүүлэн шилжүүлэхийг хүссэн байна. Гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан үйл баримтын тухайд маргаагүй бөгөөд мэдэгдэл хүргүүлсэн болох нь цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр мөн нотлогдов.

 

 “Б-” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 50,643,357 төгрөгийг худалдагч буцаан шаардах эрхтэй.

 

Тиймээс “Б-” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50,643,357 төгрөгийг хариуцагч “А-” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу зохигчдод хувиарлан хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан хариуцагч “А-” ХХК-иас 50,643,357 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,200 төгрөгийн 481,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 833 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “А-” ХХК-иас 481,367 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.УРАНЗУЛ