Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01948

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02385 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Б-ын хариуцагч Б.Д-т холбогдуулан гаргасан 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ө.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 6 дугаар сард Б.Д-ээс Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслүүлнэ гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5 490 000 төгрөгийг 5027361245 тоот дансанд хийсэн. 5 490 000 төгрөгийн 999 000 төгрөг нь 1 сарын буюу 7 дугаар сарын түрээсийн төлбөр, 2 000 000 төгрөг нь Дүнжингаравын барьцаа, 1 000 000 төгрөг нь дотор тавилгын үнэ, 1 500 000 төгрөг нь түрээсийн талбайг түрээслэгчийн нэрийг солиулахад шан болгож өгөх мөнгө гэж авсан боловч түрээслэгчийн нэрийг шилжүүлэх боломжгүй гэдгийг лангуун дээр сууж байх хугацаандаа мэдсэн. Тэгээд 1 сар суугаад мөнгөө авах гэтэл өөр хүн оруулж байж өгнө гээд Итгэл гэх хүнийг оруулж 2 000 000 төгрөг авч өгсөн. Үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлнэ гээд өгөөгүй. Анх Б.Д- нь намайг болихоор бол 5 490 000 төгрөгийн чинь 999 000 төгрөг нь түрээс, 4 500 000 төгрөг нь Аагий гэх хүнээс авч өгнө гэж хэлж байсан. Анхнаасаа нэр шилжихгүйг мэдсээр байж намайг хуурч мөнгө авсан Б.Д- нь утсаа ч авдаггүй. Иймд 2 500 000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д- нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Р-тэй уулзахад, Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төвд би лангуутай, төгрөг болчихлоо нэг сарын түрээсийн төлбөр 999 000 төгрөг, барьцааны мөнгө 2 000 000 төгрөг, түрээсийн гэрээний нэр шилжүүлэхэд 1 500 000 төгрөг, лангууг тохижуулсан тавилгын мөнгө 1 000 000 төгрөг, нийт 5 490 000 төгрөгийг гаргасан юм. Миний гаргасан мөнгийг өгчих, гэрээг чиний нэр дээр шилжүүлж өгнө, мөн тавилгыг чамд үлдээнэ гэсэн түүний саналыг хүлээн зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэг сарын түрээсийн төлбөр 999 000 төгрөгийг Дүнжингарав худалдааны төвийн кассанд өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл лангууг түрээслээд нэр шилжих боломжгүй болсон тул тавилгыг үлдээж түрээсийн лангууг Ө.Б-д хүлээлгэн өгөөд гарсан. Ө.Б- 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд ажиллуулж үлдсэн учир тавилга Ө.Б-д үлдсэн байгаа гэж бодож байна. Б.Д- нь анх Р-д өгсөн мөнгөө хариуцагчаас авсан учир 2 500 000 төгрөгийг Б.Д- төлөх учиргүй Р-г төлнө гэж Ө.Б-д удаа дараа хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Д-ээс 2 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 54 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Р-д “...БЗД-т дүнжингарав худалдааны төвд байрлах лангууг түрээслэж өмчлөлдөө авахын тулд сарын түрээсийн төлбөрт 999 000 төгрөг, барьцааны мөнгө 2 000 000 төгрөг, түрээсийн гэрээний нэр шилжүүлэхэд 1 500 000 төгрөг, лангууг тохижуулсан тавилгын мөнгө 1 000 000 төгрөг, нийт 5 490 000 төгрөгийг өгч 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл лангууг түрээслээд нэр шилжих боломжгүй болсон тул, тавилгыг үлдээж түрээсийн лангууг Ө.Б-д хүлээлгэн өгөөд гарсан”. Ө.Б- 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд ажиллуулж үлдсэн учир тавилга бол Ө.Б-д үлдсэн. Тийм учраас тавилгын мөнгөнд нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг хасах үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1 000 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч Б.Д-т холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талууд Дүнжингарав зах дахь талбайг түрээслэх, улмаар талбайн эзэмших эрхийг шилжүүлэхэд 1 500 000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 999 000 төгрөг, барьцаа 2 000 000 төгрөг, дотор тавилгын үнэ 1 000 000 төгрөг, нийт 5 490 000 төгрөгийг хариуцагч Б.Д- авсан болон нэхэмжлэгч Ө.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл талбайг түрээслэн ажиллуулсан, гэрээг цуцлаж барьцаа 2 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан авсан, мөн тавилгын бүрэн бүтэн байдлын талаар маргаагүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл, нэг тал нь Дүнжингарав дах талбайн эзэмших эрхийг, эд хөрөнгийн хамт шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Хэдийгээр анхан шатны шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнээгүй боловч тэдний хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

            Хариуцагч нь талбай эзэмших эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дах хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас талбайн эзэмших эрхийг худалдсаны төлбөр 1 500 000 төгрөг, дотор тавилгын үнэ 1 000 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн  тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 двсанугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгчээс авсан дээрх мөнгийг хариуцагч бусдад шилжүүлсэн нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Д-ээс 2 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Б-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ   

 

                                                         ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА   

                      

                                                                                                           С.ЭНХТӨР