Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02385

 

 

 

 

 

 

 

 

2020         06          30                                     101/ШШ2020/02385

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.Б

 

Хариуцагч: Б.Д

 

2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Би, 2019 оны 6 дугаар сард иргэн Б.Д гэх хүнээс Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслүүлнэ гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 29-нд 5,490,000 төгрөгийг 5027361245 тоот дансанд хийсэн. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түрээслэн суусан.

5,490,000 төгрөгийн 999,000 төгрөг нь 1 сарын буюу 7 дугаар сарын түрээсийн төлбөр, 2,000,000 төгрөг нь Дүнжингаравын барьцаа, 1,000,000 төгрөг нь дотор тавилгын үнэ, 1,500,000 төгрөг нь түрээсийн талбайг түрээслэгчийн нэрийг солиулахад шан болгож өгөх мөнгө гэж авсан боловч түрээслэгчийн нэрийг шилжүүлэх боломжгүй гэдгийг лангуун дээр сууж байх хугацаандаа мэдсэн. Тэгээд 1 сар суугаад больсон. Тэгээд мөнгөө авах гэтэл өөр хүн оруулж байж өгнө гээд Итгэл гэх хүнийг оруулж 2,000,000 төгрөг авч өгсөн. Итгэл өөрөө танил талаараа хөөцөлдөж байгаад нэрээ шилжүүлж авна гэж Б.Дтэй тохиролцсон гэсэн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлнэ гээд өгөөгүй.

Анх Б.Д нь намайг болихоор бол 5,490,000 төгрөгийн чинь 999,000 төгрөг нь түрээс, 4,500,000 төгрөг нь Аагий гэх хүнээс авч өгнө гэж хэлж байсан.

Анхнаасаа нэр шилжихгүйг мэдсээр байж намайг хуурч мөнгө авсан Б.Д нь утсаа ч авдаггүй.

Иймд 2,500,000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Рагчаасүрэнтэй уулзахад, Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төвд би лангуутай, төгрөг болчихлоо нэг сарын түрээсийн төлбөр 999,000 төгрөг, барьцааны мөнгө 2,000,000 төгрөг, түрээсийн гэрээний нэр шилжүүлэхэд 1,500,000 төгрөг, лангууг тохижуулсан тавилгын мөнгө 1,000,000 төгрөг, нийт 5,490,000 төгрөгийг гаргасан юм. Миний гаргасан мөнгийг өгчих, гэрээг чиний нэр дээр шилжүүлж өгнө, мөн тавилгыг чамд үлдээнэ гэсэн түүний саналыг хүлээн зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэг сарын түрээсийн төлбөр 999,000 төгрөгийг Дүнжингарав худалдааны төвийн кассанд өгсөн. Үлдэх 4,500,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5027361245 тоот данснаас 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг хариуцагчийн ХААН банкны 5753520255 тоот дансанд шилжүүлсэн.

Ингээд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл лангууг түрээслээд нэр шилжих боломжгүй болсон тул тавилгыг үлдээж түрээсийн лангууг Ө.Бд хүлээлгэн өгөөд гарсан. Ө.Б 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд ажиллуулж үлдсэн учир тавилга Ө.Бд үлдсэн байгаа гэж бодож байна. Б.Д нь анх Рагчаасүрэнд өгсөн мөнгөө хариуцагчаас авсан учир 2,500,000 төгрөгийг Б.Д төлөх учиргүй Рагчаасүрэнг төлнө гэж Ө.Бд удаа дараа хэлж байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Б.Дт холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Уг 2,500,000 төгрөгийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлахдаа, Б.Дтэй хэлэлцэх тохиролцож, Дүнжингарав зах дахь лангууг түрээслэх түрээсийн гэрээний түрээслэгчийн нэрийг өөртөө шилжүүлж авахад 1,500,000 төгрөг, уг лангууг 1 сар түрээслэн ажиллуулах түрээсийн төлбөр 999,000 төгрөг, түрээсийн барьцаа 2,000,000 төгрөг, дотор тавилгын үнэ 1,000,000 төгрөг, нийт 5,490,000 төгрөгийг Б.Дт шилжүүлсэн боловч түрээслэгчийн нэр шилжих боломжгүйг мэдээд лангууг ажиллуулахаа больж 2,000,000 төгрөгөө буцаан авсан ба үлдэх 2,500,000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардсан.

Хариуцагч дээрх үйл баримтын талаар үгүйсгээгүй ба Дүнжингарав худалдааны төвийн лангууг өөрөө түрээслэх зорилгоор, дээр дурьдсанчлан 5,490,000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан байсан ба Ө.Бд тухайн лангууг шилжүүлэн 5,490,000 төгрөгийг Ө.Баас авсан үйл баримтыг шүүхэд тайлбарлав.

Талуудын хооронд үүсэн харилцаа нь Дүнжингарав худалдааны төв дэх лангууг түрээслэн үйл ажиллагаа явуулах, түрээсийн гэрээг нэр дээрээ байгуулж авах зорилго агуулсан байх бөгөөд уг хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн төлөө тодорхой үйлдэл хийхээр үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцсэн, Үүргийн харилцаа талуудын хооронд үүсчээ.

Дээрх хэлцлийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар байгуулагдсанд тооцно.

Хариуцагч нь Дүнжингарав худалдааны төв дэх лангууг түрээслэх Түрээсийн гэрээний түрээслэгчийн нэрийг Ө.Бын нэр дээр шилжүүлээгүй, улмаар Ө.Б түрээсийн үйл ажиллагаа явуулахаа больсон, уг лангууг өөр этгээдэд шилжүүлсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Мөн лангууны тавилгыг хариуцагч хүлээн аваагүй буюу нэхэмжлэгч Ө.Баас Б.Дийн олж өгсөн гэх хүний эзэмшилд лангуу шилжсэн талаар зохигч талууд тайлбарлах ба лангуу, тавилгын бүрэн бүтэн байдлын талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч Б.Д нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл лангууг түрээслэн ажиллуулж, Дүнжингарав худалдааны төвтэй байгуулах түрээсийн гэрээг өөрийн нэр дээр байгуулж чадаагүй, улмаар нэг сарын түрээсийн төлбөрөөс бусад мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж, 2,000,000 төгрөгийг хариуцагчаас авсан үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Ө.Б дээр дурьдсанаар, хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцнэ.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Дээс 2,500,000 төгрөг гаргуулах Ө.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Дээс 2,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дээс улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА