Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02006

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01988 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Н-э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02032 дугаар захирамжаар О.Аръяалхам, Б.Н-э нараас 128 116 657 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097680 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны 184 тоотод байрлах, 96,25 м.кв талбай бүхий орон сууцыг 298 345 200 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204097680 дугаарт бүртгэлтэй дээрх орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тухайн орон сууцыг 298 345 200 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02032 дугаар захирамжаар О.Аръяалхам, Б.Н-э нараас 128 116 657 төгрөгийг гаргуулж “П-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20290101 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч нь 27 000 000 төгрөгийг төлж, үлдэх 101 551 027 төгрөгийг төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204077680 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны 184 тоотод байрлах, 96,25 м.кв талбай бүхий орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2029011 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20290101 тоот тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 4/14303, 4/14304 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Н-э нь 385 000 000 төгрөгөөр үнэлсэн, харин төлбөр авагч үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 4/232 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 298 345 200 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2020 оны 4/17151 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн бөгөөд үүнийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжпэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлзэх зарчмыг хангах боломжийг хязгаарлан хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02032 дугаар шийдвэрээр Б.Н, О.А нараас зээлийн гэрээний үүрэгт 128 116 657.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 434 370 төгрөг гаргуулж “П-” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байр, 184 тоотод байрлах 96,25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/4 дүгээр байрны зоорийн давхрын 55 тоотод байрлах, 11,5 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үүсгэж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан шүүхийн шийдвэрт тусгагдсан хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр  битүүмжилж, мөн оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20290101 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 30-32, 35-36 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналыг НШШГГ- авахад төлбөр төлөгч 385 000 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд төлбөр авагчаас шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 40-41 дүгээр тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/232 дугаар тогтоолоор “Х-” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ. /хэргийн 42 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

Шинжээч “Х-” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 298 345 200 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгөөс орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 53-69 дүгээр тал/

            Шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/17151, 4/17150 дугаар мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талуудад мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасанд нийцжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд гаргасан байна.

 

Харин нэхэмжлэгч зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн, талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргасан байх бөгөөд уг үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгуулах тохиолдолд анхан шатны шүүхээс уг эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилох шаардлагагүй, ийнхүү үнэлгээ хийх нь хэрэгт ач холбогдолгүй юм.

 

Иймд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт шүүх тухайн эд зүйлийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, төлбөр барадгуулах ажиллагааны явцад эд хөрөнгөнд үнэлгээ хийлгүүлэх эрх шүүхэд олгогдоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Улмаар НШШГГ- нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүх П.Одгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

 

                                      С.ЭНХТӨР