Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02004

 

 

 

 

 

 

 

 

 

Б.У-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О-тунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарын хариуцагч “Т д-” ХХК-д холбогдуулан гаргасан 36 184 378.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-24-31 тоотод оршин суух Боржигон овгийн Цагааны О- ээж маань 2019 оны 3 дугаар сарын 19-ний 6:35 цагийн үед Нарийн гэдэсний түгжрэл өвчний улмаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт нас барсан билээ. Бидний ээж Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводод 2003 оноос хойш өрөмчнөөр ажиллаж байсан. Ээж маань Орхон аймаг дахь Хас банкны салбараас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1130037544 тоот гэрээгээр 38 500 000 төгрөгийг 192 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээл авч зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу “Т д-” ХХК-тай гэрээ байгуулж гэрээний үүргээ насан эцэс болтлоо биелүүлж зээл болон даатгалын хураамжаа цаг тухай бүрт нь төлж байсан тул төрсөн охин болох Б.У- миний бие “Т д-” ХХК-аас даатгалын гэрээний нөхөн төлбөр 33 869 825.83 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргаж нотлох баримтаа өгсөн боловч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргаж ирүүлсэн. Гэвч Ц.О- миний ээж худалдан авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601281007302 тоот гэрээг “Т д-” ХХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 35 350 427.27 төгрөгөөр үнэлж, хураамжид 38 885.47 төгрөгийг тус тус сар бүр төлж байсан. Мөн даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасанд нийцсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байдаг. Даатгуулагчийн хууль ёсны өвлөгч бид Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар “Т д-” ХХК-аас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж нөхөн төлбөр болох 33 350 427.27 төгрөг, хүү 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 888 төгрөг, замын зардал 1 000 000 төгрөг, нийт 36 184 378.39 төгрөгийг шаардаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т д-” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Хас банк” ХХК-ийн зээлдэгч Ц.О-тай 160128100730 тоот ипотекийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар, гэрээ дуусгавар болох үед талуудын аль нэг нь санал гаргаагүй бол тухайн гэрээ жил бүр шинээр сунгагдах нөхцөлтэй байгуулсан. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр даатгуулагч Ц.О- нь өвчний улмаас нас барсан боловч 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүхий дараах нөхцөл байдал бий болсон. Харин даатгуулагч Ц.О- нь Хэвлийн хөндийн наалдац, түгжрэл, мухар олгой, олон эрхтний дутагдал өвчний шалтгаантай нас барсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт дахь Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Б-ын бичгээр гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн төрсөн охин Б.У-гийн бичгээр өгсөн тайлбар, Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, даатгуулагчийн төрсөн охин Б.У-гийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан өргөдөл зэрэг баримтаар нотлогддог. Нөхөн төлбөр шийдвэрлэлтийн явцад даатгуулагчийн охин Б.У- нь даатгуулагчийг даатгалын гэрээний 1.3.9.1-1.3.9.5-д заасан ямар гэнэтийн ослын улмаас нас барсан болохыг нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл даатгуулагч Ц.О- нь өвчний улмаас нас барсан явдал нь даатгалын гэрээнд тухайлан заасан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйл болох гэнэтийн осол (Даатгалын гэрээний 1,3.9.1-1.3.9.5-д нарийвчлан заасан)-ын эрсдэлд хамаарахгүй. Дээр дурдсан үйл баримтуудаас харвал даатгуулагч Ц.О- нь 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 2.1.2.1-д заасан гэнэтийн ослын эрсдэл болон 1.3.9.1-1.3.9.5-д заасан гэнэтийн ослын улмаас нас бараагүй харин өвчний улмаас нас барсан болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан болно. Мөн 2016 онд даатгуулагч Ц.О-тай анх байгуулсан даатгалын гэрээний нөхцөл нь тухайн даатгалын гэрээ сунгагдах тухай бүр өөрчлөгдөж байгаагүй болно. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид "гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэснээс харвал ердийн даатгалын компани нь даатгуулагчид учирсан зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгахаар журамлагдсан. Мөн журмын 2.2.2-д урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгаанаар нас барах эрсдэл буюу өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгахаар зохицуулсан. Харин “Т д-” ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 58 тоот тогтоолоор Ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах ТЗ 201/12 тоот тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагч юм. Мөн Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг компани нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа давхар эрхлэхийг хязгаарласан байдаг. Дээрхээс харвал “Т д-” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцүүлэн ипотекийн зээлдэгчийн амь насанд гэнэтийн ослоос үүдэн учрах эрсдэлийг даатгаж ажилласан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлд гэрээний хугацаа, түүнийг сунгах, дуусгавар болох нөхцлийг дараах байдлаар зохицуулсан. Үүний дагуу даатгуулагч Ц.О-ы даатгалын гэрээ жил бүрийн 7 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай, өмнөх гэрээтэйгээ ижил нөхцөлөөр сунгагдаж явсан байдаг. Мөн даатгалын гэрээг сунгах бүрт даатгуулагч нь даатгалын гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч даатгалын гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргалгүйгээр даатгалын хураамжийг үндсэн зээлийн төлбөртэй хамт сар бүр хэсэгчлэн төлсөн байдаг. Санхүүгийн зохицуулах хороо нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9/2678 тоот албан бичгээр Даатгуулагчаар мэдүүлгийн маягт бөглүүлж сонголт хийх эрхийг даатгуулагчид олгоогүй гэж дүгнэсэн нь дараах үндэслэлээр үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Т д-” ХХК нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын дагуу ямар ч тохиолдолд “Т д-” ХХК нь гэнэтийн ослын эрсдэлээс өөр төрлийн (өвчний улмаас нас барах) үндсэн эрсдэлийг даатгах боломжгүй юм. Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь даатгуулагч Ц.О-, хамтран зээлдэгч Б.У- нар нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр анх даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын гэрээний бүх нөхцөлтэй танилцсан гэдгээ илэрхийлж гарын үсгээ даатгалын гэрээнд зурсан. Тэрхүү байгуулагдсан даатгалын гэрээний нөхцөлийн дагуу даатгалын гэрээг 3 жил дараалан сунгах явцад даатгуулагч гэрээний нөхцөл, хугацаанд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бөгөөд сайн дурын үндсэн дээр даатгалын хураамжаа даатгагчид шилжүүлэн даатгуулж байсан зэргээс харвал даатгуулагч Ц.О- нь даатгалын гэрээг өөрчлөх, дуусгавар болгох өөрийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан ч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны 210 тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Мэдүүлгийн маягтын загвар”-ыг харвал агуулга нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд бүрэн тусгагдсан байгаа. Иймээс даатгуулагчийн мэдээллийг аваагүйгээс даатгуулагчийн эрх ашгийг хохироосон гэж үзэхэд учир дутагдалтай. Маргааныг урьдчилан шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9/2678 тоот албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгохыг үүрэг болгох эрх хуулиар олгогдоогүй. Нэхэмжлэгч нь зээлийн хүү 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 888 төгрөг нэхэмжилсэн нь 1601281007302 тоот даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна. Мөн замын зардал 1 000 000 төгрөг нэхэмжилсэн нь даатгалын тохиолдолтой холбоо хамааралгүй зардал байна. Иймд даатгуулагч Ц.О- нь даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас нас барсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, мөн ердийн даатгалын компани нь аливаа өвчний улмаас үүссэн эрсдэлийг даатгах боломжгүй буюу хариуцах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Т д-” ХХК-аас нөхөн төлбөр болох 33 350 427.27 төгрөг, хүү 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 888 төгрөг, замын зардал 1 000 000 төгрөг, нийт 36 184 378.39 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч хариуцагч “Т д-” ХХК-аас 16 941 770.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19 242 608.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нараас 2020 оны 02 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338 890 төгрөгийн 338 872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Т д-” ХХК-аас 242 659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Даатгалын гэрээний нөхцөлийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2.1-д заасныг тайлбарлахдаа гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.6, 1.3.9-д заасныг харгалзан үзэж дүгнээгүй. Гэтэл шүүх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9-д заасныг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй, зөвхөн гэрээний заалт/1,3.9/-ын толгой хэсгийн эрсдэлийн шинжийг заасан хэсгийг иш татан тайлбарласан нь учир дутагдалтай болсон. Үүнээс харвал шүүгч талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээгээр хэлэлцэн тохирсон гол нөхцөл болох даатгалын эрсдэлийн төрлийг огт харгалзан үзээгүй гэж үзэхээр байна. Даатгагчийн хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэсэн талаар. Даатгагчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 8.5.3-д заасныг баримтлан даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх дүгнэхдээ хуульд заасан зохицуулалтыг даатгагч даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт буюу тохиолдлуудын жагсаалтад заавал тусгах, хэрэв тусгаагуй бол даатгагч нь нөхөн төлбөр хариуцах үндэслэлтэй гэдэг байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээ байгуулагч талууд нэгэнт хуулиар тодорхойлсон нөхцөлийг гэрээндээ заавал тусган оруулах шаардлагагүй, мөн гэрээгээр тохиролцоогүй эрсдэлийг даатгагч хариуцахгүй юм. Энэхүү нөхцөл байдал талуудын байгуулсан гэрээний малгай хэсэгт “...даатгалын гэрээг Даатгалын тухай хуулийг тус тус удирдлага болгон дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулав” гэж зааснаас тодорхой харагдана. Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь Даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй. Даатгуулагч Ц.О- нь “Хэвлийн хөндийн наалдац, түгжрэл, мухар олгой, олон эрхтний дутагдал” өвчний шалтгаантай нас барсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт дахь Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Б-ын бичгээр гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн төрсөн охин Б.У-гийн бичгээр өгсөн тайлбар, Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, даатгуулагчийн төрсөн охин Б.У-гийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан өргөдөл, хэрэгт авагдсан Орхон аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өвчний түүх, гэрчээр асуугдсан эмч нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогддог. Даатгуулагч Ц.О- нь өвчний улмаас нас барсан явдал нь даатгалын гэрээнд тухайлан заасан хүчин зүйл болох гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй юм. Дээр дурдсан үйл баримтуудаас харвал даатгуулагч Ц.О- нь 1601281007302 тоот “Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-ний 1.3.9.1-1.3.9.5-д заасан гэнэтийн ослын улмаас нас бараагүй харин өвчний улмаас нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д заасныг баримтлан даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн талаар. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан бусдад ашигтайгаар хийгдсэн даатгалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарт даатгалын баталгаа олгогдоогүй юм. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй. өн шүүх хэргийн материалд даатгуулагч Ц.О-ыг гэнэтийн ослын улмаас нас барсныг нотлох баримт байхгүй байхад, түүнийг гэнэтийн ослын улмаас нас барсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Тухайлбап, хэрэгт авагдсан Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний нас барсан хэлбэр хэсэгт “Өвчнөөр” гэж тэмдэглэгдсэн гол баримт, нотолгоог авч үзээгүй. Гэрчээр асуугдсан мэс заслын их эмч Л.Төгөлдөрийн тайлбарт даатгуулагч Ц.О-ыг гэдэсний түгжрэлээс гадна биеийн ерөнхий хордлого гэсэн давхар оношоор нас барсан болохыг дурдсан, бусад гэрч нарын тайлбарт даатгуулагчийг дан ганц гэдэсний түгжрэл бус хордлого, хагалгааны дараах хүндрэл зэргээр нас барсан зэрэг үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал нэхэмжлэгч, нэхэмжлэгчиин төлөөлөгч нар хариуцагч талаас тавьсан асуултад хариулж чадаагүй буюу даатгуулагчийг даатгапын гэрээнд заасан аль эрсдэлийн улмаас нас барсан болохыг үндэслэл бүхий тайлбарлаж, нотлоогүй. Дээрхээс харвал шүүх талуудын хоорондын гол тохиролцоо болох урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн шинжтэй тухайлан заасан 5 төрлийн үйл явдал үүссэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу үндэслэл бүхий дүгнээгүй байна. Даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч нарыг бүрэн тогтоож чадаагүй талаар. Хэргийн материалд даатгуулагч Ц.О-ы төрсөн болон үрчилсэн эцэг, эх байдаг эсэх, тэдгээр нь өв хүлээн авах эрхээсээ татгалзсан эсэх асуудап тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Ц.О-ы нөхөр, хүүхэд нарын хамт адил тэгш өвлөх эрхтэй этгээдийн эрх ашиг зөрчигдсөн байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж заасан өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.У-, Б.Б-, Б.А- нарын алинд ч олгогдоогүй буюу хэргийн материалд авагдаагүй. Мөн даатгуулагч Ц.О-д гэрээслэлээр өв залгамжлагч байсан эсэх асуудал ч тодорхойгүй байна. Иймээс нэхэмжпэгч Б.У-, Б.Б-, Б.А- нарыг даатгуулагчийн хууль ёсны өв залгамжпагч гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэв өв залгамжлагч биш тохиолдолд хуульд заасан даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээдүүд биш юм. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын хүрээнд даатгалын үйл ажиллагаа явуулсан талаар. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тоггоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1 -д “Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэснээс харвал ердийн даатгалын компани нь даатгуулагчид учирсан зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгахаар журамлагдсан. Мөн журмын 2.2.2-д “Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэж урт хугацааны даатгагч аливаа шалтгаанаар нас барах эрсдэл буюу өвчний эрсдэлийг даатгахаар журамлажээ. Харин “Т д-” ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оньг 4 дүгээр сарын 26-ны өдрийн 58 тоот тогтоолоор “Ердийн даатгапын” үйл ажиллагаа явуулах ТЗ 201/12 тоот тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагч юм. Мөн Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу ердийн даатгапын үйл ажиллагаа явуулдаг компани нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа давхар эрхлэхийг хязгаарласан байдаг. Үүнээс харвал “Т д-" ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасны дагуу ипотекийн зээлдэгчийн амь насанд зөвхөн гэнэтийн ослоос үүдэн гарах эрсдэлийг даатгаж ажилладаг байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нар нь хариуцагч “Т д-” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 33 350 427.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 888 төгрөг, замын зардал 1 000 000 төгрөг, нийт 36 184 378.39 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.О-, Б.У- нар “Хас банк” ХХК-аас 38 500 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан, үүнтэй холбоотойгоор Ц.О- “Т д-” ХХК-тай Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагч Ц.О- даатгалын хураамжийг төлж, зээлийн төлбөр тасалдлыг даатгуулсан үйл баримтыг шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар нас барагч Ц.О-ы хүүхдүүд болох Б.У-, Б.Б- нар нь даатгалын нөхөн төлбөрийг “Т д-” ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээ, эмгэг судлал задлан шинжилгээний протокол, гэрч Л.Т, П.М, Ц.Н, Д.С нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар даатгуулагч Ц.О- нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нарийн гэдэсний наалдац түгжрэлийн шалтгаант наалдац салгах, хэвлий угаах мэс засал эмчилгээ хийгдсэн боловч ерөнхий хордлогын улмаас амьсгалын дутмагшил давамгайлсан олон эрхтний дутагдлын улмаас нас барсан болох нь тогтоогдож байна. /1хх 9, 57-58, 133, 156-167 дугаар тал/

 

Харин хариуцагч байгууллагын зүгээс даатгуулагч Ц.О- гэдэсний түгжрэл, биеийн ерөнхий хордлогын улмаас нас барсан нь даатгалын гэрээний гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй, даатгалын тохиолдол бий болоогүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Даатгуулагч Ц.О- 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нас барж даатгалын тохиолдол үүссэнээр нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч “Т д-” ХХК-д хандаж нөхөн төлбөр олгох тухай өргөдөл гаргасан боловч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгснөөр, нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, улмаар хариуцагч байгууллагад Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 9/2678 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгож, биелэлтийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус Хороонд мэдэгдэх, цаашид “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ./хэргийн 24-25 дугаар тал/ Хариуцагч байгууллагаас үүнийг үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй байна.

 

Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9-т “Гэнэтийн осол гэдгийг тодорхойлохдоо даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйлийг ойлгоно” гэж, 1.3.9.1-т Ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих, гэх мэт үед тохиолдсон осол/-ыг гэнэтийн осолд хамааруулан заажээ. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2.1-д “даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барахыг зээлийн төлбөр тасалдлын эрсдэлээс даатгах”-аар, 2 дугаар зүйлийн 2.3.3-т “даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан эрсдлийн улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо банкнаас тогтоосон өрхийн орлогод эзэлж буй хувьд харьцуулан тогтооно” гэж тус тус заасан байна.

 

Анхан шатны шүүхээс даатгуулагч Ц.О- нь гэдэсний түгжрэл, биеийн ерөнхий хордлогын улмаас нас барсан нь даатгуулагчийн амь насанд хохирол учирсан, урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн шинжтэй хүчин зүйл байх бөгөөд даатгуулагч ийнхүү нас барсныг даатгалын эрсдэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Тодруулбал, Даатгалын гэрээний гол зүйл нь даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл бөгөөд дээрх тохиолдолд даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх ба даатгалын эрсдэл нь гэнэтийн осол байна. Өөрөөр хэлбэл, гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал даатгалын эрсдэл үүссэн гэж үзэж, даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүснэ. Нөгөө талаар даатгуулагчийн нас барсан өвчний шалтгаан нь даатгалын эрсдэлийн тохиолдолд хамаарахгүй буюу гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.15-д заасан “Архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас баралт, зүрхний шигдээс, цус харвалт” гэх тохиолдолд хамаарахгүй байна. /хэргийн 60 дугаар тал/ Иймд даатгуулагч Ц.О- нь идсэн хоол хүнсний зүйл буюу гадны биет биед нь орсны улмаас амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан нь урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн шинжтэй хүчин зүйл байх тул ахуйн ослын улмаас нас барсан гэдэгт хамаарна. Нөгөө талаар, даатгуулагчийн нас барсан шалтгаан нь урьд өмнө үүссэн буюу туссан өвчний улмаас бий болсон гэх байдал тогтоогдохгүй байна. Даатгалын гэрээний заалтын агуулга үгийн шууд утгаар ойлгомжгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт зааснаар бусад заалтын хамт системчилсэн тайлбар хийх шаардлагатай юм.

 

Хариуцагч даатгалын тохиолдол бий болоогүй гэх нөхцөл байдлыг буюу даатгалын нөхөн төлбөр төлөхгүй байх үндэслэл шалтгааныг нотлосон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй байна.

 

Ц.О-ы нас барсан үеийн байдлаар зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 33 883 540.22 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан, “Хас банк” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хэргийн 7, 73 дугаар тал

 

Нэхэмжлэгч Б.У- нь орон сууцны зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувийг талийгаачид ногдох хувь гэж үзэж, 16 941 770.11 төгрөгийг даатгалын байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-т тус тус заасанд нийцжээ./хэргийн 69-74 дүгээр тал

 

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 112/004043, 112/004045, 112/004047 дугаартай төрөл садангийн тухай лавлагаагаар Бямбацогтын А-, Бямбацогтын Ундармаа, Бямбацогтын Баярцогт нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ц.О-ы хууль ёсны өв залгамжлагч болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нарын эцэг болох М.Бямбацогт нь 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нас барсан тухай Баянзүрх эмнэлгийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Б.А-гийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт зэргээр тогтоогджээ. Нэхэмжлэгч нар даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч болохыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй. Өөр өв залгамжлах эрхтэй этгээд байгаа болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй тул хариуцагч “Т д-” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 16 941 770.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарт олгож, нэхэмжлэгч нарын даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай шаардлагын үлдэх 16 408 657.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нарын гаргасан Хас банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 1 319 664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 888 төгрөг, замын зардалд 1 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь даатгагчийн олгох нөхөн төлбөрт хамааралгүй, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.13 дахь заалтад зээлийн хүү, торгууль, алдангитай холбоотой нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан, замын зардалд гаргасан гэх зардлын баримтууд нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны баримтууд байна. Дээрх зардлуудыг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 658.86 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.О-ТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

                   

                                                                                           С.ЭНХТӨР