Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 230

 

                                Ц.Бд холбогдох эрүүгийн                                 

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 7 дугаар магадлалтай, Ц.Бд холбогдох 201507000099 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Ц.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ц.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Быг 2 жил 1 сар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг дарааг хохирогч Д.Нт буцаан олгох,  шүүгдэгч Ц.Баас 600.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нт, 890.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж намайг хохирогч Д.Н, хохирогч Д.Н нарын гэрээс хууль бусаар эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож хохирол гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2015 оны 5 дугаар сарын 18-нд Д.Нын гэрээс бэлэн мөнгө, мөнгөн аяга, ээмэг, бөгж, тэмээний ноосон хөнжил зэргийг хууль бусаар аваагүй. Үүнийг нотолсон нотолгоо хэргийн материалд байхгүй. Мөн Д.Нын гэрээс эмээлийн дараа аваагүй. Уг дараа нь манай хүр дүү Ш.Гантулгынх байсан. Иймд уг хэргийг үнэн зөвөөр шийдэж, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлсэн саналдаа: “Хохирогч Нын эмээлийн 4 ширхэг даруулга буюу дарааг хулгайлсан гэх хэрэг нотлогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Анх энэ хэргийн талаар гомдол хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2015 оны 7 дугаар сард хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш 3 жилийн дараа 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Отгонбаатар гэдэг хүнээс 4 ширхэг эмээлийн даруулгыг хураах ажиллагаа явуулж, уг хэргийг сэргээж шалгасан. Нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй байхад ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Шаравнямбуу, Гантулга, Наранбаатар нар эмээлийн даруулгыг өөр өөрсдийнх гэж мэтгэлцсэн. Ингээд таньж олуулах ажиллагаа хийх явцад хохирогч Н нь содон шинж тэмдгийг арай илүү зааж байна гэж дүгнэсэн. Мөн Н гэх айлаас 200 гаран мянган төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэдэг нь нотлогдоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугүй гэх мэдүүлгийг няцаасан үндэслэлээр дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг шүүгдэгчтэй төрөл садангийн харилцаа хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар мэдүүлсэн, мөн алдагдсан эд зүйлийн хувийн содон шинж тэмдэгийг зөрүүтэй мэдүүлсэн зэргийг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг үгүйсгэх боломжгүй, мэдүүлгүүдийг харьцуулах замаар үнэлж гэм буруутайд тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                           

Шүүгдэгч Ц.Бы гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Б нь 2015 оны 5 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Завхан гол 2-1 тоотод байрлах иргэн Д.Нын гэрийн цоожийг эвдэн орж, эмээлийн мөнгөн дараа 4 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 2 ширхэгийг хулгайлж 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хажуу гэр болох иргэн Д.Нын өмчлөлийн гэрээс 200.000 төгрөг, мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон гинж, кулон,  тэмээний ноосон хөнжил зэргийг хулгайлж 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос Ц.Бы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ц.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Бы “Би 2015 оны 5 дугаар сарын 18-нд Д.Н, Д.Н нарын гэрээс эд зүйл аваагүй, гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хянаж үзэхэд хохирогч Д.Нын “...Шөнө Батсуурь бид хоёрыг эмнэлгээс гараад явж байхад Бы байшингийн булангаас чимээ гарсан. Бид хоёрыг эмнэлгээс гарахад Бых харанхуй байсан. Энхболдынд очоод цонхоор нь харахад Бы бүх цонх гэрэлтэй харагдсан”, “Миний дараа ааваас өвлөгдөж ирсэн 6 талтай, цэцгэн хээтэй, цэцэг бүрийн үзүүр дээр жижиг нүхтэй дараа байсан”, гэрч Д.Отгонбаатарын “2015, 2016 оны үед Тайшир сумын малын эмч Б гэдэг хүн ирээд монгол эмээлийн 4 ширхэг мөнгөн дараа зармаар байна. Та аваач гэхээр нь хэдээр зарахыг асуухад 140.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би тэр үнээр нь Бс уг 6 талтай, цэцгэн хэлбэртэй, эдлэгдэж байсан, зэс шинжтэй 4 дарааг худалдаж авсан”, гэрч Б.Шаравнямбуугийн “Надад үзүүлж байгаа энэ 4 мөнгөн дараа минийхтэй хэлбэр хийц нь төстэй юм. Гэхдээ биш байна. Минийх хээн дээрээ хас тэмдэгтэй байсан” гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг мөнгөн дарааг хохирогч Д.Нр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Гантулга нь “...манай аавын 4 ширхэг мөнгөн дараа байсан юм. Манай аав эмээлдээ хэрэглэж байгаад надад өгсөн юм... 2014-2015 оны үед цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Манай эгчийнхийг айл болж тусдаа гарах намар л алга болчихсон юм. Хэн хаанаас авсныг нь мэдэхгүй. Тэгээд дахиж гарч ирээгүй... Манай аав ч гэсэн Бд бэлэг болгож тухайн дараануудыг өгсөн зүйл байхгүй. Б худлаа ярьж байгаа юм... Би Болдсайханд тэр дараануудыг өгсөн зүйл байхгүй...” /1хх-206-207/ гэж, харин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Энэ 4 даруулга нь миний юм байгаа юм. 2000 оны эхээр намайг цэргээс ирэх үед аав эмээл засаж өгч байсан. Хөдөө байж байгаад сүүлдээ аймгийн төв орж ирээд эмээл хэрэглэхээ больсон. Сүүлдээ даруулгыг нь авч хадгалсан байсан. 2015 онд би тээвэр хийж явж байгаад нэг удаа гэртээ ирэхэд даруулга алга болчихсон байсан. Алга болчихлоо гэж хэл ам хийж яваагүй. Би даруулга алга боллоо гэдэг тал дээр гэртээ ярьж байгаад чимээгүй болсон. Энэ намар хот руу явсан байхад ийм асуудал болсон талаар надад мэдэгдэж цагдаагаас ирж байцаалт аваад гэрчийн мэдүүлэг авсан... Намайг байхгүй хойгуур ах, эгч нар, хүргэнийх ирж байдаг. Болдсайхан ааваас мөнгөний хэрэг гараад мөнгө байна уу гэхэд аав мөнгө байхгүй. Энэ дарааг аваад мөнгө болгоод ав гээд өгсөн гэж ирээд сая сонссон... Хээ угалзыг нь хараад тавьж байна. Миний эдэлж байсан зүйл болохоор нүдэнд тусаж байна... Би эмээлээсээ салгаж байгаагүй. Гагнаас гэх зүйл байхгүй. Түүнээс энд тэнд нь гэмтээсэн сэв зэрэг нь байхгүй... Өөрөөсөө цохисон хийцэд тийм зүйл байгаа болохоос цоолоод гэмтээсэн зүйл бол байхгүй. Хараад нүдэнд баримжаагаар хараад л таньж байна...” гэж,

мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Шаравнямбуу нь “...Эмээлийн мөнгөн дарааг би өөрийн хүү Гантулгад дамжуулж өвлүүлсэн, манай хүү 2015 оны үед гэрээс алга болсон гэсэн, дээрх дараануудыг би хүргэн Бд бэлэглэсэн зүйл байхгүй... Надад үзүүлж байгаа энэ 4 дараа минийхтэй төстэй юм, хэлбэр хийц нь ойролцоо юм. Гэхдээ энэ 4 дараа бол арай биш байна...” /1хх-239/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Ц.Б нь манай хүргэн байгаа юм. Би 4 даруулгыг Ганаадаа өгсөн юм. Гэтэл алга болчихсон, хэзээ алга болсон талаар мэдэхгүй... Бд хэрэглэ гээд өгч байсан юм... Миний дараа /даруулга/ дундаа хас тэмдэгтэй...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлснийг шүүх шинжлэн судалж, гэрч Ш.Гантулга, Б.Шаравнямбуу нар нь шүүгдэгч Ц.Бтай төрөл садангийн холбоотой бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн, мөн тухайн эмээлийн дарааны хувийн содон шинж тэмдгийг зөрүүтэй мэдүүлсэн зэргийг үндэслэн дээрх гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг үгүйсгэх боломжгүй, мөн Ш.Гантулга нь өөрийн хүргэн ах Ц.Быг гэмт хэрэгт буруутгахгүйн тулд өмнөх мэдүүлгээ үгүйсгэж, худал мэдүүлэг өгсөн байж болох талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж, харилцан зөрүүтэй бусад баримтыг няцаан үгүйсгэх замаар шүүгдэгч Ц.Быг хохирогч Д.Н, Д.Н нарын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг сэргээн тогтоосныг хяналтын шатны шүүхээс өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ц.Бы хяналтын журмаар гаргасан “уг хэргийг үнэн зөвөөр шийдэж, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 7 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН