Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0600

 

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0600

Улаанбаатар хот

З.Дагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч З.Дагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор З.Дагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Дагвасүрэнгийн “Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “З.Дагвасүрэнг ажлаас халах тухай” Б/02 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “З.Дагвасүрэнг ажлаас халах тухай” Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд З.Дагвасүрэнг эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.Дагвасүрэнгийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: З.Дагвасүрэн миний Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сар 03-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх тухай Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15 ны өдрийн 17 тоот шийдвэрийн үндэслэл хэсгийн 3 дугаар хэсэг болон Тогтоох нь хэсгийн 2 дахь заалт болох “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.Дагвасүрэнгийн "ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх"-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн заалтыг зөвшөөрөхгүй байгаа тул, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтын дагуу миний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх ёстой гэж үзэж гомдлын шаардлага гаргаж байна.

Учир нь: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийн 3,4 дэх шаардлагыг хангахгүйгээр

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 заалтыг үндэслэн надад шүүх сахилгын шийтгэл ногдуулсан мэтээр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" 26.1.1. сануулах;, 26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 26.1.3. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, 26.3. Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна. гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тэгээд ч санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил миний хүлээх хариуцлага биш юм. Улсын байцаагчийн 04 тоот актаар хариуцуулсан 7813,3 мянган төгрөг нь эргэн төлөгдөхдөө ЗДТГ-н дарга нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдсан төлбөрийн хусэлтээр Төрийн санд хүргэгдэх учир ЗДТГ-ын дарга ня-бо нарт үүрэг болгож акт тавигдсан болохоос түүний төлөө хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь өөр асуудал гэж би үззж өргөдөл гомдол гаргасан бүхий л шатанд тайлбараа /хавтаст хэргийн 1, 89, 104, 156, 214 дугаар тал/ өгсөн одоо ч тэгж үзэж байгаа. Тийм ч учир миний бие актаар тогтоосон төлбөрийг барагдуулахаар актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болохоос хариуцлага хүлээнэ гэж гарын үсэг зураагүй ээ. Учир нь актаар тавигдсан
7813,3 мянган төгрөгийн 6470,0 мянган төгрөгийн гүйлгээг хийлгэхдээ сумын ЗДТГ-ын дарга, нягтлан бодогч нар нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн сангийн үйл ажиллагааны журам"-ын дагуу сумын төрийн санд холбогдох зардлуудаас 6470,0 мянган төгрөг хэрэгтэй байна гэдэг хүсэлтээ л хүргүүлсэн уг гүйлгээг сумын төрийн сан хянаж баталгаажуулсны үндсэн дээр бслно гэж зөвшөөрч тэмдэг дарагдсанаар гүйлгээ хийгдэн эцсийн шийдвэр гарсан /хавтаст хэргийн 159, 160 дугаар тал/ сумын нөгөө талаасаа Засаг дарга Төсвийн шууд захирагч болон санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь Төсвийн тухай хууль болон холбогдох заавар журмууд Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд ч биднийг мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах үүрэгтэй байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. д " Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна." гэж заасан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 " ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;", 69 дүгээр зүйлийн 69.1. д "Энэ хуулийн 36.1.2-т зааспы дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тзнцэх олговрыг олгоно.", Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д "Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгзл төлэгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө." гэсэн заалтуудтай нийцээгүй тэдгээрийг зөрчсөн гэж үзэж байна.

Миний бие нэхэмжлэл гаргахдаа ажил эрхэлж байх хугацаандаа авч байсан цалин, төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг батапгаажуулсан нийгмийн   даатгалын дэвтэрийн хуулбарыг/ хавтаст хэргийн 101,102 дугаар тал / сумын хүргүүлсэн бөгөөд дээрхи хүчингүй болгосон шийдвэрийн улмаас хохирсон нь тодорхой байтал нэхэмжлэлийн 3,4 дэх шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 " Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ... " гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлээгүй гэж үзэж гомдлын шаардлага гаргасан болно.

Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сар 15-ны өдрийн 17 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж миний ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх нөхөн олговор гаргуулах, НДШ төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бодит хэргийн нөхцөлд нийцэхгүй шийдвэр гэж үзэж байгаа тул хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд давж заалдах гомдлыг өөрийн биеэр гаргаж байна.

Захиргааны хэргийн шүүхээс Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03 -ны өдрийн Б/02 захирамжийг хэт нэг талаас харж үнэлэлт дүгнэлт өгсөнд туйлаас их харамсаж байна. Засаг дарга миний бие хэн нэгнийг ажлаас халах, чөлөөлөх хувийн сонирхолгүй болно. Гэтэл аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 29/01 тоот удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Уянга сумын ЗДТГазрын 2015, 2016 онуудын төсөв болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж ноцтой олон зөрчил дутагдал илрүүлж зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ба шалгалтын үр дүнг аймгийн Засаг даргад тайлагнасан. З.Дагвасүрэн нь өөрөө санхүүгийн алдаа дутагдал, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргаас санхүүгийн зөрчилд алдаа, дутагдал гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцон хариу ирүүлэхийг албан тоотоор мэдэгдсэн.

Намайг Засаг дарга болсон цагаас хойш сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн нь А, болон Б үнэлгээтэй байсан боловч "Санхүүгийн ноцтой зөрчилд" хариуцлага хүлээх, зөрчил дутагдлыг арилгах үүрэг бүхий албан тушаалтан болох нь илэрсэн тул түүнд дээд шатны Засаг даргын албан мэдэгдлийг танилцуулж, зохих сахилгын шийтгэл хүлээлгэх талаархи мэдэгдлийг хүргүүлж, түүнээс тайлбарыг авч санаа бодлыг судлан үзэж бодит нөхцөл байдалд нийцүүлэн Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан үндэслэл журмаар ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

З.Дагвасүрэн нь миний захирамжийг гардан авсан цагаасаа өөрийн гэм бурууг үгүйсгэж явсаар байгаа бөгөөд Өвөрхангай аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд төрийн албаны салбар зөвлөлөөс Засаг дарга миний гаргасан захирамжийн удаа дараа төрийн албан хаагч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх захирамжийн нэг хууль зүйн нөхцөл нь үндэслэлгүй гэж үзсэн тул өөрийн захирамжаас төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийн хүрээнд захирамжийн уг нөхцөлийг хасаж зөвтгөсөн болно. Захирамжийн бусад үндэслэлийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж салбар зөвлөл үзсэн болно.

Харин захиргааны хэргийн шүүхээс дээрхи болсон үйл явдлыг бүрэн дүүрэн үндэслэл бүхий байдлаар харалгүй шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөлд хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байгаа тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэх боломжгүй гэж үзэж байна.

Одоо манай суманд ажиллаж буй төрийн албан тушаалтнууд дээр дурьдсантай адил санхүүгийн зөрчил дутагдал гаргасан ч айх зүйлгүй шүүхдээд байхад ажилтайгаа байгаад байх юм байна гэсэн хандлага бий болж байна. Энэ бол маш их харамсах зүйл юм.

Иймд хэргийн бодит нөхцөлийг бүрэн дүүрэн хангалттайгаар хавтаст хэрэгт нотлох баримттайгаа байгаа гэж үзэж байгаа тул дахин бодит өнгөрсөн үйл явдлыг зөв үнэлж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, дахин хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрийг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Д нь “Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, Аудитын албанаас санхүүгийн баримтуудад санхүүгийн хяналт, шалгалт хийгдсэн улсын байцаагчийн 2017 оны 29/01 тоот удирдамж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот акт, дүгнэлтийг удирдлага болгон Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн хэмээн хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-ыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү хяналт, Аудитын албанаас санхүүгийн хийсэн хяналт, шалгалтаар нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдсон байгаа боловч энэ нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчил биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах ёстой байжээ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

Шүүх “... санхүүгийн хяналт шалгалтын явцад илэрсэн зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг л Засаг даргын Тамгын газрын даргаар нөхөн төлүүлэх утга агуулгатай акт байна” гэж дүгнэсэн боловч мөн “Хариуцагч Уянга сумын Засаг дарга Б/02 дугаар захирамж гаргах болсон үндэслэлдээ Улсын байцаагчийн акт, дүгнэлтийг дурьдсан нь үндэслэлтэй буюу Тамгын газрын дарга зөрчил дутагдал гаргасан болох нь Улсын байцаагчийн акт болон уг актыг хүлээн зөвшөөрч буй үйл баримтаар нотлогдож байна” гэж зөрчилтэй дүгнэж, уг дүгнэлтээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаас татгалзсан үндэслэл болгосон буруу байна. Нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүний зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуультай байна.

Хариуцагчийн “... манай сумын ажиллаж буй төрийн албан тушаалтнууд дээр дурьдсантай адил санхүүгийн зөрчил дутагдал гаргасан ч айх зүйлгүй шүүхдээд байхад ажилтайгаа байгаад байх юм байна гэсэн хандлага бий болж байна” гэх гомдлын тухайд: Шүүхийн шийдвэр нь буруутай этгээдийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн асуудал биш бөгөөд захиргааны байгууллага Төрийн  албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй байх тул шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан үүргээ зөрчсөн, алдаа дутагдал гаргасан байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй зөрчилдөж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангахаас татгалзсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогч болох гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцсон эсэхийг тусгаагүй атлаа хэргийн оролцогч бус этгээдийг тодорхойлж бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгтэй нийцэхгүй байгааг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэн, 1. “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Дагвасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “З.Дагвасүрэнг ажлаас халах тухай” Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож, З.Дагвасүрэнг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ