Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01912

 

 

                                  ГМЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02581 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГМЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 23 181 892 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ГМЭ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Х.Бийг ГМЭ ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр мэс заслын эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Л.Ганзаяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсний дагуу манай байгууллагаас 23 181 892 төгрөгийг гаргуулах хохирогчид олгож шийдвэрлэсэн. Л.Ганзаяад учруулсан 23 181 892 төгрөгийн хохирлыг манай компани бүрэн төлж барагдуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллагад учирсан хохирол 23 181 892 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГМЭ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний 277 дугаар шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр биш тогтоолыг үндэслэл болгосон. Энэ тогтоол нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 тоот магадлалаар Х.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие ГМЭ ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үед буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Л.Ганзаяад төлөвлөгөөт журмаар цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэсэн. Мэс заслын явцад өвчтөнд цөсний хүүдийн цоргогүй хүүдий буюу “scystic gallbladder” гэж нэрлэгддэг цөсний замын төрөлхийн гаж хөгжил тодорхойлогдсон. Мэс заслын явцад тохиолдсон энэхүү ээдрээтэй байдлыг харгалзан, тухайн нөхцөл байдалд тохирсон холбогдох арга хэмжээг авч, хэвлийд 1 трокарь (мэс заслын багаж оруулах зориулалт бүхий тусгай орц-багаж) нэмэлтээр байрлуулан, цөсний хүүдийг ретроград буюу ардаас нь хуулж авах техникээр мэс заслыг хийж гүйцэтгэсэн болно. Мэс засал дууссаны дараа уг хагалгааны явц, тохиолдсон нөхцөл байдал ба тухайн үед авсан арга хэмжээ, хагалгааны дараа учирч болох эрсдэл (цөсний ерөнхий суваг, цөсний хүүдийн ёроол хоёр нь завсар босоогоор, дээр доороос нь угтуулан тавьсан 2 клип буюу хавчаарууд цөсний ерөнхий сувагт хэт шахагдаж тавигдсан байх), гарч болох хүндрэл, хэрэв эрсдэл нь бодит болж хүндрэл гарвал түүнийг засах боломжит эмчилгээний арга, хагалгааны дараах 24-48 цагийн турш өвчтөнийг ажиглах, өвчтөн болон өвчтөний ар гэрт сайтар тайлбарлан хэлж ойлгуулсан. Мөн мэс заслын тэмдэглэл, хууль эрх зүйн баримт бичиг болох өвчтөний түүх зэрэгт анхааруулан тэмдэглэж үлдээсэн. Харамсалтай нь мэс заслын дараах 2 дахь өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өвчтөнд механик шарлалт эхэлсэн. Маргааш өглөө нь буюу 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өвчтөн Л.Ганзаяад ГМЭ ХХК-ийн мэс заслын зөвлөх эмч Л.Амгалан хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэн. Уг мэс ажилбарын үед миний бие Л.Амгалан эмчийн туслах мэс засалчаар оролцсон хийгээд хагалгааны явцад Л.Амгалан эмч цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбохдоо нарийн гэдэсний өгсөх хэсгийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулан холбоход нь “техникийн хувьд буруу бөгөөд та бүдүүн гэдэсний араар нь холбох ёстой” гэдгийг анхааруулан хэлсэн боловч “зүгээр, Монголд ингээд л хийдэг юм” гэсэн. 2015 оны 6 сарын эхээр өвчтөн эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад, мэс заслын дараах үед буюу хяналтанд байх хугацаанд өвчтөнд үе үе хоолны дуршил алдагдах, хэвлийн дээд хэсэг, аюулхай орчмоор таталдаж өвдөнө гэсэн зовиурууд илэрч байсан. ГМЭ ХХК-д хийлгэсэн шинжилгээнүүдээр цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос (Л.Амгалан эмчийн гүйцэтгэсэн хагалгаа) нарийссан гэсэн онош тавигдсан. Уг холбоосны нарийсалтыг засуулахаар өвчтөн Солонгос улс руу эмчилгээнд явсан. Солонгос улсад эхний удаад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэвлийн эхографийн хяналтан дор арьсны гаднаас зүүгээр хатгалт хийн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийсалтыг тэлж засах ажилбар хийсэн боловч энэ нь үр дүнгүй болсон. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөн эмнэлэг дээр хэвлийн нээлттэй аргаар дахин мэс засал хийж цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийссан хэсгийг засварлаж, дээш өгссөн нарийн гэдэсний хэсэг бүдүүн гэдэсний урдуур дамнаж буруу тавигдсан байсныг бүдүүн гэдэсний араар буюу хэвийн байрлалд оруулж зассан гэдэг нь Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тодорхой байсан. Л.Ганзаяагийн Солонгос улсад очиж 2 удаагийн мэс ажилбар болон мэс засал хийлгэсэн шалтгаан нь Л.Амгалан эмчийн гүйцэтгэсэн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос буруу хийгдсэнээс болсон. ГМЭ ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын17-ны өдөр Л.Ганзаяатай эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол зорилго өөрийн бизнесийн нэр төрийг хамгаалах зорилгоор байгуулсан гэрээ юм. Иймд ГМЭ ХХК-ийн 23 181 892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Х.Бөөс 23 181 892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГМЭ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Х.Бийг эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалаар хэвээр үлдээн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх эцэслэн дүгнэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4 дэх хэсэгт “этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар учирсан хохирлыг шаардах эрх нэхэмжлэгчид байх ба Иргэий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2.-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж зааснаар уг хохирлын үндэслэлийн талаар дүгнэлт хийнэ” гэж өөрөө хангалттахй дүгнэсэн. Ийнхүү дүгнэсэн атлаа хариуцагч Х.Бөөс 23 181 892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГМЭ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх хэрэг хэрэг авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг  тухайн хэрэгт хамааралтай, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ГМЭ ХХК хариуцагч Х.Бөд холбогдуулан гэм хорын хохиролд 23 181 892 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Бийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Л.Ганзаяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалаар шүүгдэгч Х.Бийг хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүх шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн. Харин магадлалаар шийтгэх тогтоолын 3 дахь заалт буюу Х.Бөд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүнийг гэм буруугүй гэж дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Бийг дээрх үйлдэлд гэм буруутай байдлыг тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Шийтгэх тогтоолын дагуу ажил олгогч ГМЭ ХХК нь ажилтан Х.Бийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг 23 181 892 төгрөгийн хэмжээнд арилгасан болох нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 789 дугаартай төлбөрийн даалгавар гэх баримтаар тогтоогджээ. /хх-19х/ Иймд ажил олгогч ГМЭ ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтан Х.Бийн бусдад учруулсан хохирлыг төлсөн хэмжээгээр мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу Х.Бөөс шаардах эрхтэй. /хх19х/

 

Анхан шатны шүүх нь Х.Бийн гэм бурууг тогтоосон, ажил олгогч ажилтныхаа бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн үндэслэл гэм хор учруулсан талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч Л.Ганзаяад учирсан хохирлоос 23 181 892 төгрөгийг ГМЭ ХХК хариуцах үндэслэл тодорхой бус, маргаж буй мөнгөн дүнгийн хэмжээгээр Х.Бөд хариуцлага ногдуулахад учир дутагдалтай, нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар ГМЭ ХХК-аас 23 181 892 төгрөг гаргуулж Л.Ганзаяад олгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын энэ хэсгийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээсэн.

 

Хохирлыг 23 181 892 төгрөгөөр тооцон ГМЭ ХХК-аас гаргуулж хохирогч Л.Ганзаяад олгохоор эрүүгийн журмаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалд хэн аль нь гомдол гаргаагүй тул хохирлын хэмжээг тогтоогдсон гэж үзнэ. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтэд “эхний мэс ажилбарын үед Х.Б эмч нь Л.Ганзаяагийн цөсний ерөнхий сувагт хавчаар тавьсан нь техникийн алдаа болсон, уг хавчаар цөсний ерөнхий хүүдийн цоргонд тавигдах ёстой, эхний хагалгааны дараа үүссэн хүндрэлийг засах зорилгоор эмч Л.Амгалан 2 дахь хагалгааг хийсэн” гэжээ. Иймд эмч Л.Амгаланг уг хохирлыг гаргасан буруутай гэх хариуцагчийн татгалзлал үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэгт зааснаар

хариуцагч Х.Бөөс 23 181 892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГМЭ ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “... үлдээсүгэй” гэснийг “... үлдээж” гэж “... үлдээж гэсний дараа хариуцагч Х.Бөөс 273 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГМЭ ХХК-д олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 274 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                             ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                     Д.БАЙГАЛМАА