Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01883

 

МАГАДЛАЛ

 2020.09.04                                       Дугаар 1883

 

 

 

 

 

 

                                  “АЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/01936 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “АЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюу

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бнь “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК-д ажиллаж байх үедээ буюу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 27 000 000 төгрөгийн 11 сар хүртэл зээлэх хүсэлтийг компанийн гүйцэтгэх захирал Майкл О Маллейд хандаж гаргасан. Тус хүсэлтийг компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь Г.Б-ындансанд 27 000 000 төгрөгийг шилжүүлж, хүүгүй зээл олгосон. Гэвч Г.Бнь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд төлөхөөс зайлсхийж, компанийн үйл ажиллагаанд хохирол учруулаад байна. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч 27 000 000 төгрөгийг шилжүүлж, зээлийг олгосон болно. Тус зээл хүсэх өргөдлийг Г.Бнь “АЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл О Маллейн [email protected] гэсэн цахим хаягт ирүүлсэн болно. Иймд 27 000 000 төгрөгийг Г.Б-аасгаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0719 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болно. Ийнхүү уг асуудлаар анхан шатны шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалинд 65 815 050 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул Г.Бнь компаниас авлагатай болно. Мөн компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийн хувьцааг “Ай Өү Ти Автомэйшн монголиа” ХХК эзэмшдэг ба уг компанийн гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчийн албыг Г.Бхашиж, үлдсэн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох Ай Эс Жи холдингс Эй Пи Эй Си ПТЭ.ЛТД компани эзэмшдэг ба уг компанийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигч нь Майкл О Маллей юм. Тиймээс эдгээр хувьцаа эзэмшигчид нь хувьцаа эзэмшигчдийн адил тэнцвэртэй эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шударга, байнгын тасралтгүй байлгах, хэн хэндээ харилцан хяналт тавьж байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг хувьцаа эзэмшигчийг төлөөлж компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хариуцуулахаар гүйцэтгэх захирал Майкл О Маллейг томилсон бол компанийн санхүү, захиргаа хариуцсан захирлаар хувьцаа эзэмшигч Г.Батбаатарыг томилсон байдаг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш буюу компанийн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан хугацаа дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах хугацаа дуусгавар болсон байна. Тиймээс мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.5 дахь хэсэгт энэ хуулийн 59.4 дэх хэсэгт заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлга/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон тул гүйцэтгэх захирал Майкл О Маллейг компанийг төлөөлөх эрхтэй, компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас27 000 000 /хорин долоон сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ай Эс Жи Ай Өү Ти ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 292 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ай Эс Жи Ай Өү Ти ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх гүйцэтгэх захирал Майкл 0‘ Маллейн компанийг төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй, нэг хувьцаа эзэмшигч нь “Ай Өү Ти Автомэйшн Монголиа” ХХК буюу уг компанийн гүйцэтгэх захирал Г.Бболох нь хэрэгт авагдсан “АЭ” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээ зэрэг бусад баримтаар тогтоогддог. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш буюу 2019 оны хувьд санхүүгийн жил 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноос хойш 4 сарын дотор зарлан хуралдуулахаар заасан.

Гэвч тус компани нь санхүүгийн жил дуусахаас өмнө хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй болох нь хэрэгт авагдсан “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК-аас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлага гаргах” тухай албан бичиг, мөн уг албан бичигт хариу ирүүлсэн “Ай Эс Жи Ай Өү Ти ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг болон “Ай Өү Ти Автомэйшн Монголиа” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 202044 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар, хурлын дэг зэрэг баримтаар нотлогдож байна. Ийнхүү компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг тухайн жилийн зарлан хуралдуулсан эсэх талаар үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж, баримтаар нотлоогүй болно.Тус компани нь Компанийн дүрэмд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн 4 гишүүнтэй боловч мөн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг шүүх анхаараагүй. Анхан шатны шүүхээс “АЭ” ХХК-ийн нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 77 дугаар зүйлийн 77.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр “Ай Эс Жи Ай Өү Ти" ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл 0‘ Маллейг компанийг төлөөлөх эрхтэй, компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй захирал гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК нь хариуцагч Г.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “тус компаниас ажилгүй байсан хугацааны олговорт 65 815 050 төгрөг авах авлагтай, мөн төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж маргасан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Г.Б-ынэзэмшлийн 499192698 тоот дансанд 27 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь зээлээр авсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж зохицуулсан бөгөөд  нь “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК нь 27 000 000 төгрөгийг Г.Б-ындансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шатны шүүх хариуцагч Г.Б-аасзээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэрээр “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 65 815 050 төгрөг гаргуулж Г.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралгүй бөгөөд тус компаниас авлагатай учир зээлийн төлбөрийг төлөхгүй гэх хариуцагчийн татгалзлал үндэслэлгүй.

Мөн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт “энэ хуулийн 59.4 дэх хэсэгт заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл/ байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч “Ай Эс Жи Ай Өү Ти” ХХК-ийг Майкл О Маллейн төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэх асуудал нь энэ маргаанд хамааралгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/01936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

                                                ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА