Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/02238

 

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/02238

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, С... гудамж, Засгийн газрын ...дүгээр байр, ... тоотод оршин байх, А.Б.Ч.Б-ийн З.А/РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... төвийн байранд оршин байх, Г.С ХХК/РД: 2574756/-д холбогдох,

Газар эзэмших гэрээний үүрэгт 4,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагч төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ч.Б.З.Аны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2009 оны 8 дугаар сард Г.С.ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл, агуулах барих зориулалтаар газар олгож, 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №76 дугаар эрх олгох, 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №74 дугаартай газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №09/80 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Гэвч 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр №87 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, эрхийн гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагааг эхлүүлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. Иймд гэрээний үүргийг хангуулах үүднээс газар эзэмшүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу газар эзэмшүүлэх гэрээний төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 2,240,000 төгрөг, 2010 онд 2,240,000 төгрөг, 2011 онд 412,500 төгрөг, нийт 4,892,500 төгрөгийг газрын төлбөрт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Гын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсаны дагуу 2009 оны 8 дугаар сарын 13-нд №09/80 дугаартай газар эзэмших гэрээг байгуулсан. Гэрээг байгуулсан боловч тухайн үед 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар төрөөс дэд бүтцийн ажил хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүй юм. Тийм учраас тухайн газар эзэмшүүлэх гэрээний 1 дүгээр зүйлд заасан гэрээний салшгүй хэсэгт тооцогдох хүчин зүйлээс үндэслэн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй юм. Тухайн гэрээний 1 дүгээр зүйлд энэхүү гэрээний салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж заасан. Уг гэрээг хүчингүйд тооцох үндэслэл нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т кадастрын зураг, 1.2-т байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 1.3-т тухайн газрын хүлээлгэн өгсөн акт зэрэг бүрдэл байх шаардлагатай байсан. Гэтэл уг гэрээний салшгүй нөхцлүүд болох эдгээр хүчин зүйлс байгаагүй. Тухайн гэрээний дагуу А.Б чөлөөт бүсийн З.А.Анаас уг газрын кадастрын зургийг хийж өгөөгүй, газрыг хүлээлгэж өгөөгүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж өгөөгүй юм. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан хүчин зүйл байхгүй учраас тухайн гэрээг хүчингүй гэж үзэж байгаа. Мөн тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар төр дэд бүтцийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх байсан боловч ямар ч ажил хийгдээгүй тул тухайн гэрээ хүчингүй юм.

 

Түүнчлэн гэрээний харилцааны хувьд Иргэний хуульд зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд энэ хугацаа дууссан бөгөөд 2009 онд байгуулсан гэрээг 2011 онд хүчингүй болгосон захирамж гарсан боловч гэрээний төлбөрийг 2018 онд нэхэмжилж байгаа нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг харуулж байна. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар гэрээг жил бүр дүгнэнэ гэж заасан ч дүгнэсэн талаар ямар нэгэн баримт байхгүй, гэрээг дүгнэж байгаагүй бөгөөд манай талд ямар нэгэн тайлбар шаардлага тавьж байгаагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хувьд гэрээг 2009 оны 8 дугаар сарын 13-нд байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2009 оны гэрээний төлбөрийг бүтэн жилийн хэмжээгээр нэхэмжилсэн нь буруу юм. Уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ч.Б.З.А нь хариуцагч Г.С.ХХК-д холбогдуулж газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 4,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үед нэхэмжлэгч А.Б худалдааны чөлөөт бүс гэх нэртэй байсан боловч нэхэмжлэл гаргах үед А.Ч.Б.З.А гэж өөрчлөгдсөн ч чиг үүрэг солигдоогүй, өөрчлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Б худалдааны чөлөөт бүсийн захирагчийн /хуучин нэрээр/ 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар захирамжаар Г.С.ХХК-тай хөрөнгө оруулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч, мөн өдрийн 74 дугаартай Г.С.ХХК-д худалдаа, үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламж барихад зориулан А.Б худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 1 га газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан захирамжийг үндэслэн А.Б худалдааны чөлөөт бүсийн ерөнхий менежер Д.Эрдэнэбат, Г.С.ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 09/80 тоот газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Тус бүсийн захирагчийн 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 87 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлээгүй Г.С.ХХК-ийн газар эзэмшүүлэх, /ашиглуулах/ гэрээг цуцалж, бүртгэлийн болон газар эзэмших, /ашиглах/ эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 09/80 тоот газар эзэмшүүлэх гэрээний 2.7-д Газрын төлбөрийн хэмжээ нэг жилд 2,240,000 төгрөг байна., 2.8-д Газрын төлбөрийг гэрээ хийсэн өдрөөс тооцон 14 хоногт багтаан А.Б худалдааны чөлөөт бүсийн З.А.Аны Төрийн сан банкны 900034010 тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ. гэж, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна. гэж, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө. гэж тус тус заасны дагуу хариуцагч Г.С ХХКнь газрын төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч А.Ч.Б.З.А нь газрын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

Гэвч Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурвал жил; гэжээ. Зохигчид газар эзэмшүүлэх гэрээг 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх хугацаанд энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.С.ХХК-д холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээний төлбөрийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Газрын тухай хуулийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б чөлөөт бүсийн З.А.Аны хариуцагч Г.С.ХХК-д холбогдуулан газар эзэмших гэрээний үүрэгт нийт 4,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР