Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01584

 

 

 

 

Ш.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

             

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 23 870 640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З

Хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.Э 137 000 юанийн зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу хүү алдангигүй, барьцаагүй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр аман гэрээ байгуулан 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг "Их Монгол Кредит" ББСБ-аар дамжуулан юанийн шилжүүлгээр Б.Эрдэнэбаярын 62284 8008 68566 61177 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн. Гэтэл Б.Э нь 137 000 юань хүлээн авснаас хойш 1 сарын дараа буцааж надад төлөөгүй бөгөөд удаа дараа нэхэж шаардсаны эцэст 2018 оны 4 сард 10 000 000 төгрөг, 9 сард 15 000 000 төгрөгт тооцон 31-91 УНӨ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 23 870 640 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Миний бие Б.Э-аас үлдэгдэл 23 870 640 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн 137 000 БНХАУ-ын юанийг 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 1 юанийн төгрөгтэй харьцах ханш буюу 356,72 төгрөгөөр үржүүлж 48 870 640 төгрөг хэмээн тооцоолсон болно. Иймд Б.Э-аас 23 870 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сард Р.Базарт 137 000 юанийг зээлдэх тухай хүсэлт гаргаж улмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлд дурдсан “Монгол Кредит” ББСБ-аар дамжуулан өөрийн дансанд шилжүүлэн авсан. Гэтэл Ш.Эрдэнэсүрэнтэй хэлцэл хийсэн мэтээр дурдсан нь үндэслэлгүй. Б.Базар бид хоёр 2017 оны 3 дугаар сард харилцан тохиролцохдоо 137 000 юанийг 1 жилийн хугацаанд багтаан хэсэгчлэн төлж барагдуулахаар аман гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэтэл нэхэмжлэлд 1 сарын хугацаатай гэж дурдсан байгаа нь үндэслэлгүй юм. Р.Базартай 2017 оны 6 сард түүний харьяаллын “Алтайн Хүдэр” ХХК-д төлбөртэйгөөр ажиллах (аливаа татвар, хураамжгүй) тухай амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус хэлцэлд би дээрх компанийн зарим нэгэн ажил үүргийг 90 хоногийн хугацаатай гүйцэтгэх бөгөөд хэлцлийн нийт үнийн дүн нь үүргийн гүйцэтгэл, ажлын бүтээмжийг харгалзалгүйгээр тооцогдох буюу энэхүү хөлсийг өмнө зээлсэн мөнгөн хөрөнгөнөөс суутгах талаар аман гэрээ байгуулсан юм. Энэхүү хэлцлийг байгуулснаар өмнөх гэрээний нөхцөлд өөрчлөлт орж шинээр гэрээ байгуулагдсан атал нэхэмжлэлд огт дурдаагүй байгаа нь үндэслэлгүй болно. 2017 оны 07 дугаар сард Р.Базар бид хоёр дахин аман гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу миний 90 хоногийн ажлын хөлснөөс урьдчилгаа болгон 3 000 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Мөн 2017 оны 03 дугаар сард зээлсэн 137,000 юань буюу 48 870 640 төгрөгөөс 25 0000 төгрөгийг 2018 онд багтаан бэлнээр, хэсэгчлэн төлөх ба үлдэгдлийг 90 хоногийн ажлын хөлсөнд тооцон барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Иймд нэхэмжлэлд дурдсан 23 870 640 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас 23 870 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.Э-т 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг "Их Монгол Кредит" ББСБ-аар дамжуулан юанийн шилжүүлгээр Б.Эрдэнэбаярын 62284 8008 68566 61177 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн талаарх “Их Монгол Кредит” ББСБ-ын тодорхойлолтыг нотлох баримтаар өгсөн. Мөн Төрийн банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 1022000210244 тоот дансанд 80 000 000 төгрөгийн орлого байж 90 000 000 төгрөгийн зарлага гарсан талаар нотлох баримт болох дансны хуулгыг хэрэгт өгсөн. Хариуцагчийн “... Р.Базараас мөнгө зээлсэн” гэх тайлбарыг үгүйсгэн Р.Базарын тайлбар мэдүүлэг гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Гэтэл шүүх эдгээр баримтыг үнэлээгүй. Б.Лхасүрэн, М.Адъяахүү нар Б.Э-аас 2018 оны 4 дүгээр сард 10 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард 15 000 000 төгрөгт тооцон 31-91 УНӨ улсын дугаартай, Приус-30 маркийн автомашиныг авсан талаар мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Э зээл авсан талаар гэрчлэх этгээд бөгөөд мөн шүүхэд мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлэгийг нотлох баримтаар үнэлээгүй. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, Б.Э-аас зээлийн үлдэгдэл төлбөр 23 870 640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Э хариуцагч Б.Э-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 870 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Р.Базартай 2017 оны 3 дугаар сард 137 000 юанийг 1 жилийн хугацаатай хэсэгчлэн төлөхөөр  тохиролцож, “Их Монгол Кредит ББСБ” ХХК-аар дамжуулан авсан, нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлээгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Эрдэнэбаяртай амаар тохиролцсны дагуу 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж, “Их монгол кредит” ББСБ-ын гаргасан тодорхойлолтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. /хх-3х/

Хариуцагч Д.Э 137 000 юань зээлж авснаа үгүйсгээгүй боловч уг мөнгөн хөрөнгийг буюу Ш.Э-гээс бус Р.Б-с зээлж авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг.

Хэргийн 3 дугаар талд “Их монгол кредит ББСБ” ХХК-ийн гаргасан “Ш.Э нь манай банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан дараахь 137 000 юаний шилжүүлгийг шилжүүлсэн нь үнэн” гэх агуулгатай тодорхойлолт, 2017 оны 02 дугаар сарын 23, 26-ны өдөр Төрийн банкин дахь Ш.Э-гийн дансны орлого, зарлагын гүйлгээний баримт зэрэг нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэнийг шууд нотлохгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч Б.Э-ыг зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 4 дүгээр сард 10 000 000 төгрөг төлсөн, мөн оны 9 дүгээр сард 15 000 000 төгрөгт тооцон Приус-30 маркийн автомашиныг хүлээлгэн өгч үлдэгдэл 23 870 640 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласаныг хариуцагч нь үгүйсгэсэн ба хэргийн баримтаар хариуцагч Д.Эрдэнэбаяраас нэхэмжлэгч Ш.Эрдэнэсүрэнд 10 000 000 төгрөг болон автомашиныг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Б.Лхасүрэнгийн “Ш.Эрдэнэсүрэн, Б.Э-тмөнгө зээлдүүлснийг ...мэдэхгүй“, гэрч М.Адъяахүүгийн “Ш.Эрдэнэсүрэн, Д.Эрдэнэбаяр гэх 2 хүн яг хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй. Ш.Э автомашин үзээд өгөөч өрөндөө авах гэж байгаа гэж хэлсэн. 10 000 000 төгрөгийн маргааныг мэдэхгүй. Манайхаар үйлчлүүлдэг байсан болохоор автомашиныг нь үзээд Ш.Э-д хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэгүүдээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй юм. Иймд гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. /хх68-69,73/

Хэрэв нэхэмжлэгч бусдад мөнгө зээлдүүлсэн гэж түүнийгээ буцаан шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч 137 000 юань буюу 48 870 640 төгрөгийг хариуцагчид  шилжүүлсэн болохоо нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ш.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй юм.

Иймээс гэрч Б.Лхасүрэн, М.Адьяахүү нарын мэдүүлэг, “Их монгол кредит ББСБ” ХХК-ийн гаргасан тодорхойлолт, Төрийн банкин дахь Ш.Э-гийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэхэд, Ш.Эрдэнэсүрэнгээс Б.Э-т мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба энэ талаар шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 277 203 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА