Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 232

 

У.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 618 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар магадлалтай, У.Бд холбогдох 1810000210749 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2018 оны 7 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Т овогт У.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар У.Бгийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаас 56 цагийг хасч, биечлэн эдлэх ялыг 664 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Б гаргасан гомдолдоо: “Миний бие 2018 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Хан-Уул дүүргийн шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 294 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжээр торгох ял шийтгүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн байна. Иймд дээрх 2 хэрэг Эрүүгийн хуульд зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг бөгөөд ... торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамтад нь оноохгүй гэсэн үг. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх нэг гэмт хэрэгт дээрх 2 ялаар давхардуулан шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 152 тоот магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэн тус тусад нь ял эдлүүлэх боломжтой гэжээ. Эрүүгийн хуулийн 6.8 болон 6.9 дүгээр зүйл нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах тухай зүйл юм. Үргэлжилсэн нэг гэмт хэрэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зүйлийг баримтлан ял шийтгэх нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан болно. Тухайн үед иргэн У.А бид хамтран амьдарч байгаагүй, гэр бүлийн харилцаатай байсан. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсэхийг тогтоож, анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорын хяналтанд буцаан шилжүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч У.Б нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ял нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр биелэгдсэн байна.

У.Б 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн У.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Харин хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч У.Бгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч У.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч У.Б нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах 31 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн У.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч У.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч У.Бгийн хяналтын журмаар гаргасан “...үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хянаж үзэхэд тэрээр энэ гэмт хэрэгт ял шийтгүүлэхийн өмнө буюу 2018 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 294 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч У.Бгийн хувьд 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө, мөн 2018 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэдийгээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч хоёр өөр хохирогчтой, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсныг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэхгүй тул шүүгдэгч У.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “давтан” үйлдэх нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжид хамаарах тул У.Бгийн үйлдсэн 2 гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгч У.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 294 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулийг биелүүлснээс гадна Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болон  2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өнгөрсөн байх тул шүүгдэгч У.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 618 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Бгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                                                                Д.ГАНЗОРИГ

                                                              Ч.ХОСБАЯР

                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН