Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Буянжаргал,

Улсын яллагч Б.Баярхүү,

Хохирогч У.А,

Шүүгдэгч У.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт У-н Б-д холбогдох эрүүгийн 1810000210749 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Төхөм трэйд” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл-1,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт У-н Б-н

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч У.Б нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 31 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн У.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч  У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2017 оны 12 дугаар сарын 20-ны орой бид хоёр хамтдаа кино үзэхээр төлөвлөж байсан. Өдөр нь утсаар ярьж байхдаа маргалдсан. Ажлаа тараад гэртээ очоод утас руу нь залгаад дуудаж уулзсан. Бид хоёр манай орцонд ярьж байгаад гэрийн ойролцоох кафе руу орж ярилцсан. У.Б “надаас битгий уурла, яагаад уурлаад байгаа юм бэ” гэж асуухад нь би ямар нэгэн тайлбар хэлэлгүй салъя гэсэн. У.Б надаас битгий салаач, хоёр хүүхддээ бэлэг авч өгье гэсэнд уурлаад байгаа юм уу гээд уйлсан. Би зөрүүдлээд дахиад салая гэж хэлэхэд намайг доромжилсон. Надруу өмнөө байсан пивоо цацчихаад явлаа гэж гараад буцаж орж ирээд намайг хүргээд өгье гэхэд нь би чи өөрөө яв, зайл гэж хөөсөн. У.Б ямар ч байсан хамтдаа гаръя гэхэд нь хамт гараад таксигаар гэрийнхээ гадна хүргүүлсэн. У.Б намайг орцонд оруулж өгөөд “салъя гэж битгий хэлэлдээ, хоёр хүүхэддээ бэлэг авч өгье” гэхэд нь би түлхээд баруун хацар руу нь алгадахад намайг болиулах гээд миний гарыг барьсан. Би  Бг цохиод 1-2 удаа алгадсан. Намайг зүгээр байхад намайг цохиж гэмтээсэн зүйл байхгүй. У.Б би чамд гар хүрчихлээ гэж хэлээд уйлахад нь би гэр рүүгээ орсон. Гэртээ ороод байж байтал намайг уучлаарай хоёулаа ярилцах хэрэгтэй байна гээд байхаар нь би утсаа унтраасан. Манай гэр 2 давхарт байдаг. Б.Б гэрийн цонх руу чулуу шидсээд байхаар нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү залгаж дуудлага өгсөн...” гэв.

Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогч У.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим над руу найз залуу Б залгаад бид хоёр хоорондоо маргалдсан. Ингээд тухайн өдрийн орой 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 40 тоотод ганцаараа байж байтал Б над руу залгаад гэрийнхээ орцонд гараад ирээч гэж ярьсан. Тэгэхээр нь би түүнд зөвшөөрөөд 31 дүгээр байрны 3 дугаар орцны 2 давхарт орцондоо гараад иртэл Б орцонд намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид хоёр хэсэг юм ярьж байгаад өөр дулаахан газар орж юм ярихаар болсон. Тэгээд би гэртээ орж хувцсаа өмсөөд эргэж гараад Б бид хоёр үйлчилгээний төвийн “Рич” нэртэй пабд орж суусан. Орцонд ярьсан яриагаа үргэлжлүүлсэн. Хэсэг юм ярьж байгаад би түүнд “эрт харьж амарлаа, маргааш өглөө эрт ажилтай, хоёулаа салъя” гэж түүнд хэлээд хувцсаа өмсөөд зогстол Б над руу уурлаад ууж байсан стакантай пиво над руу цацаад тооцоогоо хийгээд пабаас гарсан. Б пабаас гараад явсны дараа зөөгч эмэгтэй надад салфетка өгөхөөр нь би пабын нэг сандал дээр суугаад над руу цацарсан пивийг арчаад байж байтал Б эргэж паб руу орж ирээд миний хажууд ирээд намайг “Гаръя” гэж хэлэхээр нь би түүнд гарахгүй гэж хэлтэл миний энгэр орчим газраас заамдаад пабаас авч гарсан. Ингээд бид хоёр пабаас гараад манай гэрийн 3 дугаар орцны 2 давхарт гараад намайг “Чи надаар тоголлоо, миний сэтгэлийг бодсонгүй” гэж надад хэлээд миний баруун зүүн хацар руу гарын алгаараа 4-өөс 5 удаа ээлжилж цохиод намайг газарт унагаасан. Тэгэхээр нь би түүнээс айсандаа түүнд “Би чамд хайртай, хоёулаа буцаад нийлье” гэж хэлтэл Б намайг зодохоо болиод уйлсан. Тэгтэл би энэ хооронд гэр рүүгээ гүйж ороод байж байтал Б над руу залгаад байхаар нь би түүний дуудлагыг аваагүй. Тэгсэн гэрийн цонх руу Б жижиг хэмжээтэй чулуу шидээд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед баруун зүүн хацар хавдаж мөн баруун нүдний буланд цус хурсан байсан. Тухайн үед Б нилээд согтолттой байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би түүнээс саллаа гэх шалтгаанаас болж намайг алгадсан гэж бодож байна. Би Бтай 2016 оны 10 дугаар сараас эхлэн үерхсэн. Намайг 2017 оны 7 дугаар сард анх удаа гараараа алгадаж байсан. Дараа нь 8 дугаар сард 2 дахь удаагаа алгадаж байсан. 3 дахь нь 10 дугаар сард мөн л нэг удаа алгадаж байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний найз залуу гэх шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед Б надаас салахгүй намайг цохиж зодох байх гэж бодоод цагдаагийн  байгууллагад хандсан юм. Тухайн өдрөөс хойш би Бтай уулзаагүй. Мөн утсаар яриагүй. Би Бг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Мөн түүний амьдарч байсан гэрийн хаягийг нь мэдэхгүй. Би түүний найзууд гэх хүмүүстэй нь уулзаж байгаагүй...” гэжээ /хх-15-17-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн  ¹599 тоот дүгнэлтэд: “…У.А биед тархи доргилт, баруун нүдний гадна буланд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-22-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-55/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.Б нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 31 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн У.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хохирогч У.Аийн “...Хэсэг юм ярьж байгаад би түүнд “эрт харьж амарлаа, маргааш өглөө эрт ажилтай, хоёулаа салъя” гэж түүнд хэлээд хувцсаа өмсөөд зогстол Б над руу уурлаад ууж байсан стакантай пиво над руу цацаад тооцоогоо хийгээд пабаас гарсан. Б пабаас гараад явсны дараа зөөгч эмэгтэй надад салфетка өгөхөөр нь би пабын нэг сандал дээр суугаад над руу цацарсан пивийг арчаад байж байтал Б эргэж паб руу орж ирээд миний хажууд ирээд намайг “Гаръя” гэж хэлэхээр нь би түүнд гарахгүй гэж хэлтэл миний энгэр орчим газраас заамдаад пабаас авч гарсан. Ингээд бид хоёр пабаас гараад манай гэрийн 3 дугаар орцны 2 давхарт гараад намайг “Чи надаар тоголлоо, миний сэтгэлийг бодсонгүй” гэж надад хэлээд миний баруун зүүн хацар руу гарын алгаараа 4-өөс 5 удаа ээлжилж цохиод намайг газарт унагаасан гэх мэдүүлгээр болон хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүх эмнэлгийн ¹599 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Бд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч У.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжилсэн зүйлгүй ба шүүгдэгч У.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, шүүгдэгч У.Б нь 2018 оны 12 дугаар сараас 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Бд нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Tо овогт У-н Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Б нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар У.Бгийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаас 56 цагийг хасч, 664 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай

5. Шүүгдэгч У.Бд оногдуулсан 664 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ