Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01853

 

 

 

Б.Д, С.Бнарын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д, С.Бнарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуарлдаанд гаргасан тайлбартаа: Б.Д, С.Б нар нь өөрийн төрсөн хүү, мөн төрсөн дүү С.Гтай хамт модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2008 онд хамтын хуримтлалаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201020355 дугаартай 2742.23 м.кв талбайтай, контор, агуулах, гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг С.Гын нэр дээр гарсныг мэдээгүй ба орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах зорилгоор банк санхүүгийн байгууллагад хандах үед мэдсэн.  Б.Д, С.Бнар хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх саналыг С.Г-д удаа дараа уламжилсан боловч төрөл бүрийн шалтаг хэлж хойшлуулж байсан. Б.Д, С.Бнарыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201020355 дугаартай, 2742.23 м.кв талбайтай, контор, агуулах, гарааш уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх Б.Д, төрсөн эгч С.Бнар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гарсныг мэдээгүй, саяхнаас мэдсэн гэсэн нь үндэслэлгүй. С.Г миний бие хамтран өмчлөгчөөр бүртгуүлэхийг удаа дараа уламжилсан боловч тухайн үедээ хүлээн аваагүй тул дангаар бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Нэхэмжлэгч нар нь барилга баригдах үед хэд  төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг одоо тогтоох боломжгүй, тухайн үедээ эх, эгч хоёрыг надад тусалж байна гэж бодож байсан. Миний бие банкны 2 удаагийн зээлийн барьцаанд тавьж үйлдэрлэлийн зээл авсан бөгөөд сүүлийн жилүүдийн эдийн засгийн хямрал, хүн амын худалдан авах чадвар эрс буусантай холбоотойгоор орлого багасаж одоо зээл төлөхөөр талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа хийгдэж байна. Б.Д, С.Бнарын нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж өр төлбөрөөс гарахад хүндрэл учирна. Энэ үл хөдлөх хөрөнгийг тааламжтай үнээр бусдад худалдаж чадвал эХ Б.Д, эгч .Болормаа нарт тодорхой хувь өгнө. Хамтран өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар хариуцагч С.Г-д холбогдох, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах, 2 742 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Д, С.Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Б.Д, С.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2 043 653 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлжээ.

Хариуцагч С.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэх саналтай байсан ч талуудын эвлэрэх саналыг анхан шатны шүүх гуравдагч этгээд Капитрон банкны эрх ашгийг хөндөнө гэх үндэслэлээр хүлээн аваагүй. Миний бие өөрийн хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахдаа Капитал банкнаас ямар нэг хэлбэрээр зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Шүүх Капитал банкны эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзсэн бол гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд түүнийгээ нотлох ёстой хэмээн анхан шатны шүүхээс дүгнэсэн нь буруу. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөх, татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй тул эх Б.Д, эгч С.Бнар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг зөвшөөрсөн байхад үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Д, С.Бнар хариуцагч С.Г-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28,30 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201020355 дугаар гэрчилгээтэй, 2742,23 м.кв талбай бүхий контор, агуулах, гарааш, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан боловч мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Д, С.Бнарыг тогтоох нь гуравдагч этгээд болох Капитал банкны эрх ашгийг хөндөхөөр байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00433 дугаар захирамжаар, С.Г нь 323 536929 төгрөгийг “Капитал банк” ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоот хаягт байрлах контор, агуулах, гарааш, уурын зуухны зориулалттай, 2742.23 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэнийг баталж, уг захирамжийн дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдаж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй болно. /хх 20-21/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргаж буй тухайн эд хөрөнгийг хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хамтран өмчлөгч байх учиртай. Б.Д, С.Бнар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоот хаягт байрлах контор, агуулах, гарааш, уурын зуухны зориулалттай, 2742.23 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ эсхүл хуульд зааснаар хамтран өмчлөх эрхтэй гэх байдал тогтоогдоогүй.

Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход Б.Д, С.Болормаа, С.Г нар хэдий хэмжээний хөрөнгө нийлүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэх үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах, 2 742 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Д, С.Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2 184 053 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА