Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2501 1798 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Б, 1964 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто механикч мэргэжилтэй, одоо мал маллаж амьдардаг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн Халзангийн ам гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолой” гэх газар хохирогч Ж.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Амгаланбаатар манай гадаанаас хурга аваад явахаар нь яагаад хурга авч яваад байгаа юм бэ гэхэд Амгаланбаатар “ганц хурганы төлөө юун сүртэй юм тэгж байж хэдэн үхэрнээсээ салав” гээд миний нүд рүү цохьсон. Тэгэхээр нь би түүнийг цохьсон нь үнэн. Би түүний эмчилгээний зардалд 310.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, торгуулын ял төлөх боломжгүй” гэв.

Хохирогч Ж.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр найз Балдухтай тааралдаад бид хоёр дэлгүүрээс архи авч Батмөнхийн гэрт нь очиж уух гэтэл Батмөнхийн хүн байхгүй байсан. Тэгээд Балдух бид хоёр Батмөнхийн гэрийн гадаа архиа уучихаад нилээн согтоод би гэртээ хариад унтаж байхад нь нэг мэдэхэд Батмөнх манай гэрт ороод ирчихсэн намайг зодож байсан. Би Батмөнхөд сандлаар цохиулж байснаа санаж байна. Тэр үед манай хажуу айлын Алтай эгч орж ирээд салгах гэсэн чинь Батмөнх салахгүй байсан. Дараа нь Батмөнх өөрөө гараад явсан. Тэгээд ах намайг эмнэлэг рүү авч явсан ба цагдаа нар Батмөнхийг гэрээс нь барьж авсан байсан. Тухайн үед би Батмөнхийн гэрийн гаднаас явахдаа хургыг нь аваад явчихсан байж магадгүй гэж бодож байна. Батмөнх намайг хурга аваад явчихсан гэж  зодсон байна лээ. Батмөнх эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.200.000 төгрөг гаргуулаад авчихбал гомдол санал байхгүй. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Би одоо үхрээ маллаад хадландаа гараад л байж байна...” гэсэн мэдүүлэг. /хх25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6509 дугаартай дүгнэлт: “Ж.Амгаланбаатарын биед тархины эдийн гүний цус хуралт, няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, 2 нүдний зовхи, нүүр, мөчдийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. /хх-31/,

Гэрч Л.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрийн 20 дугаар хороо Шар хоолойн аманд гэртээ байж байтал Амгаланбаатарын гэрийн гадаа цагаан өнгийн амжиргаа цагаан машин ирсэн. Хэсэг хугацааны дараа зодоон цохион болоод байх шиг байхаар нь тэднийд очтол тэднийх гэрэл цахилгаан байхгүй сарны гэрэлд үл таних хүн Амгаланбаатарыг баруун талынх нь орны доор газар унагаачихсан сандлаар цохиж зодоод байсан. Би “юун хүн бэ, юу болж байна аа” гэтэл “Мөнхөө гэдэг чи юу вэ” гээд намайг чамд хамаагүй зайл гээд байсан. Би гараад Амгаланбаатарын ах руу утсаар яриад “Мөнхөө гэдэг хүн танай дүүг зодоод байна” гэхэд “та утсаа өгчих би утсаар яримаар байна” гэсэн. Тэгээд тэр хүн зодоод болихгүй байхаар нь би хойд айлын эмгэн, өвгөн хоёр дээр очоод хэлэхэд “айж байна очихгүй” гэсэн. Би тэр хавиар тусламж хүсэж байгаад буцаад ирэхэд Мөнхөө гэх хүн машинаа асаагаад хөдлөөд явж байсан. Би гэрт нь ороход Амгаланбаатар цус нөжтэйгөө холилдоод өмдөндөө шээчихсэн ухаангүй баруун талын орон дээрээ хэвтэж байсан. Намайг орж ирсний дараа 10 орчим  минутын дараа багийн эмч ирээд үзэхэд таталт өгсөн байна гээд тариа хийсэн. Шөнө 00 цагийн үед цагдаа нар ирсэн. Дараа нь Амгаланбаатарын ах нь ирээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед Амгаланбаатар “Алтаа эгчээ авраарай” гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх47-48/,

Хохирогч Ж.Амгаланбаатарын мэдүүлэг /хх25-27/, шинжээчийн №6509 дугаартай дүгнэлт /хх-31/, яллагдагч Ч.Батмөнхийн мэдүүлэг /хх40-41/, гэрч Л.Алтанцэцэгийн мэдүүлэхдээ /хх47-48/, шүүх сэтгэц эмгэг судлалын №632 дүгнэлт /хх52-53/, шинжээчийн №1888 дугаартай дүгнэлт /хх-59/, хохирогч Ж.Амгаланбаатарын нас барсан тухай эмчилгээний хуулбар /хх-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолой” гэх газар хохирогч Ж.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч Ч.Б-н: “Амгаланбаатар манай гадаанаас хурга аваад явахаар нь яагаад хурга авч яваад байгаа юм бэ гэхэд Амгаланбаатар “ганц хурганы төлөө юун сүртэй юм тэгж байж хэдэн үхэрнээсээ салав” гээд миний нүд рүү цохьсон. Тэгэхээр нь би түүнийг цохьсон нь үнэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.Амгаланбаатарын: “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр найз Балдухтай тааралдаад бид хоёр дэлгүүрээс архи авч Батмөнхийн гэрт нь очиж уух гэтэл Батмөнхийн хүн байхгүй байсан. Тэгээд Балдух бид  хоёр Батмөнхийн гэрийн гадаа архиа уучихаад нилээн согтоод би гэртээ хариад унтаж байхад нь нэг мэдэхэд Батмөнх манай гэрт ороод ирчихсэн намайг зодож байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогчид учирсан баримттай хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэрээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энх-Амгаланбаатар нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан гэж нийт 5 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлож ирүүлээгүй байна. Иймд Ж.Энх-Амгаланбаатар нь хавтаст хэрэгт нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн модон сандал, 1 ширхэг хар өнгөтэй хоолны халбагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ч.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн модон сандал, 1 ширхэг хар өнгөтэй хоолны халбагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б нь хохирогчид 310.000 төгрөгийг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энх-Амгаланбаатар нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР