Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

 

 

     Ч.Бөд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ч.Батбаяр,

            шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч С.Даваасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э,  

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 878 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Ч.Батбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ч.Бөд холбогдох 201725011798 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Баян овгийн Чогсомжавын Ч.Б, Улаанбаатар хотод 1964 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, мал малладаг гэх, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн Халзангийн ам гэх газар оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЦВ64102319/;

 

Ч.Б нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолой” гэх газарт Ж.Аыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б нь хохирогчид 310,000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон сандал, хоолны халбага зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар маргаангүй болно. Хэрэг шалгасан мөрдөн байцаагчийн үгэнд итгэн хэрэг маань гайгүй шийдэгдэнэ хэмээн бодож өмгөөлөгч аваагүй бөгөөд шүүх дээр хэрэг шилжин ирж, шүүх хурал товлогдсоны дараа улсын өмгөөлөгч буюу томилолтын өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дараа Н.Ганбат өмгөөлөгчтэй уулзсан ба миний үйлдсэн гэмт хэрэгт ямар төрлийн ял оногдуулах боломжтой, тухайн ял шийтгэлийг яаж эдэлдэг, аль нь хөнгөн ял болох, торгох ял шүүхээс оногдуулахад ямар материал бүрдүүлж өгөх шаардлагатай талаар ямар ч зөвлөгөө өгөөгүй юм. Тэгээд шууд шүүх хурал дээр “торгох ял эдлэх боломжтой эсэх талаар” шүүгчийн тавьсан асуултад торгуулийн ял төлөх боломжгүй гэж хариулж, улмаар надад шүүхээс хорих ял оногдуулсан юм. Миний бие хэдийгээр тодорхой цалингүй ч мал маллан амьдардаг малчин хүн бөгөөд 2017 онд мал тооллогоор 22 үхэр, 5 хонь, 1 адуу тоолуулсан. Мөн ах, дүү, төрөл садны хүмүүсээс зохих хэмжээний мөнгөн туслалцаа авах бүрэн боломжтой. Хэрэв өмгөөлөгч Н.Ганбат миний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг тайлбарлаж, шүүх хурлаас өмнө надад хөрөнгөө тодорхойлсон болон тодорхой мөнгө хуримтлуулж холбогдох баримт бүрдүүлж өгөх шаардлагатай талаар зөвлөгөө өгсөн бол би торгох ял эдэлж, хорих ял эдлэхгүй байх боломжтой байсан юм байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт миний үйлдсэн гэмт хэргийн ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлохдоо “согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж буруу дүгнэсэн байна гэж надад зөвлөсөн тул энэ хэсгийг засч өгнө үү.

Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн, хохирол төлсөн, 53 настай, ходоодны шархтай, цөөн тооны малтай, ар гэр, төрөл садны дүү нар тусалж торгуулиас төлөлцөхөөр 4,650,000 төгрөгийг хуримтлуулаад байгаа тул оногдуулсан хорих ялыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б нь хохирогч Ж.Аыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугийн хувьд маргахгүй байгаа болно.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс улсын өмгөөлөгч томилогдсон боловч өмгөөлөгч Н.Ганбат нь хууль зүйн туслалцаа хангалтгүй үзүүлснээс шалтгаалж, шүүгдэгч Ч.Бийн эрх зүйн байдал ноцтой дордсон байна. Ч.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь сонгох санкцтай буюу торгох ял эдлэх боломжтой хэрэг юм. Өмгөөлөгч Н.Ганбат нь Ч.Бөд үйлдсэн гэмт хэрэгт нь ямар төрлийн ял оногдуулах боломжтой, тухайн ял шийтгэлийг яаж эдэлдэг, аль нь хөнгөн ял болох, торгох ял эдлэхийн тулд шүүхэд ямар материал бүрдүүлж өгөх шаардлагатай талаар зөвлөгөө өгөөгүй байна. Улмаар анхан шатны шүүх хурал дээр торгох ял эдлэх боломжтой эсэх талаар шүүгчийн тавьсан асуултад Ч.Б хариулахдаа, торгох ялын талаар ямар ч ойлголтгүй байсан тул 10,000,000-40,000,000 төгрөгийг төлөх юм байна гэж ойлгоод торгуулийн ял төлөх боломжгүй гэж хариулсан байна. Уг нь Ч.Б байнгын тодорхой цалингүй ч мал маллан амьдардаг, малчин хүн бөгөөд 2017 онд мал тооллогоор 22 үхэр, 5 хонь, 1 адуу тоолуулсан.

Хэдийгээр шүүхээс улсын өмгөөлөгчийг томилж, шүүх хуралд оролцуулсан боловч шүүгдэгч   Ч.Бөд   хууль   зүйн   туслалцааг   зохих   хэмжээнд   үзүүлж,   эрх   ашгийг нь хамгаалаагүйгээгээс өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсоноос ялгаагүй үр дагавар гарч, түүнд шүүхээс хорих ял оногдуулж, түүний эрх зүйн байдал нь ноцтой дордсон байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлохдоо “согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж буруу дүгнэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд “Согтуугаар үйлдсэн” гэсэн нөхцөл байдал хамаарахгүй тул шийтгэх тогтоолын энэ хэсгийг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд Ч.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлж ирсэн, хохирол төлсөн, 53 настай, ходоодны шархтай, цөөн тооны малтай, хэрэв хорих ялыг өөрчлөн торгуулийн ял болгосон тохиолдолд эхнэр, төрөл садны дүү нар нь 4,650,000 төгрөг хуримтлуулаад байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг үндэслэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал” гэснийг хасч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч нь хохирогч Ж.Аыг нас барсаны дараа төрсөн ах Ж.Э намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан бол... энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдлэнэ” гэж заажээ. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч намайг оролцуулалгүй, шийтгэх тогтоол гаргаж, миний шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байна.

Мөн шүүгдэгч нь хохирогчтой хүнлэг бус хэрцгий хандаж, зодож байхдаа толгойноос нь гоожсон цусыг уулгах гэж оролдож, тохуурхан доромжилсон үйлдэл гаргасан нь хавтаст хэрэгт байгаа аягатай цусны гэрэл зураг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Дээрх гэмт хэргийн улмаас бидэнд эмчилгээ ба эд материал, сэтгэл санааны хохиролд 6,500,000 төгрөг учирлаа. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл биднээс хүн ёсоор уучлалт гуйгаагүй, хохирлоо бүрэн гүйцэд барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бөд 3 жилийн хорих ял оноосон нь түүний үйлдсэн гэмт хэрэгт хөнгөдсөн ял учир бид энэхүү шүүхийн шийдвэрт гомдолтой байна.” гэв.

 

Прокурор Ч.Батбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолд Ч.Бийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх талаар тусгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ч.Бөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хазгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

 

Тодруулбал: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 1702 дугаар шүүгчийн захирамжид Ч.Бөд холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлож /хх-80-81/, талуудад мэдэгдсэн баримт үйлджээ. /хх-82/

 

 Гэтэл шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эт мэдэгдсэн тухай тэмдэглэл байхгүйн гадна шүүх хуралдаан даргалагч, оролцогчдын ирцийг шалгах үеэр “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эыг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаагүй байсан тул шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Энэ хүн эмчилгээний зардалд баримтгүй 5 сая төгрөг нэхэмжилдэг. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйл байна уу...” гэж асуусан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан /хх-87/ байдлаас дүгнэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хохирогчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох,...” гэж заасан хүний эрхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан хохирогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасан байх тул шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдэх нь шүүхийн үүрэг мөн.

 

Шүүх дээр дурьдсан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчихгүйн тулд “хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах санал гарсан” эсэх, “нотлох баримтгүй хохирол нэхэмжилсэн” эсэхээс үл хамааран шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргээ заавал биелүүлэх ёстой.   

 

Харин шүүх хуралдааны товыг мэдсэн хохирогч хүрэлцэн ирээгүй бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу шүүхийн эрх хэмжээний асуудал байна.

 

   Иймд анхан шатны шүүх, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байх тул энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ч.Бөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Ч.Бөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан улсын яллагчийн “... шүүх хууль буруу хэрэглэсэн ...” гэх эсэргүүцлийн талаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын “... ял хөнгөдсөн, хохирол гаргуулах ...” гомдлын талаар, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарын “... ял хөнгөрүүлэх ...” гэх гомдлын талаар тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 878 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Бөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Ч.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН