Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1867

 

ОБЕГ-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01888 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч ОБЕГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “МУ” ХХК-д холбогдох

Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат, Б.Цогт шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МУ” ХХК нь ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар гэрээний дагуу “Алтайский-100” сортын үрийн улаанбуудайг нэг тонныг 600.000 төгрөгөөр тооцож, нийт 120.000.000 төгрөгийн 200 тонн улаанбуудайг урьдчилгаа 24.000.000 төгрөгийг төлж, үнийн дүнгийн үлдэгдэл 80 хувь буюу 96.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буцаан төлж, гэрээг дүгнэхээр тохиролцон Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн эрдэм шинжилгээний үндэсний төвөөс хүлээн авсан. Ж.Дашдэмбэрэл болон “МУ” ХХК-тай холбоотой бүхий л хүмүүстэй уулзаж, гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, төлбөр төлөх хугацааг тохирч байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир ОБЕГ-аас Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016, 2017 онуудад нэхэмжлэл гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 156/ШЗ2017/00002 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 156/ШЗ2017/02091 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ж.Дашдэмбэрэл нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН хотхоны 6А байрны 161 тоотод оршин суудаг болохыг тус хорооны Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 390 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байна. Дээрх нөхцөлийн улмаас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх бөгөөд “МУ” ХХК-аас гэрээгээр олгосон үрийн улаанбуудайн үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс улсад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “МУ” ХХК нь ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ”-ний дагуу “Алтайский-100” сортын үрийн улаанбуудайг нэг тонныг 600.000 төгрөгөөр тооцож, нийт 200 тонныг 120.000.000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 24.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 96.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч цаг агаарын болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3, 4 жил дарааллан ургац алдан, алдагдалд орж, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Нэгэнт гэрээ байгуулан нэхэмжлэгч байгууллагаас үрийн улаанбуудайг хүлээн авч тариалсан тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөгийг боломжит хугацаа тогтоон төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин манай компани алдагдалтай ажиллаж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 48.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МУ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОБЕГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ОБЕГ- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “МУ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 877.950 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг үндэслэн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс улсад учруулсан хохиролыг барагдуулж өгнө үү” гэж тодорхойлсон. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж зөрчигдсөн эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 48.000.000 төгрөгийн алданги гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт дурьдагдсанаар нийт 144.000.000 төгрөг төлөх тохиолдолд манай компанийн хувьд бусад байгууллага, хүнд өр төлбөртэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа төвөгтэй байдал үүсээд байна. Иймд шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ОБЕГ- нь хариуцагч “МУ” ХХК-д холбогдуулан Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 96.000.000 төгрөг, алданги 48.000.000 төгрөг, нийт 144.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ” байгуулж, уг гэрээгээр худалдагч ОБЕГ- нь Улсын нөөцийн газар /тухайн үеийн нэршлээр/-аас 200 тонн үрийн улаанбуудайг нэг тонныг 600.000 төгрөгөөр, нийт 120.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч “МУ” ХХК худалдан авсан 200 тонн үрийн улаанбуудайн үнэд 24.000.000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлж, 96.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5-8, 14 /

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээний зүйлийг хүлээлцсэн акт үйлдсэн байх боловч ОБЕГ- нь “МУ” ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 200 тонн үрийн улаанбуудайг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлсэн болох нь Улсын нөөцөөс бараа материал гаргах зөвшөөрөл, зарлагын баримтууд, зохигчдын тайлбараар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.  /хх-ийн 9-13, 15-18 /

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт зааснаар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул гэрээ  байгуулагдсанд тооцно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч ОБЕГ- нь хариуцагч “МУ” ХХК-иас  үүргийн гүйцэтгэлийн дутуу 96.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлажээ. Хариуцагч нь “Ургац алдаж, алдагдал хүлээсэн байгаа тул алданги төлөх боломжгүй” гэж тайлбарлаж буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар няцааж чадаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол буруутай тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө...” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхтэй байна.  

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01888 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                                         ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 Н.БАТЗОРИГ