Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1863

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01881 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 20.000 ам.доллар болон өмгөөллийн хөлс 960 ам.доллар, нийт 20.960 ам.доллар буюу 57.095.878 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Т- нь Франц улсад оршин суудаг бөгөөд тэрээр Монгол Улсад ирсэн үедээ буюу 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ангийн найз Б.М-т 20.000 ам.долларыг түүний Чингис хаан банкны 3501003283 тоот дансанд шилжүүлэн өгсөн ба Б.М- 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Ингээд хэд хоногийн дараа Б.М-тай зээлийн гэрээг бичгээр байгуулахаар ярихад хөдөө явж байна. Очоод гэрээ байгуулна гэсэн боловч элдэв шалтаг тоочсоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон. Уг хугацаанаас хойш төлбөрөө төлөхийг шаардахад мөн шалтаг тоочин өгөөгүй бөгөөд С.Т- Франц Улс руу буцсан. Б.М-тай холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, хохирол учруулаад байна. Иймд зээлдэгч Б.М-аас зээлийн төлбөрт 20.000 ам.доллар болон өмгөөлөгчийн ажлын хөлс 960 ам.доллар, нийт 20.960 ам.доллар буюу 57.095.878 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.М- нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 20.000 ам.долларыг авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа ба уг мөнгийг төлөх болно. Гэхдээ өмгөөллийн хөлс 960  ам долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-аас зээлийн гэрээний үүрэг 20.000 ам.доллар буюу 52.208.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.887.278 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443.430 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 418.993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нандинцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 57.095.878 төгрөгийг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тооцож, уг өдрийн ам.долларын ханшаар нэхэмжлэлийн шаардлагаас 4.887.278 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх шийдвэр уншин танилцуулахдаа үүрэг гүйцэтгэх өдрийн ханшаар тооцсон гэж дурдаагүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч Б.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 20.000 ам доллар болон өмгөөллийн хөлс 960 ам доллар, нийт 20.960 ам доллар буюу 57.095.878 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

С.Т- нь Голомт банк дахь өөрийн эзэмшлийн 1509372820 дугаар данснаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20.000 ам.долларыг хариуцагч Б.М-ын эзэмшлийн Чингис хаан банкны 3501003283 дугаар дансанд шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогджээ. / хх-ийн 7 /

 

            Анхан шатны шүүх хэргийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийг нотлох үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь 20.000 ам.долларыг авсан эсэх талаар маргаагүй, харин өмгөөлөгчийн хөлс болох 960 ам.долларыг  зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч С.Т- өмгөөлөгчийн хөлс 960 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.М-аас  гаргуулах боломжгүй, хууль зүйн туслалцаа авах нь тухайн этгээдийн эрхэд хамаарах юм гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг зөрчиж,  зээлийн гэрээний үүрэгт 52.208.600 төгрөг гэж тооцсон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Хэрэгт авагдсан Монгол банкнаас зарласан албан ёсны ханшийн лавлагаагаар 1 ам.доллар 2724,04 төгрөгтэй тэнцэх ханштай гэж тодорхойлсон байх тул 20.000 ам.долларыг төгрөгт хөрвүүлэхэд 54.480.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01881 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад  “52.208.600” гэснийг “54.480.800” гэж, 2 дах заалтад “418.993” гэснийг “430.354” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 93.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                                         ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 Н.БАТЗОРИГ