Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00225

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01881 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1863 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,000 ам.доллар, өмгөөллийн хөлс 960 ам.доллар, нийт 20,960 ам.доллар буюу 57,095,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нандинцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000 ам доллар, өмгөөллийн хөлс 960 ам.доллар, нийт 20,960 ам.доллар буюу 57,095,878 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01881 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэг 20,000 (хорин мянга) ам.доллар буюу 52,208,600 (тавин хоёр сая хоёр зуун найман мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,887,278 (дөрвөн сая найман зуун наян долоон мянга хоёр зуун далан найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1863 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01881 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “52,208,600” гэснийг “54,480,800” гэж, 2 дахь заалтад “418,993” гэснийг “430,354” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 1863 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үүргийн гүйцэтгэлийг 2019.10.10-ны өдөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байх тул Монголбанкны албан ёсны сайтад нийтлэгдсэн нэг ам.долларын ханш 2019.10.10-ны өдрийн ханш 2,610.43 төгрөгтэй тэнцэж байсан байх ба 20,000 ам доллар 52,208,600 төгрөгтэй тэнцэхээр байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэл гаргасан 2019.12.16-ны өдрийн ам долларын ханшаар тооцох нь зүйтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000 ам.доллар болон өмгөөллийн хөлс 960 ам.доллар, нийт 20,960 ам доллар буюу 57,095,878 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 20,000 ам.доллар буюу 52,208,600 төгрөгийг гаргуулж, үлдэх 4,887,278 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 54,480,800 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь 2019.09.19-ний өдөр хариуцагчийн дансанд 20,000 ам.доллар шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагч 2019.10.10-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй, иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлүүлсэн мөнгөө шаардах эрхтэй.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 20,000 ам.долларыг төгрөгөөр тооцохдоо Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэснийг үндэслэн хариуцагчийн үүрэг гүйцэтгэх ёстой байсан хугацаа буюу 2019.10.10-ны өдрийн Монголбанкны албан ёсны ханш болох 2,610.43 төгрөгөөр тооцож 52,208,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.  

10. Учир нь, хуулийн уг хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол....” гэсэн тул төлбөр төлөх хугацаа нэгэнт өнгөрсөн тохиолдолд үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөр тооцох үндэслэлгүй. Түүнээс гадна, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зүйл нь 20,000 ам.доллар бөгөөд хариуцагч нь тухайн зээлсэн мөнгөө (20,000 ам.долларыг) нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлүүлсэн мөнгөө буцаан шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон төгрөгт хөрвүүлэн нэхэмжилж буй нь угтаа өөрийн зээлүүлсэн 20,000 ам.доллараа буцаан шаардаж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ямар нэгэн гэрээний үүргийг (жишээ нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг) ам.доллараар төлөхөөр харилцан тохиролцоогүй, харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул тухайн тохиолдолд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1. дэх хэсэг хамаарахгүй юм.

11. Иймд, нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, ... тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй 20,000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн (2019.12.13) албан ёсны ханш болох 2,724.04 төгрөгөөр тооцож 54,480,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул “...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Нэхэмжлэгчийн зүгээс “өмгөөллийн хөлс 960 ам.доллар”-ыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй болно.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1863 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 93,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ