Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/174

 

 

 

 

     2023           02            9                                          2023/ДШМ/174

 

А.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ундармаа,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр А.Тд холбогдох 2211018392002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатиган овгийн Атарсайханы Туулайхүү, 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын бүтээцийн үйлдвэрлэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд үсчин мэргэжлээр суралцдаг, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-665 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЖМ03272419/;

А.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Хүрэлтулгын эзэмшлийн “ЛЖ-Х6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хатиган овогт Атарсайханы Туулайхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч А.Т нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Хэдийгээр шүүгдэгч А.Тд оногдуулсан 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээд оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.  

Шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд анх хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэхээр орж ирсэн. Прокуророос гаргасан саналын хүрээнд 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Т нь анхан шатны шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг биелүүлээд явж байгаа. Хугацаа нь дуусаагүй байхад гүйцэтгэх хуудсаа явуулсан уу, эсхүл хугацаа нь дууссаны дараа гүйцэтгэх хуудсыг бичиж явуулсан уу. Энэ талаар анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Буруу үйлдэл хийсэн боловч залуу хүн алдаж, онох зүйл байдаг. Заавал хүрээ хязгаарыг хумих шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг анхан шатны шүүх прокурорын саналаар хялбаршуулсан журмаар ялыг тохиролцож, хэргийг шийдвэрлэсэн байгаа боловч анхан шатны шүүхийн тохиролцсон ял нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна гэж дээд шатны прокуророос Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар эсэргүүцэл бичсэн. Энэ нь ялыг бүрмөсөн өөрчлөх биш. Хэдий А.Т ял эдэлж байгаа ч зөвхөн хамрах хүрээнд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн учраас дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

А.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Хүрэлтулгын эзэмшлийн “ЛЖ-Х6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

хохирогч Г.Хүрэлтулгын “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU нэртэй дэлгүүр рүү явж байхад хоёр залуугийн нэг нь “гайхаад байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан” гэж хэлээд түц ороод амны хаалт, тамхи, 2 ширхэг бохь аваад зам дагуу алхаад явж байсан чинь нэг машинаас нөгөө хоёр залуу бууж ирээд “яадаг гэнээ, яасан гэнээ”гээд намайг шууд газар унагахаар нь би нүүрээ дараад доошоо харсан чинь хоёулаа намайг гараараа болон хөлөөрөө цохиж, өшиглөсөн. Тэгээд миний халаасыг ухаад, тэмтэрч байснаа машиндаа суух гээд гүйсэн. Би утсаа авах гээд машин руу нь очсон боловч хаалгыг онгойлгож чадаагүй бөгөөд нөгөө хүмүүс машинтайгаа яваад өгсөн. Би 2 ширхэг лаазтай пиво уусан. Гэхдээ болсон асуудлыг сайн мэдэж байна. Миний гар утас шинэ, 250.000 төгрөгийн үнэтэй байсан. Хар өнгөтэй, шилэн наалттай, дэлгэц нь баруун доод буландаа 2 хагарсан байсан. Мөн миний дух шалбарсан, нурууны орчимд өвдөөд хөндүүртэй байгаа. ...Машинаас 17-20 насны 2 залуу бууж ирсэн. Тухайн асуудал хурдан болоод өнгөрсөн учраас би тухайн залуучуудын царай болон хувцасыг анзаарч хараагүй. ...” /хх 26-32/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед болон эд зүйлд халдсан этгээдүүдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-21/, утасны байршлыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 22-25/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 53-56/ болон,

гэрч Д.Ганцэцэгийн “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх найзынхаа гэрт нөхрийн хамт очиж пиво ууцгаасан ба тэндээс гараад аавындаа очоод унтаж байгаад сэрсэн чинь манай нөхөр гараад явсан байсан. Нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байхаар нь байршил тогтоогчоор ороод үзсэн чинь эхлээд хороололд явж байгаа харагдсан, дараа нь Баянхошууны гудамж “Од” car wash нэртэй гарын тэнд байгаа харагдаж байсан. Би энэ хэргийг шалгаж байгаа мөрдөгчид утасны байршил тогтоогчоо үзүүлсэн. Манай нөхрийн дух шалбарсан, нуруу нь өвдөөд байна гэж ярьж байсан. ...” /хх 45-46/,

гэрч Э.Ихтэлмүүний “...Туулахүүтэй нэг хүн жаахан муудалцаад тэр хоёр салаад нөгөө хүн түц рүү орсон. Тэгээд бид хоёр таксинд суугаад явж байсан чинь Туулайхүүтэй маргалдсан хүн алхаад явж байхаар нь таксины хүнд “наад тал руугаа зогсчих” гэж хэлээд Туулайхүүг машинаас буухаар нь би араас нь буугаад бид хоёр тэр хүнийг зодоод, би машины ард талд нь суугаад Туулайхүү урд нь суугаад шууд явсан. Гэтэл Туулайхүү надад “би утас гаргаж ирээд сая авсан” гэж хэлсэн. ...Манай найз Туулайхүү нь таксинд суусныхаа дараа тухайн гар утсыг халааснаасаа гаргаж ирээд “энийг хардаа” гэж үзүүлж байсан. Тухайн гар утас ямар загварын гар утас байсныг сайн харж чадаагүй. Би гар утас хаана байгаа талаар огт мэдэхгүй байна. Бид хоёр машинаасаа буугаад би тэр хүнийг очиж унагаад бид хоёр гар болон хөлөөрөө нэлээд олон удаа цохиж, өшиглөсөн. ...Туулайхүү гар утсыг нь авсан байсан. Би тухайн үед зодож байхдаа утсыг нь авч байгааг хараагүй. ...” /хх 41-42/,

яллагдагч А.Тгийн “...Би хоёр явах гээд зогсож байтал “яасан, энэ миний газар” гээд байсан. Ингээд бид маргалдаад салсан бөгөөд бид таксинд суугаад явж байтал 5-н буудлын автобусны буудал дээр хохирогч ганцаараа явж байсан. Би тэр залууг хараад таксигаа зогсоогоод “энэ түрүүн маргаад зодно” гэж хэлээд түрүүлээд буусан. Араас Ихтэлмүүн бууж ирээд тухайн залууг тэвэрч аваад унагаад дээр нь гараад цохиод байсан. Энэ үед хохирогчийн утас газар уначихсан байхаар нь би аваад машиндаа суугаад Ихтэлмүүнийг “явъя” гээд явсан. Замдаа Ихтэлмүүнд тухайн хүний гар утсыг авсан талаараа хэлсэн. ...Би зүгээр зодох гэж машинаас буусан. Гэтэл утас нь уначихаар нь авчихъя гэдэг бодол төрөөд авчихсан. Би Хүрэлтулгын биед халдсан зүйл байхгүй. Ихтэлмүүн ганцаараа зодсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 62-64/ гэсэн мэдүүлгүүд,

“...Г.Хүрэлтулгын биед дух, бүсэлхий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн доторх хугацаанд үүссэн байна. ...” гэх 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13038 дугаар шинжээчийн дүгнэлт /47-50/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн А.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс А.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ “...шийтгэх тогтоолд “Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Харин анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа бүсчлэлийг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл,  энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” гэсэн нэмэлт заалт оруулах нь зүйтэй.

Иймд дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг буюу “нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд тогтоосон нь буруу байна” гэснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад хэргийн газрын үзлэгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд хийсэн атлаа яллах дүгнэлтэд 18 дугаар хороо гэж, камерын бичлэгээс харахад гэмт хэрэг 04 цагийн үед үйлдэгдсэн байхад яллах дүгнэлтэд 02 цаг гэж зөрүүтэй бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ