Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 566

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Ц, А.Б, Ж.Т, Д.Га, Ч.Б, Д.Б, С.О

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар

Гуравдагч этгээд: “А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг,  Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, С.О, нэхэмжлэгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, Т.Г, Ц., Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Д, нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц, А.Б, Д.Б, Ч.Б, С.О, Д.Га,  Ж.Т нар 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б дүүргийн ******* дугаар хороо, Хавдар судлалын эмнэлгийн баруун урд талд байрлах ******* хотхоны ******* байрны чанх урд талд 2014 оны 05 дугаар сараас гэнэт хятад ажилчид, хүнд машин механизмууд өдөр, шөнийн цагаар ажиллаж, манай орон сууцанд хэт ойртуулан тулгаж 85х25 метрийн харьцаатай байшингийн суурь ухаж эхлэх үед бие бүхэн эсэргүүцэж, ямар компани, ямар барилга барих гэж байгаа талаар мэдээлэл авч чадахгүй байсны эцэст “А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар 2340 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар олгосон болохыг олж мэдсэн. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, “А” ХХК-ийн инженер, ажилтнууд бүгд эмнэлгийн байр баригдах тухай мэдээлэл өгч байсан. Өөрөөр хэлбэл үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газарт хавдрын эмнэлэг барих бүх зөвшөөрлийг холбогдох байгууллагууд олгосон. 

Уг зөвшөөрлүүдийг олгоход шаардагдах анхан шатны баримт болох газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, захирамж зэргийг нягталж, зориулалтыг шалгах үүргээ биелүүлэхгүй зөвшөөрлүүдийг олгосон. “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.4-т баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх, 3х2 м хэмжээтэй самбарыг  барилгажих талбайд тод, харагдахуйцаар байршуулж, үүнд газар эзэмшигчийн нэр, газрын зориулалт, хэмжээ, газар олгосон шийдвэр, төлөвлөж байгаа барилгын мэдээлэл, план зургийг байрлуулах ёстой ч үүнийг огтхон ч хэрэгжүүлээгүй. 

“А” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль болон Барилгын норм, норматив дүрэм, журмуудыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон. 

Өөрөөр хэлбэл Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг тус тус зөрчиж, захирамж гаргасан.

“А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар 2340 м.кв газрыг олгохдоо Үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар олгосон байх боловч “А” ХХК нь газрын зориулалтыг дур мэдэн өөрчлөн эзэмшиж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон холбогдох байгууллагуудаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, дулааны болон цахилгааны техникийн нөхцөлийг эмнэлгийн барилгын зориулалтаар авсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг ноцтой зөрчсөн байхад хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг байгууллагын удирдлагууд дээрх байдлыг санаатайгаар зөрчиж, мэдэн будилж шат шатандаа зохих зөвшөөрлийг олгосоор байна. 

Мөн Нийслэлийн Засаг дарга нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан үүргээ биелүүлэхгүй байна. Мөн шүүхийн зүгээс хэргийг хянан хэлэлцэж байхад маргаан бүхий актын биелэлтийг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль зөрчиж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар “А” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож, эмнэлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр үл биелүүлэх” гэсэн заалтыг зөрчиж, шүүхийн хараат бус, бие даасан байдалд халдаж байна. 

Үүнтэй холбогдуулж бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс түдгэлзүүлсэн байхад хууль зөрчөөд гарсан шийдвэр учраас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Манай байр нь 9 давхар 26 метр өндөртэй барилга байхад түүнээс 10 хүрэхгүй метрийн зайд, чанх урд талд 85х25 хэмжээтэй 3 блок бүхий 4-4.5 метрийн өндөр таазтай, 16 давхар барилга барихаар төлөвлөсөн. Барилгын өндрийн хэмжээ зөрүүтэй, 51 метрээс дээш өндөртэй барилгын зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас авах ёстой. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрлийг олгосон. Мөн 16 давхар барилга барих гэж байгаа бол ойр орчмын 45 метрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдөөс 70 хувийн саналыг авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдох ёстой. Бидний зүгээс 100 хувь дэмжихгүй байгаа. “А” ХХК нь дээрх байдлаар хууль, журам, стандартыг зөрчсөн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад хариуцагчийн зүгээс хамгаалаад байгааг гайхаж байна. 

Түүнчлэн “А” ХХК нь хавдрын эмнэлэг барих гэж байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын 4.1.1-д заасан “Эрүүл мэндийн барилга байгууламжийг гэр хорооллоос 100 метр алслагдсан зайд барихаар төлөвлөнө” гэж заасныг, мөн “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа. 1-р хэсэг Төв эмнэлэг” MNS6330-1:2012 стандартын 13 дугаар зүйлийн 13.1 “Орчны эрүүл ахуйн шаардлага”, 13.1.1-ийн “Барилга байгууламж нь хүн амын суурьшлын бүсээс зонхилох салхины доод зүгт, агаар дуслын халдвар, гоц аюулт халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэн орон сууц, гэр хорооллоос 100 метр ... зайд байрлана” гэж заасныг зөрчиж, бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа тул хавдарын эмнэлгийн барилгыг бариулахгүй. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ц, А.Б, Д.Га, Ч.Б, Д.Б, С.О,  Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, нар 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар “а” ХХК-д 42*25 хэмжээтэй  барилга барихыг зөвшөөрсөн. 

Гэтэл “А” ХХК нь дээрх хэмжээг 6.5 метрээр хэтрүүлэн 48.5*25 хэмжээтэй  барилга угсралтын ажил хийж, хууль журмыг ноцтой зөрчсөн болно. Энэ хууль бус үйлдэл нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний дүгнэлт, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02-07-89/326 дугаар акт, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02-01/2879 дугаар албан бичиг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 2/2885 албан бичиг, 2014 оны 8 дугаар сарын *******-ний 126 дугаартай шаардах хуудас зэрэг олон баримтаар тогтоогдож болно.

Иймд Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т******* 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актыг анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/417 дугаар захирамжаар Б дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжид хавдар судлалын баруун урд талд байршуулан “Инэл” ХХК-д 2340 м.кв газар эзэмших эрхийг олгосон. 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар “Инэл” ХХК-иас “А” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн. 

Анх газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж нь газрын тухай хууль болоод бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул иргэн Л.Ц нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Б******* 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Нийслэлийн  Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжийг үндэслэн Б дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Хавдар судлалын эмнэлгийн баруун урд хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийн дагуу эзэмшиж буй газар дээрээ 1000 гаруй м.кв талбай бүхий 120 ортой эмнэлгийн барилгын ажлыг 2012 оноос эхлэн барьж, өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэйгээр барилга угсралтын ажил дуусах шатандаа явж байна. 

Монгол Улсад хот болон хоргүй хавдраар өвчлөгчдийн тоо 300 мянгад хүрч нийгмийг донсолгосон аюултай байдал бий болох дохиог өгч буй энэ цаг үед нэгэнт барьж удахгүй ашиглалтад орох эмнэлгийн барилгыг өргөтгөх шаардлага гарсан. Тиймээс эмнэлгийн барилгыг өргөтгөн нийтдээ 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор болгохоор төлөвлөж, өргөтгөлийн *******0 ортой эмнэлгийн барилгыг барих бэлтгэл ажлыг хангах хүрээнд тус барилгын газарт байсан 80 шахам автомашины тоосгон гараш эзэмшигч иргэдтэй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тохирох гэж 3 жил гаруй хугацааг зарцуулж, өөрийн зардлаар газрыг чөлөөлсөн бөгөөд “Инэл” ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлж авах тухай хүсэлт, гэрээ  зэрэг баримтууд дээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зорилгоор энэ газрыг эзэмших хүсэлтийг гаргасан боловч тухайн үед Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа техникийн алдаа гаргаж үйлчилгээний орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байдаг. Үүнийг манай “А” ХХК залруулах хүсэлт гаргасны дагуу дахин эмнэлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан. 

Тухайн газар нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр эмнэлгийн зориулалтаар төлөвлөгдсөн газар бөгөөд нэхэмжлэгч нарын оршин сууж буй 24-р байр баригдсан газрын зориулалт нь мөн л эмнэлгийн зориулалтаар олгогдсон. Харин ч нэхэмжлэгч нарын орон сууц нь халдвар судлалын эмнэлгийн хашаан дотор баригдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн субъект нь энэ хүмүүст орон сууц барьж, зарсан этгээд байна. Харин “А” ХХК эмнэлгийн төлөвлөлттэй газар дээр эмнэлэг барьсан.

Захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн хуулийн хүчин төгөлдөр захирамж гарсан байхад Нийслэлийн Засаг дарга зориулалт өөрчилж гаргасан гэж маргаж байгаа боловч зориулалт өөрчлөгдсөн захирамж маргааш өдөр нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Тухайн үед шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан, түүнчлэн шүүх уг асуудлыг хэлэлцэхээс өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар зориулалтыг өөрчлөх асуудлыг дэмжсэн шийдвэрийг үндэслэн бичиг баримтын бүрдэл хангах процесс явагдаж бэлэн болсноор Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үзэглэж, А/993 дугаар захирамжийг гаргасан нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн зөрчил гэж үзэхгүй байна. 

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 5/14 журам зөрчигдөөд бидний саналыг авалгүй барилгын ажил явагдсан гэж яригддаг. Иргэдийн саналыг авахын тулд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон харьяалах нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаас лавлагаа авахад Б дүүргийн *******-р хороонд “А” ХХК-ийн барих гэж байгаа барилгын нөлөөллийн бүсийг тодорхойлоход нийтдээ 975 оршин суугч байдаг. 975 оршин суугчдын 70 хувь нь зөвшөөрөөгүй тохиолдолд барилга байгууламж баригдахгүй байх ёстой. Гэтэл эдгээр 975 оршин суугчдаас бид нар санал авах тухай самбараа байршуулсан фото зураг хавтаст хэрэгт байгаа. Мөн нөлөөллийн бүсээ гаргуулсан байгаа. Ингээд самбараа байршуулаад санал авах өдөр бол ямар нэг оршин суугчдаас санал ирээгүй. Тиймээс 5/14 журмын 4.10-д “Зөвшөөрлийн хуралд төлөөлөл оролцоогүй, санал ирүүлээгүй тохиолдолд тухайн барилга барихыг дэмжсэн санал өгсөнд тооцно” гэж заасан. Иймд 975 иргэн маань энэ хуралд ирж оролцоогүй, санал өгөөгүй учраас дэмжсэн санал өгсөнд тооцогдож байна. Нэхэмжлэл гаргаад байгаа 7 иргэн бол нийт 975 оршин суугчдын 0.5 хувьд нь хүрнэ. Тэгэхээр энэ 7 иргэн маань тэдгээр 975 иргэдийг төлөөлсөн субъект биш гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс “А” ХХК-д газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар газар эзэмшүүлээгүй гэж байгаа боловч 2013 оноос хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг хариуцагч нотолж байна. 

Нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөд байгаа, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, харин ч эсрэгээрээ “А” ХХК-ийн эрх хөндөгдөж байна. Тухайн үед барилга баригдаж эхлэхэд нэхэмжлэгч нарын зүгээс “Та нар манай байшингийн 1м.кв тутам дээр 1.500.000 төгрөгийг айл болгонд нөхөн олговор өг, тэгэхгүй бол танай байшинг бариулахгүй” гэсэн шаардлага тавьсан бөгөөд манай компанийн зүгээс татгалзсан хариу өгөхөд дахиад нэг давхар байшин авах мөнгө нэхсэн. Энэ мөнгийг нь бид өгөөгүйгээс болоод өнөөдөр шүүхийн маргаан үүсээд явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Б 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байгаа. Улаанбаатар хотын Ерөнхий архетиктур Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга н.Нийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архетиктур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэ барилга нь хэтэрхий ойрхон барьсан барилга байгаа юм. MNS дээр гэр хороолол болон орон сууц гээд таслалттай байгаа. Гэтэл гуравдагч этгээд нь зөвхөн гэр хороолол гэдгийг оруулаад орон сууц гэдгийг хасчихаад байгаа юм. Тэр стандарт дээр 100 метрээс багагүй зай гэж байдаг. Харин энэ барилга нь 7 метр байгаа юм. Тэгэхээр стандартуудыг хангаж байгаа гэж хэлж болохгүй юм. 

Мөн бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Түүнээс биш ямар эмнэлэг хаана барих нь хамаагүй. Хамгийн гол нь тухайн барилгыг барихдаа бидний эрх ашгийг хөндөж барьж байгаа юм...” гэв.

Нэхэмжлэгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч******* 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байр нийтдээ 5 цонхтой. Гэтэл 2 цонх нь тэр чигтээ халхлагдсан байгаа. “А” ХХК нь анх төлөвлөсөн зураг төслөөс баруун тийш 6.5 метрээр илүү цутгасан байгаа юм. Манайх 2 давхарт байдаг. Гэтэл хажууд 16 давхар барилга баригдахаар манайх ч гэлтгүй өөр айлуудын нар үзэх боломжийг хааж байгаа юм. Бид зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө яваагүй. Тухайн байранд амьдарч байгаа 100 гаруй айлын эрх ашиг яригдах юм. 

Анх үйлчилгээ орон сууцны барилга гэсэн зөвшөөрөл дээр эмнэлгийн барилга барьсан юм. Мөн бид Э.Бат-Үүл даргатай хэд хэдэн удаа уулзаж байсан. Улмаар хурал хийгээд уулзаж байхад яагаад орон сууц үйлчилгээний зориулалттай газар дээр эмнэлгийн барилга барьж байгаа юм бэ гэдгийг н.Б******* дарга нь хэлж байсан. Мөн Э.Бат-Үүл дарга доод тал нь 50 метрийн зайтай байх ёстой байтал яагаад 10 метрийн зайд барьж байгаа юм бэ. Та нарын буруу оршин суугчдын зөв гэдэг маягаар тухайн хурал дууссан...” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтжаргал 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаад өгсөн хариу тайлбартаа: “...“А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамжаар Б дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн баруун урд хэсэгт байрлах 1000 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулан авсан бөгөөд тухайн газартаа эмчилгээ оношилгооны төвийн барилга барих зорилгоор судалж үзсэний үндсэн дээр техник зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд архетиктур төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан байдаг. 

Тус компани нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 114/2012 дугаартай барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваад барилгын ажлыг эхлүүлсэн.

Б дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн баруун урд хэсэгт байрлах 2340 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/417 дугаар захирамжаар эзэмшиж байсан компаниас “А” ХХК шилжүүлэн авсан байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар уг газар эзэмших эрх нь баталгаажсан байдаг. 

Уг газар дээр барилга барих хүсэлтийг ирүүлснийг Техникийн зөвлөлийн хурал буюу одоогийн Барилга барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд дэмжигдсэн байдаг. Хурлын шийдвэрийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 384 дугаартай архетиктур төлөвлөлтийн даалгавар бичигдсэн...” гэв.

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаад өгсөн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар нь тус компанид газар олгосон Нийслэлийн Засаг даргын 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийг хүчингүй болгох гомдол гаргасан. Энэ гомдлыг гаргаж байгаа үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч нарын хуульд заасан тодорхой эрх ашиг зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэж үзэж байна. 

Тэгэхээр энэ газар олгоод байгаа захирамжууд нь нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ярихдаа барилга дээр ярьдаг. Барилга дээр ярихдаа манай цонхтой ойрхон байна. Мөн өндөр баригдах гэж байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна гэдэг. Эдгээрийн барилга хоорондын асуудал шийдэгдсэн байгаа. Мөн нарны ээвэрлэлтийн асуудал яригддаг. Үүнийг мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Эмнэлгийн барилга баригдах гэж байгаа нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

Иргэдийн төлөөлөгч Ц.Д дүгнэлтдээ: “...Манай Монгол Улсад хүний эрүүл мэндийн асуудал чухал болсон энэ үед “А” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг дэмжиж байна.

Харин барилгын норм, норматив нь хуульд захирагдах байх. Иргэдийн хувьд эрх нь онцын зөрчигдөөгүй байна гэж үзлээ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц, А.Б, Ж.Т, Д.Га, Ч.Б,  Д.Б, С.О нар нь шүүхэд “Нийслэлийн Засаг даргын   2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар “А” ХХК-д олгосон газар дээр Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар гүйцэтгэж буй “А” ХХК-ний  эмнэлгийн зориулалтаар барьж буй барилга нь хууль журмыг болон иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж, хариуцагч болон гуравдагч этгээдийн талууд газар эзэмших эрх олгосон болоод уг эрхийг шилжүүлсэн Засаг даргын захирамж нь Газрын тухай хууль болоод бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “ А ” ХХК-нд холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитекторч бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг  тус тус хүчингүй болгуулах ” гэж   тодорхойлжээ.  

1.Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Маргаан бүхий  Б дүүргийн ******* дугаар хороо, Хавдар судлалын эмнэлгийн урд байршилтай “орон сууц үйлчилгээний зориулалттай” 2340 м.кв  газрыг  Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/417 дугаар захирамжаар “Инэл” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар “Инэл” ХХК нь  тухайн газрынхаа эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай”  А/596 дугаар захирамжаар “А” ХХК-д 2340 м.кв газрыг “үйлчилгээтэй орон сууцны” зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогджээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт зааснаар  Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжаар “А” ХХК-д өмнө нь  олгосон эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн 2340 м.кв газрыг “эмнэлэг”-ийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, 000305032 дугаартай гэрчилгээ олгожээ.

  Нэхэмжлэгч нар маргаж буй үндэслэлээ “Нийслэлийн Засаг дарга “А” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох ...” , Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “... газар эзэмшүүлэх асуудлыг Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж, газар эзэмшүүлсэн. “А” ХХК-д хавдрын эмнэлэг барих газрын зөвшөөрөл олгосон нь МNS6392:2013 Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага стандартын 4.1.1, МNS6330-1:2012 “Эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагаа” 1 дүгээр хэсэг, төв эмнэлэгийн стандартын 13 дахь заалтын 13.1.1-д заасныг ноцтой зөрчиж, бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна...” гэж тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно”, 35 дугаар зүйлийн 35.14-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасныг үндэслэн “Инэл” ХХК нь өөрийн эзэмшиж байсан газраа бусдад шилжүүлсэн, “А” ХХК нь уг газрыг шилжүүлэн авсан, улмаар Нийслэлийн Засаг дарга нь “А” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн түүний эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн, уг газрыг эмнэлгийн зориулалттайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг талууд хуульд заасан журмаар гаргаж, шилжүүлэхийг хүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн үед хүчин төгөлдөр байсан, эрхийн гэрчилгээг шилжүүлж байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй байсан тул Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасан.  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу “А” ХХК нь анх эмнэлгийн зориулалтаар хүсэлт гаргаж байсан бөгөөд газар эзэмших зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаж, уг хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар барилгажилтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэн, хурлаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т зааснаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэр гаргасан нь тогтоогдож байна.

 Анх маргаан бүхий газрыг 2004 онд иргэн Б.Д*******ид “эмнэлгийн барилгын” зориулалтаар эзэмшүүлж, 2005 оны 8 дугаар дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах” тухай 348 дугаар захирамжаар 60-н жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг баталгаажуулж байжээ. 

    Нийслэлийн Засаг дарга нь “А” ХХК-ний газрын зориулалтыг өөрчлөхдөө Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “газар барилгажилтын зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хурал, 2014 оны 10 дугаар сарын 28, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлт, хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төсөл, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг хянаж үзээд гаргасан нь газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацаа сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагаа”-ны журмыг зөрчөөгүй болох нь  нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан “Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө”-ний төлөвлөлтийн үндсэн зураг, Газар барилгажилтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар хурлаар хэлэлцсэн “...газрын зориулалтыг өөрчлөх” дүгнэлтийн 27 дугаар хэсэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Харин “газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй” гэж маргаж байх боловч  энэхүү үндэслэл нь газар эзэмших эрхээ шилжүүлсэн “Инэл” ХХК-д хамааралтай болохоос уг газрыг одоо эзэмшиж байгаа “А” ХХК-ийг дээрх үндэслэлээр буруутгах буюу түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд “Инэл” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн үеийн асуудлыг хожим газар эзэмших эрх шилжүүлэн авсан “А” ХХК-д хамааруулан үзэж  хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “журам батлах тухай” 5/14 дүгээр тогтоолын 4 дүгээр бүлгийн 4.3.1-т  “2-4 давхар барилгад 15 метр, 5 давхар барилгад 21 метр, 9 давхар барилгад 40 метр, 16 давхар барилгад 45 метр” гэсэн заалтууд нь  орон сууцны хороолол дундах талбайд  барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн  цэгүүдээс дээр дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс “санал” авахад баримтлах зайн хэмжээ гэж ойлгогдохоор байхад нэхэмжлэгч нарын “Барилгын норм, нормативд заасан барилга хоорондын зайн хэмжээ” биш  тул үүгээр “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.  

Барилга хоорондын хэмжилтийн зай хоорондоо харилцан адилгүй байгаа боловч шүүхээс томилсон 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “марган бүхий барилга хоорондын зайг гражаас хэмжихэд 10.25, барилгын сууриас хэмжихэд 15.51м кв” гэсэн хэмжээг талууд зөвшөөрч байгаа тул үндэслэлтэй гэж үзэх боломжтой байна. 

Учир нь Барилгын хөгжлийн төвийн захирлын тушаалаар томилогдсон  шинжээчид Б дүүргийн  ******* дугаар хороо, Хавдар судлалын  эмнэлгийн баруун талд байрлах “А” ХХК-ний барьж буй “*******”  барилгаас хэмжилт хийхэд  нэхэмжлэгч  Л.Ц, А.Б, Ж.Т, Д.Га, Ч.Б, Д.Б, С.О нарыг газар дээр нь байлцуулан хийсэн бөгөөд тухайн үед хэмжилтийн зай дээр маргаж байгаагүй, шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч нар үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Нөгөөтэйгээр  БНбД 30-01-04-ийн 2.11-т “зэрэгцээ 2 барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно”, тус нормын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтанд “ орон сууц хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зай 6 м-ээс багагүйгээр төлөвлөнө” гэж заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК нь Б дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Хавдар судлалын төвийн баруун урд талд “PHC TOWER” эмнэлгийн барилгын суурийн угсралтын /зоорийн давхрын хучилт, дам нурууны арматурчлал, хэв хашмалын/ ажлыг   хийж гүйцэтгэсэн байх бөгөөд уг баригдаж буй эмнэлгийн барилга болон ******* орон сууцны барилга хоорондын зай нь баригдаж буй барилгын сууриас 15.51 метр зайтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Архитектур төлөвлөлтийн даалгавар , шинжээчийн дүгнэлт  зэрэг  хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогджээ. 

 “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага” МNS6392:2013 стандартын 2-т уг стандартын хамрах ба хэрэглэх хүрээг тодорхойлон заасан байх бөгөөд 2.2-т “Эрүүл мэндийн байгууллагын барилга, байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, барих, өргөтгөх, ашиглалтад оруулахад уг стандартыг мөрдөх”-өөр, 4.1.1-д “Эрүүл мэндийн барилга, байгууламжийг зөвхөн гэр хорооллоос 100 метр алслагдсан зайд барихаар төлөвлөнө” гэж , мөн Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа. 1-р хэсэг. Төв эмнэлэг МNS6330-1:2012 стандартын хамрах ба хэрэглэх хүрээг “Төв эмнэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах, үнэлгээ хийх, магадлан итгэмжлэх, хяналт тавихад хэрэглэх”-ээр тодорхойлон заажээ. 

Улсын төв эмнэлэг гэдэгт улсын хэмжээнд эмнэл зүйн төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамж, аргачлал боловсруулах, эмч, эмнэлгийн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах, тандалт судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллагыг хэлжээ.

Тэгвэл Б дүүргийн ******* дугаар хороо, Хавдар судлалын эмнэлгийн баруун урд талд байрлах “А” ХХК-ийн барьж буй “PHC TOWER” эмнэлгийн барилга нь Төв эмнэлгийн ангилалд хамаарахгүй байх тул Төв эмнэлэг МNS 6330-1.2012 стандартын хүрээнд хамруулан авч үзэх буюу дээрх стандартыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймээс нэхэмжлэгч нарын ” ... хавдрын эмнэлэг барих газрын зөвшөөрөл олгосон нь МNS-6392:2013, МNS6330-1:2012 стандартын ... заалтыг ноцтой зөрчиж, бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь “ ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх” бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

Тэгвэл “А “ ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлын аль нь ч бий болоогүй байхад нэхэмжлэгч нарын гаргасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх буюу хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжаар “А” ХХК-д 2340 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх  үзлээ.

Маргаан бүхий Б дүүргийн ******* дугаар хороо, Хавдар судлалын эмнэлгийн баруун талын газар нь анх 2004 онд эмнэлгийн зориулалтаар олгогдож байсан, эмнэлгийн зориулалтын бус бөгөөд нэхэмжлэгч нарын орон сууц тухайн үедээ “хавдар судлалын эмнэлгийн ажилчдын орон сууц” гэж баригдаж байсан гэдэгтэй талууд маргадаггүй гэдгийг дурьдах нь зүйтэй.

2. Улаанбаатар хотын ерөнхий архитекторч бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар “Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар “А” ХХК-д 42*25 хэмжээтэй барилга барихыг зөвшөөрсөн. Гэтэл “А” ХХК нь дээрх хэмжээг 6.5 метрээр хэтрүүлэн 48.5*25 хэмжээтэй барилга угсралтын ажил хийж хууль, журмыг ноцтой зөрчсөн болно. Дээрхи хууль бус үйлдэл нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний дүгнэлт, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02-07-89/326 дугаар акт, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02-01/2879 дугаар албан бичиг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний  газрын даргын  2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2/2885 албан бичиг, 2014 оны 8 дугаар сарын *******-ний өдрийн126 дугаартай шаардах хуудас зэрэг олон баримтаар тогтоогдож байна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2014 оны 6 дугаар 25-ны өдөр баталсан “архитектур төлөвлөлтийн” 513 дугаар даалгавраар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 тоот шийдвэртэй 136003/0387 дугаар нэгж талбартай, Б дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт, хавдар судлалын төвийн баруун урд талд олгогдсон 0.234 га газрыг үндэслэн “А”-д ХХК 25*25, 42*25 метр хэмжээтэй гадна довжоо, 1.8 метрээс илүүгүй, рампыг нормоор тооцон төлөвлөх, 16*15.5 метр хэмжээтэй газар доорх авто гараж бүхий техникийн өрөөг тооцож, төмөр бетон каркасан хийцтэй 7, 16 давхар /зоорьтой/ “эмнэлгийн” барилга барих зөвшөөрөл олгосон боловч “А” ХХК нь барилгын суурийг илүү гаргаж цутгасан тул  нэхэмжлэгч нарын гомдлоор шалгаж ажлыг нь зогсоосон байна.

Гэвч хариуцагч тал Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар “А” ХХК-д 2340 м кв газрыг  эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан ба тус захирамжаар 2013 оны А/596 дугаар захирамжаар “А” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан  Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журмын 3 дугаар бүлгийн 3.13-т газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй, тохиолдолд барилгын эх загвар зураг хүчингүй болно гэж заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар Б дүүргийн *******дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хавдар судлалын төвийн баруун урд талд 0.234 га газарт, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 513 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон нь хүчингүй болсон  гэж тайлбарлаж байна. 

Иймд маргаан бүхий акт хүчингүй болж, дээрх актын үйлчлэл дуусгавар болсон тул үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул  Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2014 оны 6 дугаар 25-ны өдөр баталсан архитектур төлөвлөлтийн 513 дугаар даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц, А.Б, Ж.Т, Д.Га, Ч.Б,  Д.Б, С.О нарын нэхэмжлэлтэй  Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдуулан гаргаснаар  “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-нд холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй  болгуулахыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгэр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ

                                                  ШҮҮГЧ                                Ц. МӨНХЗУЛ

                                                  ШҮҮГЧ                                Ц.САЙХАНТУЯА