Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1887

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч  Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01558 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч МДАИ/НҮТББ/-д холбогдох

Ажлын хөлс 40 780 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Г.Нямхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголын дотоод аудиторуудын институтийг төлөөлж Л.Отгонбаяртай 17/0510 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.4...консалтинг, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, холбоо тогтоох, сурталчлах, таниулах, эх материал бэлтгэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалтын төлөвлөгөө гаргах, гэрээт ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, бусад нэгж болон аудитын ерөнхий захирлын бүхий л ажил үүрэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллахаар болсон. “Улз гол” ХХК-тай 2017 онд 5.000.000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, “Улз групп” ХХК-тай 2017 онд 10.000.000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, “Улз гол” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, “Улз групп” ХХК-тай 2017 оны 8 дугаар сард 15.000.000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, “Голден хаммер” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сард 5.000.000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, “Улз групп” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөгийн үнэ бүхий Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан. Дээрх гэрээний дагуу ажлын хөлс 40.780.000 төгрөгийг дутуу олгосон тул нэхэмжлэл гаргасан. Гэрээнээс татгалзах үндэслэлүүдийг 2017 оны 12 дугаар сард тодорхой хэлж, өөрөө ч хүлээн зөвшөөрөөд хоёр тал гэрээгээ цуцалсан. Өнөөдрийн эрхэлж буй ажил бол энэ байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй юм. Гэрээ цуцлах болсон шалтгаан нь хийж гүйцэтгэсэн ажпын тайлан, оруулсан орлогын тооцоо болон холбогдох материалуудыг цаг тухайд нь имэйл, фэйсбүүк хаягаар нь файл хэлбэрээр хүлээлгэн өгдөг байсан. Харин А тал гэрээний дагуу хүлээн авсан ажлаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу гэрээ дүгнэсэн акт үйлддэггүй, цалин хөлсөө бүрэн өгдөггүй, тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хүчин төгөлдөр анхан шатны баримтуудыг үндэслэж тооцоо нийлж, гэрээнд заасан цалин хөлс урамшууллаа олгодоггүй байсан. Нэхэмжлэлд дурьдсан 13.239.778 төгрөгийг гэрээгээ дүгнээд өгсөн цалин, урамшуулал 13.239.778 төгрөгийн 10.219.778 төгрөг нь гэрээний хавсралтад зааснаар тогтмол цалин хөлс болох 1.500.000 төгрөгтэй холбоотой цалин бөгөөд 3.020.000 төгрөг нь сургалт зохион байгуулсантай холбоотой урамшуулал юм. Хамтын ажиллагааны гэрээний 3.6 дахь заалтыг тайлбарлахдаа ашиг болон гүйцэтгэлээр цалин хөлс олгож байгаа үед сар бүр тогтмол цалин олгохгүй, ажил олох хүртэл цалин олгож байгаад ажил олдсон үеэс гүйцэтгэлээр цалин олгоно гэдгийг тохирсон. Гэтэл 3.6 дахь заалт болон гэрээний хавсралтад зааснаар 1.500.000 төгрөгийг сар бүр тогтмолоор олгож, үүн дээр хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр, ашиг урамшуулал олгохоор заасан нь тодорхой байна. 2014 оноос өмнөх нэрээр буюу Ч.Шүрэнцэцэгээр бичээд явж байсан атлаа одоо өөрийнхөө баталсан гэрээг үгүйсгэн, хүчин төгөлдөр бус мэтээр тайлбарлаж байгаа нь шударга бус байна. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зарим гэрээний нэрийг андуурч бичсэн байсан. Мөн хамтын ажиллагааны гэрээний 1.4-т заасан бусад нэгж гэдгийг гуйвуулан хэргээр өөрт нь хамааралгүй байгууллагууд мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас өмнө надад Л.Отгонбаярын санал болгож хийлгэж байсан ажпын хөлсийг тооцохдоо 1 хүн/цаг 75.000 төгрөгөөр тооцож авч байсан. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь бодит байдлыг өөрт ашигтайгаар гуйвуулсан, үнэнд нийцээгүй, худал тайлбар байх ба түүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул дутуу олгосон ажлын хөлс 40.780.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын дотоод аудиторуудын институтэд нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17/0510 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ нэртэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай байсан боловч Ч.Б- 2018 оны 2 дугаар сард гэнэт ажлаа орхиод явчихсан. Манай байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгуулан ажиллаж байсан. Гүйцэтгэсэн ажлын хөлстэй холбоотой ямар нэгэн маргаан огт гарч байгаагүй. Хамтын ажиллагааны гэрээний 3.3-д гэрээний хэрэгжилтийн дүгнэлтийг Б тал танилцуулж, А тал дүгнэнэ гэсний дагуу сар бүр Б тал танилцуулж, А тал зөвшөөрч, цалин хөлсийг шилжүүлдэг байсан. Хамтын ажиллагааны гэрээний 3.5-д Хамтран ажиллах гэрээний дагуу тохиролцсон хөлсний урьдчилгаа 50 хувийг сар бүрийн 15-ны өдөр, үлдэгдэлийг сар бүрийн сүүлийн 7 хоногт гэрээ дүгнэсний дараа сар бүрийн 30-ны өдөр бэлнээр эсвэл бэлэн бусаар дансаар төлнө гэж заасан. Хамтын ажиллагааны гэрээний 3.6-д маш тодорхой тохирсон байдаг. Ч.Б- 2018 оны 2 сард хэрүүл маргаан хийж, ажлаа хаяад явсан. Хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлуудыг манай аудиторууд хийж гүйцэтгэсэн, тэр аудиторуудад хийсэн ажлынх нь хөлсийг бүтнээр төлсөн. Ч.Б- нь хийж гүйцэтгэсэн ажилд ногдох сарын ажлын хөлсөө өөрөө тодорхойлж, байгууллага түүнийг шилжүүлдэг байсан. Тэрбээр ажлын хөлс болох 13.989.778 төгрөгөө аваад, ажлаа дутуу хаяад явсан. Ч.Б- нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ч.Шүрэнцэцэг гэх өөрийн нэрийг Ч.Б- болгож өөрчилсөн мөртлөө хэрэгт хавсаргасан 2017 онд хийгдсэн гэрээнүүд дээр улсын бүртгэлд байхгүй хууль бус Ч.Шүрэнцэцэг гэдэг нэрээр гарын үсэг зурсан байна. Энэ утгаараа энэ гэрээнүүд хүчин төгөлдөр бус юм. Ч.Б- нь Шилдэг сургууль, “Акватик черчил” ХХК-тай байгуулсан гэрээнээс 30,800,000 төгрөгийн сургалтын орлогоос 3,055,000 төгрөг авсан. Ч.Б-од олгосон нийт 13.989.778 төгрөгөөс сургалтын орлогод олгосон 3.055.000 төгрөгийг хасвал 10.934.778 төгрөг болно. Ч.Б-од олгосон цэвэр ашиг болон гүйцэтгэлээр олгосон цалингийн тооцооллоос харвал Ч.Б- нь нийт 6.877.885 төгрөгийн цалин хөлсийг өөрөө тооцож, бодуулж авсан юм. Нийт нэхэмжлэх дүн 40.780.000 төгрөг, үүнээс цэвэр ашгийн 20 хувиас 9.880.000 төгрөг, гүйцэтгэлээс 30.900.000 төгрөг авна гэжээ. 1 хүн/цаг 75.000 төгрөгийг гаргахдаа сарын цалин 1.500.000 төгрөгийг 20 өдөрт хувааж гаргажээ. Өдөрт хуваасан юм чинь өдрийн цалин хөлсний үнэлгээ гарах ёстой. Гэтэл энэ өдрийн цалингийн тооцооллоо 1 цагийн 75.000 гээд, өдөрт 6 цаг, нийт 30 цаг гээд 2.250.000 төгрөг гэсэн алдаатай тооцоо гаргажээ. Түүний хийсэн тооцооллоос харвал 3.000.000 төгрөгийн гэрээний дүнтэй ажлаас 2.730.000 төгрөгийг авахаар, 20.000.000 төгрөгийн гэрээний дүнтэй ажлаас 18.400.000 төгрөгийг авахаар нэхэмжлэх гаргасан нь огт үндэслэлгүй тооцоолол байна. Иймд Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч МДАИ/НҮТББ/-д холбогдох ажлын хөлс 40.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 361.850 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17/0510 тоот гэрээ нь “Хамтын ажиллагааны гэрээ” нэртэй боловч харилцан тохиролцсон агуулгын хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байтал шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.....Л.Отгонбаяр нь гэрээний 3.1-д зааснаар гэрээг дүгнэх үүрэгтэй боловч гэрээгээ албан ёсоор дүгнэдэггүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны хүчин төгөлдөр баримт үйлдэж тооцоо нийлдэггүй, гэрээгээр тохирсон хөлсөө өгөхгүй байсан учраас ....Ч.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл ажиллаж, гэрээнд заасан бүх ажлаа дуусган хүлээлгэж өгөөд явсан байдаг. Гэтэл шүүх гэрээний төрлийг буруу тодорхойлж, мөн гэрээ цуцлах болсон үйл баримтыг буруу дүгнэж шийдвэр гаргасан. Хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдэхэд ач холбогдолтой гэж үзэж шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн. Энэхүү иргэний хэрэг нь Ч.Б-ын нэрээ сольсон талаарх маргаан биш, дээрх 8 гэрээн дээр хуучин нэрээрээ гарын үсэг зурснаас хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулсан зүйл байхгүй байна. Хариуцагч нь 1.500.000 төгрөгийн топгмол хөлсийг гэрээний хугацаанд сар бүр олгохоор, үүн дээр гэрээний хавсралтад заасан хөлсүүд нэмэгдэж олгогдохоор харилцан тохиролцсон ба энэ талаарх дэлгэрэнгүй задаргаа тайлбарыг нэхэмжлэгч тал анхнаасаа үнэн зөвөөр, нотлох баримттайгаар гаргаж, тайлбарлаж ирсэн. Гэтэл шүүх хэргийн бодит байдлыг сайн ойлголгүй ерөнхийлсөн тооцоо гаргасан байна. Гэрээт ажил гүйцэтгэх гүйцэтгэлээр гэж хавсралтад заасан нь 8 гэрээний ажлын гүйцэтгэлийг нийтдээ 412.5 хүн/цаг ажиллаж хүлээлгэж өгсөн. Энэхүү гүйцэтгэлийн төлбөр нь 30.900.000 төгрөг авах ёстой байсныг А төл өгөөгүй. Ингээд сар бүрийн 1.500.000 төгрөг дээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэмэхээр нийт 54.019.778 төгрөгийн хөлс авахаас 13.239.778 төгрөгийг авсан ба одоо 40.780.000 төгрөгийн хөлс авах дутуу байгаа юм. Ч.Б- нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой ажлуудаа хийсэн, харин гэрээгээр тохиролцсон хөлсөө дутуу авсан нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч МДАИ/НҮТББ/-д холбогдуулан ажлын хөлсний дутуу 40.780.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч тал ажлын хөлсийг ашгаас, ажлын гүйцэтгэлээр, тогтмол хэлбэрээр гэрээний дагуу олгохоор тохиролцсон гэж, хариуцагч тал ашиг болон гүйцэтгэлээр цалин хөлс олгож байгаа үед сар бүр тогтмол цалин олгохгүй гэж тохирсон гэж маргадаг.

 

Гэвч талуудын тооцооллын аль нь үндэслэлтэй болохыг дүгнэхэд шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх гэрээ болон хуульд нийцүүлэн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Отгонбаяр Аудитын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн  нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцагчийн мэдээлэл болон хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд байгууллагын болон харилцагчийн нууцтай холбоотой тул шүүх хуралдааныг хаалттай явуулж, нууцын баталгаа гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх-ийн 126/

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт зааснаар үндэслэлтэй гэж үзэж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн  атлаа нууцын баталгаа гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон байхаас гадна шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01558 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “хаалттай шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн”  гэж заасан байх боловч шүүх хуралдааны  тэмдэглэлээр  энэ шүүх хуралдаан хаалттай явагдаагүй нь тогтоогдож байна. Нэгэнт шүүх хэргийг хаалттай шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр тогтсон бол хуульд заасан болон нууцын баталгаа гаргуулж авах журмыг баримтлах үүрэгтэй. /хх-ийн 202-24/

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх атлаа сөрөг нэхэмжлэл, түүнд хавсаргасан 70 хуудас баримтуудыг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүй, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ