Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2021/01115

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        05          20                                     182/ШШ2021/01115

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: МАИ ТББ-д холбогдох

          Ажлын хөлс 40,780,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, Г.Н, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017.05.10-ны өдөр МАИийг төлөөлж Л.Отай 17/0510 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгаа. Уг гэрээнд зааснаар би консалтинг, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, холбоо тогтоох, сурталчлах, таниулах, эх материал бэлтгэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалтын төлөвлөгөө гаргах, гэрээт ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, бусад нэгж болон аудитын ерөнхий захирлын бүхий л ажил үүрэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллахаар болсон. Мөн гэрээгээр намайг гүйцэтгэх захирлын ажлыг хийлгэхээр болсон. Ингээд би УГХХК-тай 2017 онд 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, УГрупп ХХК-тай 2017 онд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, УГХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, УГрупп ХХК-тай 2017 оны 8 дугаар сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, Голден хаммер ХХК-тай 2017 оны 9 дүгээр сард 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Аудитын гэрээ, УГрупп ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийн үнэ бүхий Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан, ажлыг дуусгаж, ашгийг нь хариуцагч хүртсэн байдаг боловч миний ажлын хөлсийг дутуу төлсөн.

Мөн гүйцэтгэх захирлаар ажиллуулна гэсэн тохиролцоондоо хүрээгүй, намайг гүйцэтгэх захирлаар ажиллуулах орчин нөхцөлөөр хангаагүй, би тэр ажлыг нь ч огт хийгээгүй, харин гэрээгээр тохирсон бусад ажлуудыг хөлсөөр гүйцэтгэх болсон.

Ингээд гэрээнээс татгалзах үндэслэлүүдийг 2017 оны 12 дугаар сард миний зүгээс хариуцагчид тодорхой хэлж, өөрөө ч хүлээн зөвшөөрөөд хоёр тал гэрээгээ цуцалж, би 2018.01.15-нд эцсийн байдлаар ажлаа хүлээлгэн өгсөн. Гэрээ цуцлах болсон шалтгаан нь хийж гүйцэтгэсэн ажпын тайлан, оруулсан орлогын тооцоо болон холбогдох материалуудыг цаг тухайд нь имэйл, фэйсбүүк хаягаар нь файл хэлбэрээр хүлээлгэн өгдөг байсан. Харин А тал гэрээний дагуу хүлээн авсан ажлаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу гэрээ дүгнэсэн акт үйлддэггүй, цалин хөлсөө бүрэн өгдөггүй, тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хүчин төгөлдөр анхан шатны баримтуудыг үндэслэж тооцоо нийлж, гэрээнд заасан цалин хөлс урамшууллаа олгодоггүй байсан. Миний хувьд ажиллаж байхдаа хариуцагч байгууллагаас нийт 13,239,778 төгрөгийн хөлс авсан бөгөөд үүний 10,219,778 төгрөг нь гэрээний хавсралтад зааснаар тогтмол цалин хөлс болох 1,500,000 төгрөгтэй холбоотой, үлдсэн 3,020,000 төгрөг нь сургалт зохион байгуулсантай холбоотой урамшуулал байдаг. Ажлаас гарсны дараа Л.О нь иргэнийхээ хувиар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган надаас зээлийн төлбөр нэхэмжилсэн байдаг бөгөөд тухайн үед би ажлын хөлсөө сөргөөр нэхэмжлэхэд шүүх тусдаа гарга гээд хүлээн аваагүй, харин надаас зээлийн төлбөрт 14 гаруй сая төгрөг гаргуулж Л.От олгохоор шийдвэрлэсэн.

Хамтын ажиллагааны гэрээний 3.6-д зааснаар хөлсийг тогтмол цалин болох 1,500,000 төгрөг, нэмэлт ажил олсон үед гүйцэтгэл болон ашгаар тооцож олгох, энэ үед тогтмол цалин тооцохгүй байхаар тохирсон байдаг бөгөөд гэрээний хавсралтаас харагдана. Хийсэн 8 ажлын гэрээн дээр Ч.Шгэсэн нэр явдаг бөгөөд миний анхны нэр, би 2014 онд нэрээ өөрчилж Б болгосон. Гэрээний төслийг хариуцагч бэлддэг, нэгэнт нэр нь Ш гээд гарсан байдаг учраас би Ш нэрээр гарын үсэг зурдаг, энэ талаар маргаагүй, хийсэн ажлыг маань хүлээгээд авчихсан байгаа.  1 дүгээр хавтасны 12 дугаар хуудсанд авагдсан миний гаргасан тооцоо байгаа, 1-8 дугаартай. Эхний 1-6 дугаартай ГХ-Б, УГ-Б, УГрупп-Бизкон гэсэн гэрээт ажлуудын хөлсийг гүйцэтгэлээр, 7, 8 дугаартай УГрупп-МАИ, ММУНБ-тай байгуулсан гэрээт ажлуудыг ашгийн 20%-иар тооцон нэхэмжилж байна. Гүйцэтгэлийг 1 хүн/цаг 75,000 төгрөгөөр тооцсон. Иймд ажлын хөлс болох нийт 40,780,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2017.05.10-ны өдөр 17/0510 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ нэртэй хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч Ч.Б 2018 оны 2 дугаар сард гэнэт ажлаа орхиод явчихсан. Манай байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгуулан ажиллаж байсан. Гүйцэтгэсэн ажлын хөлстэй холбоотой ямар нэгэн маргаан огт гарч байгаагүй. Хамтын ажиллагааны гэрээний 3.3-д гэрээний хэрэгжилтийн дүгнэлтийг Б тал танилцуулж, А тал дүгнэнэ гэсний дагуу сар бүр Б тал танилцуулж, А тал зөвшөөрч, цалин хөлсийг шилжүүлдэг байсан. Хамтын ажиллагааны гэрээний 3.5-д Хамтран ажиллах гэрээний дагуу тохиролцсон хөлсний урьдчилгаа 50 хувийг сар бүрийн 15-ны өдөр, үлдэгдлийг сар бүрийн сүүлийн 7 хоногт гэрээ дүгнэсний дараа сар бүрийн 30-ны өдөр бэлнээр эсвэл бэлэн бусаар дансаар төлнө гэж заасан. Хамтын ажиллагааны гэрээний 3.6-д Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг талууд хамтран ажиллах үйл ажиллагааны онцлогоос хамааран, харилцан тохиролцоно. Ашгаас, ажлын гүйцэтгэлээр, тогтмол хэлбэрээр гэрээний дагуу олгоно гэж заасан нь ашиг болон гүйцэтгэлээ цалин хөлс олгож байгаа үед сар бүр байнга тогтмол дүнтэй цалин олгохгүй, ажил олох хүртэл тогтмол цалин олгож байгаад ажил олдсон үеэс цэвэр ашиг, гүйцэтгэлээр цалин олгоно гэдгийг маш тодорхой тохирсон байдаг. Ч.Бын хэлээд байгаа 8 төрлийн гэрээний ажлыг хийсэн талаар маргахгүй боловч сүүлийн ажлуудыг бүрэн дуусгаагүй, ажлаа хаяад явсан учир би Б.Нгэж хүнээр үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан байдаг. Манай байгууллагын зүгээс тогтмол цалин болоод, гэрээний ашигт нийт 13,989,778 төгрөг төлсөн, одоо энэ хүнд төлөх хөлс байхгүй, хэрэв байсан бол энэ хүн тухайн үед нь нэхэх байсан, гэтэл огт нэхээгүй байж 2 жилийн дараа надаас хөлс нэхээд байгааг ойлгохгүй байна. Харин Ч.Бын хэлээд байгаа 1 дүгээр хавтсанд байгаа тооцооллоос үзвэл ажлыг цэвэр ашиг, гүйцэтгэлийн аль алинаар нь тооцсон байна, тэгэх боломжгүй, гэрээний хавсралтад заасан аль нэг тохиролцоогоор хөлс авах ёстой. Өөрөөр хэлбэл 1‑6 дугаарт байгаа Бизконтой байгуулсан гэрээнүүд бүгд гүйцэтгэлээр, 7, 8 дугаарт байгаа хоёр ажил нь ашгаар тооцогдох ёстой. Гэтэл 40,780,000 төгрөг, үүнээс цэвэр ашгийн 20 хувиас 9,880,000 төгрөг, гүйцэтгэлээс 30,900,000 төгрөг авна гэжээ. 1 хүн/цаг 75,000 төгрөгийг гаргахдаа сарын цалин 1,500,000 төгрөгийг 20 өдөрт хувааж гаргажээ. Өдөрт хуваасан юм чинь өдрийн цалин хөлсний үнэлгээ гарах ёстой. Гэтэл энэ өдрийн цалингийн тооцооллоо 1 цагийн 75,000 гээд, өдөрт 6 цаг, нийт 30 цаг гээд 2,250,000 төгрөг гэсэн алдаатай тооцоо гаргажээ. Түүний хийсэн тооцооллоос харвал 3,000,000 төгрөгийн гэрээний дүнтэй ажлаас 2,730,000 төгрөгийг авахаар, 20,000,000 төгрөгийн гэрээний дүнтэй ажлаас 18,400,000 төгрөгийг авахаар нэхэмжлэх гаргасан нь огт үндэслэлгүй тооцоолол байна. Иймд Ч.Бын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч МАИ НҮТББ‑д холбогдуулж ажлын хөлс 40,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би МАИ НҮТББ‑д ажиллах хугацаандаа тогтмол цалин авахаас гадна, ажил олсон үед уг ажлынхаа ашиг болон гүйцэтгэлээр хөлс авах ёстой байсан, нэг удаагийн гэрээт ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг авсан, өөр ашиг огт аваагүй, нийт 8 төрлийн гэрээний ажил хийж дуусгасан байхад миний хийсэн ажлын хөлсийг ашиг, болон гүйцэтгэлээр тооцон олгоогүй, надаас бүх зүйлээ нууж, гэрээг цаг хугацаанд нь дүгнэхгүй байсан, мөн намайг гүйцэтгэх захирлаар ажиллуулна гэсэн боловч ажиллах нөхцөлөөр хангаагүй, би тэр ажлыг нь огт хийгээгүй учир би 2017 оны 12 сард гэрээ цуцлах тухай саналаа амаар илэрхийлж 2018.01.15‑нд бүх ажлаа дуусган хүлээлгэн өгсөн, иймд өөрийн олж ирсэн 8 төрлийн гэрээний ажлын хөлсийг гүйцэтгэл болон ашгаар тооцон нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Ч.Бын хийсэн ажлын талаар маргахгүй боловч сүүлийн ажлыг дуусгаагүй, хэл ам хийж, ажлаа 2018 оны 02 сард хаяад явсан, би ажлыг Б.Нгэх хүнээр хийлгэсэн, энэ хүний цалин хөлсийг тухай бүрт нь, мөн нэг удаагийн сургалтын гэрээний дагуу 3 сая гаруй төгрөгийн ашгийг өгсөн, надад Ч.Бод төлөх ямар нэгэн хөлсний тооцоо байхгүй, ажлаа өгснөөс хойш бараг 2 жилийн дараа энэ асуудлыг сөхөж байгааг ойлгохгүй байна, хэрэв авлагатай байсан бол тухайн үедээ нэхэх байсан, гэтэл нэхээгүй, тэгээд ч гэрээний хавсралтад зааснаар хийсэн ажлыг ашиг, гүйцэтгэл, тогтмол цалин хөлс гэх мэт аль нэг нөхцөлд хамааруулж тооцохоос биш, гүйцэтгэл, ашгийг хамтад нь давхардуулж тооцохгүй, нэхэмжлэлийн тооцоолол ойлгомжгүй, үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэн.

 

Зохигчид 2017.05.10-ны өдөр 17/0510 дугаартай Хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээг “бодлого боловсруулах, материал бэлтгэх, шинжээчийн үйл ажиллагаа, гадаад болон дотоод аудитын үйл ажиллагаа, консалтинг, сургалт зохион байгуулах, түүний төлөвлөгөө гаргах, материал бэлтгэх, холбогдох бусад үйл ажиллагааг гүйцэтгэх” зорилгоор 3 жилийн хугацаатай байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь гэрээний зорилгыг хэрэгжүүлэх үүднээс гүйцэтгэх захирлаар ажиллах, ингэхдээ тохиролцсон ажлыг буюу консалтинг, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, холбоо тогтоох, сурталчлах, таниулах, эх материал бэлтгэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалтын төлөвлөгөө гаргах, гэрээт ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, бусад нэгж болон аудитын ерөнхий захирлын бүхий л ажил үүрэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч МАИ НҮТББ нь нэхэмжлэгч Ч.Бод гэрээний хавсралтад тохиролцсон 5 төрлийн хөлсний аль тохирох хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Зохигчид энэхүү гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын онцлогоос хамаарч, ажлын үнэлгээ буюу хөлсийг тохиролцсон байх бөгөөд:

1.Зөвлөн туслах үйлчилгээ /шинжээч, дотоод аудит, нягтлан бодох бүртгэл/ ---цэвэр ашгийн 20 хувь,

2.Сургалт зохион байгуулах --- төлбөрийн 10 хувь,

3.Гэрээт ажил гүйцэтгэх /гадаад аудит/ --- гүйцэтгэлээр,

4.Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, холбоо тогтоох, сурталчлан таниулах эх материал бэлтгэх, хөтөлбөр боловсруулах, төлөвлөгөө боловсруулах, сургалтын төлөвлөгөө гаргах, консалтингийн төлөвлөгөө гаргах --- тогтмол 1,500,000 төгрөг,

5.Бусад /ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгавар/ --- тогтмол 1,500,000 төгрөг гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б дээрх гэрээний дагуу 2017.05.10‑ны өдрөөс хариуцагч МАИ НҮТББ‑д ажиллаж эхэлсэн байх бөгөөд тэрээр гүйцэтгэх захирлын ажлыг огт хийгээгүй, харин 1 дүгээр хавтасны 12 дугаар хуудсанд авагдсан 3,000,000 болон 5,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ГХХХК-БА ХХК‑ийн хооронд байгуулагдсан гэрээт ажлууд, 3,000,000 болон 5,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГХХК‑БА ХХК‑ийн хооронд байгуулагдсан гэрээт ажлууд, тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑БА ХХК‑ийн хооронд байгуулагдсан гэрээт ажлууд, 20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑МАИийн хооронд байгуулагдсан гэрээт ажил, 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑ММУНБ институтийн хооронд байгуулагдсан гэрээт ажлууд болон бусад гэрээт ажлууд, тогтмол хөлсөнд хамаарах ажлуудыг хийж гүйцэтгэсэн, энэхүү гэрээт ажлуудыг хариуцагч МАИ НҮТББ‑ыг төлөөлөн хийхдээ зарим гэрээг ерөнхий санхүүч Ч.Шгэх нэрээр байгуулсан байна.

 

 

Нэхэмжлэгч Ч.Б нь Баянгол дүүргийн Засаг даргын 2014.07.16-ны өдрийн 657 дугаар захирамжаар Ч-ын Ш нэрээ Ч-ын Б болгон өөрчилсөн байх ба, тэрээр Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.5‑д зааснаар өөрийн өөрчлөгдсөн нэрийг хариуцагч МАИ НҮТББ мэдэгдсэн, мөн энэ тухай хариуцагч МАИ НҮТББ мэдэж байсан, Ч.Шнэрээр байгуулагдсан гэрээнүүдээс ямар нэгэн сөрөг үр дагавар үүсээгүй, дурдсан гэрээт ажлуудын үр дүн болох ажлын хөлсийг хариуцагч МАИ НҮТББ нь зохих байгууллагуудаас хүлээн авсан байх тул Ч.Шийн нэрээр байгуулсан Ч.Бын хийсэн ажлуудыг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин хариуцагч МАИ НҮТББ нь нэхэмжлэгч Ч.Быг гүйцэтгэх захирлаар ажиллуулах үүргээ биелүүлээгүй, ажиллах боломжоор хангаагүй, гэрээг дүгнэхгүй, ашиг, гүйцэтгэлийг тооцохгүй байснаас шалтгаалж зохигчдын хооронд маргаан үүссэн байх ба, энэ үйл явдлаас болж нэхэмжлэгч Ч.Б нь 2017 оны 12 сард гэрээг цуцлах саналыг амаар гаргасныг хариуцагч МАИ НҮТББ хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Ч.Б бүх ажлаа дуусган 2018.01.15‑ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн, түүнийг ажиллаж байх хугацаанд хариуцагч МАИ НҮТББ нь нэхэмжлэгч Ч.Бын нэрийн өмнөөс ямар нэгэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл огт төлж байгаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь МАИ НҮТББ‑д ажиллаж байх дээрх хугацаанд ажлын хөлсөнд 13,239,778 төгрөгийг авсан гэж, хариуцагч МАИ НҮТББ нь 13,989,778 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн гэж маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ч.Б нь 13,989,778 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч МАИ НҮТББ-аас авсан байна гэж дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч Ч.Б нь ажлын хөлсөнд авсан 13,989,778 төгрөгийн тогтмол хөлс болох 1,500,000 төгрөгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, харин дээр дурдсан 8 нэр төрлийн гэрээт ажлын хөлсийг аваагүй, хариуцагч МАИ НҮТББ‑тай тооцоо нийлээгүй, тэрээр Л.Оаас зээлсэн 14,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг энэхүү ажлын хөлснөөс тооцон суутгасан гэж бодсон гэх боловч Л.О нь 2020.03.09‑ний өдөр Ч.Бод холбогдуулж зээлийн төлбөрт 21,140,000 төгрөг нэхэмжилэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

 

Энэ хэрэгт нэхэмжлэгч Ч.Б нь энэхүү маргааны зүйл болсон ажлын хөлсийг нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан гэх боловч шүүх нэхэмжлэлийг тусдаа гарга гэсэн шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан, тэрээр Ч.Боос зээлийн төлбөрт нийт 20,462,581 төгрөгийг гаргуулж Л.От олгож, нэхэмжлэлээс үлдэх 677,419 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22‑ны өдрийн 1349 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа нь гэрээ цуцлагдаж, ажил хүлээлгэн өгсөн 2018.01.15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.04.21-ний өдрийг хүртэл тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаан дотроо байна гэж үзлээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ, хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээ, хавсралт, хийсэн ажлын хөлсний тооцоолол, цалингийн тооцоолол, бусадтай байгуулсан хийсэн ажлын гэрээнүүд, энэхүү гэрээнүүдийн дагуу бусдаас төлбөр төлсөн баримтууд, Ч.Б /Ч.Ш/‑ын Худалдаа, хөгжлийн банк, ХААН банкны дансны хуулгууд, хариуцагч МАИ НҮТББ‑аас ажлын хөлс олгосон тухай баримтууд, 2020.06.18-ны өдрийн нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтууд болон түүнд хамаарах улаан өнгийн флаш дискэнд шүүхийн журмаар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, аудит зөвлөх үйлчилгээний мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын журнал, касс харилцахын тайлан, зөвлөх үйлчилгээний орлого, зардлын нэгтгэл, ажилчны цалин хөлсний бүртгэл, авлага, өглөгийн дансны бүртгэл, Ч.Бын зээлийг чөлөөлсөн тухай баримт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Л.Оын нэхэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.04‑ний өдрийн 1412 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22‑ны өдрийн 1349 дүгээр магадлал зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

 

Ийнхүү дээр тогтоогдсон үйл баримтууд, хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээний зохицуулалтаас үзвэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1, 363 дугаар зүйлийн 363.1‑д заасан шаардлагад нийцсэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1‑д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 360 дугаар зүйлийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”,

 

Хамтын ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.5‑д “гэрээний дагуу тохиролцсон хөлсийг урьдчилгаа 50%‑ийг сар бүрийн 14‑нөөс 15‑ны хооронд, үлдэгдлийг сар бүрийн сүүлийн 7 хоногт гэрээ дүгнэсний дараа сар бүрийн 29‑нөөс 30‑ны хооронд бэлнээр эсхүл бэлэн бусаар дансаар төлж болно”, 3.6‑д “гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг талууд хамтран ажиллах үйл ажиллагааны онцлогоос хамааран, харилцан тохиролцоно. Ашгаас, ажлын гүйцэтгэлээр, тогтмол хэлбэрээр гэрээний дагуу олгоно” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хэн аль нь гэрээний 3 дугаар зүйлд зохицуулснаар нэг талаас хийсэн ажлаа тайлагнаж, нөгөө талаас ажил гүйцэтгэсэн байдал, аудитын тайлан дүгнэлт, зөвлөмж, тодотгол, ажлын баримт бүрдүүлэлт, хөтөлбөр, төлөвлөгөө, бусад бичиг баримтын боловсруулалтын чанар, үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлт зэрэг үзүүлэлтээр дүгнэж, дүгнэсний эцэст хөлс төлөх байтал зохигчид гэрээний заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэн аль нь гэрээг тухай бүрт нь дүгнэж байгаагүй учир нэхэмжлэгч Ч.Бын хийсэн дээр дурдсан 8 төрлийн ажлын хөлс олгогдоогүй гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, хариуцагч МАИ НҮТББ нь нэхэмжлэгч Ч.Бын хийсэн ажлын талаар маргахгүй гэх боловч ажлаа бүрэн дуусгаагүй, үлдсэн ажлыг Б.Нгэх хүнээр хийлгэсэн гэж тайлбарлан, 4 дүгээр хавтасны 22‑50 дугаар хуудсанд авагдсан Б.Н-тайбайгуулсан хамтын ажиллагааны гэрээ, хөлс төлсөн баримтуудыг үндэслэж байх боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгч Ч.Бын дутуу үлдээсэн ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэхээс илүүтэйгээр Б.Н-тайшинээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, түүнийг байгууллагадаа Ч.Бын адил хөлсөөр ажиллуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч талын гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Бын үндэслэл болгосон дээр дурдсан 8 төрлийн гэрээт ажлын хөлс олгогдоогүй байх тул нэхэмжлэгч Ч.Бод Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6‑д зааснаар хариуцагч МАИ НҮТББ‑аас хийсэн ажлынхаа хөлсийг шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч МАИ НҮТББ нь хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,780,000 төгрөгийг Голден хаммер ХХК 2017 оны 9 дүгээр сард гэрээний дүн 3,000,000 төгрөг, үүнээс ашиг 20 хувь буюу 480,000 төгрөг, гүйцэтгэлд 2,250,000 төгрөг, 1 хүн/ цаг 75,000 төгрөг, өдөрт 6 цаг 30 хүн цаг зарцуулсан нийт нэхэмжлэх дүн 2,730,000 төгрөг,

УГХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээний дүн 3,000,000 төгрөг үүнээс ашиг 20 хувь буюу 480,000 төгрөг, гүйцэтгэлд 2,250,000 төгрөг, 1 хүн/ цаг 75,000 төгрөг, өдөрт 6 цаг 30 хүн цаг зарцуулсан нийт нэхэмжлэх дүн 2,730,000 төгрөг,

УГХХК-тай 2017 онд гэрээний дүн 5,000,000 төгрөг үүнээс ашиг 20 хувь буюу 800,000 төгрөг, гүйцэтгэлд 2,250,000 төгрөг, 1 хүн/ цаг 75,000 төгрөг, өдөрт 6 цаг 30 хүн цаг зарцуулсан нийт нэхэмжлэх дүн 3,050,000 төгрөг,

Голден хаммер ХХК-тай 2017 оны 9 дүгээр сард гэрээний дүн 5,000,000 төгрөг үүнээс ашиг 20 хувь буюу 800,000 төгрөг, гүйцэтгэлд 2,250,000 төгрөг, 1 хүн/ цаг 75,000 төгрөг, өдөрт 6 цаг 30 хүн цаг зарцуулсан нийт нэхэмжлэх дүн 3,050,000 төгрөг,

УГрупп ХХК-тай 2017 онд гэрээний дүн 1,000,000 төгрөг үүнээс ашиг 20 хувь буюу 160,000 төгрөг дүгнэлтийн аудитын тайланг бэлдэж өгсөн, УГрупп ХХК-тай 2017 онд гэрээний дүн 1,000,000 төгрөг үүнээс ашиг 20 хувь буюу 160,000 төгрөг дүгнэлтийн аудитын тайланг бэлдэж өгсөн,

УГрупп ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээний дүн 20,000,000 төгрөг үүнээс ашиг 20 хувь буюу 4,000,000 төгрөг, гүйцэтгэлд 14,400,000 төгрөг, 1 өдөрт 3,5 хүн/ цаг 11 долоо хоногт 192,5 цаг зарцуулсан нийт нэхэмжлэх дүн 18,400,000 төгрөг,

УГрупп ХХК-тай 2017 оны 8 дугаар сард гэрээний дүн 15,000,000 төгрөг үүнээс ашиг 20 хувь буюу 3,000,000 төгрөг, гүйцэтгэлд 7,500,000 төгрөг, 1 өдөрт 5 хүн/ цаг 4 долоо хоногт 100 цаг зарцуулсан нийт нэхэмжлэх дүн 10,500,000 төгрөг гэж задлан тайлбарлаж байна.

 

Харин энэхүү тооцоолол нь үндэслэлгүй байх бөгөөд ашиг, гүйцэтгэлийг хамтад тооцох боломжгүй, зохигчид гэрээ болон түүний хавсралтад тохиролцсоноор гүйцэтгэл, ашиг, тогтмол цалингийн аль нэг нөхцөлөөр хөлс тооцохоор байх бөгөөд хэн аль нь шүүх хуралдааны явцад маргасны эцэст 1 дүгээр хавтасны 12 дугаар хуудсан авагдсан тооцоогоор нийт 8 гэрээт ажил болох 3,000,000 болон 5,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ГХХХК-БА ХХК‑ийн хооронд байгуулагдсан гэрээт ажлууд, 3,000,000 болон 5,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГХХК‑БА ХХК‑ийн хооронд байгуулагдсан гэрээт ажлууд, тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑БА ХХК‑ийн хооронд байгуулагдсан гэрээт ажлууд болох эхний 6 гэрээний ажлыг гүйцэтгэлээр,

20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑МАИийн хооронд байгуулагдсан гэрээт ажил, 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑ММУНБ институтийн хооронд байгуулагдсан сүүлийн 2 гэрээт ажлыг цэвэр ашгийн 20%‑иар тооцогдох байсан дээр санал нийлсэн болно.

 

Гэсэн хэдий ч хэн аль нь ажлын гүйцэтгэл, цэвэр ашгийг хэрхэн тооцох тооцоолол дээр маргаантай, гэрээгээр гүйцэтгэл болон цэвэр ашгийг хэрхэн тооцох аргачлал тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, нэхэмжлэгч Ч.Бын гаргасан эхний 6 гэрээний гүйцэтгэлийн тооцоолол, сүүлийн 2 гэрээний ашгийн тооцоолол бодитой биш байна.

 

Харин хариуцагч МАИ НҮТББ нь зөвлөх үйлчилгээний орлого, зардлын нэгтгэл гэсэн, нэр Ч.Б, тайлант үе 2017.05.10‑2017.12.31 гэсэн баримтаар сүүлийн 2 гэрээний буюу 20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑МАИийн хооронд байгуулагдсан гэрээт ажил, 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий УГрупп ХХК‑ММУНБ институтийн хооронд байгуулагдсан гэрээт ажлын ашгийн тооцооллыг гаргасан байх ба уг тооцооллоор:

1. дансанд орсон зөвлөх үйлчилгээний орлого 20,000,000 төгрөг, цэвэр ашгийн 20%‑д ноогдох зардлын 20% нь 9,260,869 төгрөг, цэвэр ашиг нь 10,739,130 төгрөг, Ч.Бод олгох цэвэр ашгийн 20% нь 2,147,826 төгрөг,

2. дансанд орсон зөвлөх үйлчилгээний орлого 15,000,000 төгрөг, цэвэр ашгийн 20%‑д ноогдох зардлын 20% нь 5,831,321 төгрөг, цэвэр ашиг нь 9,168,678 төгрөг, Ч.Бод олгох цэвэр ашгийн 20% нь 1,833,735 төгрөг,

Ч.Бод олгох цэвэр ашгийн нийт дүн 3,981,561 төгрөг гэжээ.

Иймд шүүх хариуцагч МАИ НҮТББ‑ын дээрх тооцооллыг нэхэмжлэгчийн тооцооллоос илүү бодит байдалд нийцэж байна гэж үзэн, энэхүү тооцоолол, баримтыг үндэслэн хариуцагч МАИ НҮТББ‑аас 3,981,561 төгрөгийн ажлын хөлсийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бод олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,798,439 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1‑д зааснаар МАИ НҮТББ‑аас 3,981,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бод олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,798,439 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2‑т зааснаар нэхэмжлэгч Ч.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МАИ НҮТББ‑аас 78,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА