Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 879

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Г.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Г.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0272 50190 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.О, 1976 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, охины хамт амьдардаг гэх,

-Урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлсэн,

-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 31-417 тоотод оршин суух иргэн Д.Доржпаламын байшинд нэвтэрч “TCL” маркийн 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Уламбаяр бид хоёр 2012 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. 10 сарын үед бид хоёр мод үржүүлгийн газар ажилладаг байсан. 10 дугаар сарын 16-ны өдөр Уламбаяр бид хоёр Толгойтод 20 тонн прүс буулгах ажил олсон. Уламбаярыг утсаа авахгүй байхаар нь гэрт нь очсон. Гэрт нь очиход хүнгүй байсан. Уламбаяр бид хоёр нийлээд архи уудаг, тэгэхлээрээ гэрээ түгжихгүй нээлттэй орхиод явчихдаг байсан. Утас руу нь залгахад утсаа аваагүй тул би гэрт нь хүлээж суусан. Би Уламбаярыг айлгаж хашраая гэж бодоод зурагтыг нь авч гараад Батсүх гэдэг айлд орхисон. Намайг гэртээ ирэхэд Уламбаяр “та манай зурагтыг яасан юм бэ” гэсэн. Би “Батсүх ахынд чинь орхисон” гэж хэлсэн. Тэгэхэд Уламбаяр, аав уурлаад байна гээд хурдан авчирч өг гэсэн. Удалгүй цагдаа намайг эрүүлжүүлэх рүү авч явсан” гэв.

Хохирогч Д.Доржпалам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг зурагтыг манай эхнэр авч байсан...улаан өнгийн канттай TCL маркийн 42 инчийн LCD зурагт болон эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Уг орны бүтээлгийг 25.000 төгрөгийн үнэтэй. Тухайн үед манай байшингийн хаалга цоожгүй, харин хашааны хаалга цоожтой байсан юм. Учир нь байшингийн хаалганы цоож эвдрээд солих гээд аваад явчихсан байсан юм. Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөөний 8 цаг гэж гэрээсээ гараад явсан ба орой манай хүү болох Уламбаяр 18 цаг 10 минутын үед гэртээ ирсэн. Тэгэхэд гэрээс зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх12-13/,

Яллагдагч Г.О мэдүүлэхдээ: “...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас согтуудаа архины мөнгө олох гэж хулгай хийсэн юм. Гэхдээ би эхлээд тэдний гэрт Уламбаяртай цугтаа ажилд явах гэж очсон юм. Мөн утас руу нь залгасан чинь утсаа авахгүй болохоор хашааг нь давж орсон. Уланбаярын байшинг цоожгүй байгааг нь мэдэж байсан. Ингээд гэрт нь орсон чинь хүн байхгүй болохоор нь зурагтыг нь орны бүтээлгэнд ороогоод авч гараад найздаа 135.000 төгрөгөөр мөнгөний хэрэг байна гээд зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-43/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-6/, хохирогч Д.Доржпаламын мэдүүлэг /хх10-11/, гэрч Д.Уламбаярын мэдүүлэг /хх18-19/, эд зүйлийн үнэлгээ /хх20-21/, яллагдагч Г.Отгонпүрэвийн мэдүүлэг /хх42-43/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 31-417 тоотод оршин суух иргэн Д.Доржпаламын байшинд нэвтэрч “TCL” маркийн 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Отгонпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.О-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч урьд удаа дараа гэмт хэрэг болон зөрчлийн хэрэг үйлдэж байсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч Г.О-т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Г.О нь тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1846 дугаар шийтгэврээр 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 14 хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн бөгөөд 1 /нэг/ хоногийн баривчлах шийтгэлийг дутуу биелүүлсэн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.О-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.О-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Г.О нь тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1846 дугаар шийтгэврээр 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 14 хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн бөгөөд 1 /нэг/ хоногийн баривчлах шийтгэлийг дутуу биелүүлсэн болохыг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР