Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

Г.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 879 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Г.От холбогдох 1706027250190 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн ...............гийн ..............., 1976 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ............... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .............../,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлсэн.

Г.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 31-417 тоотод оршин суух иргэн Д.Дын байшинд нэвтэрч “ТиСиЭл” загварын 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Оийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Тэмээнийх овогт Галсангийн Отгонпүрэвийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Оийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Г.О нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1846 дугаар шийтгэврээр 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 14 хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн бөгөөд 1 хоногийн баривчлах шийтгэлийг дутуу биелүүлсэн болохыг дурдаж,

Шүүгдэгч Г.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хүлээн авч хэлэлцээд: Г.Оийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нь нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Г.О нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч урьд удаа дараа гэмт хэрэг болон зөрчлийн хэрэг үйлдэж байсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.” гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон харгалзан үзэхээр хуульчилжээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд шүүгдэгч Г.Оийн “урьд зөрчлийн хэрэг үйлдэж байсан” нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалт болон шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ял хүндрүүлэх нөхцөл байдлыг зохицуулсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Г.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 31-417 тоотод оршин суух иргэн Д.Дын байшинд нэвтэрч “Ти-Си-Эл” загварын 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас согтуудаа архины мөнгө олох гэж хулгай хийсэн юм. Гэхдээ би эхлээд тэдний гэрт Уламбаяртай хамт ажилд явах гэж очсон юм. Мөн утас руу нь залгасан чинь утсаа авахгүй болохоор хашааг нь давж орсон. Уланбаярын байшинг цоожгүй байгааг нь мэдэж байсан. Ингээд гэрт нь орсон чинь хүн байхгүй болохоор нь зурагтыг нь орны бүтээлгэнд ороогоод авч гараад найздаа 135.000 төгрөгөөр мөнгөний хэрэг байна гээд зарчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

хохирогч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уг зурагтыг манай эхнэр авч байсан. ...улаан өнгийн канттай “ТиСиЭл” загварын 42 инчийн зурагт болон эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Уг орны бүтээлэг 25.000 төгрөгийн үнэтэй. Тухайн үед манай байшингийн хаалга цоожгүй, харин хашааны хаалга цоожтой байсан юм. Учир нь байшингийн хаалганы цоож эвдрээд солих гээд аваад явчихсан байсан юм. Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөөний 8 цаг гэж гэрээсээ гараад явсан ба орой манай хүү болох Уламбаяр 18 цаг 10 минутын үед гэртээ ирсэн. Тэгэхэд гэрээс зурагт алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,

эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Оийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Прокурор Д.Агарын бичсэн “...анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ял хүндрүүлэх нөхцөл байдлыг зохицуулсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж, мөн зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьд зөрчлийн хэрэг үйлдэж байсан” гэх нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчлаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Г.О нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч ...зөрчлийн хэрэг үйлдэж байсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж дүгнэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсгийн энэхүү дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заагаагүй хүндрүүлэх нөхцлийг оногдуулсан шүүгдэгч Г.Оийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй боловч анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлэлээ.

Иймд прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг ханган Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 879 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “...Г.О нь ...зөрчлийн хэрэг үйлдэж байсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бүхэлд нь хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 879 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “...Шүүгдэгч Г.О нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч урьд удаа дараа гэмт хэрэг болон зөрчлийн хэрэг үйлдэж байсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.” гэсэн хэсгийг хүчингүй болгон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хангасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц. ОЧ