Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1905

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03594 дугаартай шийдвэртэй Г.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БТБК” ХХК-д холбогдох

 

53.480.000 төгрөг гаргуулах тухай үндсэн болон хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н-, өмгөөлөгч Б.Тунгалагтуяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч “БТБК” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 53,480,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүнээс өмнө миний бие гэрч А.Чойжилд өөрийн өмчлөлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн WDCYR49E04X143021 тоот аралын дугаартай, 12-52 УНУ тоот улсын дугаартай мерседес бенз маркийн автомашиныг 57,000,000.00 төгрөгөөр худалдаж, бэлнээр 4,000,000.00 төгрөгийг хүлээн авч, үлдэх 53,480,000.00 төгрөгт гэрч буюу худалдан авагчийн хариуцагч “БТБК” ХХК-иас авах тус орон сууцыг шилжүүлэн авахаар тус гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч “БТБК” ХХК нь Иргэний хуулийн 243.1.-т заасан гэрээний зүйлийг шилжүүлэх үүргээ зөрчиж, орон сууцыг өөр этгээдэд худалдсан байна. Үүнээс улбаалан гэрээний үүрэг цаашид биелэгдэх ямар ч боломжгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчаас өөрт учирсан хохиролд 53,480,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Талуудын маргаж буй зүйлтэй хариуцагч “БТБК” ХХК болон гэрч А.Чойжил нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал хамааралгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг А.Чойжилд ямар нэгэн эрх олгосон байдлаар байгуулаагүй, хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэрээг байгуулж, төлбөр тооцоо бүрэн дууссан гэдгийг зөвшөөрч гарын үсэг зурсан учраас Иргэний хуулийн 56.1.1.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш. Гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй гэдэг нь хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй, хариуцагч тал төлбөрийг хүлээн авсныг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь итгэл үнэмшлийн үүднээс автомашиныг гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Мөнгөн төлбөрийн үүргээ бэлэн мөнгөөр төлсөн дээр маргахгүй, гэрээний төлбөрийг автомашинаар төлсөн гэдгийг тайлбарласан. Гэрч А.Чойжил нь хариуцагч “БТБК" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцож, шаардах эрхээ нэхэмжлэгч Г.Н-ид шилжүүлсэн ба нэхэмжлэгчийн өмнө үүргээ гүйцэтгэхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул манай тал гэрээнээс татгалзаж орон сууцны үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 56.1.1.-т зааснаар гэрээний төлбөрийг мөнгөн төлбөрөөр төлөөгүй нь тухайн хэлцлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч “БТБК” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,000,000.00 төгрөгөөр тооцож, нийт 53,480,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч компани нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 43 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Манай компани ажил гүйцэтгэгч ММОЧ ХХК-тай өрлөг, шавар, заслын ажил хийлгэхээр гэрээ байгуулсан боловч тус компанийн захирал А.Чойжил гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй ажлыг хаяж явсан учраас бид өөрсдийн хүчээр ажлаа хийж гүйцэтгэж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компани барилгын ажлаа 2016 оны 09 дүгээр сараас эхэлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сараас өрлөг, шавар, заслын ажил эхлэх болж, ажил гүйцэтгэгч ММОЧ ХХК-тай гэрээ байгуулсан. Гэтэл тус компанийн захирал А.Чойжил нь гэрээ байгуулсны дараахан Г.Н- гэж хүнийг дагуулж ирээд энэ хүн бэлэн мөнгөөр байр худалдаж авах гэсэн юм, хамгийн гол нь төлбөр барагдуулсан гэсэн бичиг хийж өгвөл мөнгөө бүрдүүлэх боломжтой гэсэн болохоор л төлбөр 100 хувь төлөгдсөн гэсэн бичиг өгсөн болно. Нэхэмжлэлд дурдсан шиг төлбөрт автомашин оролцуулах талаар огт тохиролцоогүй, автомашиныг А.Чойжилд хүлээлгэн өгсөн гэдгийг шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа л мэдсэн. Бид, өөрийн орон сууцыг бусдад худалдахдаа автомашин оролцуулах тохиолдолд төлбөрийн зарим хэсэгт автомашин оролцуулах тухай гэрээндээ заавал тусгадаг ба нэхэмжлэгч Г.Н-ийн зүгээс ямар ч автомашин өгөх талаар хэлээгүй учир гэрээнд тусгаагүй. Нэхэмжлэлд орон сууцны үнийг автомашин оролцуулж төлөхөөр болж гэснээс харахад төлбөрийн зарим хэсэгт гэж ойлгогдохоор байгаа ч хариуцагч компанид нэг ч төгрөгийг төлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч “БТБК” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хийх талаар тохиролцсон ба уг компанид автомашин өгөхөөр нэг удаа ч хэлээгүйгээр барахгүй манай компани өөрийн өмнөөс төлбөр тооцоо хийх итгэмжлэлийг хэн нэгэнд олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг тайлбар нь нэхэмжлэлийн шааардлагын өөрчилсөн тайлбартай мөн адил хамааралтай, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Иргэний хуулийн 219.1.-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрт учирсан хохиролд 53,480,000.00 төгрөгийг хариуцагч “БТБК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн. Гэтэл өөрт учирсан хохирол нэхэмжилж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнтэй шийдэх нөхцөл үүсэхээс гадна хариуцагч “БТБК” ХХК нь нэхэмжлэгч Г.Н-ийг 53,480,000.00 төгрөгөөр хохироосон гэх баримт байхгүй. Иргэний хуулийн 243.1.-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэтэл нэхэмжлэгч нь огт үнэ төлөөгүй байж үнэ төлсөн гэж тайлбарлаж байна, гэрээнд эд хөрөнгөөр буюу автомашин оролцуулж төлбөр төлнө гэж заагаагүй, бэлнээр мөнгө төлнө гэж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрч А.Чойжилтой тохиролцож автомашин өгсөн талаар хариуцагчид мэдэгдээгүй, автомашиныг бид нарт шилжүүлээгүй, худалдах, худалдан авах гэрээнд ийм зүйл тохироогүй, ямар ч мөнгө төлөөгүй байж 53,480,000.00 төгрөг нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй. Гэрч А.Чойжил нь өөрийн гэрээний үндсэн дээр бартерын гэрээ байгуулсан бол манай компани түүнтэй гэрээ байгуулах ёстой, харин тэрээр орон сууцыг цаашаа бусдад шилжүүлэх эсэх нь түүний эрх юм. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ л биелүүлэх ёстой, гэрээний дагуу мөнгөө шилжүүлэх ёстой боловч төлөөгүй тул Иргэний хуулийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч “БТБК" ХХК-тай орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хийх талаар тохиролцсон. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/02 тоот орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “БТБК” ХХК-иас 53,480,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-ид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “БТБК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Г.Н-ид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,350.00 төгрөг, харицагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,350.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 425,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж завж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй үйл баримтыг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “БТБК” ХХК-тай хийсэн орн сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг цаашид биелэгдэх боломжгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж хариуцагчаас өөрт учирсан хохиролд 53 480 000 төгрөгийг гаргуулах бөгөөд хариуцагч тал дээрх гэрээний үүрэгтэй холбоотой нэг ч төгрөг хүлээж аваагүй, ямар ч автомашин аваагүй байтал анхан шатны шүүх нэг талаас Г.Н- нь автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч буюу гэрч А.Чойжилоос 53 480 000 төгрөгийг авах эрхтэй байсан, нөгөө талаас А.Чойжил нь хариуцагч “БТБК” ХХК болон “ММОЧ” ХХК нарын хооронд байгуулагсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 123 302 100 төгрөгөөс 53 480 000 төгрөгийг шаардах эрхтэй байсан бөгөөд А.Чойжил нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөхдөө хариуцагч “БТБК” ХХК-аас авах 123 302 100 төгрөгөөс 53 480 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Н-ид өгөхөөр шаардах эрхээ шилжүүлсэн байна. “БТБК” ХХК болон “ММОЧ” ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дүгнэгдээгүй, “ММОЧ” ХХК ажлаа хийлгүй хаяж явсны улмаас орон сууцыг ашиглалтад өгөх хугацаа хэтэрснээс хариуцагч байгууллага өөрсдийн нөөц бололцоогоор ажлаа хийж гүйцэтгэсэн улсын комисст өгсөн зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үйл баримтаар шаардах эрх нь шилжсэн мэтээр хэт өрөөсгөл, үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч Г.Н- нь “БТБК” ХХК-тай хийсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний үндсэн дээр мөнгө зээлэх шаардлагатай байх тул 100 хувь төлөгдсөн мэтээр бичүүлсэн бөгөөд гэрээнд заасан төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх тал дээр харилцан тохиролцсон болхооос ямар нэгэн автомашин оролцуулах тохиролцоо огт хийгээгүй учраас бид автомашиныг хувь хүн буюу А.Чойжилын нэр дээр шилжүүлэн өгсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс мэдсэн болно. Хэрэв худалдан авагч байрны төлбөрт автомашин тооцуулах бол гэрээнд автомашин тооцуулах талаар заавал дурдаж өгдөг бөгөөд нэхэмжлэгч нь төгрөгөөр буюу мөнгөөр тооцоо хийнэ гэж гэрээ байгуулсан ч нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд шүүхэд хандах хүртлээ нэхэмжлэгч нь төлбөрт тооцуулан автомашин өгсөн талаар огт дурдаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, илт нэг талд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг гаргасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дүгнэн шаардах эрх шилжсэн мэтээр шийдвэрт тусгасныг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т заасан ижил төрлийн харилцан шаардлага бүхий гэрээ байгаагүй, 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг 2 иргэний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй хольж дүгнэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч “БТБК” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Э.Баярмааг татсан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “БТБК” ХХК-аас 53.480.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулагдаж, хариуцагч  нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 айлын орон сууцны зориулалттай байрны 3 дугаар давхарт 53.48 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч орон сууцны үнэд 53.480.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. / хх-ийн 5-9 хуудас /

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй байна.

 

Мөн Г.Н- 2017 оны 12 дугаар сарын  02-ны өдөр өөрийн өмчлөлийн 12-52 УНУ улсын дугаартай Мерседес Бенз маркийн автомашиныг 57.000.000 төгрөгөөр А.Чойжилд худалдах, худалдан авагч А.Чойжил нь 4.000.000 төгрөгийг бэлнээр төлж, хариуцагч “БТБК” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд авах 53.480.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Н-ид автомашины төлбөрт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон ба үүнийг хариуцагч “БТБК” ХХК-ийн захирал М.Жаргалан-Энх хүлээн зөвшөөрч, орон сууцны төлбөрийг хүлээн авсан талаар тодорхойлолт гаргасан болох нь хариуцагчийн “...төлбөр 100 хувь төлөгдсөн гэсэн бичиг өгсөн...” гэх тайлбар, тодорхойлолт, гэрч А.Чойжилийн мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү тодорхойлолт гаргасныг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  / хх-ийн 5-9, 15, 141  /

 “БТБК” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэгч “ММОЧ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч “ММОЧ” ХХК-д өгөх ёстой 123.302.100 төгрөгөөс 53.480.000 төгрөгийн ажлын хөлсөнд суутгаж орон сууцыг нэхэмжлэгч Г.Н-ид өгөхөөр тохиролцсон нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралтад байрны төлбөр тооцоо 100 хувь төлөгдөж дуусгасан талаар тодорхойлолт гаргасан, Г.Н- нь худалдсан автомашиныг А.Чойжилын нэр дээр шилжүүлэн өгсөн зэрэг үйл баримтаар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна. Зохигчид ажил гүйцэтгэгч “ММОЧ” ХХК-ийг гэрч А.Чойжилын эзэмшлийн компани мөн эсэх талаар маргаагүй. /хх-ийн 10, 136-140 /

Хариуцагч нь “ММОЧ” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ дутуу гүйцэтгэсэн, гэрээ дүгнэгдээгүй гэх боловч уг асуудал нь энэ хэргийн маргааны зүйл биш байхаас гадна түүний “төлбөр барагдуулсан гэсэн бичиг хийж өгвөл мөнгөө бүрдүүлэх боломжтой гэсэн болохоор 100 хувь төлбөр төлөгдсөн бичиг хийж өгсөн” гэх тайлбар өөр баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн тайлбараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлогдоогүй байна.

 

Гэрч А.Чойжил мэдүүлэхдээ “...нэхэмжлэгч Г.Н-оос тус автомашиныг нийт 57.000.000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 53.000.000 төгрөгийг төлөхдөө орон сууц өгөхөөр болсон, миний бие хариуцагч “БТБК” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой орон сууцыг нэхэмжлэгч Г.Н-ид автомашины төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон ба үүнийг хариуцагч “БТБК” ХХК-ийн захирал М.Жаргалан-Энх зөвшөөрч, гэрээ байгуулсан...” гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг хариуцагч тал үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй, гэрчийн мэдүүлэг гэрээний хавсралтад байрны төлбөр тооцоо 100 хувь төлөгдөж дуусгасан талаар тодорхойлолтоор давхар нотлогдсон байна. / хх-ийн 76, 125-128 /

Хариуцагч “БТБК” ХХК нь тус 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Э.Баярмаад шилжүүлсэн тул  зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12\02 тоот  орон сууц худалдах, худалдах авах гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг биелэгдэх боломжгүй болсноор нэхэмжлэгч Г.Н- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 53.480.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. / хх-ийн 105-117 /

 

Хариуцагч “БТБК” ХХК нь “...манай компани орон сууцны төлбөр 53.480.000 төгрөгийг хүлээн аваагүй...” гэж тайлбарлах боловч төлбөр 100 хувь төлөгдсөн тухай тодорхойлолтыг  гаргасан нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болох тул түүний тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

 

Шүүх зохигчдын хооронд  хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцэл хийгдээгүй гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчаас 53.480.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж талуудын хоорондох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03594 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ