Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 3594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Н-ийн гаргасан,

 

            Хариуцагч: Б ХХК-нд холбогдох,

 

53,480,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, өмгөөлөгч П хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, өмгөөлөгч П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.                                                                                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ,,,ыг нийт 53,480,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

 

Үүнээс өмнө миний бие гэрч Чд өөрийн өмчлөлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ******* тоот аралын дугаартай, ******* тоот улсын дугаартай мерседес бенз маркийн автомашиныг 57,000,000.00 төгрөгөөр худалдаж, бэлнээр 4,000,000.00 төгрөгийг хүлээн авч, үлдэх 53,480,000.00 төгрөгт гэрч буюу худалдан авагчийн хариуцагч Б ХХК-иасавах тус орон сууцыг шилжүүлэн авахаар тус гэрээг байгуулсан.

 

Гэтэл хариуцагч Б ХХКнь Иргэний хуулийн 243.1.-т заасан гэрээний зүйлийг шилжүүлэх үүргээ зөрчиж, орон сууцыг өөр этгээдэд худалдсан байна. Үүнээс улбаалан гэрээний үүрэг цаашид биелэгдэх ямар ч боломжгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчаас өөрт учирсан хохиролд 53,480,000.00 төгрөгийг нэхэмжилсэн юм.

Талуудын маргаж буй зүйлтэй хариуцагч Б ХХКболон гэрч Ч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал хамааралгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг Чд ямар нэгэн эрх олгосон байдлаар байгуулаагүй, хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэрээг байгуулж, төлбөр тооцоо бүрэн дууссан гэдгийг зөвшөөрч гарын үсэг зурсан учраас Иргэний хуулийн 56.1.1.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш.

 

Гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй гэдэг нь хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй, хариуцагч тал төлбөрийг хүлээн авсныг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь итгэл үнэмшлийн үүднээс автомашиныг гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Мөнгөн төлбөрийн үүргээ бэлэн мөнгөөр төлсөн дээр маргахгүй, гэрээний төлбөрийг автомашинаар төлсөн гэдгийг тайлбарласан.

 

Гэрч Ч нь хариуцагч Б ХХК-тайажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцож, шаардах эрхээ нэхэмжлэгч Нид шилжүүлсэн ба нэхэмжлэгчийн өмнө үүргээ гүйцэтгэхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул манай тал гэрээнээс татгалзаж орон сууцны үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 56.1.1.-т зааснаар гэрээний төлбөрийг мөнгөн төлбөрөөр төлөөгүй нь тухайн хэлцлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Н нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,000,000.00 төгрөгөөр тооцож, нийт 53,480,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч компани нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн*******нд 43 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан.

 

Манай компани ажил гүйцэтгэгч М ХХК-тай өрлөг, шавар, заслын ажил хийлгэхээр гэрээ байгуулсан боловч тус компанийн захирал Ч гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй ажлыг хаяж явсан учраас бид өөрсдийн хүчээр ажлаа хийж гүйцэтгэж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компани барилгын ажлаа 2016 оны 09 дүгээр сараас эхэлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сараас өрлөг, шавар, заслын ажил эхлэх болж, ажил гүйцэтгэгч М ХХК-тай гэрээ байгуулсан.

 

Гэтэл тус компанийн захирал Ч нь гэрээ байгуулсны дараахан Н гэж хүнийг дагуулж ирээд энэ хүн бэлэн мөнгөөр байр худалдаж авах гэсэн юм, хамгийн гол нь төлбөр барагдуулсан гэсэн бичиг хийж өгвөл мөнгөө бүрдүүлэх боломжтой гэсэн болохоор л төлбөр 100 хувь төлөгдсөн гэсэн бичиг өгсөн болно. Нэхэмжлэлд дурдсан шиг төлбөрт автомашин оролцуулах талаар огт тохиролцоогүй, автомашиныг Чд хүлээлгэн өгсөн гэдгийг шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа л мэдсэн. Бид, өөрийн орон сууцыг бусдад худалдахдаа автомашин оролцуулах тохиолдолд төлбөрийн зарим хэсэгт автомашин оролцуулах тухай гэрээндээ заавал тусгадаг ба нэхэмжлэгч Нийн зүгээс ямар ч автомашин өгөх талаар хэлээгүй учир гэрээнд тусгаагүй.

 

Нэхэмжлэлд орон сууцны үнийг автомашин оролцуулж төлөхөөр болж гэснээс харахад төлбөрийн зарим хэсэгт гэж ойлгогдохоор байгаа ч хариуцагч компанид нэг ч төгрөгийг төлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгч Н нь хариуцагч Б ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хийх талаар тохиролцсон ба уг компанид автомашин өгөхөөр нэг удаа ч хэлээгүйгээр барахгүй манай компани өөрийн өмнөөс төлбөр тооцоо хийх итгэмжлэлийг хэн нэгэнд олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Уг тайлбар нь нэхэмжлэлийн шааардлагын өөрчилсөн тайлбартай мөн адил хамааралтай, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Иргэний хуулийн 219.1.-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрт учирсан хохиролд 53,480,000.00 төгрөгийг хариуцагч “Би Ти Би Констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн. Гэтэл өөрт учирсан хохирол нэхэмжилж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнтэй шийдэх нөхцөл үүсэхээс гадна хариуцагч Б ХХКнь нэхэмжлэгч Нийг 53,480,000.00 төгрөгөөр хохироосон гэх баримт байхгүй.

 

Иргэний хуулийн 243.1.-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь огт үнэ төлөөгүй байж үнэ төлсөн гэж тайлбарлаж байна, гэрээнд эд хөрөнгөөр буюу автомашин оролцуулж төлбөр төлнө гэж заагаагүй, бэлнээр мөнгө төлнө гэж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрч Чтой тохиролцож автомашин өгсөн талаар хариуцагчид мэдэгдээгүй, автомашиныг бид нарт шилжүүлээгүй, худалдах, худалдан авах гэрээнд ийм зүйл тохироогүй, ямар ч мөнгө төлөөгүй байж 53,480,000.00 төгрөг нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй.

 

Гэрч Ч нь өөрийн гэрээний үндсэн дээр бартерын гэрээ байгуулсан бол манай компани түүнтэй гэрээ байгуулах ёстой, харин тэрээр орон сууцыг цаашаа бусдад шилжүүлэх эсэх нь түүний эрх юм. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ л биелүүлэх ёстой, гэрээний дагуу мөнгөө шилжүүлэх ёстой боловч төлөөгүй тул Иргэний хуулийн 56.1.1.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б ХХК-тайорон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хийх талаар тохиролцсон. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/02 тоот орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ноос хариуцагч  Б ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус хэрэгт хамтран хариуцагчаар Бг оролцуулах хүсэлт гаргаж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг гэрээг зөрчиж, гэрээний зүйлийг бусдад худалдсан гэсэн үндэслэлээр төлбөрт өгсөн 53,480,000.00 төгрөгийг хохирол хэмээн буцаан нэхэмжилсэн ба хамтран хариуцагч Бгаас татгалзсан байна /х.х-ийн 31, 142, 147-149, 173, 174 хуудас/

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н, хариуцагч Б ХХКнар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулж, *******,*******нд 43 айлын орон сууцны зориулалттай байрны 3 дугаар давхарт 53.48 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ /х.х-ийн 5-9 хуудас/.

 

Тодруулбал, зохигчдыг тус гэрээг байгуулах тухайн цаг мөчид гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу бэлэн болоогүй байсан, талууд хожим орон сууцыг барьж дуусмагц өмчлөх эрхийг нь шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд уг гэрээг байгуулсан болон гэрээний үнийг 53,480,000.00 төгрөг эсэх талаар маргаагүй боловч гагцхүү нэхэмжлэгчийг үнийг нь төлсөн, төлөөгүй гэж мэтгэлцэж байна. 

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н нь өөрийн өмчлөлийн 2005 онд үйлдвэрлэгдсэн ******* тоот аралын дугаартай, ******* тоот улсын дугаартай мерседес бенз маркийн автомашиныг гэрч Чд худалдахаар тохирч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгчээ /х.х-ийн 15, 141 хуудас/.

Энэ талаар гэрч Ч нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө “би, нэхэмжлэгч Ноос тус автомашиныг нийт 57,000,000.00 төгрөгөөр худалдан авсан, үүнээс 4,000,000.00 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 53,000,000.00 төгрөгийг төлөхдөө орон сууц өгөхөөр болсон, миний бие хариуцагч Б ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой орон сууцыг нэхэмжлэгч Нид автомашины төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон ба үүнийг хариуцагч Б ХХК-ийн  захирал ******* зөвшөөрч, гэрээ байгуулсан” гэж мэдүүлсэн /х.х-ийн 125-128 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н болон гэрч Ч нар ******* тоот улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч буюу гэрч Ч нь гэрээний зүйлийн үнийг төлөхдөө бусдаас авах авлага буюу маргааны зүйл болох орон сууцыг худалдагч болох Нийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч  Б ХХКнь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр М ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, *******,*******нд 43 айлын орон сууцыг барьж гүйцэтгэхэд шаардлагатай ажлыг тус компаниар хийж гүйцэтгүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 136-140 хуудас/.

 

Тодруулбал, зохигчид ажил гүйцэтгэгч М ХХК-ийг гэрч Чын эзэмшлийн компани мөн эсэх талаар маргаагүй бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг нийт 123,302,100.00 төгрөг гэжээ.

 

Ийнхүү нэг талаас нэхэмжлэгч Н, гэрч Ч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч буюу нэхэмжлэгч нь автомашины өмчлөх эрхийг худалдан авагч болох гэрчид шилжүүлэх, худалдан авагч тал үнийг нь төлөх үүрэг хүлээсэн бол, нөгөө талаас хариуцагч Б ХХКболон ажил гүйцэтгэгч М ХХК-иудын хооронд тус хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, захиалагч буюу хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан тохиолдолд гэрээний хөлсийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэг үүссэн үйл баримтууд тэдгээрийн хооронд бий болжээ.

 

Нэхэмжлэгч Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, түүнчлэн гэрч Ч нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ худалдах, худалдан авах гэрээний зүйл болох ******* тоот улсын дугаартай мерседес бенз маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.-т “Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гээд 111.2.1.-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” гэж тус тус зааснаар автомашины өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, мөн гэрч Ч нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ худалдах, худалдан авах гэрээний үнэ 57,000,000.00 төгрөгөөс 4,000,000.00 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, үлдэх 53,000,000.00 төгрөгийг төлөхдөө хариуцагч Б ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах орон сууцыг нэхэмжлэгч Нид өгөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Н болон хариуцагч Б ХХКнарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд “байрны төлбөр тооцоо 100 хувь төлөгдөж дуусав” гэжээ /х.х-ийн 10 хуудас/.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасны дагуу зохигчдын маргаж буй дээрх бичгийн утга болоод уг бичгийг үйлдсэн этгээдүүдийн хүсэл зоригийг тайлбарлавал нэхэмжлэгч Н нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 53,480,000.00 төгрөгийг хариуцагч  Б ХХК-д төлж дуусгасан гэсэн утгыг илэрхийлж байна.

 

Гэвч хариуцагч Б ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “манай компани 53,480,000.00 төгрөгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч нь ******* тоот улсын дугаартай мерседес бенз маркийн автомашиныг бидэнд хүлээлгэн өгөөгүй” гэж маргасан. Гэтэл гэрч Чын шүүхэд өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр хариуцагч Б ХХКнь ажил гүйцэтгэгч М ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компанид өгөх ёстой 123,302,100.00 төгрөгөөс 53,480,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Нид өгөхийг зөвшөөрчээ.  

 

Тайлбарлавал, нэг талаас нэхэмжлэгч Н нь автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч буюу гэрч Чоос 53,480,000.00 төгрөгийг авах эрхтэй байсан, нөгөө талаас гэрч Ч нь хариуцагч Б ХХК болон ажил гүйцэтгэгч М ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 123,302,100.00 төгрөгийг шаардах эрхтэй байсан бөгөөд Ч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөхдөө хариуцагч Б ХХК-иасавах 123,302,100.00 төгрөгөөс 53,480,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Нид өгөхөөр шаардах эрхээ шилжүүлсэн байна.

 

Энэ талаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, мөн 123.2.-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хариуцагч Б ХХКнь нэхэмжлэгч Нтой байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс 53,480,000.00 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй боловч ийнхүү түүнээс авах ёстой авлагыг ажил гүйцэтгэгч М ХХК-тай байгуулан гэрээний дагуу өгөхөөр тохиролцсон байсан 123,302,100.00 төгрөгөөс 53,480,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчид өгөх замаар ажил гүйцэтгэх гэрээгээр төлөх хөлснөөс тодорхой хэсгийг гүйцэтгэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу хариуцагч Б ХХКнь ажил гүйцэтгэгч М ХХК-нд өгөх ёстой 123,302,100.00 төгрөгөөс тус компанийн зөвшөөрлөөр 53,480,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Нид өгөх байдлаар ажил гүйцэтгэх гэрээгээр төлөх хөлснөөс тодорхой хэсгийг гүйцэтгэжээ.

 

Иймд, нэхэмжлэгч Нийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 53,480,000.00 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулсан тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.-т зааснаар хариуцагч Б ХХКнь 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 1 дүгээр улирлын дотор нэхэмжлэгч Нид хүлээлгэн өгөхөөр тохирчээ. Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 43 айлын орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан байна /х.х-ийн 131, 132 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, талуудыг уг гэрээг байгуулж байх тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч тал шинээр барьж гүйцэтгэхээр тохирсон байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагч болох нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүйгээр бодитоор бий болсон байх учиртай.

   

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б ХХКнь тус 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б-дшилжүүлсэн байна /х.х-ийн 105-117 хуудас/.

 

Зүй нь, хариуцагч Б ХХКнь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар дээр дурдсан орон сууцыг нэхэмжлэгч Нид хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой байсан боловч тус үүргээ зөрчсөн байна.

 

  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Тайлбарлавал, зохигчдын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд ингэхдээ 225, 226 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх учиртай юм.

 

Тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг. Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Нийн зүгээс хариуцагч  Б ХХК-д үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа өгөөгүй байна.

 

Талуудын гэрээгээр тохиролцсон 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь гэрээ байгуулагдмагц бий болох ажлын үр дүн бус, харин бодитоор бий болгоход урт хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах буюу цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд тухайлан зохицуулсан. 

 

Тодруулбал, энэ хуулийн 221.1, 221.3.-д тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл /гэрээг зөрчсөн/ байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дээр дурдсан 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусад этгээдэд шилжүүлсэн учраас үүрэг биелэгдэх боломжгүй болжээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1.-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол энэ хуулийн 204.2, 219.2.-т заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой юм.

 

Өөрөөр хэлбэл, нэгэнт талуудын байгуулсан гэрээний зүйлийн өмчлөх эрхийг хариуцагч нь бусад этгээдэд шилжүүлсэн тул үүргээ гүйцэтгэх хугацаа тогтоох шаардлагагүйгээр гэрээг цуцалж болно.

 

Иймд, хариуцагч Б ХХКнь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч Ноос энэхүү зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3.-д тус тус зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч Н нь гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч Б ХХК-ийн  одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд уг хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 53,480,000.00 төгрөгийг захиалагч болох нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

            Хариуцагч Б ХХК-иаснэхэмжлэгч Нид холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

            Гэтэл тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлдэг.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцэл байгуулаагүй, харин нэхэмжлэгч Н нь худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Чоос авах 53,480,000.00 төгрөгтөө хариуцагч Б ХХКболон ажил гүйцэтгэгч М ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагчаас ажилд гүйцэтгэгчид өгөх 123,302,100.00 төгрөгөөс 53,480,000.00 төгрөгийн үнэ бүхий 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ийнхүү худалдах, худалдан авах гэрээний үнэ гэж шаардах эрхийг шилжүүлэн авсаны үндсэн дээр тус гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш болно.

 

            Үүнийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зохицуулсан гэж дээр дурдаж, тодорхой дүгнэсэн ба хариуцагч Б ХХКболон ажил гүйцэтгэгч М ХХК нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой маргааныг нэхэмжлэгч Нид хамаатай гэж үзэхгүй. Учир нь, нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний талууд доголдолтой холбоотой маргааныг тусдаа шийдвэрлүүлэх боломжтой юм.  

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 53,480,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б ХХК-иас53,480,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нид олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б ХХК-ийн  гаргасан нэхэмжлэгч Нид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,350.00 төгрөг, харицагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,350.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 425,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР