Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01802

 

МАГАДЛАЛ

 2020.08.21                                           Дугаар 1801

 

 

 

 

 

 

“А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01948 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я Ж П /Yair Jacob Porat/-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 46 дугаар барилгын 4 давхрын оффисын 80.9 м.кв талбайг Израйль улсын иргэн Яир Жакоб Поратаар зуучлуулан “Ай Эс Си Электроникс” ХХК-тай гэрээ байгуулж худалдан авахаар болж гэрээний дагуу 4 000 ам.долларыг 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “Ай Эс Си Электроникс” ХХК-ийн захирал Сергей Левченкогийн эзэмшлийн 210888801101442 тоот дансанд, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус банк дахь “Ай Эс Си Электроникс” ХХК-ийн эзэмшлийн 499110610 тоот дансанд 34 000 ам.долларыг шилжүүлж, нийт 38 000 ам.долларыг төлсөн. Мөн 75 м.кв талбайг 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Израйль улсын иргэн Рон Орентой байгуулсан гэрээний дагуу 40 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож төлбөрийг бэлнээр хийсэн. “Ай Эс Си Элекроникс” ХХК-аас 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 27/09 дугаар албан бичиг “А И” ХХК-аас 34 000 ам.долларын төлсөн төлбөрийг тодруулахыг дурдсан байсан. “А И” ХХК нь нийт 155.9 м.кв талбайг 78 000 ам.доллараар худалдан авсан тул өмчлөх эрхтэй. Гэтэл Я Ж П нь дээрх манай компанийн өмчлөх ёстой 155.9 м.кв талбайг бүхэлд нь оруулан 695.7 м.кв талбайг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204030629 дугаарт бүртгүүлж гэрчилгээ гаргуулан авсан. Нийт 695.7 м.кв талбайд “А И” ХХК-ийн өмчлөх 155.9 м.кв талбай, орсон байдаг. Ийнхүү бүх талбайг хамруулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Я Ж П өөрийнхөө нэр дээр гаргуулсныг мэдмэгцээ түүнээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шаардсан боловч тэрээр талбай нэг өмчлөгчтэй байвал зарах, түрээслэхэд хялбар байх болно хэмээн итгүүлсэн. Мөн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхээр 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө эзэмшигчдийн гэрээг байгуулах үед “бид энэ гэрээний дагуу өмчлөгч нь мөн” гэж ятгаж байсан. “А И” ХХК маргааны зүйл болсон 155.9 м.кв талбайн үнийг бүрэн төлж худалдан авсан учир хууль ёсны өмчлөгч юм. Өмчлөлийн зөрчлийг арилгуулахаар хариуцагч Я Ж П-д удаа дараа хандсан, гэтэл тэрээр 2015 оны 12 дугаар сард Монгол улсаас гарч явахдаа дээрх 421.33 м.кв талбайг худалдах эрхийг А.Энхтуяад олгосон. Энэ үйл явдлыг мэдсэн даруйдаа Цагдаагийн газарт гомдол гаргаж, прокуророос хэргийг 2016 оны 3 дугаар сард Я Ж П-д танилцуулахад “талбайн аль хэсгийг авах вэ, шилжүүлж өгье” гэсэн боловч шилжүүлж өгөөгүй. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “А И” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204030629 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 46 дугаар барилгын 4 давхрын оффисын 4, 5, 6А, 6В дугаар хэсгийн 155.9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Израйль улсын иргэн Я Ж П нь “А И” ХХК-ийн 50 хувийн хувьцааг, мөн Их Британийн Виржиний Айландын хуулийн этгээд Join Capital Investments Limited компанийн 100 хувийн хувьцааг мөн эзэмшдэг. “А И” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг Д.Рэнцэнхандтай 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Яир Жакоб Порат, Израйль улсын иргэн Дахан Маймонд нар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 46 дугаар байрны 4 давхарт байрлах конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогыг хэрхэн зохицуулах талаар хөрөнгө эзэмшигчдийн гэрээгээр зохицуулахаар болсон. Тодруулбал, Д.Рэнцэнханд 77.95 м.кв, Я Ж П 77.95 м.кв, Маймон Дахан 100 м.кв, Я Ж П 165.33 м.кв, нийт 421.33 м.кв талбай. Тухайн үед барилга дөнгөж баригдаад эцсийн хэмжилт хийгдээгүй учир 421.33 м.кв гэж бодож байсан. Гэтэл нийтийн эзэмшлийн талбай хасагдаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад 404 м.кв гэж тогтоосон. Д.Рэнцэнхандын нэхэмжлээд байгаа 77.95 м.кв талбайн хэмжээ бодит байдал дээр 74.1 м.кв болсон. Хууль зүйн хувьд тэрээр “А И” ХХК-ийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй мэт боловч компанийн дүрэм нь анх 10 жилийн хугацаатай энэхүү офисын төлбөрийг Я Ж П болон Маймон Дахан нар төлсөн болох нь хангалттай нотлогддог. Харин “А И” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Д.Рэнцэнханд нь анх тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр компанийн нэр дээрх Баянголын аманд эмнэлгийн зориулалтаар олгосон 2 га газрыг 15 жил эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт байшин барьж давхар төмөр хашаа барьсан ба мөн компанийн нэр дээр 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1998 онд үйлдвэрлэсэн Тоёота ланд круйзер маркийн УБР 63-81 дугаар автомашиныг худалдан авсныг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ц.Баяржаргалын нэр дээр шилжүүлсэн. 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгө өмчлөгчдийн хооронд хийсэн гэрээний дагуу түрээсийн орлогоос Яир Жаков Порат 4 000 ам.доллар, Маймон Даханд 7 330 ам.доллар төлсөн. Одоогийн байдлаар Яир Жаков Порат 93 024 ам.доллар, Маймон Даханд 68 400 ам.доллар төлөөгүй гэж хөрөнгө оруулагч нар үздэг. “А И” ХХК нь 2015 оноос хойш үйл ажиллагаа огт явуулаагүй байхад төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус компанийг шинээр байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нь Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Иймд “А И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А И” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204030629 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 46 дугаар байрны 4 дүгээр давхрын оффисын 4, 5, 6А, 6В хэсгийн нийт 155.9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 233 600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Яир Жакоб Поратаас /YAIR JACOB PORAT/ 1 233 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““АИ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “А И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа дүрэмд заасны дагуу дуусгавар болсон байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу. Компанийн дүрэмд заасан хугацаагаар үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ажиллагаа явуулах хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл ийм шийдвэр гараагүй тул “А И” ХХК үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд түүнийг төлөөлөн аливаа нэг эрх бүхий албан тушаалтан гадагшаа чиглэсэн үйлдэл хийх, эрх зүйн харилцаанд оролцох эрхгүй юм. Хэдийгээр улсын бүртгэлийн гэрчилгээгээр ажиллах хугацааг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасан боловч бүхий энэхүү бүртгэлийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/4575 дугаартай албан бичигт тодорхой дурдсан. Нэхэмжлэгч нь 2009 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Израйль улсын иргэн Рон Орентой байгуулсан гэрээний дагуу нийт 75 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байхад шүүх нийт 155.9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч болон Израйль улсын иргэн Рон Орены хооронд 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ юм. Уг гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нийт 40 601 ам.доллараар нийт 75 м.кв талбайг худалдан авсан. Үүнээс өөрөөр нэхэмжлэгч нь маргаантай байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар шаардах эрх олж аваагүй байхад 80.9 м.кв талбайг Яир Жакоб Поратаар зуучлуулан “Ай Эс Си Электроникс” ХХК-тай гэрээ байгуулж уг гэрээний дагуу төлбөр төлсөн" гэж шүүх буруу дүгнэсэн. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 4, 5, 6А, 6Б хэсгийг өмчлөх эрхийг нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “А И” ХХК нь хариуцагч Я Ж П-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 46 дугаар барилгын 4 давхрын оффисын 4, 5, 6А, 6Б дугаар хэсгийн нийт 155,9 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

“А И” ХХК нь 155,9 м.кв талбайн үнэд 78 000 ам.долларыг Яир Жакоб Поратаар дамжуулан “Ай Эс Си Электроникс” ХХК-д төлсөн тул уг талбайг өмчлөх эрхтэй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 4 давхарт байрлах 155,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 404 м.кв талбайн хэсэгт хамаарах бөгөөд Я Ж П уг 404 м.кв талбайн өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, гэрчилгээ хүчинтэй байгаа талаар талууд маргаагүй.

 

Д.Хандаа, Яир Жакоб Порат, Маймони нарын хооронд 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан хөрөнгө эзэмшигчийн гэрээнд маргаан бүхий 4 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 3 эзэмшигч болох Д.Хандаа 77,95 м.кв, Я Ж П 77,95 м.кв, 165.33 м.кв талбайг, Маймони Дахан 100 м.кв талбайг эзэмшихээр тохиролцож, нийт талбайн хэмжээг 421.33 м.кв гэж тусгасан байна. Гэрээнээс үзвэл Д.Хандаа болон Я Ж П нар ““АИ” ХХКаар дамжуулан холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшихээр тохиролцжээ. /хх-17-18/

 

Мөн “А И” ХХК болон Рон Орен нарын хооронд 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Рон Орен нь уг 4 дүгээр давхрын оффисын зориулалттай 75 м.кв талбайн хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг ““АИ” ХХК-д шилжүүлэхээр болжээ.

 

Нэхэмжлэгч өөрт ногдох 155,9 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн байршилыг 4, 5, 6А, 6В хэсгээр тодорхойлогдоно гэж тайлбарласан ба үүнийгээ нотлохоор план зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх29/

 

Гэтэл уг план зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх үнэлж шийдвэр гаргасан мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.

 

Мөн зохигчийн хооронд барилгын талбайн хэмжээний маргаантай буюу гэрээнд зааснаар 4 давхрын нийт талбай 421,33 м.кв гэж тусгасан байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр 404 м.кв гэж өөрөөр тодорхойлсноор нэхэмжлэгчийн шаардаж буй талбайн хэмжээнд нөлөөлсөн эсэхийг тодруулах байжээ.

 

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

 

Харин “А И” ХХК-ийн 2004 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан компанийн дүрмийн 1.6-д үйл ажиллагаа явуулах хугацааг 10 жил гэж заасан тул үйл ажиллагааг явуулах хугацаа дуусгавар болсноор уг хуулийн этгээд чадвар, чадамжгүй болсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “А И” ХХК-ийг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч компанийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 233 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА