Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/01948

 

                        

 

 

 

            

 

 

  2020         05          27                                          101/ШШ2020/01948

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, -р байрны -р давхар хаягт байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 хороо, -р байрны  тоот хаягт байрлах, Я Ж П-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн -р хороо, -р хороолол, -р барилгын  давхарын оффисын 80.9 м.кв талбайг  Я Ж П-р зуучлуулан А ХХК-тай гэрээ байгуулж худалдан авахаар болж гэрээний дагуу 4000 ам.долларыг 2007-11-16-ны өдөр А ХХК-ийн захирал С Л-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд, 2007-11-30-ны өдөр А ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны  тоот дансанд 34000 ам.долларыг шилжүүлж нийт 38000 ам.долларыг төлсөн.

Мөн 75 м.кв талбайг 2009-02-17-ны өдөр Израйл улсын иргэн Р О-той байгуулсан гэрээний дагуу 40000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бэлнээр хийсэн. А ХХК-иас 2009-04-16-ны өдөр 27/09 дугаар албан тоотоор А ХХК-аас 34000 долларын төлбөр хийгдсэн талаар ирүүлсэн. Нийт 155.9 м.кв талбайг 78000 ам.доллараар “А” ХХК худалдан авсан буюу өмчлөх эрхтэй болно. Гэтэл Израиль улсын иргэн Я Ж П нь дээрх манай компанийн өмчлөх ёстой 155.9 м.кв талбайг бүхэлд нь оруулан 695.7 м.кв талбайг өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204030629 дугаарт бүртгүүлж, 000111336 дугаар гэрчилгээг гаргуулан авсан. Нийт 695.7 м.кв талбайд “А” ХХК-ын 155.9 м.кв талбай, Израиль улсын иргэн М Д-ны 100 м.кв талбай, Я Ж П-ын өөрийнх нь 165.33 м.кв талбай авто зогсоол орсон байдаг. Ийнхүү бүх талбайг хамруулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Я Ж П өөрийнхөө нэр дээр гаргуулсныг мэдмэгцээ түүнээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шаардсан боловч тэрээр “талбай нэг өмчлөгчтэй байвал талбайг зарах, түрээслэхэд хялбар байх болно” хэмээн бидэнд итгүүлсэн. Мөн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхээр 2009 оны 02-р сарын 20-ны өдөр “Хөрөнгө эзэмшигчдийн гэрээ”-г дээрх талуудын хооронд байгуулж, “бид бүгд энэ гэрээний дагуу өмчлөгч нь мөн" гэж ятгаж байсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ ” гэж заасан бөгөөд “А” ХХК маргаан бүхий 155.9 м.кв талбайн үнийг бүрэн төлж худалдан авсан учир хууль ёсны өмчлөгч.

Өмчлөлийн зөрчлийг арилгуулахаар хариуцагч Я Ж П-д удаа дараа хандсан, гэтэл Я Ж П нь 2015 оны 12 сард Монгол улсаас гарч явахдаа дээрх 421.33 м.кв талбайг худалдах эрхийг өмгөөлөгч А.Э-д итгэмжлэл олгосон. Худалдах талаар зар тарж эхэлсэн. Энэ үйл явдлыг мэдсэн даруйдаа Цагдаагийн газарт гомдол гаргаж, прокуророос хэргийг 2016 оны 03 сард Я Ж П-д танилцуулахад “би хөрөнгийг шилжүүлж өгнө гэсний” дагуу би уулзахад талбайн аль хэсгийг авах вэ би шилжүүлж өгье гэсний дагуу би саналаа өгсөн боловч тэрээр шилжүүлж өгөөгүй. Тэрээр шаардлагыг биелүүлээгүйгээс гадна одоо ч уг талбайг зарах ажиллагаагаа явуулсаар байна. Эрүүгийн хэргийг иргэний маргаан гэж үзэж Нийслэлийн Прокурорын газрын 2016-02-08-ны өдрийн 34 дүгээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, 2016-04-04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2016-04-18-ны өдөр тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгч миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Я Ж П-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Захирамжийн дагуу 2019-07-30-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хариуцагчийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 33 дугаар байрны 3 тоотод оршин суудаг болохыг тогтоосон.

Иймд А ХХК-г үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204030629 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, -р хороо,  р хороолол, -р барилгын  давхрын оффисын 4, 5, 6А, 6В дугаар хэсгийн 155.9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Израйль улсын иргэн Я Ж П нь 2004-06-28-ны өдрөөс эхлэн Монгол Их Британийн Виржиний Айландын хамтарсан хөрөнгө оруулалттай А ХХК-ийн 50 хувийн хувьцааг өөрийн 100 хувийн эзэмшилд байдаг Их Британийн Виржиний Айландын хуулийн этгээд “Join Capital Investments Limited” ХХК-иар дамжуулан эзэмшдэг бөгөөд энэхүү компанийн 100 хувийг мөн эзэмшдэг.

А ХХК-ийн үлдэх 50 хувийг эзэмшдэг Монгол улсын иргэн Д.Р-тай 2009-02-16-ны өдөр Я Ж П, Израйль улсын иргэн Д нар БЗД-ийн -р хороо -р хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж -р байрны  давхарт байрлах конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогыг хэрхэн зохицуулах талаар Хөрөнгө эзэмшигчдийн гэрээгээр зохицуулахаар болсон. Тодруулбал Д Р - 77.95 м.кв, Я Ж.П / 77.95 м.кв, М Д / - 100 м.кв,  Я Ж. П /- 165.33 м.кв, нийт 421.33 м.кв. Тухайн үед барилга дөнгөж баригдаад эцсийн хэмжилт хийгдээгүй учир 421.33 м.кв гэж бодож байсан. Гэтэл нийтийн эзэмшлийн талбай хасагдаад 2015 оны офисын үл хөдлөхийн гэрчилгээ авахад 404 м.кв гэж тогтоосон. Тэгэхээр Д.Р-ын нэхэмжлээд байгаа 77.95 м.кв талбайн хэмжээ бодит байдал дээр 74.1 м.кв болох юм.

Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд Я Ж.П нь жил бүрийн санхүүгийн тайлан, эд хөрөнгө захиран зарцуулалттай холбоотой асуудлаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийх хүсэлтийг удаа дараа тавьж байсан ч эрүүгийн журмаар удаа дараа гомдол гаргаж цаашилбал цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа гэх зэргээр манай бизнесийн түншүүд болон Израйльд  байгаа гэр бүлийн гишүүд рүү цахим захидал болон олон нийтийн сүлжээгээр нийтэлж сэтгэлзүйн хувьд дарамт үзүүлж байсан.

Хуульзүйн хувьд тэрээр А ХХК-ийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй мэт боловч компанийн дүрэм нь анх 10 жилийн хугацаатай энэхүү офисын төлбөрийг Я Ж.П болон М Д нар төлсөн болох нь хангалттай нотлогддог. Харин А ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Д.Р нь анх тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр компанийн нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн Б/109 дүгээр шийдвэрээр Баянголын аманд эмнэлгийн зориулалтаар олгосон 2 га газрыг 15 жил эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт торхоор байшин барьж давхар төмөр хашаа барьсан ба мөн компанийн нэр дээр 2011-02-18-нд 1998 онд үйлдвэрлэсэн Тоёота ланд круйзер маркийн УБР  дугаар автомашиныг худалдан авсаныг 2017-02-09-нд Ц.Б-ын нэр дээр шилжүүлсэн. 2009-02-16-ны өдрийн “Хөрөнгө өмчлөгчдийн хооронд хийсэн гэрээ"-ний дагуу түрээсийн орлогоос Я Ж.Пт 4000 ам доллар, М Д-д 7330 ам доллар төлсөн байдаг.  Одоогийн байдлаар Я Ж.П т 93024 ам доллар, М Д-д  68400 ам доллар төлөөгүй гэж хөрөнгө оруулсан өмчлөгчид үздэг, “А” ХХК нь 2015 оноос хойш үйл ажиллагаа огт явуулаагүй байхад ТУЗ-ийн хурлын шийдвэргүйгээр А Т ХХК-ийг 2016-05-09-ны өдөр шинээр байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нь Монгол улсын Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Комланийн тухай хуулийн 88-р зүйлийн 88.2-д: Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 85-р зүйлийн 85.2.3-д: “ мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй", мөн хуулийн 85.2.5-д. Энэ хуулийн 98-р зүйлийн мэдээллийг мэдээлэл авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй. “98.1. Хувьцаат компани нь жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн нэр, тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо болон Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг өөрийн үнэт цаас эзэмшигчийн хүсэлтээр танилцуулах үүрэгтэй. Жич: Хэдийгээр хариуцагч ТУЗ-ийн хурлыг удаа дараа товлосон гэх боловч шаардсан санхүүгийн тайланг гаргаж өгөөгүй өдийг хүрч байна.

98.2.    Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь анхан шатны болон нягтлан бодох буртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг

хориглосноос бусад баримт бичиггэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүрэг  хүлээнэ.

98.3.    Хувьцаат комланийн энгийн хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нэг хувьцаа эзэмшигч нь компанийн энгийн хувьцаа эзэмшигчиин эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшлийн хувьцааны тоо зэргийг агуулсан бүртгэлийг шаардан гаргуулах эрхтэй.

98.4.Компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллага энэ хуулийн 98.3-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шаардлага гаргасан өдрөөр тасалбар болгон бүртгэлийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг шаардлага тавьсан этгээд хариуцна.

98.5.Энэ хуулийн 98.1-98.2, 98.4-т заасан үүргээ биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд энэ хуулийн 85.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ гэснийг тус тус зөрчсөн. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийг ИХШХШХ-ийн 117-р зүйлийн 117.1-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Я Ж.П-д  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, дугаар хороолол, -р байрны -р давхрын оффисын 4, 5, 6А, 6В хэсгийн нийт 155.9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.           

Хариуцагч Я Ж.П нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

А ХХК-ийг Д.Р төлөөлөх эрхтэй байна. Энэ нь Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон улсын бүртгэлийн 90 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. Д.Р-ыг 2006-06-14-ний өдөр захиралаар томилсоныг бүртгэв гэжээ. /хх-ийн 6 тал/

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Баянзүрх дүүргийн -р хороо, -р хороолол, -р барилгын  давхарын оффисын 80.9 м.кв талбайг Израйл улсын иргэн Я Ж.П-аар зуучлуулан А  ХХК-тай гэрээ байгуулж худалдан авах гэрээний дагуу 4000 ам.долларыг 2007-11-16-ны өдөр А ХХК-ийн захирал С Л-ийн Худалдаа хөгжлийн банкны 210 тоот дансанд, 2007-11-30-ны өдөр А  ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны  тоот дансанд 34000 ам.долларыг шилжүүлж нийт 38000 ам.долларыг төлсөн байна.

Мөн 75 м.кв талбайг 2009-02-17-ны өдөр Израйл улсын иргэн Р О-той байгуулсан гэрээний дагуу 40000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, төлбөрийг төлсөн болох нь 2007-11-06, 2007-11-30-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны баримт, 0429446, 2009-02-16-ны өдрийн Израйл улсын иргэн Р О, А ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 19-28 тал/ 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо,  дугаар хороолол, -р байрны -р давхрын оффисын 4, 5, 6А, 6В хэсгийн нийт 155.9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.233.600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Я Ж.П-аас1.233.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА