Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01802

 

МАГАДЛАЛ

 2020.08.21                                       Дугаар 1802

 

 

 

 

 

 

Ш.Ү-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02240 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Ү-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “МС” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц, автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, алданги 182 608 146.9 төгрөг гаргуулах иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М С” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Могул таун орон сууцны хотхоны 2С байрны 604 тоот хаягт байрлах 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, 2С-21, 22 тоот автозогсоолын хамт барьж, ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Орон сууц болон автозогсоолын үнэд нийт 491 312 000 төгрөгөөс гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан төлбөр төлөх нөхцөлийн дагуу урьдчилгаа 316 863 000 төгрөгийг гүйцэтгэгч “Могул скай” ХХК-ийн захирлын зөвшөөрснөөр “Уорлд стөүн” ХХК-ийн захирал Б.Ганболдод төлсөн. Тодруулбал, “Уорлд стөүн” ХХК-ийн захирал Б.Ганболд нь “Могул скай” ХХК-аас захиалгаар чулуу хийц бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу авлагатай байсан бөгөөд миний бие гэрээний урьдчилгаанд төлөх төлбөрөө Б.Ганболдод шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, байрны урьдчилгаанд төлсөн төлбөрийг “Уорлд стөүн ХХК-д төлөх өр төлбөрт суутган авсан. Ш.Үнэнбат миний бие дээрх 316 863 000 төгрөгийг дараах байдлаар төлөөд байна. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 103 900 000 төгрөгийг Б.Ганболдод бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн бэлнээр, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лексус 570 маркийн 99-00 УНП улсын дугаартай автомашиныг 115 000 ам.доллар буюу 201 595 000 төгрөгт тооцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг Б.Ганболдод шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 368 000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн болно. Захиалгаар орон сууцны ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үүргийн мөнгөн дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Үүний дагуу “Могул скай” ХХК-ийн алдангийг бодоход 182 037 793.5 төгрөг, захиалагчийн төлсөн 316 863 000 төгрөгөөс 0.03 хувийг бодоход 1 өдрийн алданги 95 058.9 төгрөг 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 1921 өдөр 182 608 146.9 төгрөг болж байна. Гүйцэтгэгч “М С” ХХК нь хамгийн эцсийн байдлаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны түлхүүрийг гардуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж өгөх үүрэгтэй байсан хэдий ч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул залилуулсан байж болзошгүй гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст энэ асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан ба өргөдлийг хүлээн авч, хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан боловч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор “М С” ХХК болон Б.Ганболдын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй харин иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байна гэж үзэн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Иймд 491 312 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 2С байрны 604 тоот, 183.88 м.кв бүхий 4 өрөө орон сууц, 2C-2, 22 тоот автозогсоолын хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, алданги 182 608 146,9 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М С” ХХК нь Ш.Ү-тай  2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч “М С” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах Могул таун хотхоны 2С байрны 604 тоот орон сууц, автомашины зогсоолыг захиалагчийн хөрөнгөөр барих, захиалагч Ш.Үнэнбат нь гэрээний үнэ нийт 491 312 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний 2.4-т “Захиалагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 1 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлж, хэсэгчилсэн төлбөр болон үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлж барагдуулна” гэж заасан. Гэвч Ш.Үнэнбат нь урьдчилгаа төлбөр болох 103 900 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 387 412 000 төгрөгийг төлөөгүй болно. Ш.Үнэнбат нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 201 595 000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашиныг “Уорлд стөүн” ХХК-ийн захирал Б.Ганболдод шилжүүлсэн гэх боловч гэрээний тал болох гүйцэтгэгч “Могул скай” ХХК-аас дээрх байдлаар төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 368 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч гарын үсэг, он сар байхгүй. Нотлох баримтаар гаргаж өгсөн “Могул скай” ХХК-ийн нягтлан бодогчийн тооцоонд “Могул скай” ХХК, “Уорлд стөүн” ХХК-ийн хоорондын гэрээний төлбөрийн үнэ тооцоог эцсийн байдлаар 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийлэхэд үлдэгдэл 9 367 808 төгрөг байна гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 201 000 000 төгрөгийн өртэй байсан, түүнийхээ төлбөрт автомашины үнийг тооцсон. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр автомашин шилжүүлэх гэрээ байгуулах үед мөн “Могул скай” ХХК, “Уорлд стөүн” ХХК-д 9 000 000 гаруй төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Мөн төлөлт хийгдээд одоогийн байдлаар 86 646 390 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд Ш.Ү-ын гаргасан Могул таун орон сууцны хотхоны 2С байрны 604 тоот, 183.88 м.кв бүхий 4 өроо орон сууц, 2C-21, 22 тоот автозогсоолын хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, алданги 182 608 146.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МС” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Могул таун хотхоны 2С байрны 604 тоотод орших 183.88 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 2С-21, 22 тоотод орших автозогсоолуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, алданги 182 608 146.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Ү-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 527 560 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ш.Үнэнбат нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөрөөс урьдчилгаа төлбөр болох 103 900 000 төгрөгийг гэрээ байгуулах үед "Могул скай" ХХК-д шилжүүлснээс хойш өөр төлбөр төлөөгүй, 387 412 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тус шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч 316 863 000 төгрөгийг хариуцагчид төлсөн,  174 449 000 төгрөгийн үлдэгдэлтэй” гэж буруу дүгнэсэн. "Уорлд стөүн" ХХК-ийн захирал Б.Ганболд болон Ш.Үнэнбат нарын гарын үсэг бүхий албан бичиг, мөн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй. "Могул скай" ХХК автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаанд огт оролцоогүй байна. Нэхэмжлэгч нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнд огт хамааралгүй Б.Ганболдтой автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашин шилжүүлсэн 11 368 000 төгрөгийн зардал хэрхэн гарсан, яаж төлбөрт тооцсон зэрэг нотлох баримт байхгүй.

"Могул скай" ХХК болон "Уорлд стөүн" ХХК нар нь чулуу нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж байсан ба хариуцагчийн зүгээс 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшх хугацааны бараа материалын төлбөрийн тооцоог хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба дээрхээс өөр "Уорлд стөүн" ХХК-тай хийсэн төлбөр тооцооны баримт хэрэгт авагдаагүй болно. Уг тооцооноос үзэхэд манай компани 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Уорлд стөүн" ХХК-тай тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр 9 367 808 төгрөг байсан ба үүнээс хойш нийт 117 014 198 төгрөгийн чулуу нийлүүлсний төлбөрт 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ш.Үнэнбатаас хамааралгүйгээр 18 000 000 төгрөгийн төлөлт хийгдэж, одоогийн байдлаар 89 646 390 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс үзэхэд Ш.Үнэнбат Б.Ганболдын өмчлөлд автомашиныг шилжүүлэх үед "Уорлд стөүн" ХХК-д чулуу нийлүүлэх гэрээний дагуу 9 367 808 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Түүнчлэн, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг "нэхэмжлэгчид нотлох баримт өөрөө бүрдүүлэх, шүүхэд гаргах боломжит хугацаа олгож" гэж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгч талын нотлох баримт бүрдүүлэхэд хугацаа олгохыг хүссэн, гэрч асуулгахыг хүссэн хүсэлтийг хангаж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч Ш.Үнэнбат, хариуцагч “Могул скай” ХХК-ийн захирал Д.Болд нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулж, "Уорлд стөүн" ХХК-ийн захирал Б.Ганболдыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэснийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 235 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчээр "Могул скай" ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормааг асуулгах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг баримтлан уг хүсэлтийг шүүх хуралдааны өмнө нь гаргаагүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хангахгүй орхисон. Улмаар хариуцагчийн зүгээс хүсэлтийг хангахгүй орхисон тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12189 дугаар захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн  124.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргахад "хүсэлтийн үе шат өнгөрсөн" гэж хүлээж аваагүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс "Уорлд стөүн" ХХК-ийн захирал Б.Ганболдыг гэрчээр оролцуулахаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 7014 дүгээр захирамж гарсныг өмнө нь тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 235 дугаар тогтоолоор хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн байхад дахин "Уорлд стөүн" ХХК-ийн захирал Б.Ганболдыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  байна гэж дүгнэсэн. Ийнхүү шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийн оролцогчийг хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй болно. Мөн гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэгт үндэслэн "... “Уорлд стөүн” ХХК-д хариуцагчийн зөвшөөрлөөр шилжүүлснээр хариуцагч "Могул скай" ХХК, “Уорлд стөүн” ХХК-д төлөх барилгын материалын төлбөрөөс тухайн төлөгдсөн хэмжээгээр суутган чөлөөлөгдсөн талаар гэрч тайлбарласан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн "Могул скай" ХХК-ийн захирал Д.Болдын эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар зөрүүтэй байна гэх боловч тус хэрэгт үүнтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан гэрчийн мэдүүлэг, тайлбар зэрэг нь нотлох баримтаар авагдаагүй байхад ийнхүү үндэслэл болгон дурьдсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч 316 863 000 төгрөгийг хариуцагчид төлсөн, 174 449 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж буруу тул дүгнэснийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ш.Үнэнбат болон “Могул скай” ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон. “М С” ХХК нь гэрээнд гарын үсгээ зурчих гээд зуруулсан. Уг гэрээнд орон сууц ашиглалтад оруулах хугацааг тавиагүй байсан хэдий ч 2014 оны 7 дугаар сард ашиглалтад оруулна гэж байсан. Миний бие гэрээнд заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 103 900 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лексус 570 маркийн 99-00 УНП улсын дугаартай автомашиныг 115 000 ам.доллараар буюу 201 595 000 төгрөгт тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Уорлд стөүн” ХХК-ийн захирал Б.Ганболдод шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 368 000 төгрөгийг төлсөн. Гэтэл барилгын ажил зогссон. “М С” ХХК нь хаан байрлаж байгаа нь тодорхойгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Үнэнбат нь хариуцагч “МС” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун хотхоны 2С байрны 604 тоот, 183.88 м.кв бүхий 4 өрөө орон сууц, 2С-21, 22 тоот автозогсоолыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах,  алданги 182 608 146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн” гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, “М С” ХХК нь Могул таун орон сууцны хотхоны 2С байрны 604 тоот, 4 өрөө, 183,88 м.кв талбай бүхий орон сууц, 2С-21, 22 тоотод байрлах автозогсоолын ажлыг гүйцэтгэх, Ш.Үнэнбат нь гэрээний үнэ 491 312 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнэд Лексус 570 маркийн 99-00 УНП улсын дугаартай автомашиныг 201 595 000 төгрөгт тооцож хариуцагч компанийн захирлын зөвшөөрлөөр “Уорлд стөүн” ХХК-ийн захирал Б.Ганболдод шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ш.Үнэнбатад нэхэмжлэлийг үндэслэлийг нотлох үүрэг хуваарилагдах бөгөөд тэрээр “Уорлд стөүн” ХХК-ийн захирал Б.Ганболдыг гэрчээр асуулгахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/07014 дугаар захирамжаар “Уорлд стөүн” ХХК-ийн захирал Б.Ганболдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШТ/2020/00235 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

 

Гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагаанд хамаарах бөгөөд уг захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч гомдол гаргах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч Ш.Ү-ын гаргасан гэрчээр Б.Ганболдыг асуулгах хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт заасныг баримталж мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй гэж заасан нь гомдол гаргах эрх олгох үндэслэл болохгүй юм.

 

Учир нь шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийг дуудаж мэдүүлэг авах ба энэхүү гэрчийн мэдүүлэг нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болдог.

 

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрчийн мэдүүлэгийг авахгүйгээр маргаж буй мөнгөн төлбөрийг төлсөн эсэх талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь өөрөө нотлох баримтад үндэслэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. 

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Ү-ын төлсөн 3 527 560 төгрөг, хариуцагч “Могул скай” ХХК-ийн төлсөн 1 222 765 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА