Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1938

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй                                                                                        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01698 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БУ 2Б” СӨХ-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.499.470 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О- нь БУ 2Б Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг сарын 800.000 төгрөгийн цалин хөлстэйгөөр гүйцэтгэж байсан боловч сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хууль бус шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, үндэслэлгүй ажлаас халагдсан асуудлаар шүүхэд хандан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00147 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдаагүй атлаа шүүхийн шийдвэрийг сайн дураар хууль ёсны дагуу биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх үед шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй хугацааны олговор болох 3.499.470 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу олговор гаргуулах тухай СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Магвансүрэнд хэлэхэд шүүхийн шийдвэрт заасан мөнгийг олгоно, өөр мөнгө олгохгүй гэсэн тул олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Буянт ухаа 2Б СӨХ-ны удирдах зөвлөлийн 10 дугаартай тогтоолыг цалин хөлсийг илтэд бууруулан тогтоосныг хүчингүй болгоё гэсэн байдлаар нэмэгдүүлсэн. Үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 21.1.3-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ заасан.  Анхан шатны шүүхээс нэг өдрийн цалинг 33.384 төгрөг гэж тогтоосон. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 140 хоног, амралтын  40 хоногийг хасаж, 100 хоног ажилгүй байсан хугацааны цалин 3.883.300 төгрөг болсон. Нэхэмжлэлийнхээ үнийг 3.499.470 төгрөгөөр тодорхойлсон, зөрүү 661.011 төгрөг үүсэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүх хуралдааныг хойшлуулсан өдрийн цалин. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч цалинг ажилтай зөвшилцөхгүй бууруулж болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-г ашгийн төлөө бус гэж тодорхойлдог. Удирдах зөвлөлийн дарга нь 2019 онд ажилчдын орон тоо, ажилчдын цалин, жилийн төсвийг тогтоохгүй үйл ажиллагаа явуулсан. Үүнээс хойш хяналт шалгалт ороод удирдах зөвлөлийн гишүүд нь ажлаа хийж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хяналтын зөвлөл СӨХ-ыг санхүүгийн хяналтын хурлаас Л.О- нь СӨХ-ны мөнгийг хувьдаа завшсан, дур мэдэн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тогтоож ажлаас чөлөөлүүлэх хүсэлт өгсөн. СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.8.2, 10.8.5-д удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, цалинг тогтоох, ажлаас халах, ажлаас чөлөөлөх эрх нь байгаа. Тухайн жилийн үйл ажиллагааг төлөвлөх орон тоо, ажилчдын цалин хөлсийг батлах эрх нь байгаа. Энэ хүрээнд 2019 оны санхүүгийн байдал нь 24, 25 сая төгрөгийн өртэй гарсан. Үүнтэй уялдаад тогтоол гаргахдаа 01 дүгээр сарын 14-ний өдрөөс гүйцэтгэх захирлын цалинг эхний 3 сарын хугацаанд  цалинг 450.000 төгрөгөөр тогтоогоод, дараа нь гүйцэтгэж байгаа ажлаас хамаараад 600.000 төгрөг болгоё гээд шийдсэн. Эрхийнхээ хүрээнд 02 дугаар сарын 27-ны өдөр 3 дугаар сарын 13-ны өдөр ажилд нь авъя гэсэн. 224.545 төгрөг дээр эвлэрэх боломжтой. Шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос ажилд томилж орж байгаа 3 дугаар сарын 03-наас 13-ны өдрийн хооронд ажлын 7 хоногийн цалинг олгоё гэж байгаа. 3.499.000 төгрөгийг нэхэмжлэлээд байгаа нь ойлгомжгүй, ор үндэслэлгүй байна. Өмнөх шийдвэрийн захирамжинд тооцоолол буруу байна гэжээ.

   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БУ 2Б” СӨХ-ноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 616 119 төгрөгийг гаргуулж, Л.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Л.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “БУ 2Б” СӨХ-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 141.142 төгрөгөөс 72.807 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 68.335 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72.807 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "БУ 2Б" СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2020 оны 02 дүгаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар Б.Оюунчимэгийг ажилд нь эгүүлэн томилж, нэг сарын үндсэн цалинг нь 450.000 төгрөгөөр тооцож олгох болсон нь Удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 450-600 мянга байхаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнтэй холбоотой. Ингэх болсон үндсэн шалтгаан нь 2019 оны сүүлээр тус СӨХ-ийн санхүү 24.933.500 төгрөгийн өр төлбөртэй гарсан түл хуримтлагдсан өрийг 2020 онд багтаан дуусгахын тулд санхүүгийн зардлыг танах, нөгөө талаар Совед-19 цар тахлын улмаас СӨХ-д айл өрхүүдээс хуримтлагддаг төлбөр, хураамж нь багассан, нэмэлт зардлууд ихэссэнтэй мөн холбогдох юм. Тодруулбал энэ нь зөвхөн Л.О-т хамааруулж, цалинг нь 450.000 төгрөг болгон бууруулсан хэрэг биш бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим ажлын орон тоог цомхтгож, зарим ажилтны цалинг бууруулсан байх ба одоогийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б.Бадамсансар нь тус тогтоол, шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүр 450.000 төгрөгөөр цалинжиж байсан болно. Иймд “БУ 2Б" СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын цалинг 450.000 төгрөгөөр бууруулан тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.5-т "гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг" тогтоох удирдах зөвлөлийн эрхийн хүрээнд хамаарч байна. Нэхэмжлэгч Л.О-т 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилох тогтоолыг нь танилцуулахад тэрээр "шийдвэрийг зөвшөөрөхгүй, 450.000 төгрөгөөр ажиллахгүй" хэмээн гарч явсан байх ба уг өдрөөс хойш ажилдаа ирээгүй болно. Тодруулж хэлбэл СӨХ-ны зүгээс Л.О-ийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бус тэрээр өөрөө ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан түл Л.О-ийг тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.8.2, "Бүянт-Ухаа 2Б" СӨХ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.17 дахь заалт, Удирдах зөвлөлийн гишүүдийн мөн өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тус СӨХ-ны хяналтын зөвлөлөөс 2019 оны СӨХ-ны үйл ажиллагаа, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийхэд шалгалтаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.О- нь "Маёоттэ" ХХК-тай байгуулсан гэрээг зөрчсөн, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан гэх зэрэг олон удаагийн зөрчил дутагдал гаргасан түл ажлаас чөлөөлөхийг Удирдах зөвлөлд даалгасны дагуу Удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Л.О-ийг анх ажлаас чөлөөлж байсан. Гэвч Удирдах зөвлөлөөс Л.О-ийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг тогтоолдоо баримтлаагүйгээс анхан шатны шүүх Л.О-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус СӨХ-өөс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00147 дугаар шийдвэрийн дагуу нөхөх олговор болох 2.216.331 төгрөгийг Л.О-т олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Түүнчлэн тус СӨХ-ны 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын шалгалт оруулахад нийт 7.120.000 төгрөгийн хуурамч байж болзошгүй лифтний сэлбэг хэрэгслийн баримтууд илэрснээр Л.О-ийн үйлдсэн тэдгээр баримтуудыг бид цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгуулж байна. Ийнхүү Л.О- нь 450.000 төгрөгийн цалинг голж, ажилдаа ирэхээс татгалзсан байдал болон СӨХ-ийн мөнгөнөөс хуурамч баримт үйлдэх замаар завшсан үйлдэл нь манай СӨХ-оос гүйцэтгэх захирлын орон тоонд өөр хүнийг шалгаруулж авахаас өөр аргагүй байдалд хүргэсэн тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойшхи цалинг тооцож нөхөн олгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тодруулбал, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилох тухай тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 10 дугаартай тогтоолыг Л.О-т танилцуулснаас хойш тэрээр бүтэн сарын дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харин "БУ 2Б" СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар иргэн Б.Бадамсансарыг томилсон. Гүйцэтгэх захирал Б.Бадамсансараас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Э.Мандах оролцсон. Ийнхүү гүйцэтгэх захирлаар өөр хүн томилогдсон гэдгийг шүүх мэдсээр байж, нэхэмжлэгч Л.О- нь гүйцэтгэх захирлаар Б.Бадамсансарыг томилсон удирдах зөвлөлийн шийдвэртэй маргаагүй байхад шүүхээс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар Л.О-ийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч “БУ 2Б” СӨХ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 3.499.470 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “БУ 2Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 2 сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүх уг шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байна.

Хариуцагч “БУ 2Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 2 сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоол гарахаас  өмнө 2020 оны 01сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор тус СӨХ-ны орон тоо, цалин хөлсний хэмжээг тогтоосон байдаг ба талууд уг тогтоолын талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж залруулах боломжгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчаас төлсөн 143.080 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                  Н.БАТЗОРИГ