Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/01698

 


 

 

      2020             06              19                                                      183/ШШ2020/01698

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Л.н Оюунчимэг /РД:Ж/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, давхарт байрлах Б СӨХ-нд холбогдох,

 

          Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелүүлээгүй хугацааны олговорт 3 499 470 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.О нь  Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг сарын 800 000 төгрөгийн цалин хөлстэйгээр гүйцэтгэж байсан боловч сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хууль бус шийдвэрээр үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, үндэслэлгүй ажлаас халагдсан асуудлаар шүүхэд хандан 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00147 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдаагүй атлаа шүүхийн шийдвэрийг сайн дураар хууль ёсны дагуу биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх үед шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй хугацааны олговор болох 3 499 470 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу олговор гаргуулах тухай СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Магвансүрэнд хэлэхэд шүүхийн шийдвэрт заасан мөнгийг олгоно, өөр мөнгө олгохгүй гэсэн тул олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  СӨХ-ны удирдах зөвлөлийн 10 дугаартай тогтоолыг цалин хөлсийг илтэд бууруулан тогтоосоныг хүчингүй болгоё гэсэн байдлаар нэмэгдүүлсэн. Үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 21.1.3-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ заасан.  Анхан шатны шүүхээс нэг өдрийн цалинг 33 384 төгрөг гэж тогтоосон. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2020 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл 140 хоног, амралтын  40 хоногийг хасаж, 100 хоног ажилгүй байсан хугацааны цалин 3 883 300 төгрөг болсон. Нэхэмжлэлийнхээ үнийг 3 499 470 төгрөгөөр тодорхойлсон, зөрүү 661 011 төгрөг үүсэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүх хуралдааныг хойшлуулсан өдрийн цалин. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-ийг үндэслэн байгаа. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч цалинг ажилтай зөвшилцөхгүй бууруулж болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...СӨХ-г ашгийн төлөө бус гэж тодорхойлдог. Удирдах зөвлөлийн дарга нь 2019 онд ажилчдын орон тоо, ажилчдын цалин, жилийн төсвийг тогтоохгүй үйл ажиллагаа явуулсан. Үүнээс хойш хяналт шалгалт ороод удирдах зөвлөлийн гишүүд нь ажлаа хийж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хяналтын зөвлөл СӨХ-ыг санхүүгийн хяналтын хурлаас Л.О нь СӨХ-ны мөнгийг хувьдаа завшсан, дур мэдэн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тогтоож ажлаас чөлөөлүүлэх хүсэлт өгсөн. СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.8.2, 10.8.5-д удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, цалинг тогтоох, ажлаас халах, ажлаас чөлөөлөх эрх нь байгаа. Тухайн жилийн үйл ажиллагааг төлөвлөх орон тоо, ажилчдын цалин хөлсийг батлах эрх нь байгаа. Энэ хүрээнд 2019 оны санхүүгийн байдал нь 24, 25 сая төгрөгийн өртэй гарсан. Үүнтэй уялдаад тогтоол гаргахдаа 01 дүгээр сарын 14-ний өдрөөс гүйцэтгэх захирлын цалинг эхний 3 сарын хугацаанд  цалинг 450 000 төгрөгөөр тогтоогоод, дараа нь гүйцэтгэж байгаа ажлаас хамаараад 600 000 төгрөг болгоё гээд шийдсэн. Эрхийнхээ хүрээнд 02 дугаар сарын 27-ны өдөр 03 сарын 13-нд ажилд нь авъя гэсэн. 224 545 төгрөгөн дээр эвлэрэх боломжтой. Шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсоноос ажилд томилж орж байгаа 3 сарын 03-наас   13-ны өдрийн хооронд ажлын 7 хоногийн цалинг олгоё гэж байгаа. 3 499 000 төгрөгийг нэхэмжлэлээд байгаа нь ойлгомжгүй, ор үндэслэлгүй байна. Өмнөх шийдвэрийн захирамжинд тооцоолол буруу байна” гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч 2б СӨХ-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 3 499 470 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  СӨХ-ны удирдах зөвлөлийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж шаардлагаа ихэсгэсэн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлнэ. СӨХ-ны удирдах зөвлөлийг 2020 оны 03 сарын 13-ны өдрөөс намайг ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргахдаа миний цалинг 450 000 болгож бууруулсан нь үндэслэлгүй... ” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу цалингийн хэмжээг өөрчлөн тогтоосон. Л.О ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд түүнийг 03 сарын           13-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон тул ажлын 7 хоногийн цалин 254 545 төгрөг олгохыг зөвшөөрнө. Бусад шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.О Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00147 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар                 СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 216 331  төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Талууд дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд талууд биечлэн оролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.1.1-т зааснаар шүүхийн шийдвэр 2020 оны 02 сарын 07-ны өдрөөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хариуцагч СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 02 сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр 10 тоот тогтоолоор нэхэмжлэгч Л.Оюунчимэгийг 2020 оны 03 сарын 13-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эгүүлэн томилох, нэг сарын үндсэн цалинг 450 000 төгрөгөөр тооцон олгохыг, шинээр хөдөлмөрийн гэрээ, хариуцлагын гэрээ байгуулахыг эрх бүхий албан тушаалтанд тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч энэхүү үүргээ биелүүлэх учиртай.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь өмнөх хөдөлмөрийн нөхцөлийг нь сэргээн тогтоож байгаа ойлголт тул ажил олгогч нь ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл талууд хуулийн хүрээнд, харилцан тохиролцсон байх ёстой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.” гэж заасан ба үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл тул ажил олгогч дангаараа өөрчилж байгаа хуульд нийцэхгүй. Хариуцагчийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу цалингийн хэмжээг өөрчлөн тогтоосон гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Л.О 2020 оны 03 сарын 13-ны өдрөөс ажил  эгүүлэн томилох шийдвэр гаргасан байх боловч ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, Улсын бүртгэлд гүйцэтгэх захирлын талаарх өөрчлөлтийг бүртгүүлэх ажиллагаа огт хийгээгүй болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч СӨХ-г Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгодог. Өөрөөр хэлбэл ажил олгогч түүнийг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэйгээс гадна түүний ажилгүй байсан бүхий л хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг төлөх үүрэгтэй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00147 дугаар шийдвэрээр нэг хоногт ногдох цалин хөлс 38 883 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, 2020 оны 02 сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 93 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 3 616 119 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгнээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Л.О ажилгүй  байсан  хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг төлүүлж,  дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дүгнэсэнчлэн хариуцагч СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 02 сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр 10 тоот тогтоол нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгчийн тус тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх үндсэн шаардлагын хэмжээнд дүгнэж, шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан СӨХ-ноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 616 119 төгрөгийг гаргуулж, Л.Оюунчимэгт олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Л.О нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч  СӨХ-нд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 141 142 төгрөгөөс 72 807 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 68 335 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 807 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ