Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 01794

 

З.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02207 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.У-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 2019ОСҮ/25 дугаар, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 111/Ш дугаар үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 дугаар шийдвэрээр З.У-аас 152 844 441 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 992 374 төгрөгийн хамт гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгох, уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч “Баян модот” ХХК нь 2019 оны 12 сарын 18-ны өдөр З.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байрны 32 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэлтэй, 77.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 145 257 600 төгрөгөөр үнэлсэн.

Мөн хариуцагч байгууллагаас томилсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байрны 37 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 104 500 000 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх шинжээч нар нь шинжилгээний зүйл болох З.У-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор үзээгүй, ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн гэж зөвшөөрөхгүй байхад уг үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж байна.

Энэ талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 101/Ш32020/03910 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжид үндэслэн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргад гомдол гаргасан бөгөөд 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 4/953  тоот “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичгээр үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх үндэслэлгүй талаар дурдсан.

Иймд “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 2019ОСҮ/25 дугаар, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 111/Ш дугаар хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 дугаартай шийдвэрээр Загдаагийн Ундрах, Нямсамбуугийн Лхагвадэлгэр нараас 152 844 441 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 992 374 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч З.У-, Н.Лхагвадэлгэр нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд З.У-, Н.Лхагвадэлгэр нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 10 дугаар байрны 37 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 19261531/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 11 сарын 04-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19261531/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 12 сарын 16-ны өдөр 8 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК-аар тогтоолгоход 104 500 000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч, талуудад 2019 оны 12 сарын 31-ний өдөр үнэлгээг мэдэгдэж, эрх үүргийг танилцуулсан.

Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч З.У-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 32 тоотод байрлах 77.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 19261531/05 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 11 сарын 04-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 19261531/06 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 12 сарын 16-ны өдөр 11 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян модот” ХХК-аар тогтоолгоход 145 257 600 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, талуудад 2019 оны 12 сарын 20-ны өдөр үнэлгээг мэдэгдэж, эрх үүргийг танилцуулсан.

Талууд хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 10 цагт шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар 2020 оны 03 сарын 20-ны өдөр дуудлага худалдаанд оруулахад эрхийн улсын Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 10 дугаар байрны 37 тоотод байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 81 000 000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 32 тоотод байрлах 77.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 74 628 800 төгрөгөөр худалдан борлогдсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг 5 cap хэтрүүлсэн нь түүний нэхэмжлэл нь дээрх хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн №2019ОСҮ/25 тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн №111/Ш тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З.У-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн №2019ОСҮ/25 тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн №111/Ш тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээг хийхдээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор үзэж хараагүй, ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн гэж зөвшөөрөх боломжгүй, эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит худалдан борлогдож буй үнэ ханшийн талаар үнийн саналаа хариуцагч талд хүргүүлсэн, зах зээл дээрх ханшийг тодорхойлох, үнэн бодитоор гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдоно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.У- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №2019ОСҮ/25 тоот, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №111/Ш тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 35-36/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 дугаартай шүүхийн шийдвэрээр З.У-, Н.Лхагвадэлгэр нараас 152 844 441 төгрөгийг гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох З.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 32 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн 77.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, З.У-, Н.Лхагвадэлгэр нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар байрны 37 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч З.У-, Н.Лхагвадэлгэр нар нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх шийдвэрийн дагуу гарсан №101/ГХ2019/00777 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2019 оны 08 сарын 01-ний өдрийн №19261531 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх 38-39, 40-44, 47/ 

Хариуцагч НШШГГ- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/09846 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн шүүгчийн №101/ГХ2019/00777 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаагүй харин барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 38, 45-46/

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч З.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 32 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн 77.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 185 000 000 төгрөг, З.У-, Н.Лхагвадэлгэр нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар байрны 37 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр тус тус худалдан борлуулах үнийн санал /хх 61, 61 хуудасны ар тал/ ирүүлснийг төлбөр авагч тодорхой үнийн санал ирүүлээгүйн улмаас НШШГГ- Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Баян-Модот” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, эд хөрөнгөнүүдийг үнэлүүлжээ. /хх 62-68, 70-97/

Шинжээч “Баян-Модот” ХХК, “Мөнх-Оргил трейд” ХХК нь тус тус дээрх хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ Үнэлгээний олон улсын стандарт 2017, ҮОУС 400 Үл хөдлөх хөрөнгийн хувь оролцоо стандарт, Монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай хууль, зах зээлийн хандлагын аргыг ашиглан “Баян модот” ХХК нь орон сууцны зах зээлийн үнийг 2019 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар 145 257 600 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2019 оны 12 сарын 20-ны өдөр, “Мөнх-Оргил трейд” ХХК нь орон сууцны зах зээлийн үнийг 2019 оны 12 сарын 19-ний өдрийн байдлаар 104 500 000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2019 оны 12 сарын 30-ны өдөр тус тус гаргажээ. /хх 63-68, 75-96/ Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч З.У-ад 2019 оны 12 сарын 23-ны өдөр мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 4/29616, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 4/29213 дугаартай мэдэгдэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. /хх 69-70, 98, 99/

            Нэхэмжлэгч З.У- нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн үнэлгээнд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ. Учир нь хариуцагч байгууллагаас 2019 оны 12 сарын 20, мөн оны 12 сарын 31-ний өдрүүдэд тус тус дээрх үнэлгээний талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байх бөгөөд тэрээр уг үнэлгээг эс зөвшөөрсөн  гомдлоо 2020 оны 02 сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан буюу үнэлгээний талаарх гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлжээ.  

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР