Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/02207

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          16

                   101/ШШ2020/02207

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                 

Нэхэмжлэгч: З.У нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие З.У нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 тоот шийдвэрээр 152,844,441 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 992,374 төгрөгийн хамт гаргуулан Худалдаа Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн ба барьцаа хөрөнгүүдээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалан нь миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байрны 32 тоот хаягт байрлалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэлтэй, 77,27 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу битүүмжлэн, хураасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №11 тоот “Шинжээч томилох тухай тогтоол” гарган “Баян Модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. “Баян Модот” ХХК нь 2 өдрийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №2019ОСҮ/25 тоот хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг болон үнэлгээг НШШГГт хүргүүлсэн байна. Тухайн үнэлгээнд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байрны 32 тоот хаягт байрлалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэлтэй, 77,27 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 145,257,600 төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байрны 37 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэлтэй, 44мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №8 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилогдсон байдаг. “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №111/Ш тоот "Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай" албан бичгээр миний өмчлөлийн орон сууцыг 104,500,000 төгрөгөөр үнэлсэн тухайгаа ирүүлсэн байдаг. Дээрхи үнэлгээний компаниуд нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор үзэж хараагүй, ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн гэж зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд энэхүү үндэслэлгүй үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж байна. Миний бие нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №101/Ш32020/03910 тоот шүүгчийн захирамжаар “... анхны албадан дуудлага худалдааны үнэ бууруулсан ажиллагаанд гомдож байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгэзр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалттай байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус зөрүүтэй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Дээрхи захирамжийн дагуу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргад гомдол гаргасан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4/953 тоот “Өргөдөлд хариу өгөх тухай” албан тоотоор үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх үндэслэлгүй талаар дурьдсан байдаг.

Иймд “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №2019ОСҮ/25 тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №111/Ш тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээ зэргийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 дугаартай шийдвэрээр Загдаагийн Ундрах, Нямсамбуугийн Лхагвадэлгэр нараас 152,844,441 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 992,374 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч З.У, Н.Лхагвадэлгэр нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд З.У, Н.Лхагвадэлгэр нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 10 дугаар байрны 37 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19261531/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19261531/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК-иар тогтоолгоход 104,500,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, талуудад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үнэлгээг мэдэгдэж, эрх үүргийг танилцуулсан.  Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч З.Уын өмчлөлийн эрхийн улсын Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 32 тоотод байрлах 77.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19261531/05 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19261531/06 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 дүгээр тогтоолоор мэргэжпийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян модот” ХХК-иар тогтоолгоход 145,257,600 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, талуудад 2019 оны 12 дугаар зарын 20-ны өдөр үнэлгээг мэдэгдэж, эрх үүргийг танилцуулсан. Талууд хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуудлага худалдаанд оруулахад эрхийн улсын Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 10 дугаар байрны 37 тоотод байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 81,000,000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дуүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 32 тоотод байрлах 77.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 74,628,800 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байхад З.У нь тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг 5 cap хэтрүүлсэн нь түүний нэхэмжлэл нь дээрх хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.У нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №2019ОСҮ/25 тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №111/Ш тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн,  нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00373 дугаартай шийдвэрээр З.У, Н.Лхагвадэлгэр нараас нийт 152,844,441 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол З.Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 32 тоот хаягт байршилтай, 77,27 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, З.У, Н.Лхагвадэлгэр нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны 37 тоот хаягт байршилтай, 44 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 8 дугаар сарын 01-ний  өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч З.У, Н.Лхагвадэлгэр нарт хариуцагч нь хүргүүлж байсан байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг үйлдэж, барьцаа хөрөнгүүд болох

- З.У, Н.Лхагвадэлгэр нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013503 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны 37 тоот хаягт байршилтай, 44 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг,

- З.Уын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032379 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 32 тоот хаягт байршилтай, 77,27 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилэн, 2019 оны 11 дүгээр сарын 20 болон 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор орон сууцнуудыг хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

З.У, Н.Лхагвадэлгэр нар орон сууцнуудын үнийн саналаа НШШГГт өгсөн байна.

 

НШШГГ нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 32 тоот хаягт байршилтай, 77,27 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгохоор “Баян модот” ХХК-ийг, мөн өдрийн 8 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байрны 37 тоот хаягт байршилтай, 44 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээ тогтоолгохоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг тус тус томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна. 

 

“Баян модот” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019ОСҮ/25 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г НШШГГт 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлснийг мөн өдрөө З.Уын оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэгт 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.

 

“Баян модот” ХХК нь орон сууцны зах зээлийн үнийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 145,257,600 төгрөгөөр үнэлжээ.

 

“Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 111/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан”-г Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлснийг 12 дугаар сарын 31-ний өдөр З.У, Н.Лхагвадэлгэр нарт мэдэгдсэн, мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.

 

“Мөнх-Оргил трейд” ХХК орон сууцны зах зээлийн үнийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 104,500,000 төгрөгөөр үнэлжээ. 

 

Ийнхүү дээрх 2 үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулж, мэдэгдсэн талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэгдсэн байх бөгөөд тэмдэглэлийн агуулгаас үзэхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхийг тайлбарласан.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулан тэмдэглэл хөтөлсөн байх үүргээ биелүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч З.У нь уг хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл үнэлгээний тайлангуудыг 2019 оны 12 дугаар сарын 20 болон 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд З.Уад мэдэгдэж, танилцуулсан байхад хуульд заасан энэхүү хугацааг хэтрүүлэн тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гомдлын шаардлага гаргасныг шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2020/03910 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

 

Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч З.У болон нөгөө төлбөр төлөгч Н.Лхагвадэлгэр нар нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлтийг НШШГГт гаргасан байна.

 

Үүнээс үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын нэг болох төлбөр төлөгч нар нь “Баян модот” ХХК болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрсөн ба ийнхүү зөвшөөрсөний улмаас гомдол гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй юм. 

 

НШШГГ нь дээрх 1 сарын хугацаа өнгөрсний дараа 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хуульд заасан журмын дагуу гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь “Баян модот” ХХК болон “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээ гаргахдаа “... миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор үзэж хараагүй, ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн гэж зөвшөөрөх боломжгүй ...” гэж, мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, “Баян модот” ХХК болон “Мөнх-Оргил трейд” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний аргачлалыг буруу тооцсон буюу стандарт зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч З.У нь гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.Уын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан “Баян Модот” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №2019ОСҮ/25 тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №111/Ш тоот хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З.Уын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/10052 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ