Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 0752

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0752

Улаанбаатар хот

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Гангэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Эг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Б.Э-г Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-ийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны  цалин 8.821.437 /найман сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-д “ ..., өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй байхаар заасан. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Н.Б-г шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт тавьсан байхад шүүх хуралдаанд байлцуулахгүй хэргийг шийдвэрлэж “мэтгэлцэх зарчим”-ыг хангасангүй. Тодруулбал, Н.Б нь ажлын шаардлагаар шүүх хуралдаанд очих боломжгүй талаар нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх Н.Б нь хурлын зарыг авсан, ирэх боломжтой байсан, удаа дараа хурал хойшлуулах хүсэлт гаргаж хойшлуулж байсан гээд хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг явуулсан. Гуравдагч этгээд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж  байгаа нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа ба хуулиар олгосон боломж буюу субъектив эрх болно. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр төрийн албанаас хална” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай тогтоолын 7-д “Хуулийн ... 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “ ... хангалтгүй биелүүлсэн ...” гэдгийг ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэжээ. Энэхүү тайлбараас үзэхэд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ажилтны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийг үнэлгээний дүнг үндэслэнэ гэсэн үг биш. Тухайлбал Б.Э нь байгууллагын авто машиныг өөрийн нөхөр М.Б-д жолоодуулан хувийн зорилгоор ашиглаж яваад онхолдуулж, байгууллагад хохирол учруулсан байдаг ба хохирлыг одоог хүртэл төлөөгүй нь тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлах үндэслэл болсон гэж хариуцагч тал тайлбарлаж, гаргасан нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймээс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дугаар “Б.Э-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлт болсон халдварт өвчин, 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, эмнэлэгт нас баралт сүүлийн 3 жил, 1-5 хүртэлх насны хүүхдийн  эндэгдэл сүүлийн 2 жил, эхийн эндэгдлийг сүүлийн 1 жил өсгөж хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.

Анхан шатны шүүх “ ... хариуцагчийн нэхэмжлэгч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Э-ийн ажилд үнэлэлт өгч ажлаас чөлөөлсөн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй, ... үр дүнгийн гэрээний биелэлтийг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнээгүй атал төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинд үнэлэлт өгч Б.Э-г хариуцсан ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн нь” буруу талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.

Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулж тайлбар авсан гэх боловч Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн” 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан байна. Мөн маргаан бүхий акт батлагдан гарах үед буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны шалгалт хийгдэж дуусаагүй, шалгалтын үнэлгээний дүн албан ёсоор баталгаажаагүй байх тул уг шалгалтын дүнгийн үзүүлэлт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захиргааны актын үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн тайлбарт дурдсанчлан Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн дүгнэлтээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 69.3 хувь[1], хэрэглэгчийн үнэлгээ 67.4 хувь[2] /үнэлгээний нэгдсэн дүнд оруулаагүй/” байгаа боловч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн дүн 82.3 хувьтай[3] дүгнэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгосон талаар тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.6-д заасан сонсох ажиллагааны мэдэгдэл болон сонсох ажиллагааг явуулсан арга хэлбэрээ нотлоогүй. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөлийг бодитоор тогтоож нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байгаа талаар шүүх зөв дүгнэжээ.

Маргаан бүхий акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.2 дахь хэсгийг тус тус үндэслэн байх бөгөөд шүүх Төрийн албаны тухай хуулийн 23, 25 дугаар зүйлийг зэрэг хэрэглэсэн нь ойлгомжгүй болсон талаар зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг хүчингүй болгохдоо тэдгээр заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/50 дугаар тогтоолоор “зам тээврийн осол гарсан болох нь хангалттай тогтоогдохгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байх бөгөөд уг “үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад тусгаагүй тул захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэх шаардлагагүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул “Б.Э нь байгууллагын автомашиныг өөрийн нөхөр М.Б-д жолоодуулан хувийн зорилгоор ашиглаж яваад онхолдуулж, байгууллагад хохирол учруулсан байдаг ба хохирлыг одоог хүртэл төлөөгүй нь тогтоосон журмыг зөрчсөн ... Энэ нь төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлах үндэслэл болсон гэж хариуцагч тайлбарлаж, гаргасан нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэх” гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагчийн “гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан гэх” гомдлын тухайд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх бөгөөд гуравдагч этгээдээс энэ талаар гомдол гаргаагүй, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцох эрхийн хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх дээрх нөхцөлүүдийг зөв тогтоож, хэргийн талаар үндэслэлтэй шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг бүхэлд нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй зөрчилдөж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ