Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 27

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Боржигон овгийн Бат-Өлзийгийн Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох

 

           Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батсанаа 

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот “Б.Эрдэнэтуяаг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Б.Эрдэнэтуяа миний бие аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах, ажилдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

           Би төрийн албанд 20 дахь жилдээ тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллаж байна. 2009 онд Эрүүл мэндийн газрын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 тоот захирамжаар Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон төрийн захиргааны албан тушаалтан болсон.

           Ажиллах хугацаандаа аймгийн Засаг даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын ХШҮХэлтсээр дүгнүүлэн А буюу маш сайн үнэлгээтэй ажиллаж, Засаг даргын захирамжаар урамшуулал авч ирсэн. 

2010 онд эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2014 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 захирамжийг хууль бус гэж үзэн дараах тайлбарыг гаргаж байна. 

Эрүүл мэндийн газар нь Төрийн захиргааны байгууллага. Төрийн албаны сонгон шалгаруулалт явагдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралт төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, түр орлон гүйцэтгэх журам 3 дугаар зүйлийн 3.3.1, 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалтыг зөрчин аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Н.Батсанааг үүрэг гүйцэтгэгчээр томилон хууль зөрчсөн.

Төрийн албаны тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно гэсэн байдаг. Гэтэл намайг албан тушаал бууруулаагүй, аймгийн Засаг даргын Б/11 тоот захирамжаар шууд ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байна. 2013, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудасны үнэлгээ “А” үнэлгээтэй байна. 2016 оны үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга дүгнээгүй.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 415 дугаар тушаалын 4.2-т Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн бодлого тодорхойлогч байгууллага гэж заасан. 

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг 5 жилээр боловсруулан Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжилт нь 97 хувьтай байгаа. Эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 тоот тогтоолоор 2011 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”, 2012 оныг “Эрүүл орчин бүрдүүлэх жил”, 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”, 2015 оныг “Өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлуулж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлснээр Нэгдсэн эмнэлгийн салбар зөвлөл улсад 1 дүгээр байр, эрүүл мэндээр улсад шилдэг аймгаар шалгарч байсан. 

Эрүүл мэндийн салбарт 2010-2017 онд нийтдээ 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Шинээр 8 эрүүл мэндийн төвийн байрыг ашиглалтанд оруулж, 2014 онд “Оношлогооны төв” байгуулан 24 нэрийн тусламж, орон нутагт хийгддэггүй байсан оношлогоо, шинжилгээг хийдэг болсон. Нарийн мэргэжлийн эмчийн хангалт 98 хувьтай болж жил бүр орон нутгийн санхүүжилтээр урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, иргэдийн өргөдлийн дагуу гемодиализын эмчилгээ, хими, хөнгөвчлөх эмчилгээг орон нутагт хийдэг болсон.

Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс авсан нь үндсэн чиглэлтэй нийцэхгүй байна. Халдварт өвчин, хүүхдийн эндэгдэл, эмнэлгийн нас баралт гэсэн үндэслэлийг авчээ. Тайлбар: Хүн амын дунд 12 суманд БЗХӨ, ДОХ, сүрьеэг илрүүлэх оношилгоог лабораторийн хамт явуулснаар нуугдмал байсан халдварт өвчнийг илрүүлж эмчилсэн нь цааш тархахаас сэргийлэх сайн үзүүлэлт юм. 

Халдварт өвчин 2013 онд 1044, 2014 онд 544, 2015 онд 788 байна. 2015 онд амьсгалын замын вирусын халдвар, салхин цэцэг, улаан бурхан өвчин гарсантай холбоотой тоо нь нэмэгдсэн бөгөөд уг өвчнөөр эндэгдэл гараагүй болно. 

1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2014 онд 20.3, 2015 онд 18.6, 5 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл 2014 онд 4.5, 2015 онд 4.3 болж буурсан байна. 2013, 2014, 2015 онд эхийн эндэгдэлгүй ажилласан. 

Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.3 дах заалт сонсох үйл ажиллагаа явуулсан гэж байна. Сонсох ажиллагаа хийгдээгүй. Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өрөөндөө уулзан Монгол ардын нам сонгуульд ялсан бид багаараа ажилламаар байна. Улс төрийн бичигдээгүй хууль байдаг, өөрийн хүсэлтээр өргөдлөө өг, Монгол ардын намаас Баруун-Урт сумын иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшсэн Н.Батсанаа эмчийг томилмоор байна гэсэн. Би улстөрийн албан тушаалтан биш учраас өргөдлөө өгөх боломжгүй байна гэсэн. Миний регистрийн дугаараар хайсан ч аль ч намын харьяалалд байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Дахин уулзаагүй. Б/11 дүгээр захирамжийг надад танилцуулаагүй. Мэдэгдэл аваагүй, сонсох үйл ажиллагаа явагдаагүй.

Аймгийн Засаг дарга З.Энхтөр 2017 оны 01 дүгээр сарын 02-нд сонсох ажиллагаа хийгдэж, 2016 оны Эрүүл мэндийн яамны хяналт шалгалтын дүнг танилцуулсан гэжээ. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны тушаалаар Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хяналт шалгалт хийх баг томилогдон, 2017 оны 02 дугаар сарын 20-нд Эрүүл мэндийн яамны сайдын удирдлагын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцэн баталгаажуулан эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүнээс харахад цаг хугацааны хувьд таарахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар мэдэгдэх хуудас аваагүй. 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан сонсох ажиллагаатай холбоотой баримт, акт, мэдэгдэх хуудас архивт хадгална гэсэн заалтуудыг зөрчин гараар бичсэн 1 хуудас өгсөн нь сонсох ажиллагаа явагдаагүйг гэрчилнэ. Би аль нэг намын харьяалалгүй, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч. Хууль тогтоомжоор миний нийгмийн баталгааг хангаж өгсөн. Энэ баталгааг минь зөрчсөн. Нэхэмжлэлээ дэмжиж  байна гэв.

 

Хариуцагч аймгийн Засаг дарга З.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Эрүүл  мэндийн яамнаас хяналт үнэлгээ, шинжилгээ хийж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяагийн ажлыг дүгнэсэн байдаг. Уг үнэлгээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн үзүүлэлт болох эхийн эндэгдэл 2 тохиолдолд буюу 100000 амьд төрөлтөд 159,8 байгаа нь улсын дунджаас /48,6/ 111.2-оор, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 22,2 байгаа нь улсын дунджаас /16.8/ 5,4-р 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 27,7 байгаа нь улсын дунджаас /20,8/ 6,9-р, бэлгийн замын халдвар 10000 хүн амд 31,5 байгаа нь улсын дунджаас /20,3/ 11,2-р тус тус өндөр байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 62,3 хувь, хэрэглэгчийн үнэлгээ 67,4 хувь буюу хангалтгүй гэж үнэлсэн. Дээрх үнэлгээ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум болон өрхийн эмнэлгүүдийн уялдаа холбоо сул, хүн амын дунд өвчлөл, эндэгдэл нэмэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хангалтгүй, хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүйг нотолж байгаа юм. 

Аймгийн Эрүүл мэндийн газрын Ланд-76 маркын 53-69 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Эрдэнэтуяагийн нөхөр Монгол шуудан компанийн Сүхбаатар аймаг дахь салбарын дарга М.Энхнайрамдал нь 2016 оны 11 сард жолоодож яваад зам тээврийн осол гаргасныг цагдаагийн байгууллага шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Харин М.Энхнайрамдал, Б.Эрдэнэтуяа нар нь одоог хүртэл авто машины эвдрэлийг засуулж, байгууллагад учруулсан хохирлоо барагдуулаагүй байна. 

Б.Эрдэнэтуяагийн дээрх үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөрчсөн тул ажлаас халах үндэслэл болсон. Нэгэнт ажлын хариуцлага алдаж ажлаас халагдсан учраас ажилд нь эгүүлэн томилох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Учир нь: Эрүүл мэндийн яамны дотоод хяналт үнэлгээгээр Эрүүл мэндийн газруудад 2016 оны гүйцэтгэлийн аудитын хяналт шалгалтын үнэлгээ хийгээд Эрүүл мэндийн газрын даргын ажлыг дүгнэсэн байдаг. Уг үнэлгээг маш олон талаар дүгнэдэг. Үндсэн 5 үзүүлэлт бол улсын дундажаас 20,3-48,6% байна гэж дүгнэгдсэн байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар 62.3%, хэрэглэгчийн үнэлгээ 67.4% үнэлэгдсэн. Энэ хоёр үнэлгээ бол үйлчлүүлэгчээс гаргасан гомдолтой холбоотойгоор гардаг учраас үүнийг гол үндэслэл болгон захирамжиндаа оруулсан гэж ойлгож байгаа. Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Б/11 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, бүрдүүлбэр, стандарт хууль зүйн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа. 

Үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлээгүй гэдэг асуудал яригддаг. Агентлагийн дарга нарын үйл ажиллагааны түвшинг үнэлэх асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцсэн. Хэлэлцээд үнэлэх шаардлагагүй гээд үнэлэлт өгөөгүй байдаг. Энэ юутай холбоотой вэ гэхээр тухайн үеийн дарга нар солигдсон мөн газар дээр нь очиж шалгаагүй учраас үнэлгээ өгөх боломжгүй гэсэн байдаг. Эрүүл мэндийн газрын даргын ажлын үнэлгээ нь маш олон үзүүлэлтүүдээр гардаг учраас дундаж нь өндөр гардаг юм байна лээ. Гол үндсэн үзүүлэлтүүд нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй байсан учраас хангалтгүй гэж үзээд ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон юм байна лээ гэв.

 

Гуравдагч этгээд Н.Батсанаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн дагуу манай байгууллагаас холбогдох бичиг баримтыг хүргүүллээ. 

Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт болох эмнэлгийн тусламжийн чанарын асуудал бол эрүүл мэндийн салбарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт юм. 

Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын ажлыг Эрүүл мэндийн яамны хяналт үнэлгээ дотоод аудитын газар дүгнэхдээ: Эх, нялхсын эндэгдэл, амьгүй төрөлт улсын түвшингээс дээгүүр байгаа болон БЗХӨ, сүрьеэ, төрөлхийн тэмбүү зэрэг халдварт өвчний гаралт их байгаа нь аймгийн эрүүл мэндийн салбар, АНЭ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн уялдаа холбоо сул, жирэмсэн болон 0-5 насны хүүхдийн хяналт чанаргүй, иргэдэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэж чаддаггүй, урьдчилан сэргийлэх ажлыг чанартай хийдэггүй зэргээс эх, нярайн эндэгдэл гарч байна гэж дүгнэсэн болно. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт 69,3 хувь, хэрэглэгчийн үнэлгээ 67,3 хувь байгаа нь иргэдээс эрүүл мэндийн байгууллагад өгч байгаа бодит үнэлгээ юм. 

Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд жил бүр хяналт үнэлгээ хийгээгүйгээс / зарим суманд сүүлийн 3 жил хяналт ороогүй/ сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн тусламжийн чанар, халдвар хамгаалал, төрөх өрөөний бэлэн байдал зэрэг олон асуудал маш хангалтгүй дүгнэгдсэн болохыг хэлэх хэрэгтэй. 

Б.Эрдэнэтуяа нь газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн нөхөр М.Энхнайрамдалд албаны машиныг унуулан  /Төрийн албаны тухай хуулийн 15.1.7, 17.1, 17.3, 23.1/ осол гаргаж одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа болно. 

Үүний улмаас уг машиныг өнөөдрийг хүртэл албаны зориулалтаар ашиглаж чадахгүй байгаа бөгөөд ажил үйлчилгээ явуулж чадахгүй байсаар байна. Мөн Б.Эрдэнэтуяа нь уг машиныг сүүлийн жилүүдэд хувьдаа ашиглаж байсан ба бид санхүүгийн болон шаардлагатай нотлох баримт, холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд хандах болно гэжээ. 

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Н.Батсанааг хууль зөрчиж томилсон гэж байна. Нэхэмжлэлд Н.Батсанааг хууль бус томилсон эсэх талаар байхгүй учраас үүнийг шүүх анхаараарай. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг барьсан гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримтлан албан тушаал бууруулалгүйгээр ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнийг захирамжийн 1 дэх хэсэг дээр дурдсан байгаа. Нэхэмжлэгч миний үр дүнгийн гэрээ сайн үнэлэгдсэн байхад намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж хэлж байна. Албан тушаал бууруулахад ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлдэг. Харин ажлаас чөлөөлөхөд эдгээрийг харгалзан үзэхгүй гэсэн Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбарын 7 дугаар зүйл дээр байгаа. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн заалт байгаа. 

Сайн ажилласан, сайн үнэлэгдсэн гэж ярьж байна. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Захирамжин дээр Эрүүл мэндийн яамны үнэлгээг үндэслэсэн гэсэн юм байхгүй. Харин статистикийн тоо баримтыг илүү харсан гэж би үзэж байна. Статистикийн тоо баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байгаа. Сонсох ажиллагааг явуулсан явуулаагүй гэж маргаж байна. Энэ талаар нотлох баримт авагдсан учраас үүн дээр маргаад байх шаардлагагүй. Би мэргэжлийн нарийн зүйлийг мэдэхгүй учраас хуулийн тайлбарыг хэлье. 

Эрүүл мэндийн тухай хуулийн 12.1.1-т Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.4-т Харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих үүрэгтэй байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3.1.6-д “хяналт тавих” гэж эрх бүхий байгууллагаас эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн холбогдох хууль тогтоомж, заавал мөрдөх стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, шалгах, үнэлэх, зөвлөх туслах цогц арга хэмжээг авна гэж заасан байна. Энэ заалтаас харахад эх, хүүхдийн эндэгдэлд Эрүүл мэндийн газрын дарга хяналт тавих үүрэгтэй гэж харж байгаа.

 Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.2-д “барилга байгууламж, оношлогоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж болон холбогдох бусад техник хэрэгсэл нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлсэн байх” гэсэн үүрэг Эрүүл мэндийн газрын бүрэн эрхэд байна. Тиймээс огт хамаагүй зүйл биш байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Шүүхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Засаг даргын  2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Эрдэнэтуяаг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

    Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нь  Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өрөөндөө уулзан сонгуульд Монгол ардын нам ялсан, улс төрийн бичигдээгүй хууль байдаг учраас өөрийн хүсэлтээр өргөдлөө өг, намаас Баруун-Урт сумын иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшсэн Н.Батсанаа эмчийг томилж, бид багаараа ажиллана гэж хэлсэн, ажлаас халсан захирамжийг надад танилцуулаагүй, мэдэгдэл аваагүй, сонсох ажиллагаа хийгдээгүй, 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй, эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг үндэслэл болгож ажлаас үндэслэлгүй халсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

      Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлт болсон халдварт өвчин, 1 хүртэл насны хүүхдийн эндэгдэл, эмнэлэгт нас баралт сүүлийн 3 жил, 1-5 насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 2 жил, эхийн эндэгдлийг сүүлийн 1 жил өсгөж хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

 

      Гуравдагч этгээдийн хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 тоот захирамжаар Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа тухайгаа болон хариуцагч талыг дэмжсэн тайлбарыг гаргажээ.

 

      Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүхээс дараах байдлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

    Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Эрдэнэтуяаг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлт болсон халдварт өвчин, 1 хүртэл насны хүүхдийн эндэгдэл, эмнэлэгт нас баралт сүүлийн 3 жил, 1-5 насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 2 жил, эхийн эндэгдлийг сүүлийн 1 жил өсгөж хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.2 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон Эрүүл мэндийн газрын  дарга Б.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

 

      Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт гарсны дараа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 тоот захирамжаар Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Батсанааг томилжээ.

 

      1. Хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяаг албан тушаал бууруулан ажлаас чөлөөлсөн тухайд: 

      Б.Эрдэнэтуяа нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 тоот захирамжаар Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллажээ.

      Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны удирдах албан тушаалтан ба Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу төсвийн шууд захирагчийн хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах ёстой байна.

 

        Нэхэмжлэгч  Б.Эрдэнэтуяа нь 2016 оны үр дүнгийн гэрээг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай  2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулж, гэрээний 4.2-т менежер гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тайлагнаж, төсвийн шууд захирагч  2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэхээр заажээ.

  Аймгийн Засаг дарга Сумд агентлаг, төсөвт байгууллагын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөхөөр 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот захирамжаар ажлын хэсгийг байгуулжээ. 

 

  Уг гэрээнд зааснаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа нь 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнаж  аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг болох  нотлох баримтуудаар  тогтоогдсон ба аймгийн Засаг дарга үр дүнгийн гэрээг дүгнэж, үнэлээгүй болох нь гэрч ажлын хэсгийн ахлагчийн “үр дүнгийн гэрээг дүгнээгүй, тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж  байсан Ш.Мандахнар үр дүнгийн гэрээ, гэрээний илтгэх хуудсыг 2017 оны 01 дүгээр сард авсан, 02 дугаар сарын эхээр намайг орж асуухад гэрээг би үнэлээгүй байна” гэсэн, гэрч аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын “Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ш.Мандахнар нь  үнэлгээ хийнэ гэж аваад хийгээгүй байсан, би аваад мэргэжилтэн Мөнхгэрэлд үнэлгээ хийгээрэй гээд өгсөн, Мөнхгэрэл одоогоор өвчтэй, эзгүй байгаа” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүүгийн гаргасан “Агентлагийн дарга нарын үйл ажиллагааны түвшинг үнэлэх асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцсэн. Хэлэлцээд үнэлэх шаардлагагүй гээд үнэлэлт өгөөгүй байдаг” гэсэн тайлбараар аймгийн Засаг даргын  нэхэмжлэгч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяагийн ажилд үнэлэлт өгч ажлаас чөлөөлсөн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2012  оны 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүргээ аймгийн Засаг дарга биелүүлээгүй байна.     

 

 Түүнчлэн нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяагийн аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнээгүй байтал  төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинд үнэлэлт өгч Б.Эрдэнэтуяаг хариуцсан ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзлээ.   

 

  Эрүүл мэндийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээг

1.Төсвийн ерөнхийлөн захирагчаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт

  2. Байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт

3.Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн биелэлт, үр дүн

4. Эрүүл мэндийн тусламж , үйлчилгээний чанарын үзүүлэлтийн биелэлт

5. Хэрэглэгчийн үнэлгээ /сэтгэл ханамжийн судалгаа/ гэсэн бүрэлдэхүүн хэсгээр хийж дүгнэн  үнэлгээг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу үнэлж, ерөнхий үнэлгээний оноо  /82.3 хувь буюу “Сайн”/ өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас хэрэглэгчийн үнэлгээг нэгдсэн үнэлгээнд оруулж тооцоогүй байна.

  Гэтэл хариуцагчаас нэгдсэн үнэлгээнд оруулж дүгнээгүй хэрэглэгчийн үнэлгээ буюу сэтгэл ханамжийн судалгаа болон энэхүү  ерөнхий үнэлгээний бүрэлдэхүүн хэсэг болох Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийн үнэлгээ 69.3 хувь буюу “Дутагдалтай” дүгнэгдсэн хэсэгт хамрагдсан зарим үзүүлэлтийг эрүүл мэндийн  салбарын статистикийн мэдээтэй харьцуулан  үзэж халдварт өвчин, 1 хүртэл насны хүүхдийн эндэгдэл, эмнэлэгт нас баралт сүүлийн 3 жил, 1-5 насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 2 жил, эхийн эндэгдлийг сүүлийн 1 жил өсгөж хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж  ажлаас чөлөөлсөн хэмээн  маргаж байгаа нь  үндэслэлгүй байна. 

  Учир нь: Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 тоот тушаалаар /хх-60/, Эрүүл мэндийн яамны харъяа аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталж, Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурлын шийдвэрээр /хх-63/  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэн баталсан болох нь тогтоогдсон бөгөөд маргаан бүхий захиргааны акт батлагдан гарах үед буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны шалгалт хийгдэж дуусаагүй, шалгалтын үнэлгээний дүн албан ёсоор баталгаажаагүй байх тул уг шалгалтын дүнгийн үзүүлэлт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захиргааны актын үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй  байна.   

      

  2. Төрийн албаны тухай  хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.1 дэх “ хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” хэсгийг  баримтлан Б.Эрдэнэтуяаг  ажлаас халсан үндэслэлийн тухайд:

Б.Эрдэнэтуяагийн хариуцан ажиллаж байсан аймгийн Эрүүл мэндийн газар нь сүүлийн 3 жилийн буюу 2014 онд  Агентлаг, төсөвт байгууллагын 2014 оны ажлыг дүгнэх тухай” аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  захирамжийн хавсралт “Агентлаг, төсөвт байгууллагын 2014 оны үйл ажиллагааны үнэлгээ”-гээр  үнэлгээний хувь 90.02, оноо 4.50, Эрүүл мэндийн газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар 92 оноо “А” буюу “Маш сайн” гэж, мөн 2015 онд үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар 90.5 оноо “А” буюу “Маш сайн”, 2016 онд Эрүүл мэндийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээгээр  82.3 хувь буюу “Сайн” дүнтэй үнэлэгдсэн байх тул түүнийг удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулиар ямар нөхцөл хангагдсан тохиолдолд албан тушаал бууруулах, ажлаас халах, чөлөөлөхийг нарийвчлан зохицуулсан байтал “Б.Эрдэнэтуяаг ажлаас чөлөөлөх тухай” захиргааны актын хууль зүйн үндэслэлд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасан ерөнхий бүрэн эрхийг болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас  нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх,  25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах заалтуудыг хамтад нь баримтлах болсон үндэслэлээ заагаагүй, ямар учраас ажлаас халсан болох нь тодорхойгүй, ойлгомжтой биш учраас захиргааны байгууллага өөрт олгосон эрх хэмжээг хуульд заасан шаардлагад үндэслээгүй, зорилгодоо нийцэхгүй байдлаар ашиглаж сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзлээ. 

 

Улмаар хариуцагчаас аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшлийн Ланд-76 маркын 53-69 СҮА дугаартай авто машиныг Б.Эрдэнэтуяагийн нөхөр М.Энхнайрамдал нь 2016 оны 11 дүгээр сард жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж буруутгасан боловч  Сүхбаатар аймгийн Прокурорын газрын  прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/50 дугаар тогтоолоор Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт заасан зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй, энэ талаар маргаан бүхий захиргааны актад тусгаагүй тул захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

    

  3.Сонсох ажиллагааны талаар. 

  Сонсох ажиллагааны талаар нотлох баримт цуглуулахаар тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгээр хариуцагч талаас Б.Эрдэнэтуяаг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн сонсох ажиллагаа хийсэн болон мэдэгдсэн баримт, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлсэн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг нотлох баримтаар шаардсаныг гаргаж ирүүлэлгүй, байж байгаад 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн  бичсэн “Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл” нэртэй уулзалтын гар бичмэл болон бусад баримтуудыг ирүүлжээ.

 

  Энэхүү “Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл” нэртэй уулзалтын гар бичмэлд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяатай уулзсан ярианы талаар тусгасан байх ба “Эрүүл мэндийн яамны 2016 оны шалгалт”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар 62.3 хувь, хэрэглэгчийн үнэлгээ 67.4 хувь хангалтгүй үнэлгээтэй”   талаар ярьсан гэж бичсэн нь эргэлзээтэй байна. Учир нь:Хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрүүл мэндийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 8/1214 тоот /хх-59/, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 тоот тушаалаар /хх-60/, Эрүүл мэндийн яамны харъяа аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталж, Эрүүл мэндийн сайдын Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурлын шийдвэрээр /хх-63/ 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэн баталсан болох нь тогтоогдож байна.

    

Иймд цаг хугацааны хувьд шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж нь батлагдаагүй, шалгалтын дүн албан ёсоор баталгаажаагүй байхад Эрүүл мэндийн яамны 2016 оны шалгалтын дүн, түүний зарим үзүүлэлтийг дурдаж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халах  үндэслэл болгож сонсох ажиллагаа хийсэн гэж бичсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн баримтыг нөхөж бүрдүүлсэн байх тул шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргийнхээ хүрээнд сонсох ажиллагаа хийсэн гэх  нотлох баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т  “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж  заасны дагуу нэхэмжлэгчтэй уулзаж ярилцахдаа ямар санал, тайлбар авсан, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн  болох нь тодорхойгүй, мөн сонсох ажиллагааны мэдэгдэл, түүнийг мэдэгдсэн баримтыг ирүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.6-т заасан шаардлагыг хангаагүй хийгээд,  сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Ийнхүү нэхэмжлэгчээс сонсох ажиллагаа явуулаагүй хэмээн маргаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд оролцогчийн эрхийг хангаагүй нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас маргаан бүхий захиргааны актыг гаргасан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.        

 

Иймд  дээрх хууль  зүйн үндэслэлүүдээр төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх  зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Б.Эрдэнэтуяаг аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал  буюу 2017 оны 08 дугаар сарын  24-ны өдрийг дуустал хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс  тодорхойлох” журамд зааснаар тооцлоо. 

          

  Нэхэмжлэгчийн цалингийн тооцооны картын 2016 оны сүүлийн 3 сарын цалингаас үзэхэд 2016 оны 10 сард ажиллаагүй,11 дүгээр сард 15 хоног ажилласан байх тул 2016 оны 09 дүгээр сар, 2016 оны 12 дугаар сарын цалин, 2017 оны 1 дүгээр сарын цалингийн дундажаар  1 сарын дундаж цалин 1.287.453 төгрөг, ажлын дундаж хоног /22+21+22=65/3, 21.6 хоног, 1 өдрийн цалин 59.604 төгрөг, ажилгүй байсан 6 сар 16 хоног /6х22 хоног+16 хоног=148 хоног/- ийн цалин 8.821.437 /найман сая найман зуун хорин нэгэн мянга  дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан, Б.Эрдэнэтуяад олгохоор шийдвэрлэлээ.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  Б.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Эрдэнэтуяаг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Б.Эрдэнэтуяаг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн  тогтоосугай.

 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эрдэнэтуяагийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 8.821.437 /найман сая найман зуун хорин нэгэн мянга  дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяад олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

                   

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАЯРЦОГТ