Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 250

 

Б.Б, Ш.Ц нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Э.Энххэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 302 дугаар магадлалтай, Б.Б, Ш.Ц нарт холбогдох 1802001680136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, М овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт,

 2.Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Ш.Ц нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Цыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

Шүүгдэгч Б.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарыг тус бүр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарын цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарыг тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Ш.Цад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Хадгалсан гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ. /Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолд/

Шүүгдэгч Ш.Цын /1хх161-162 дугаар хуудсанд/ “Цогтоогоос ...бага зэрэг мөс авсан. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ганцаараа уг мөснөөс хэрэглэж үзтэл муухай гашуун, толгой өвдөөд байхаар нь Элизабет хотхоны ...5 бил үү 6 давхарын паарны ард уг мөсийг тарианы шилтэй чигээр нь үлдээчихсэн юм” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бийн /1хх167-168 дугаар хуудсанд/ “...Цын хэлсэн газар тарианы шилтэй, урьд нь хэрэглэсэн байдалтай бага зэрэг мөс байсан. Тэгээд уг мөсийг аваад доороос нь асаагуураар халаагаад, гуурсаар 2 удаа сорсон. Тэгээд орцонд зогсож байтал цагдаа нар барьсан” гэх мэдүүлэг, гэрч Батболдын /1хх-83-84 дүгээр хуудас/ “...Бт...5 давхарт гараад паарны тэр хавиас тарианы шилтэй зүйл олсон. Тэгээд доороос нь халаагаад соруулаар сороод байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар орж ирээд бид хоёрыг баривчилсан. ...бүх зүйл хурдан болж өнгөрсөн, цагдаа нар гэнэт л орж ирээд баривчилсан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4987 дугаартай шинжээчийн /1хх108-109 дүгээр хуудас/ “Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, ...метафетамин илэрсэн” гэх дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн лидокойн нэртэй дотор тал нь цайвар болсон тарианы шил, мөс гэх бодис мэт тунгалаг зүйлийн хамтаар 1.6 граммын жинтэй гэх /1хх65-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил эд мөрийн баримтаар хураагдсан боловч тарианы усны шилэн дотор хэдэн грамм мөс гэх мансууруулах бодис байгаа эсэхийг тогтоолгүй, тарианы шилэн дотор бохирлогдсон байсан цайвар өнгийн зүйлээс мөс буюу метафетамин гэх бодис илэрсэн гэх үндэслэлээр тарианы шилний жингээр Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулаад байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, эргэлзээ бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Э.Энххэрлэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...түүнд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Бэд холбогдох хэргээс ...тусгаарлаж, ...1802004480276 дугаартай хэрэгтэй нэгтгэх, ийнхүү тусгаарлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тухай гаргасан хүсэлт нь хуулийн тухайн заалтад хуульчилсан үндэслэлд хамаарахгүй...” гэж дүгнэж, Ш.Цад холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн холбогдох хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөл байдалд хүргэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2-т “...тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх...эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг тусгаарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэжээ. Иймд гэмт хэрэгт мөрдөн шалгагдаж байхдаа тухайн төрлийн гэмт хэрэг дахин үйлдсэн Ш.Цын хэргийг Б.Б нарт холбогдох хэргээс тусгаарлаж түүний хоёр удаагийн үйлдлийг нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд Ш.Цын эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой.

Шийтгэх тогтоолын дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ...ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх нөхцөл байдлыг бий болгож байна.

2.Гэмт хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл шүүгдэгч Ш.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж, Б.Бэд шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт холбогдон шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Нийслэлийн прокурорын газрын 1802004480276 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогддог.

Өмгөөлөгч миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Ш.Цад холбогдох энэ хэргийг 1802004480276 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялд нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой талаарх гомдлыг гаргасан билээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...дээрх хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэсэн  ч тус тусад нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхөөр байх тул хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх талаар гаргасан ...гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь Ш.Цын үйлдсэн нэг төрлийн гэмт хэргийг нэг тогтоолоор биш, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэх, ингэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгээд байна.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн сонгох буюу илүү уян зохицуулалтын үед шүүх тухайн хэргийг дээрх байдлаар шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохооргүй байсан. Тэгвэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь хатуу зохицуулалттай болсон өнөөгийн нөхцөлд тухайн тохиолдолд хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах зарчмаар биш, хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөрөг нөлөөтэй.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа ...гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоох, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн ...тус бүрд нь ял оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн ...бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж ял оногдуулах журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шударга ёсны болон бусад зарчмуудад нийцүүлэн тогтоосон байдаг.

Тэгвэл 2015 оны Эрүүгийн хуулиар өмнөх хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан дээрх зохицуулалт үгүй болж, 2015 оны Эрүүгийн хуулиар /6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт ялын төрөл хэмжээг тогтоохоор, ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаар өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор тус тус зохицуулсныг анхаарч хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар оновчтой дүгнэлтэд хүрнэ гэдэгт итгэж байна.

3. Давж заалдах шатны шүүх адилхан үйлдэл оролцоотой гэмт хэргийг хамтран анх удаа үйлдсэн шүүгдэгч Б.Бэд анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан атлаа шүүгдэгч Ш.Цыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, сургуулийн насны хоёр хүүхэд болон элэгний хорт хавдартай эхийгээ асардаг зэрэг хэргийн нөхцөл, хувийн байдлыг харгалзан ял хөнгөрүүлэхийг хүссэн өмгөөлөгчийн хүсэлт, шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Ц нарт нэг жилийн хорих ял оногдуулах талаарх улсын яллагчийн саналыг үл харгалзан түүнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээснийг гэм буруугийн хэр хэмжээнд нь тохироогүй гэж үзэж, эс зөвшөөрч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах, эсхүл түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Ц нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” нэршилтэй мансууруулах бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулжээ. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, нийгэмд учруулах хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Б.Бэд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон өөрчилсөн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Ш.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Ш.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өргөө” кинотеатрын урд байрлах автобусны буудлын орчимд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, мөн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Elizabeth century landmark” хотхоны 2 дугаар блок байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд байрлах паарны ард нуун хадгалж 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Б.Бэд өгсөн,

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ш.Цын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Elizabeth century landmark” хотхоны 2 дугаар блок байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд байрлах паарны ард нуун хадгалж байсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч Ш.Цыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Б.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Ц, Б.Б нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Elizabeth century landmark” хотхоны 2 дугаар блок байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд байрлах паарны ард “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис хадгалагдаж байгааг урьдаас мэдэж, түүнийг хэрэглэх зорилгоор зориуд очиж авсан, уг бодисыг хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тарианы шилний хамт 1.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис үлдсэнийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Шүүгдэгч Б.Бийн хувьд метамфетамины агууламжтай мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг идэвхтэй үйлдлээр олж авч хэрэглэсэн, үлдэх  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшилд авсан үйлдэл нь тухайн бодисыг хадгалсан шинжийг агуулсан гэж шүүх дүгнэсэн нь  үндэслэлтэй байх тул тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, шүүгдэгч Б.Бэд ял оногдуулсныг эс зөвшөөрч өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан өөр өөр гэмт хэрэг, эсхүл нэг зүйлийн өөр өөр шинжийг агуулсан гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан ялуудыг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан “Шүүгдэгч Ш.Ц нь энэ хэрэгт шалгагдаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт холбогдож, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү”, шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах, эсхүл түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 302 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Ш.Цын өмгөөлөгч Э.Энххэрлэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                               ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН