Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

 

 

   2019         01          30                                  208

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

Шүүгдэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Ш.Ц нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802 00168 0136 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Б.Б,

 Ш.Ц,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө" кинотеатрын урд байрлах автобусны буудлын орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм "Мөс" гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, мөн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Elizabeth century landmark" хотхоны 2 дугаар блок байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд байрлах паарны ард нуун хадгалж 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Б.Бэд өгсөн,

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ш.Цын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Elizabeth century landmark" хотхоны 2 дугаар блок байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд байрлах паарны ард нуун хадгалж байсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм "Мөс" гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Б.Б нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

Шүүгдэгч Ш.Ц нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Шүүгдэгч Б.Бийн биед үзлэг хийсэн тухай

...түүнд хандан биедээ авч яваа эд зүйлийг өрөөний голд байрлуулан тавьсан шаргал өнгийн ширээн дээр гаргаж тавихыг санал болгоход... самсунг маркийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамцны халааснаас хуйлж ороосон, соруул мэт болгосон 5463868 серийн дугаартай 50 төгрөг, Лидокайн гэсэн бичиглэл бүхий дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл 1 ширхэг байсан ба дээрх эд зүйлийг шинжилгээнд зориулан түр хураан авав... 6 /HER-MET-COC-AMP-THC-КЕТ/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийн саванд шээлгүүлэн үр дүнг хүлээхэд 5 минутын дараа HERION хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас /илрээгүй/, MET хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/, COC хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас /илрээгүй/, AMP хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/, THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/, КЕТ хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас /илрээгүй/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-24-р хуудас/

 

Шүүгдэгч Ш.Цын биед үзлэг хийсэн тухай

... 6 /HER-MET-COC-AMP-THC-КЕТ/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийн саванд шээлгүүлэн үр дүнг хүлээхэд 5 минутын дараа HERION хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас /илрээгүй/, MET хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/, COC хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас /илрээгүй/, AMP хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/, THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/, КЕТ хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас /илрээгүй/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-28-р хуудас/

 

Шүүгдэгч Б.Бийн 90119927 дугаарын симтэй цагаан өнгийн Самсунг маркийн rap утсанд, Ш.Цын 88009000 дугаарын симтэй хар шар өнгө холилдсон Нокиа маркийн товчлууртай гар утсанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 59-62, 63-64-р хуудас/

 

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Цэвэрболдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн:

Б.Батболд, Б.Б нарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны баруун талын байрны эхний орцноос баривчилж сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй байсан тул тэдгээрийн биед үзлэг хийж, тест тавихаар Хар тамхитай тэмцэх газарт авч ирсэн болно гэх илтгэх хуудас /1-р хх-ийн 58-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар 10-ны өдрийн 4985 дугаартай:

... Ш.Ц гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн, ... Б.Б гэж хаягласан  шээснээс метамфетамин /methamphetamine/, Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн... гэх химийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 99-103-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4987 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гуурс, 5463868 серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн дэвсгэртийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гуурсанд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ыг 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн МУ-ын 50 төгрөгийн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 108-109/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 484 дугаартай:

Ш.Ц нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Ш.Ц нь сэтгэцийн эмгэггүй/ өвчингүй/ байна. Ш.Ц нь сэтгэцийн эмгэггүй байна. Ш.Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ш.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ш.Цад мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Ш.Цад мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинжтэмдэг илрэхгүй байна. Ш.Цад сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой гэх ойлголт нь нэгэн ижил утга бөгөөд энэ хоёрын ялгааг шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй юм гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-122/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 485 дугаартай:

Б.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Б.Б нь сэтгэцийн эмгэггүй байна. Б.Б нь сэтгэцийн эмгэггүй байна. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Бэд мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Б.Бэд мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинжтэмдэг илрэхгүй байна. Б.Бэд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой гэх ойлголт нь нэгэн ижил утга бөгөөд энэ хоёрын ялгааг шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй юм гэх дүгнэлт /1-р хх-ийн 125-126/,

 

Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:

... Би Б.Бийг хэнтэй ямар зорилгоор уулзах гэж байгааг мэдээгүй. Б.Б надад хэнтэй уулзах гэж байгаа талаараа хэлээгүй. Хүнтэй уулзаж юм авна, юм асууна гэж байсан... Б.Б миний хажууд утсаар яриад л байсан, тэгэхдээ хэнтэй ярьсаныг мэдээгүй, надаас холдож байгаад ярьсан... Б.Б уг байр руу хүнтэй уулзана гэж хэлж ороод 5 давхарт гараад паарны тэр хавиас тарианы шилтэй зүйл олсон. Тэгээд доороос нь халаагаад соруулаар сороод байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар орж ирээд бид хоёрыг баривчилсан. Би тэр шилтэй зүйлээс сороогүй, Б.Б сорж байгаад соруул нь газар уначихаар нь дараа нь соруулаар нь жүүсээ ууна гэж бодоод газраас аваад зогсож байтал цагдаа нар орж ирсэн... Би Баянмонгол хорооллын зам дагуу байсан дэлгүүрээс таксины мөнгө задлуулахаар ундаа, ус авсан юм... Би ямар нэгэн хар тамхи мансууруулах бодис хэрэглээгүй, Б.Бийн сорсон тарианы шилтэй зүйлийг хар тамхи мөн эсэхийг би мэдээгүй, бүх зүйл хурдан болж өнгөрсөн, цагдаа нар гэнэт л орж ирээд баривчилсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р хуудас/

 

Гэрч Г.Бүрэндэлгэрийн:

...Надаас насаар ах учир Б.Б ах гэж харьцдаг, танил ах дүүгийн харилцаатай. Б.Б ахыг хүмүүс "хурандаа Б.Б" гэж хочилдог, мөрөн дээрээ 3 том таван хошууны шивээстэй юм билээ... анх Б.Б ахтай энэ зүйлээр холбогдож танилцаж байсан, энэ зүйл гэдэг нь хар тамхийг хэлж байгаа юм. Би Б.Б ахыг "мөс" хэрэглэдэг гэдгийг мэднэ. Гадуур Б.Б ахыг таньж мэддэг хүмүүс түүнийг мөс хэрэглэдэг гэдгийг ер нь мэддэг. Би харин мөс хэрэглэдэггүй, сонирхдог ч үгүй. Урьд нь 2 удаа сониуч зангаасаа болоод өвс хэрэглэж шалгагдаж байсан. Гэтэл хүмүүс намайг энэ зүйлтэй зууралдсаар байгаа гэж бодоод мессеж бичээд, утсаар яриад асуугаад байдаг... 2018 оны 04 сарын 29-ний өдөр Б.Б ах над руу "вийд байна уу, хатаж үхлээ" гэх мэт мессеж бичээд байсан. Би хариу бичээгүй ер нь Б.Б ах над руу залгаж өвс асуугаад байдаг би "байхгүй" гэж хэлдэг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-р хуудас/

 

Шүүгдэгч Ш.Цын мөрдөн байцаалтад өгсөн:

...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цогтоотой хорооллын эцэст Өргөө кинотеатрын тэнд тааралдаад, хэсэг юм ярьж байгаад бага зэрэг мөс авсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хувцасныхаа халаасанд уг мөсийг авч яваад мартчихсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ганцаараа уг мөснөөс хэрэглэж үзтэл муухай гашуун амттай, толгой өвтгөөд байхаар нь Элизабет хотхоны баруун талын байрны эхний орцны 5 билүү 6 давхрын паарны ард уг мөсийг тарианы шилтэй чигээр нь үлдээчихсэн юм. Би уг мөсийг хаях гэж байснаа дараа хэрэглэмээр санагдвал эндээс аваад хэрэглэе гэж бодоод үлдээсэн юм. Тэгтэл Б.Б 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр надтай холбогдоод мөс байна уу гэж асуухаар нь мөс үлдээсэн газраа зааж өгөөд "тэнд байж магадгүй, үгүй ч байж магадгүй" хэлсэн. Б.Б уг газраас мөстэй тарианы шил авсан үгүй талаараа буцаад надад хариу хэлээгүй... Б.Б надаас урьд нь мөс асууж байгаагүй, надад мөнгө төгрөг, шан харамж амлаагүй. Б.Бийг надаас асуухаар нь мөс үлдээсэн газраа зааж өгсөн юм. Би урьд нь Б.Бэд "Цогтоо гэх найзаасаа мөс гэх зүйл авсан, сорж үзсэн" гэж хэлж байсан юм. Тэгээд л Б.Б надаас мөс асуусан байх гэж бодож байна... Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162-р хуудас/

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 4 сард хөдөө явсан юм. Тэгээд хөдөөнөөс ирээд удалгүй 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ш.Ц гэж найзтайгаа холбогдсон юм. Ш.Цаас ганц нэг үлээчих юм байна уу гэж асуусан. Ш.Ц "Элизабет хотхоны баруун талын байрны хамгийн наад талын орцны 5 давхрын паарны ард бага зэрэг мөс байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд уг газар нь яваад очтол Ш.Цын хэлсэн газар тарианы шилтэй, урд нь хэрэглэсэн байдалтай бага зэрэг мөс байсан. Тэгээд уг мөсийг аваад доороос нь асаагуураар халаагаад, гуурсаар 2 удаа сорсон. Тэгээд орцонд зогсож байтал цагдаа нар барьсан. Баригдах үед би найз Батболдын хамт явж байсан. Харин Батболд мөснөөс сороогүй, сорж амжаагүй, би дөнгөж 1, 2 сороод байж байтал цагдаа нар ороод ирсэн... Би хүнээс "Ш.Цыг ганц, нэг удаа мөс сорж байсан" гэж сонсож байсан юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр түүнээс асуусан юм. Урьд нь түүнээс мөс авч байгаагүй. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ч, түүнээс өмнө ч Ш.Цтай уулзаагүй, тэр өдөр л утсаар ярьсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-168-р хуудас/

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн лидокайн нэртэй дотор тал нь цайвар болсон тарины шил, мөс гэх бодис мэт тунгалаг өнгийн зүйлийн хамтаар 1.6 грамм, цагаан өнгийн гуурас /1-р хх-ийн 65-66/,

-шүүгдэгч Ш.Ц, Б.Б, гэрч Б.Батболд нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 133-144/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ш.Цын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний болон гадаад паспортын хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 179-183/, Ш.Цын хүүхдүүдийн ӨЭМТөвийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны болон Мөнх-Үйлстэн ӨЭМТөвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 25-33/,

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хорооны тодорхойлолт, боловсролын болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 185-191/зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарынн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон.

 

Нийслэлийн Прокурорын газраас Б.Б, Ш.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч Ш.Цын хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн, Б.Бийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, шээснээс мансуураалах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашигласан тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь 1802004480276 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдсон.

Улсын яллагчийн зүгээс түүнд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Бэд холбогдох хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгаарлаж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 1802004480276 дугаартай хэрэгтэй нэгтгэх, ийнхүү тусгаарлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалыг дээрдүүлэх тухай гаргасан хүсэлт нь хуулийн тухайн заалтад хуульчилсан үндэслэлд хамаарахгүй байх ба шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох байгууллагад шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1, 7.2, 7.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгдэгч нарт хуульд заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаарх санал, улсын яллагчийн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигийн хэмжээ зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй болно.

 

Хэргийн учир шүүгдэгч нарын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэл хойшлуулшгүйгээр баривчлагдаж цагдан хоригдсон 2 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй юм.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйл, 1 ширхэг цагаан өнгийн хуванцар гуурсыг устгуулхаар тус шүүхийн тамгын газарт шилжүүллээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түшээ гүн овогт Ш.Цыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

Мартай овогт Б.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарын цагдан хоригдсон хоёр хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйл, 1 ширхэг цагаан өнгийн хуванцар гуурсыг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ш.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ