Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух, Р*** дугаар регистртэй, эрэгтэй, Д.У гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М суманд 1964 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Х аймгийн М сумын 3 дугаар багийн 4 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, Г.Г т холбогдох

15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах,

Хариуцагч Г.Г ийн сөрөг нэхэмжлэлтэй Д.У д холбогдох 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 155/2016/00453/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэгнэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , хариуцагч Г.Г , хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х аймгийн Ш суманд 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Х аймгийн М сумын 8 дугаар багийн 8 дугаар байрны 70 тоотод оршин суух, РУ81050812 дугаар регистртэй, Тайж нар овогт Ганбаатарын Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.У гийн надад олгосон итгэмжлэлийн дагуу Г.Г аас 15.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.У нь 2014 оны 10 дугаар сард Г.Г аас Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байрлах 10*10 харьцаатай, дүнзэн байшин, хоёр тал банзан хашааг нийтэд нь 25.000.000 төгрөгөөр худалдаж авахаар амаар ярилцан, тохиролцсон байдаг. Тус хашаа, байшингийн үнэд Вонго маркийн ачааны машиныг 9.500.000 төгрөгөнд тооцож өгөөд, үлдэгдэл 15.500.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Г ийн эхнэр Цэцгээгийн ХААН банкны данс руу 8.000.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг, дараа нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлж, бэлнээр 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг тус тус өгч, нийт 15.5000.000 төгрөгийг Г.Г т өгсөн байдаг. Д.У гийнх тус хашаа байшинд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нүүж очин 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл амьдарсан бөгөөд энэ хугацаанд тус байшинд шороо ордог, орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангахгүй, хүйтэн байсан, мөн 9.500.000 төгрөгөнд тооцож өгөх Вонго маркийн машиныг тохирсон ёсоор авахгүй гэсэн учир тэд ярилцаад наймаа буцаж, Г.Г нь хашаа байшингаа зарчихаад Д.У гийн өгсөн 15.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, хашаа байшингаа хүлээж аваад түлхүүрээ буцааж авсан байдаг. Мөн Д.У тус байшинд 600.000 төгрөгийн засвар хийсэн төдийгүй хэрэглэсэн тог цахилгааныхаа төлбөрийг бүрэн төлөөд тооцоо дуусгаад гарсан учраас тус байшинг ашигласны төлбөр төлөх боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг юм. Тус хашаа байшинг худалдах, худалдан авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй, Д.У д өмчлөх эрх нь шилжээгүй, хашаа байшин банкны барьцаанд байдаг, одоо ч Г.Г ийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Одоо тус хашаа байшинд өөр айл амьдардаг бөгөөд Г.Г хашаа байшингаа зарагдахаар 15.500.0000 төгрөгийг өгөхөөр тохирсон боловч өгөхгүй өдий хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хашаа байшингийн наймаа буцсан учраас түүний үнэд төлсөн 15.500.000 төгрөгийг Г.Г аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байрлах 3 тал банзан хашаатай, 10*10 хэмжээтэй дүнзэн байшин нь 2 давхар, зуны улиралд 2 давхартаа амьдрах, өвлийн улиралд 1 давхартаа амьдрах боломжтой, үүдний тамбортай, эд зүйл хураах амбаартай байшинг ярилцаад 25.000.000 төгрөгөөр өгч авахаар тохирсон. Тус хашаа байшин 30.000.000 төгрөгийн үнэ хүрч байсан боловч танай байшин манай хүүхдүүдэд таалагдаад байна, заавал үүнийг авна гэж байна гээд гуйсаар байгаад авахаар болж, 2014 оны 11 дүгээр сард хашаа, байшиндаа нүүж орохдоо бэлэн 25.000.000 төгрөг өгье гэж хэлсэн учраас итгээд хашаа байшиндаа оруулсан юм. Түүнчлэн Д.У хашаа байшингийн үнэд оролцуулаад Вонго машин авчих гэсэн бөгөөд надад 2, 3 машин байгаа, би машин авахгүй гэдгээ хэлж байсан. Гэтэл Д.У нь миний 10.000.000 төгрөгийг манай дүү надаас зээлж авчихаад Улаанбаатар хот яваад хулхидаад алга болчихлоо, ноолуур гарахаар хавар мөнгийг тань гүйцээж өгье гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Хүн амьдрах боломжгүй гэдэг нь худлаа юм. Байшингийн тасалгаа хийгдээгүй байсан бөгөөд би банзаа өгч тасалгаа хийлгэж байсан. Өөр байшинд засвар хийх зүйл байгаагүй. Би хүүдээ барьсан боловч хүү маань Улаанбаатарт амьдрах болсон учир зарсан. Д.У гийнх 2014 оны 11 дүгээр сард манай хашаа, байшинд орж 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид өргөдөл өгч өөрийн нэр дээр гэрэл тавиулаад 2015 оны 06 дугаар сард тооцоо хийж хашаа байшингаас гарсан байсан. Д.У гаас мөнгөө авахаар залгахад түүний эхнэр утас авч би өвчин туссан, хашаа байшинг буцааж өгмөөр байна, мөнгийг минь өг гээд элдэв зүйл яриад байсан. Д.У утсаа авахгүй байхаар нь үлдэгдэл мөнгөө авъя гээд мессэж бичихэд таны мөнгийг өгөх боломжгүй, банкны өрд орсон учраас хашаа байшингаа буцааж өгье гэсэн мессэж ирүүлж байсан. Д.У надтай нэг ч удаа ирж уулзаагүй, өөрөө утсаа авч надтай ярьж байгаагүй. 2015 оны 7 дугаар сард мессэж бичсэнийхээ дараа, Д.У намайг эзгүй үеэр ирээд байшингаа зараад мөнгийг минь өгөөрэй гэж хэлээд эхнэрт маань байшингийн түлхүүрийг хүчээр үлдээсэн байдаг. Байшингийн цонх хагалаад байхаар нь сахиул маягаар байшиндаа айл оруулсан нь үнэн. Хашаа, байшингийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа бөгөөд үлдсэн 9.500.000 төгрөгөө аваад хашаа байшингийн үл хөдлөхийн гэрчилгээг Д.У гийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон байсан. Манайх тус хашаа байшинг барихаар түүнийг барьцаалж зээл авсан. Тухайн үед миний хашаа байшин 30.000.000 төгрөгөөр зарагдах боломжтой байсан бөгөөд одоогийн хямралтай үед 15.000.000 төгрөгөөр л зарагдах хэмжээнд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Г нь 2014 оны 10 дугаар сард Д.У тай харилцан ярилцсаны үндсэн дээр Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 28 дугаар гудамжны 12 тоотод байрлах 10*10 хэмжээтэй дүнзэн байшин, 3 тал банзан хашааг 25.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд миний бие Д.У д гэрээнд заасны дагуу тухайн байшинг шилжүүлэн өгсөн. Харин гэрээ гэрчилгээ нь банкны барьцаанд байсан тул мөнгийг бүрэн төлж барагдуулсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Д.У нь гэрээнд заасны дагуу мөнгийг цувуулан өгсөөр 15.500.000 төгрөг болсон. Одоо 9.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэтэл Урантуяа нь наймаа хийснээс хойш 1 жил 4 сарын дараа наймаа буцлаа гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.    Д.У нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш бүтэн 1 жил 4 сарын хугацаа өнгөрсөн буюу хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. 2. Тухайн эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл Д.У хийсэн байна. /2014 оны 10 сард худалдаж аваад тухайн байшинд нүүж орсон нь тухайн эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх юм/ 3. Дараахь тохиолдолд талууд гэрээний үүргээс татгалзахаар хуулинд заасан байна. Үүнд: Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл бий болсон, эсхүл худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол гарсан. Д.У нь гэрээнд заасан үүргийнхээ дийлэнх хэсгийг төлж барагдуулсан байх бөгөөд уг хашаа байшинг зориулалтынх нь дагуу одоо ашиглахад бэлэн байгаа тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.У гаас зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн 9.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь 2014 оны 10 сард хариуцагч Г.Г аас Х аймгийн М сумын 4 дүгээр багт байрлах, хашаа байшинг нь нийтдээ 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар ярилцан тохиролцоод үнэд нь Вонго маркын ачааны автомашиныг 9.500.000 төгрөгөөр бодож үлдсэн нь бэлэн мөнгө өгөхөөр болсон ч худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй байдаг. Нийтдээ 15.500.000 төгрөгийг Г.Г т шилжүүлэн өгч, Д.У нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний үед уг хашаа байшинд нүүж очоод 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл амьдарч байгаад тухайн байшин нь орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангахгүй, мөн үнэд нь өгөхөөр тохиролцсон Вонго маркын ачааны автомашиныг Г.Г тохирсон ёсоор авахаа больсон тул дээрх шалтгааны улмаас наймаа буцахаар болсон. Тэгээд Г.Г , Д.У нар 15.500.000 төгрөгийг буцааж өгч, авахаар тохиролцсон боловч Г.Г нь уг хашаа байшинг хүн худалдаж авахгүй байна, зарж борлуулаад мөнгийг буцааж өгнө гэх зүйл ярьж өдийг хүрсэн байдаг. Тэдний хооронд тус хашаа байшинг зээлээр худалдах, худалдан авах гэрээ албан ёсоор байгуулаагүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь Д.У гийн нэр дээр шилжээгүй тул хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 9.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн гэрээ хийгээгүй байхад, өмчлөх эрх нь шилжээгүй байхад гэрээ байгуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хийсэн гэрээ байхгүй байгаа. Бэлэн мөнгөний төлбөрөө өгсний дараа Вонго машиныг аваагүй байдаг. Эрхийн доголдолтой байсан учраас наймааг буцаасан. 2015 оны 5 сард түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн байдаг ба байшингаа зарагдахаар мөнгийг нь өгнө гэсэн учир харсаар, хүлээсээр 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд одоо тус хашаа байшингаа өөр хүнд зарчихсан айл оруулсан байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь Г.Г т холбогдуулан 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч Г.Г ийн сөрөг нэхэмжлэлтэй Д.У д холбогдуулан 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.У  нь 2014 оны 10 дугаар сард хашаа, байшинг 25.000.000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож, бэлнээр 15.500.000 төгрөгийг Г.Г т өгсөн, тус байшинд амьдрах нөхцөл шаардлага хангахгүй байсан, төлбөрт өгөх Вонго ачааны машиныг тохирсон ёсоор авахгүй гэсэн тул наймаа буцахаар болсон боловч 15.500.000 төгрөгийг өдий хүртэл өгөхгүй байгаа тул тус мөнгийг гаргуулж авна,

Хариуцагч Г.Г  нь нэхэмжлэгч Д.У д хашаа, байшингаа 25.000.000 төгрөгөөр зарж, зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, наймаа буцахаар тохироогүй, одоо үлдэгдэл 9.500.000 төгрөгийг гаргуулж авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган тус тус маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Д.У гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Г ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Д.У , Г.Г  нарын хооронд Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байрлах 10*10 харьцаатай, дүнзэн байшин, банзан хашааг нийтэд нь 25.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг өгч аван, Д.У тэнд амьдарч байсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Д.У гийн 5*** тоот дансны ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүний эхнэр Д.О ын 5902111575 тоот дансны ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Х Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэрэглэгч Д.У гийн дансны дэлгэрэнгүй тайлан, хувийн сууцны гэрэл зургууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.У , Д.О нар гэр бүл болох нь Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас олгосон гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул Д.О ын дансны хуулгыг нотлох баримтад үнэлсэн болно.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба зохигчийн хооронд тус үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авахдаа хуулинд заасан бичгээр байгуулах гэрээний хэлбэрийг зөрчжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.У гэрээний зүйлд төлсөн 15.500.000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй юм.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахдаа буюу өмчлөх эрхийг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Учир нь: Маргааны зүйл болох Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байрлах газар, хувийн сууцны зориулалттай 112кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Г.Г болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон 0*** дугаартай гэрчилгээний хуулбар, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэгж талбарын 2*** дугаар бүхий 557.2 м2 газрыг 38 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр олгосон 000443567 дугаартай гэрчилгээний хуулбар, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах гэрээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул тус үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.У гийн өмчлөлд шилжүүлэхээр заасан хуулинд заасан хэлбэрийг зөрчжээ.

Иймд Д.У , Г.Г нарын хооронд хийсэн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуулинд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус бөгөөд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх ба Г.Г аас хашаа, байшингийн үнэд төлсөн 15.500.000 төгрөгийг гаргуулж Д.У д олгох үндэслэлтэй байна.

 

Г.Г ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Г.Г  нь Д.У бид хоёр 25.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.У төлбөрийн ихэнхийг төлсөн, мөн шүүхэд шаардлага гаргах хуулийн хугацаа дууссан тул одоо үлдэгдэл 9.500.000 төгрөг гаргуулж авна гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...хэлцэл гэж заасан байх ба өөрөөр хэлбэл энгийн бичгийн хэлбэрээс гадна тус үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм. Г.Г , Д.У нарын хооронд 25.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож хэлцэл байгуулсан, тус үл хөдлөх эд хөрөнгийг Д.У гийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд шаардлага гаргах хуулийн хугацаа дуусаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн утасны мессеж, ахуйн хэрэглэгчийн цахилгаан хангамжийн 220В-ийн хүчдэлийн сүлжээнд шинээр холболт хийлгэх өргөдөл, цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд нотариатаар гэрчлэгдээгүй, Хас банкнаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд авсан зээлийн шугамын гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангахгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурьдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.550 төгрөгөөс 166.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г аас 235.450 төгрөгийг Д.У д, түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 65.600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Г.Г аас 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У д олгож, хариуцагч Г.Г ийн 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.550 төгрөгөөс 166.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г аас 235.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У д, түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 65.600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА